Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/1183 

 

 

 

 

 

   2023            12           12                             2023/ДШМ/1183        

 

 

М.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Сонинмөнх,

амь хохирогч О.Бгийн хууль ёсны төлөөлөгч Р.О, түүний өмгөөлөгч Ө.Оргил,

шүүгдэгч М.У,  түүний өмгөөлөгч С.Энхбат, Б.Соёл-Эрдэнэ,

           нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, шүүгч И.Ганбат, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/614 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Б.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлоор М.Уд холбогдох эрүүгийн 1 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бичээч овгийн М.У, 1983 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эх, дүү, хүүгийн хамт ...................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ШЗ83062861/;

Шүүгдэгч М.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны өргөтгөлд байрлах “Центро” 20 рестораны үүдэнд “ээжийгээ цээртэй үгээр хэлсэн” гэх шалтгааны улмаас амь хохирогч О.Бгийн зүүн хацар хэсэгт гараараа цохиж тархинд битүү гэмтэл учруулж амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, М.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Уын эдлэх 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уын цагдан хоригдсон 42 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцож, М.Уын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Уаас сэтгэл санааны хохирол 63.000.000 төгрөг, оршуулгын зардал 9.380.000 төгрөг, нийт 72.380.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.От олгож, шийтгэх тогтоол нь уншин сонсгосн оор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

     Шүүгдэгч М.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад оногдуулсан ял шийтгэл хэргийн бодит байдалтай нийцэхгүй, зүйл анги буруу, мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулах зарим ажиллагаа дутуу, шалгах ёстой зарим хүнийг, зарим нөхцөл байдлыг тодруулаагүй гэж үзэж байна. Тухайн өдөр найзуудтайгаа уулзаж байхад талийгаач гаднаас пизза захиалсан түүнийгээ авахаар халамцуу орж ирээд авсан пиццагаа бидэнтэй хувааж, бид ч удаан уулзаагүйнх гээд нэг шил арх авч нэмж уусан. Ингээд найз нарын зарим нь харьж би хохирогч, Гантулга бид гурав паб хаатал байж байгаад гараад харихаасаа өмнө тамхилаад салцгаахаар болсон. Ингэхдээ ар гэрийн талаар яриа дэлгэж хохирогч ээжийгээ “пизда” гэж яриад байсан болохоор эмзэглээд яагаад ээжийгээ ингэдэг юм бэ эх хүн шүү дээ гээд тэсгэлгүй нэг алгадсан. Ингээд л бид гурав гэр гэрлүүгээ баяртай гээд харьцгаасан. Харин маргааш нь харамсалтай мэдээг дуулсан. Хохирогчийн амь насанд хүрсэн тархины гэмтэл нь миний алгадсанаас үүдсэн байх боломжтой талаар ярьж намайг яллаж байна. Гэтэл өөр бусад хүчин зүйлүүдийг огт дурдахгүй байна. Хохирогчийн биед үүссэн бусад гэмтэлүүдийн шалтгааныг тодруулаагүй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2269 дугаар дүгнэлтэд хохирогчийн биед зөвхөн тархины гэмтэл үүсээд зогсохгүй уг гэмтэл үүссэн цаг хугацаатай ижил түвшинд, ижил цаг хугацаанд зүүн хөхний дээд хэсэг, зүүн гуя, өвдөг, баруун өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт үүссэн байна. Үүнийг шинжээч тогтоосон. Хохирогч надад алгадуулснаас үүдэн эдгээр гэмтлүүдийг аваагүй. Тэгвэл эдгээр бэртэл гэмтлүүдийг хэзээ хаана авсныг яагаад хэн ч тогтоохгүй байгааг асар их гайхаж байна. Эдгээр гэмтлийг авахдаа үхлийн гол шалтгаан болсон гэмтлээ авсан байх бас боломжтой бус уу. Ерөөс боломжтой бүх шалтгаануудыг тогтоогоогүй. Хохирогч биднээс салаад харих замдаа бүдэрсэн, өөр хүнтэй сөргөлдсөн, гэртээ ороод ээжтэйгээ муудан, агсам тавьж байгаад унасан байх боломжит шалтгааныг огт шалгаагүй. Би спортоор хичээллэдэггүй. Талийгаач надаас өндөр, ойролцоогоор арваад сантиметр өндөр. Гэтэл би тэр хүнийг үхлийн шарх олтол нь нэг удаа алгадах талаар тэнхээ хүрэхгүй. Ерөөс тийм хүчтэй алгадсан бол дэргэд зогсож байсан Гантулга ядаж анзаарна гэж итгэнэ. Гэтэл Гантулга алгадсаныг ч огт мэдээгүйг хэлсэн байдаг. Талийгаачтай хамгийн сүүлд хамт байсан хүн нь түүний эх. Хэдийгээр хүний төрсөн эхийг сэрдэх надад хүнд байгаа ч энд асуудлын үнэн бодит байдлыг тогтоох тухай яригдаж байна. Ээжтэйгээ муудалцаж агсам тавьсан, ээждээ цохиулсан байх ч мөн боломжтой. Үүнийг харгалзан үзээгүй. Хөрш айлуудаас мэдүүлэг аваагүй. Тэр орой чимээ шуугиан гарсан эсэхийг тодруулаагүй. Ингэж сэрдэх болсон шалтгаан бий. Хохирогчийн эхийн өгсөн мэдүүлгүүд бүгд зөрүүтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “цай аягалж өгөөд хорё үг солих гэтэл буйдан дээр суугаад ухаан алдсан” гэх харин дараагийн мэдүүлэгтээ цай хийж өгөөгүй байхад нь орон дээр унаад цайг халбагдаж өгсөн гэх. Энэ бол андуурч боломгүй зөрүүтэй мэдүүлэг. Хохирогчийн буйдан, ор хоёр нэг өрөөнд байсан уу, үгүй юу. Яагаад цай аягалж өгсөн гэчихээд дараа нь халбагадсан болов. Энд ямар нэг зүйл байгаа гэж үзэж байна. Мөн бидэнтэй архи уусныг гэрчлэхэ олон гэрчтэй. Талийгаач архи ууж байгаа дүрс бичлэг хүртэл байхад хохирогчийн эх юунд архи үнэртээгүй гэж худал хэлсэн юм бол, юунд уугаагүй байсан гэж тодотгон эрүүл байсанд итгүүлэх гэж улайрах болов гэдгийн цаана ямар нэг нууц байгаа гэж бодож байна. Талийгаач архийг амсах төдий бус согтотлоо уусан. Үүнийг хөдөлбөргүй гэрчилнэ. Ар гэр байсан ч хамгийн сүүлд хамт байсан хүнийг сэжиглэн шалгах ёстой гэж мөхөс би бодож байна. Би урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Иймээс хуулийн мэдлэг нэн хомс. Хохирлын тав хоног гэж чухам ямар учиртай зүйл байдгийг мэдэхгүй. Өмгөөлөгч Б.Энхбат “авбал дээр” гэж зөвлөснөөр авсан. Гэтэл энэ нь хохирогчийн аминд халдснаа зөвшөөрч байгаа үйлдэл болно гэж огт төсөөлөөгүй. Би өмгөөлөгчийнхөө дутуу мэдээлэл надад өгснөөс үүдэн гэм буруугаа хүний амь хохироосон байдлаар зөвшөөрсөн мэт харагдсандаа гомдолтой байна. Би талийгаачийн биед хүрч, алгадсандаа буруутай. Гэхдээ үүнээс болж хохирогч амиа алдсан гэдэгт итгэхгүй байна. Шийтгэх тогтоолд үг үсгийн болон он цагийн алдаа их байна. Тухайлбал хохирогчийн эх 9 дүгээр сарын 20-нд эмнэлэгт цаг авсан зэрэг нь ямар холбогдолтой, мөрдөн байцаагч яагаад 9 дүгээр сарын 20-нд тэмдэглэл үйлдснийг ойлгохгүй байна. 2022 оны 9 дүгээр сарын 20-нд үйлдсэн уг тэмдэглэлийг яагаад надад танилцуулаагүй вэ. Надад асар их гэмшил, харуусал байна. Би нэг найзаа алдаж түүнийхээ амь хохироогч болсонд гол зурагдан, өр өмөрч байна. Хүн зүй бус үг хэлсэн ч эхийгээ доромжилсон ч би алгадах эрхгүйгээ мэдэхийн ихээр мэдэж ойлгож ухаарлаа. Би энэ үйлдэлдээ гэмшин огт маргахгүй байна. Харин аминд нь хүрсэн гэдэгт санал нийлэхгүй. Иймд асуудлыг үнэн зөв шийдэж надад тохирсон зүйлчлэлээр намайг яллан, тохирох ял шийтгэл оноож өгнө үү. ...” гэв.

     Шүүгдэгч М.Уын өмгөөлөгч С.Энхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхдээ гэрч Б.Долгормаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О нарын мэдүүлэг, шинжээчийн 2269 дугаартай дүгнэлт зэрэг баримтыг үндэслэл болгожээ. Гэвч, шийтгэх тогтоолын үндэслэл болсон гэрч нарын мэдүүлгүүд нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход шууд чиглэсэн нотлох баримт болж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, эдгээр мэдүүлгийн баримтууд нь хэрэгт хамааралтай боловч ач холбогдол болоод нотолгооны хувьд шүүгдэгч М.Уыг гэмт хэрэг үйлдсэнийг шууд нотолсон баримт гэж үзэхгүй. Хэргийг шүүхэд хэлэлцүүлэх шатанд яллах болон цагаатгах талуудаас шинжээчийн 2269 дугаартай дүгнэлт бүхий баримтад гол маргаж, мэтгэлцсэн бөгөөд зөвхөн энэ баримтаар шүүгдэгч М.Уыг гэм буруутай гэж үзэхэд туйлын эргэлзээ төрүүлэхүйц байдаг. Нөгөөтээгүүр, шинжээчийн 2269 дугаартай дүгнэлт нь талийгаач О.Б ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоож байгаа баримт болохоос шүүгдэгч М.У нь талийгаач О.Бгийн амь насыг хохироосныг нотлон тогтоож буй баримт биш юм. Шүүх шинжээчийн дүгнэлтийг тал бүрээс нь судлан үзэж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх замаар тухайн дүгнэлтийг хэрэгт хамааралтай талаас нь нотолгоонд хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй. Түүнчлэн, М.У нь талийгаач О.Бгийн зүүн хацар хэсэгт нэг удаа алгадсаны улмаас нас барсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт цугларсан бусад баримтаар няцаагдаж үгүйсгэгддэг. Өөрөөр хэлбэл, шинжээчийн 2269 дугаар дүгнэлтийг болон шүүхээс хийсэн шүүгдэгчийн алгадах үйлдлийн улмаас талийгаач нас барсан гэх шалтгаант холбоог няцааж, үгүйсгэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсанаар шүүгдэгчийг гэм буруутай гэж шууд үзэх нөхцөл байдлыг алдагдуулсан байгааг анхан шатны шүүх орхигдуулсан. Энэ хэргийг шалгах бүхий л ажиллагаанд болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх шатанд шүүгдэгч М.У нь талийгаач О.Бгийн зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа алгадсан үйлдэлдээ маргаж, эсэргүүцээгүй. Шүүгдэгч М.У болон өмгөөлөгч миний зүгээс гагцхүү энэ үйлдлийн улмаас хохирогч нас бараагүй буюу шүүгдэгчийн гараараа хохирогч О. Баярхүүгийн зүүн хацар хэсэгт нэг удаа алгадсаны улмаас хохирогч нас барсан гэх нь хэргийн үйл баримтаар бүрэн дүүрэн тогтоогдож чадаагүй хэмээн маргаж, мэтгэлцсэн. Шүүгдэгч М.Уын алгадах үйлдлийн улмаас хохирогч О.Б нь нас барсан гэх шалтгаант холбоо шүүхэд шилжүүлсэн хэргийн баримтын хүрээнд эргэлзээгүй, хөдөлбөргүй бүрэн дүүрэн тогтоогдоогүй гэж үзэх дараах нөхцөл байдаг. Тухайлбал, шинжээчийн 2269 дугаартай дүгнэлтээр талийгаач О.Бгийн тархинд цусан хураа гэмтлээс гадна зүүн хөхний дээд хэсэг 1x1 см, зүүн гуяны урд дунд хэсэгт 3x3 см хэмжээтэй, өвдөгний гадна хажуу 2x2 см хэмжээтэй, баруун өвдөгт 7x4 см хэмжээтэй цус хуралт, баруун тохойд 0.5x0.1 см хэмжээтэй зулгаралт гэмтэл тогтоогддог. Талийгаачийн биеийн хэсгүүдэд учирсан эдгээр гэмтэл, шарх, зулгаралтууд нь толгойдоо авсан гэмтэлтэй нь цаг хугацааны хувьд давхацдаг. Хэрэгт талийгаач О.Бгийн толгойд мэс заслын дараах 2 удаа компьютер томографын (КТГ) шинжилгээг хийсэн баримт авагдсан ба энэ баримтуудад шинжээч эмч Ж.Алтансувдын 2022 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн 11:55 цагт талийгаач О.Бгийн толгойд хийгдсэн компьютер томографын шинжилгээнд “...хамар яс, хоёр нүдний ухархайн дотор хана, зүүн хацрын нум, баруун хоншоорын хөндий хуучин хугарлуудтай...” гэж дүгнэгдсэн нь шүүгдэгч М.У нь талийгаач О.Бг алгадсаны улмаас нас барсан гэх шалтгаант холбоо үгүйсгэгдэхүйц. Шийтгэх тогтоолд ноцтой нөлөөлж болох энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаараагүй орхигдуулсан. Хохирогчийн толгойд учирсан хуучин энэ гэмтэл нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн буюу талийгаачийн хацар хэсэгт алгадсаны улмаас тархинд нь гэмтэл учруулсан гэм буруутай гэж шууд үзэхэд эргэлзээ гарсан. Анхан шатны шүүх хэрэгт нөлөөлөхүйц энэ байдлыг дүгнээгүй нь шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ. Талийгаач О.Бгийн толгойдоо авсан энэ гэмтэл болон биеийн бусад хэсэгт нь учирсан шарх сорви, зулгаралтыг хэдий цаг хугацаанд авсан талаар улсын яллагчаас мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй, өмгөөлөгчийн энэ талаарх үндэслэл, тайлбарыг анхан шатны шүүх хэрхэн няцааж дүгнэсэн болох нь шийтгэх тогтоолд байхгүй байна. Хэрэгт авагдсан КТГ-ийн дүгнэлтээр талийгаач О.Бгийн толгойд учирсан дээрх гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан тархинд цусан хураа үүсэх шалтгаан болсон байх боломжтой бөгөөд уг гэмтлийн шалтгаанаар тархинд цусан хураа үүсэж тархи дарагдсан байх боломжтой. Энэ тухай мөн шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

Тухайлбал, шинжээч Ч.Эрдэмболорын 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...Тархины хатуу хальсан доорх цус хуралт үүсэж тархийг дарж ухаан алдах буюу гэмтлийн шинж тэмдэг өгөх хүртэл эрүүл хүн шиг байж идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд уг хугацаа нь хүн бүрд бие мах бодийн онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг...” гэж. Шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Компьютер дээр хуучин гэж харагдаж байвал аль хэдийн бороолоод эдгэсэн 28-с дээш хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байдаг. КТГ-аар илэрсэн толгойд авсан гэмтлээс шалтгаалж тархи гэмтэх боломжтой... хатуу хальсан доорх цусан хураа нь ганцаараа байсан бол сараар явж болно” гэж тайлбарласан. Талийгаач О.Бгийн толгойд авсан “...хамар яс, хоёр нүдний ухархайн дотор хана, зүүн хацрын нум, баруун хоншоорын хөндий хуучин хугарлууд...” бүхий гэмтлүүд нь шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Компьютер дээр хуучин гэж харагдаж байвал...бороолоод эдгэсэн 28-с дээш хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл... толгойд авсан гэмтлээс шалтгаалж тархи гэмтэх боломжтой... хатуу хальсан доорх цусан хураа нь ганцаараа байсан бол сараар явж болно...” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгчийг шууд гэм буруутай гэж үзэхэд эргэлзэхүйц нөхцөл байдлыг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, талийгаач О.Б нь нэг сарын өмнө толгойдоо авсан хоёр нүдний ухархай, хамрын хөдий, хацрын нум болох нүүрсний бүтэц хэсэгтээ авсан хугарал гэмтлүүдийн улмаас тархинд нь цусан хураа үүсэж, улмаар энэ гэмтэлтэйгээ идэвхтэй үйл хөдөлгөөнийг /шинжээч тайлбарласнаар ийм гэмтэл авсан хүн 1 (нэг) сарын хугацаанд эрүүл хүн шиг үйлдэл хийх боломжтой/ хийсэн байх боломжтой байна. Энэ хор уршгийг буюу талийгаач О.Бгийн толгойд учирсан тухайн гэмтэл нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор учирсан байж болохуйц байгаа нь шүүгдэгч М.Уын үйлдлээр талийгаач О.Бгийн толгойд гэмтэл учирсан гэх шалтгаант холбоо үгүйсгэгдэж байгааг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнээгүй. Иймээс шүүгдэгч М.У талийгаач О.Бгийн зүүн хацар хэсэгт нэг удаа алгадсаны улмаас амь нас хохирсон гэх шалтгаант холбоо эргэлзээгүй байдлаар тогтоогдсон гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй. Хэргийн энэ байдал нь хохирогчийн үхлийн шалтгаан нь шүүгдэгчийн алгадах үйлдэлтэй шууд хамааралтай гэж үзэх, улмаар шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нас барсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан бүхий л баримтаар хангалттай, эргэлзээгүй тогтоогдож чадаагүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.У нь... “ээжийгээ цээртэй үгээр хэлсэн гэх” шалтгааны улмаас амь хохирогч О.Бгийн зүүн хацар хэсэгт гараараа цохиж биед нь халдах нь аюултай гэмтэл учруулах эсхүл амь насыг нь хохироох боломжтой хууль бус үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байсан байх ба хэдийгээр хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй боловч амь хохирогчийн хацар хэсэгт нь хүсэж цохисны улмаас хохирогчийн амь насыг хохироосон хор уршигт хүргэсэн тул түүнийг санаатай алсан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ...” хэмээн шүүгдэгчийн гэм буруугийн талаар ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн. Эрүүгийн хуульд заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тус бүрийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагыг ялгамжтай зохицуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Гэм буруугийн санаатай хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж тухайн үйлдлээ гаргаснаар хохирогчид хор уршиг зориуд учруулахаар хүсэж үйлдсэн байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хор уршгийг учруулах зорилгоор хүсэж үйлдэл гаргаснаар санаатай гэм буруугийн хэлбэр хангагдана. Хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч М.У нь талийгаач О.Бгийн амь насыг хохироох үр дагаврыг хүсэж алгадах үйлдэл гаргасан гэх нь хэргийн бодит байдал биш юм. Гэтэл, анхан шатны шүүхийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтэд "...хэдийгээр хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй боловч амь хохирогчийн хацар хэсэгт нь хүсэж цохисны улмаас хохирогчийн амь насыг хохироосон...” гэж өөр хоорондоо агуулгын хувьд ойлгомжгүй, зөрүүтэй дүгнэлтийг хийжээ. Тодруулбал, анхан шатны шүүх “...хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй...”, “...хохирогчийн хацар хэсэгт нь хүсэж цохисон...” гэх шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтын алиныг үндэслэж дүгнэсэн нь ойлгомжгүйн дээр шийтгэх тогтоолд энэ тухай заагаагүй байна. Шүүхийн тогтоолд “...Хүнийг алах гэмт хэрэг нь өөрийн үйлдлийн учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдаг онцлогтой гэмт хэрэг юм...” гэсэн байгааг шүүгдэгчийн гэм буруугийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дүгнэсэн гэж үзэхгүй. Дээр дурдсанаар шүүгдэгч М.У нь талийгаач О.Бгийн хацар хэсэгт “ээжийгээ цээртэй үгээр хэллээ” гэх шалтгаанаар алгадсан үйлдлийг хийсэн боловч энэ үйлдлийнхээ үр дагавраар талийгаач О.Бгийн амь насыг хохироох хор уршгийг зориуд хүргэе гэсэн санаа зорилго байгаагүй, шүүгдэгчийн үйлдэл энэ зорилгоор чиглээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогддог. Иймд, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн “...хэдийгээр хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй боловч амь хохирогчийн хацар хэсэгт нь хүсэж цохисны улмаас хохирогчийн амь насыг хохироосон" гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэнтэй нийцээгүй, шүүх хуулийн энэ заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Хэрэв шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл дээр дүгнэснээр анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.У хохирогч О.Бгийн зүүн хацар хэсэгт “ээжийгээ цээртэй үгээр хэллээ” гэх шалтгааны улмаас нэг удаа алгадах үйлдлийг хийсэн боловч үүнийхээ улмаас хор уршигт хүргэхийг хүсэж буюу О.Бгийн амь насыг хохироох шууд санаа зорилгоор чиглээгүй юм. Ээжийгээ цээртэй үгээр хэллээ гэж нэг удаа алгадсан нь хүнийг алах сэдэл, санаа, зорилго биш юм. Энэ тухай шүүгдэгч М.У нь “...өөрөө эх хүн болохоор... эмзгээр хүлээн авч алгадсан. Талийгаачийн амь насыг хохирооё гэж хүсээгүй...” гэх мэдүүлгийг хэргийн бүхий л шатанд тогтвортой өгдөг. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэснийг анхаараагүй. Гэмт хэргийн шалтгаант холбоо, гэм буруугийн хэлбэрийг шүүх оновчтой, зөв тогтоосноор Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг зөв хэрэглэх учиртай. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.У нь хохирогч О.Бгийн хацар хэсэгт нэг удаа алгадсаны улмаас хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх нөхцөл байдал эргэлзээгүй, хөдөлбөргүй, бүрэн дүүрэн тогтоогдоогүй үед анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг хэрэглэх боломжтой байсан. Түүнчлэн, шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаарх өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгасан байхыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан. Анхан шатны шүүхийн тогтоолд өмгөөлөгч миний шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлсэн санал, дүгнэлтийг тусгаагүй, үндэслэл болгосон нотлох баримтыг шүүх няцааж үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гэж үзнэ. Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үндсэн хуульд хүний амьд явах эрхийг баталгаажуулж хангасан. Харамсалтай нь Баярхүү хэмээн залуугийн амьд явах эрх зөрчигдсөн байна. Харин мөрдөгч, прокурор энэ харамсалтай байдлын үнэн мөнийг тогтоож чадсангүй гэж үзэж байна. Учир нь, амь хохирогчийн нас барсан учир шалтгаан тодорхойгүй бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээ харагдана. Шинжээчийн дүгнэлт маш их зөрчилтэй. Тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэдэг бөгөөд шинжээчийн дүгнэлтэд удаа дараа толгой руугаа цохиулсан олон голомтот, тархи няцарсан гэсэн байхад миний үйлчлүүлэгчийн нэг удаагийн алгадалтаас амь хохирсон гэдэг нь эргэлзээтэй. Тухайн үйл явдал болдог шөнө залуучууд архи, пиво хольж уусан байдаг. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Миний хүүгээс архи үнэртээгүй” гээд анхны мэдүүлгээ худал өгсөн. Шөнийн 00:00 цагт орж ирсэн гэдэг бол дахин өгсөн мэдүүлэгтээ “21-22 цагийн хооронд гэртээ ирэхэд миний хүү орцондоо сууж байсан” гэдэг. Эхлээд гэрч байгаад сүүлдээ хохирогч болсон Р.Оийн мэдүүлэг цаг хугацааны хувьд маш их зөрүүтэй байхад мэдүүлгийг мөрдөгчид лавлаж шалгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр “Тархины хүнд зэргийн няцрал, голомтуудтай байсан бөгөөд энэ нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гээд ойлгомжтой тайлбарласан. Мөн хэргийн 80 дахь талд “Энэ гэмтэл ямар нэгэн хатуу биетийг толгойгоороо мөргөх, толгой руугаа өшиглүүлэх, цохих үед үүсэх боломжтой” гэж тодорхой бичсэн. КТГ шинжилгээгээр “Цус хуралт няцралын голомтуудтай байна” гэж олон тоон дээр хэлсэн. Магадгүй өмнө амь хохирогч тархиндаа гэмтэл авч олон удаагийн голомт үүссэн байх боломжтой. хэргийн 93 дахь талд гэрч Р.О “Орон дээрээ тас хийгээд унасан” гэж мэдүүлсэн. Зөөлөн орон дээр унаж байгаа хүн тас хийж унахгүй. Газар, хатуу зүйл дээр унасан эсхүл хэн нэгэн хүн түлхэж унагаасан уу гэдгийг  тогтоогоогүй. Ийм байдлаар хүний хувь тавиланг шийдвэрлэж болохгүй. М.У алгадсан учраас алсан гэж зөвхөн яллах байр сууринаас байж болохгүй. Хэргийн үнэнийг олж тогтоох ёстой. Мөн амь хохирогч нь нас барахаас 2 хоногийн өмнө хаана, ямар байдалтай байсныг олж тогтоогоогүй. эрүүлжүүлэх байранд хэзээ очсон, тэнд юу болсон, хэзээ суллагдсаныг нотлоогүй. Хохирогч нарын зүгээс төрийн хамгаалалттай байранд байсан гэдэг. Гэтэл нийгмийн хэв журмыг зөрчиж, орилж хашхирсан, зодоон цохион хийсэн хүнийг эрүүлжүүлэх байранд аваачдаг. Амь хохирогч эхтэйгээ зөрчилтэй байдаг учир эхийгээ муулж, хараалын үг хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Мөн хэрэгт хөл, гаранд нь хөнгөн гэмтэл үүссэн гэдэг ба тухайн үед хэн нэгнээр хөл, гар руугаа цохиулсан байгааг нотолно. Хүү нь ажилгүй, архи уудаг эх хүний сэтгэл хэцүү, уур бухимдлыг нь хүргэнэ. Ийм байхад мөрдөгч нар ар гэрийнхнийг нь асууж тодруулаагүй. Эх, хүү хоёрын харилцаа ямар вэ. Уур бухимдлаа барьж чадаагүй эх нь хүүгээ цохиж унагаасан байвал яах вэ. Ийм эргэлзээг гаргаж нотлохын төлөө ажиллах ёстой байсан. Зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, эргэлзээтэй, алдаатай шинжээчийн дүгнэлтээр М.Уыг буруутгасан. Миний үйлчлүүлэгч хохирогчид зүй ёсны шаардлага тавьсан. Нэг удаагийн алгадалтаас болж хүний амь нас хохирсон нь эргэлзээ төрүүлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохдоо нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянаагүй, уг заалт зөрчигдсөн. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц маш олон баримтууд байхад яагаад эрх зүйн байдлыг нь дордуулж шийдвэрлэсэнд харамсаж байна. Тархиндаа гэмтэл авч 1 сар явах боломжтой талаар шинжээч дүгнэсэн. М.Уын үйлдэл нь хүнийг алах хэмжээний үйлдэл биш гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү. Шүүх, хуулийн буруу үйл ажиллагаанаас болж хэн нэгэн ял завших, эсхүл хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй. Иймд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.

Амь хохирогч О.Бгийн хууль ёсны төлөөлөгч Р.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас худал хэлж намайг буруутан болгож байна. Би бүтэн 1 жил 4 сар сэтгэл санаагаар шаналж яваа эх хүн. Би хар багаасаа Хөгжим бүжгийн коллежид суралцаж, урлагийн хүмүүжлээр өссөн хүн хүүхэдтэйгээ янз бүр болж байгаагүй. Би шүүгдэгч эмэгтэйд ч юм хэлээгүй, мөрөөрөө явж байгаа. Би эрүүл саруул оюун ухаантай байхад намайг янз бүрийн байдалд оруулах гэж гүтгэж байгаад хэцүү байна. Би шөнө ухаангүй хүүхдээ мотоциклоор авч яваад эмнэлэг хүргэснийг түргэний эмч, жолооч гээд бүгд мэдэж байгаа. Гэтэл намайг ийм байдлаар хэлж миний голыг харлуулж байгаад гомдож байна. Миний залуу, сайхан хүүхдийг гараа зангидаж цохичхоод “цохиогүй, алгадсан” гэж байгааг гайхаж байна. Миний хүүхэд одоо байхгүй, цаг бусаар нас барсан байхад яагаад хүний ясыг хавьталцуулаад байгааг ойлгохгүй байна. Би өвчтэй, зовлонтой байж болох ч хэзээ ч үр хүүхдээ янз бүрээр хэлж, цохихгүй. Шүүгдэгч нь далайсан гараа зөөлрүүлсэн бол миний хүүхэд амьд байх ёстой. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр ирдэг гэдгийг санаарай. Намайг шаналгаж зовоосон байж одоо яагаад ийм тайлбар гаргаж байгааг ойлгохгүй байна. М.У нь багш, номын хүн байж намайг ингэж болохгүй. Би үр хүүхдийнхээ төлөө башираар, сайн сайхнаар явсан ч намба алдахгүй. Хүүхэд маань надад өдөр бүр хайртайгаа хэлдэг байсан. Гэтэл шүүгдэгч хүйтэн хөндий, цэвдэг байсан мэт ярьж байна. Та бүхэн мэргэн ухаанаар шийдэж, үнэн зөвийг олж тогтоон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Амь хохирогч О.Бгийн хууль ёсны төлөөлөгч Р.Оийн өмгөөлөгч Ө.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч М.У нь амь хохирогч О.Бгийн зүүн хацар хэсэгт гараараа цохиж тархины битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Өмгөөлөгч С.Энхбат шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж байна. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын эх сурвалж бөгөөд нарийн мэргэжлийн дагуу гаргасан шинжилгээний хариу юм. Хэрэгт авагдсан 269 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан “Тархины гэмтэл нь нэг удаагийн бусад гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлдлээр үүснэ. Тархины битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гавал тархинд үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр толгойн зүүн хэсэгт хүч үйлчилснээр үүсэх боломжтой. Унаж оочсон гэх шинж тэмдэг илрээгүй” гэх тэмдэглэл, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээчийн “Дүгнэлт гаргахдаа задлан шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээ нь КТГ шинжилгээтэй таарсан. Гавал тархи гэсэн хатуу зүйлийн дотор байдаг шингэн. Тархи, нуруу, нугасны шингэн. Тархины 80 хувь нь уснаас бүрддэг. Ямар нэг доргилтын улмаас цалгиж эсрэг талын гавлын яс нь дотор талаасаа мөргөж цохиж няцраад эсрэг талдаа цус харвалт үүсдэг. Компьютер дээр хуучин ухархайн гэмтэлтэй холбоотой гэмтлүүд нь аль хэдийн бороолсон, 28 хоногоос дээш үүссэн гэмтлүүд юм. Талийгаачийн гэмтэл нь шинэ гэмтэл, хуучин гэмтлүүд нь үхлийн шалтгаантай ямар ч хамаагүй. Мөн талийгаачийн хувьд баруун талдаа цусан хураанаас гадна аалзан  хальсны няцралттай байсан тул богино хугацаанд ухаан алдсан гэсэн” мэдүүлгээр давж заалдах гомдлууд үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Уд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ яллах болон өмгөөлөх, эрх тэгш мэтгэлцэх боломжоор хангаж, талуудын оролцоотойгоор хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж бэхжүүлсэн ажиллагаа нь хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой эсэхийг  өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж шийдвэрлэсэн. Мөн эрүүлжүүлэх байртай холбоотой өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн тайлбартай холбогдуулан хэлэхэд хэрэв эрүүлжүүлэх байранд орсон бол Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх этгээдийн албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 12-т зааснаар үйлчлүүлэгч этгээд эрүүлжүүлэх байрнаас гарах үед цагдаагийн алба хаагч түүний гарын хээ болон гэрэл зургийг санд хадгалахаар авах, түр хадгалсан баримт бичиг, мөнгө, хувцас эдлэлүүдийг хуульд заасны дагуу санд хадгалдаг. Хэргийн 82-92 дахь талд гарын дардасны шинжилгээ байдаг бөгөөд уг дардсыг эрүүлжүүлэх байранд орсон этгээдүүдээс авдаг гарын мөрүүдтэй харьцуулж тогтоох замаар шинжлэн үзэхэд тохироогүй. Тиймээс амь хохирогчийн эрүүлжүүлэгдсэн гэсэн тайлбар үндэслэлгүй. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Миний үйлчлүүлэгч хүүхдээ алдаад хэцүү байхад шүүгдэгч М.Уын зүгээс түүнийг хүүгээ алсан мэтээр гомдол гаргаж байгаад маш их гомдолтой бөгөөд ар гэрийнхэн нь маш хүндээр хүлээж авч байгаа. ...” гэв.

Прокурор Ч.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн үхлийн шалтгаан шүүгдэгчийн алгадах үйлдэлтэй шууд хамаагүй гэж байна. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.У нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Тухайлбал, тусгай мэдлэг мэргэшлийн хүрээнд гаргасан  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг дүгнэлтээр талийгаачийн үхлийн шалтгаан нь тархины битүү гэмтэл гэж гарсан. Шинжээч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцож өөрийн гаргасан дүгнэлтийнхээ талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. “Тархины хатуу хальсан доорх цус хуралт үүсч тархийг дагаж ухаан алдах хэмжээнд хүн эрүүл явдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг учрал болсон газраас гэртээ орох хүртлээ хохирогч эрүүл яваад байх боломжтой” гэж дүгнэсэн. Баруун талд үүссэн гэмтэл зүүн талд нөлөөлдөг гэдэг талаар мөн дэлгэрэнгүй мэдүүлсэн. Алгадуулаад зүүн талын хацраа дарж буй үйл явдал камерын бичлэгээс маш тодорхой харагддаг ба уг камерын бичлэгийг гэрч Долгормаагийн мэдүүлэг давхар нотолдог. Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотлон тогтоосон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хэргийг хэрэгсэхгүй болгох талаар тайлбар гаргаж байгаа ч улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан ямар ч баримтыг гомдолдоо дурдаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.  ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх учиртай. 

     Шүүгдэгч М.У “...асуудлыг үнэн зөв шийдэж надад тохирсон зүйлчлэлээр намайг яллан, тохирох ял шийтгэл оноож өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хянан үзвэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2269 дүгээр “...Талийгаач О.Бгийн цогцост тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хөхний дээд хэсэг, зүүн гуя, өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Тархины битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” /1хх 71-76/ дүгнэлт гарсан байна.

Үүнтэй холбоотойгоор шинжээч Ч.Эрдэнэболороос мэдүүлэг авахад тэрээр “Талийгаач О.Бгийн тархинд учирсан гэмтэл их байх тул богино хугацаанд  хэдэн цагийн дотор шинж тэмдэг илрэх бүрэн боломжтой. Дээрх гэмтэл нь хүний хүчээр буюу толгойгоор мөргөх, өшиглөх, цохих үед үүсэх боломжтой. ...амь хохирогчийн тархинд хуучин гэмтэл байхгүй, шинэ гэмтэл байсан байна. Тархи цусанд цүлхэн судас хагарсан байх боломжгүй, нэг удаагийн алгадах үед үүсэх боломжтой. ...” /1хх 79-80, 82-83/ гэж мэдүүлжээ.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2269 дүгээр дүгнэлтийг шууд үндэслэлтэй эсэхийг бүрэлдэхүүнтэй шинжээч томилсны дараа дүгнэх нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгч М.У нь амь хохирогч О.Бгийн нүүрэн тус газар алгадаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгээр тогтоогдож байх тул М.Уын амь хохирогч О.Бг алгадсан үйлдэл болон шинжээчийн дүгнэлт дурдагдсан тархины битүү гэмтлийг шууд үүсгэсэн эсэхийг, үүсэх боломжтой эсэхийг нарийн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж заасны дагуу хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч С.Энхбат нарын гаргасан гомдлын үндэслэлийг хэлэлцээгүй болно.

Шүүгдэгч М.Уд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/614 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч М.Уд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                            Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                            Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ