Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/1184

 

     

 

 

 

 

    2023           12              12                                      2023/ДШМ/1184       

                       

                                                                                         

Ч.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөөг  даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,

нарийн бичгийн дарга  Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/781 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2209002250528 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэрээд овгийн Ч.Б, 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Боржигон” зочид буудалд ресейпшн ажилтай, ам бүл 1, ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ................  тоотод түр оршин суух, /РД:...................../;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/417 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 11.000.000 торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан торгох ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 11.450.000 төгрөгөөр тогтоосон, торгох ял биелэгдээгүй,

Шүүгдэгч Ч.Б нь “Дэлгэрэх арвин өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Прован оффисын 307 тоот ажлын байран дээр байхдаа “Дэлгэрэх арвин өргөө” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө болох 1.285.274 төгрөгийг “НДШ төлөв 10 сар” гэсэн утгаар Худалдаа хөгжлийн банкны 453194748 дугаарын данснаас өөрийн охин А.Жавхлангийн нэр дээр нээлгэсэн Хаан банкны 5020894848 дугаарын данс руу шилжүүлэн авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Ч.Бг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа авч завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 11.450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон 763 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 4 жил 33 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бгоос 785.270 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Гантулгад олгож, шүүгдэгч Ч.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие надад оногдуулсан хорих ялыг хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийн материал дутуу, мөн зүйлчилсэн зүйл анги хүндэтсэн гэж үзэж байна. Иймд миний хэргийг дахин хянан хэлэлцэж тохирох ял шийтгэл оноож өгнө үү. Мөн хохирогч, түүний өмгөөлөгч, шүүгч, прокурор нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Миний бие нь 2020 онд хэрэгт холбогдсоноосоо хойш нэр төр, ажил алба, найз нөхөд, гэр бүл гээд бүх зүйлээ алдсан. Үүнээс болж сэтгэл санаагаар маш их гутарч, ганцаардаж, арчаагүй сул дорой амьдарч байснаа хоригдож байх гурван сарын хугацаандаа ойлгож их зүйлийг тунгаан бодлоо. Би цаашид өндөр настай эхийгээ асарч, аав дээрээ байгаа 2 охиноо өсгөж, эх хүний үүргээ биелүүлэн нийгэмд зөв шударгаар амьдрахыг хүсэж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшин харамсаж байна. Миний бие гэм буруугаа ойлгож хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж 500.000 төгрөг өгсөн байна. Мөрдөгч Мөнгөншагай нь хэргийн материалыг бүрэн танилцуулаагүй, өмгөөлөгчөөр хангагдах боломжуудыг дурдаагүй, яагаад ийм хүнд зүйл ангиар яллаж байгааг хэлж анхааруулаагүй, төлбөрөө л төлчихвөл гайгүй гэж хэлсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан. Миний огт харж байгаагүй танилцсан гарын үсэг ч байхгүй тушаалд үндэслэж хүнд зүйл ангиар ялласан. Угаас хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын тодорхойлолт байхгүй надад дур мэдэн хийдэг ажил байгаагүй. Намайг албан тушаалаа урвуулан ашигласан гэж зүйлчилсэн. Гэвч ажиллаж байх /14-18/ хоногт албан тушаал, цалин хөлс тодорхойгүйн дээр тушаал гарч хөдөлмөрийн гэрээ огт хийгээгүй байсан юм. Мөрдөн байцаалтын явцад миний танилцаж хүлээн авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, цалин бодсон хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлан зэргийг огт шаардаагүй шууд хүнд зүйл ангиар ялласан.

Компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээг, ажлын чиг үүргийг тусгасан хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг болох ажил, олгогч, ажилтан хоёрын гарын үсгээр баталгаажсан “Ажлын байрны тодорхойлолт”-ыг мөрдөгч хохирогчоос шаардаж хэргийг сайтар шинжилж судлаагүй. Миний бие 2021 оны 10 дугаар сарын сүүлээр зарын дагуу Гоомарал гэх хүнтэй очиж уулзан 2021 оны 11 дүгээр сарын 3-наас эхлэн ажилд орсон. Тухайн үед Гоомарал захирал хэлэхдээ манай компани үйл ажиллагаа явуулдаг 2-3 компанитай, хүний нөөцийн ажилтан, хуульч амарсан байгаа, санхүүгийн албанд чамаас гадна нэг хүн байгаа, удахгүй нэмж 3-4 хүн авна. Тэгэхээр бүтцээ шинэчлээд, чиний ур чадвар идэвхийг харж байгаад хүний нөөцтэй гурвуулаа сууж байгаад албан тушаал цалинг чинь тодорхой болгоно гэж хэлсэн. Тэр болтол миний хий гэсэн яаралтай ажлуудыг хийж бай. Цаг бүртгэлээр урьдчилгаа өгнө гэсний дагуу би нэг удаа урьдчилгаа авч байсан. Гэтэл нэг өдөр Гоомарал захирал утасдаад би чамд код өгье. Чи 2, 3 шилжүүлэг хийгээдэх, би гадуур явна гэсэн. Өмнө нь захирал хэлэхдээ 2 компани орлогоо хувь дансаар авдаг байсан. Тиймээс би касс, харилцахаа өөрөө хөтлөөд бариад явдаг юм гэж тайлбарласан байсан. Ингээд би өгсөн 1 удаагийн интернэт банкны кодоор уг гүйлгээг хийсэн. Тухайн үед 1xbet гэх мөнгө өсгөж болдог онлайн сайтыг мэдээд 2, 3 хоног хэрэглэн өсгөж, өрнөөсөө төлөөд хурдан буцаагаад дансанд тушаачихна гэж бодсон минь үнэхээр муухай, ичмээр, болчимгүй үйлдэл байсан. Хохирогчоос чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Гэвч би одоо байгаа нөхцөл байдалдаа зөвхөн өөрийгөө зүхэж сууна. Хүний нэг удаа итгэсэн итгэлийг далимдуулж мөнгийг нь өөрт ашиглаж, амар хялбар аргаар өсгөн авч өрөө төлж болох юм гэж тэнэг шийдвэр гаргасандаа үнэхээр их гэмшиж байна. Хохирогчоос дахин дахин уучлалт гуйж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд торгох ялаа яагаад төлж барагдуулаагүй талаар амаар тайлбар хэлэхийг гуйж байгааг минь хүлээн авна уу. ..” гэв.

Шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч А.Буянжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оноосон нь үндэслэлгүй байна. Ч.Бгийн хувьд тухайн байгууллагад ажилд ороод удаагүй байсан ба түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулсан болох нь “Ажилд томилсон тушаал” /хх 26/-с өөр баримт хавтаст хэрэгт байдаггүй. Мөн тушаалаа ч танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 41.3 “Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Түүнийг эхний сард туршиж үзэж байгаад ямар ажилд томилохоо шийдвэрлэнэ гээд захиалгын гэрээ байгуулах, сугалаа, хонжвор, зохион байгуулах гэх мэт нягтлан бодогчийн ажил үүрэгт хамааралгүй ажлуудыг хийлгэж байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулж байснаас үзэхэд тэрээр тухайн байгууллагын “эрх бүхий албан тушаалтан биш” байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулж байж, хөдөлмөрийн харилцаа үүсэж, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр ажил үүргийг гүйцэтгэх “эрх бүхий албан тушаалтан” болно. Нэгэнт тэрээр албан тушаалтан биш тул нийгмийн даатгалд төлөөрэй гэж итгэмжлэн хариуцуулсан мөнгийг хувьдаа авч завшсан үйлдэл нь “ албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” шинжийг хангахгүй. Нийгмийн даатгалд төлөх ёстой тэр мөнгө бол түүнд итгэмжлэн хариуцуулсан мөнгө бөгөөд түүнийг авч завшихад албан тушаалын байдлаа ашигласан үйлдэл тогтоогдохгүй байна. Хохирогч нэвтрэх кодоо өгч, данснаас шилжүүлэг хийх эрхийг нь өгсөн байдаг. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол 1.285.274 төгрөг буюу бусдад бага хэмжээний хохирол учруулсан, үүнээс 500.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж, үлдэгдэл 785.000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн бөгөөд шүүх хуралдаанд нийгмийн даатгалд төлөх мөнгийг хувьдаа авч, завшсанаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг. Зөвхөн нэг удаа л нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө болох 1.285.274 төгрөгийг нийгмийн даатгалд шилжүүлэхийг үүрэг болгож, итгэмжлэн хариуцуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн 17.4 дэх зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа үүсэж, тухайн иргэн албан тушаалтан болдог тул Ч.Бг “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж субъектийн шинжид нь тулгуурлан хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...”гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын  талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасны дагуу шүүх нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон. Шүүгдэгч нь төлөх хугацаа болоогүй гээд урьд шийтгүүлсэн торгох ялаа биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан нөхцөлд хамаарахгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдээгүй гэж байгаа боловч Ч.Б нь тухайн хуулийн этгээдэд ерөнхий нягтлан бодогч буюу компаниас өгсөн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрхтэй этгээд бөгөөд тухайн ажлыг хийж байсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Ч.Б нь албан тушаалын байдлаа ашиглаагүй бол гэмт хэргийг үйлдэх боломж гарахгүй байсан. Тиймээс шүүгдэгчийн үйлдлийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. Улсын яллагчаас шүүх хуралдаанд торгох ялын санал гаргасан ч шийтгэх тогтоолыг гардаж аваад шүүхээс хорих ял оногдуулсан дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж эсэргүүцэл бичээгүй. ...” гэв.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Прован оффисын 307 тоот ажлын байран дээр байхдаа “Дэлгэрэх арвин өргөө” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө болох 1.285.274 төгрөгийг “НДШ төлөв 10 сар” гэсэн утгаар Худалдаа хөгжлийн банкны 453194748 дугаарын данснаас өөрийн охин А.Жавхлангийн нэр дээр нээлгэсэн Хаан банкны 5020894848 дугаарын данс руу шилжүүлэн авч хувьдаа завшсан болох нь:

хохирогч “Дэлгэрэх арвин өргөө” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.У: “...Ч.Б нь 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг өөрийн хүүхдийн ХААН банкны 5020894848 дугаарын данс руу 1.285.274 төгрөг шилжүүлэн авсан байсан. Тус мөнгийг 10 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой байсан. Энэхүү асуудлыг Нийгмийн даатгалаас албан бичиг ирээд мэдсэн. ...” /1хх 35-36/

хохирогч “Дэлгэрэх арвин өргөө” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.У: “...Ч.Б нь компанийн ажилчдын нийгмийн даатгал төлөх ёстой мөнгөнөөс хүүхдийнхээ данс руу 1.285.274 төгрөгийг шилжүүлж авсан байсан. Бажилд ороод 7 хоногийн дараагаас ажилдаа ирэхээ болиод нийгмийн даатгалаас над руу утасдаад танай компани нийгмийн даатгалаа төлөөч гэж хэлсэн. Тэр үед мэдсэн. ...” /1хх 40/

гэрч С.А: “...манай охин Жавхлангийн нэр дээр одоо ХАС банкны данс байдаг Хаан банкин дээр данс байдаггүй манай охин Жавхлан руу нэг хүн яриад ХААН банкны 5020894848 дугаартай данс байдгийг мэдэж авсан гэхдээ манай охин уг данснаас мөнгө төгрөг авч байгаагүй. ...” /1хх 44-45/

шүүгдэгч Ч.Б яллагдагчаар өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би “Дэлгэрэх арвин өргөө” ХХК-д 2021 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа байгууллагын хөрөнгөнөөс 1.100.000 төгрөгийг хүүхдийнхээ 5020894848 дугаарын данс руу шилжүүлэн авч хувьдаа ашигласан. Уг мөнгөөр мөрийтэй тоглоом тоглоод алдсан. ...” /1хх 5/ гэсэн мэдүүлгүүд,

А.Жавхлангийн Хаан банкны 5020894848 дугаарын дансны хуулга /1хх 59-63/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Харин Ч.Б нь “Дэлгэрэх арвин өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө болох 1.285.274 төгрөгийг авч хувьдаа завшсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж байгуулга, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг. Харин албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсны мөнгийг хэлнэ гэж  тайлбарлагддаг.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Дэлгэрэх арвин өргөө” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Ч.Бг “ерөнхий нягтлан бодогч” албан тушаалд 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай “туршилтын хугацаагаар ажил”-д томилсон  /1хх 26/  байх бөгөөд тус компанийн ерөнхий нягтлан  бодогчийн албан тушаал нь бүрэн албажаагүй, туршилтын хугацаанд байсан бөгөөд туршилтын хугацаагаар томилогдсоноос хойш 17 хоногийн дараа компанийн мөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь завших гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Ч.Бгийн үйлдэлд албан тушаалын байдлаа ашигласан гэх нөхцөл байдалд хамаарахгүй, томилогдсон албан тушаал нь бүрэн албажаагүй  байх тул Ч.Бгийн үйлдлийг “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж гэж хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин Ч.Б “Дэлгэрэх арвин өргөө” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө болох 1.285.274 төгрөгийг “НДШ төлөв 10 сар” гэсэн утгаар Худалдаа хөгжлийн банкны 453194748 дугаарын данснаас өөрийн охин А.Жавхлангийн нэр дээр нээлгэсэн Хаан банкны 5020894848 дугаарын данс руу шилжүүлэн авч завшсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг хангасан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 130 /нэг зуун гуч/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/781 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Ч.Бд холбогдох “завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийг” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон  өөрчилж зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай. 

2. тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Ч.Бг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 11.450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон 763 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 2 жил 7 сар 3 хоногоор тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 130 /нэг зуун гуч/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                           Д.МӨНХӨӨ

  

  ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ

 

  ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ