| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00074/И |
| Дугаар | 301/ШШ2025/00175 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 301/ШШ2025/00175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У. хот, Ч. дүүрэг, ...дүгээр хороо, ....., ... давхарт байрлах “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Э сум, 7 дугаар баг, тамир хороолол, 6 дугаар гудамж, 610 тоотод орш ин суух Б овогт Б.Н /РД:......./-т холбогдох,
2,117,201.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д... /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК 2,117,201.44 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 1,327,577.78 төгрөг, зээлийн хүү 685,008.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,315.24 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,117,201.44 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д.. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Б.Н-той 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 3,119,922 төгрөгийг сарын 3,3 хүүтэй нийтдээ 24 сарын хугацаатайгаар манай компанийн зүгээс олгосон. Хариуцагч нь сар бүрийн 20-ны өдөр зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийхээр харилцан тохиролцсон. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч нь төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 3,119,920 төгрөг байгаа энэхүү дүн дээр хариуцагч нь графикийн хуваарьт зааснаар гэрээний төлөх ёстой. Төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7 дахь заалтад заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцсон. Нэмэгдүүлсэн хүү тооцоод нийтдээ 5,276,401.44 төгрөг болсон. Энэхүү мөнгийг хариуцагч нь 3,168,500 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,107,901.44 төгрөгийн төлбөр үлдсэн байгаа. Энэхүү дүн дээр талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т заасан байгаа. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан бүх хохирлыг хариуцахаар зохицуулсан байдаг. Тиймээс хохирол буюу хариуцагчийг шүүх рүү шилжүүлэх үеийн нотариатын зардал 9,300 төгрөгийн зардал гарсан. Энэ төлбөр нэмэгдээд нийтдээ 2,117,201.44 төгрөг болсон. Энэхүү төлбөрийг хариуцагчаас гаргуулах, мөн хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ. Мөн Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3-т заасан байдаг. Зээлийн гэрээний хугацаа дууссан тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол зээлдэгчийн зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгээс үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчаас нэхэмжилсэн 2,117,201.44 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү..”
2. Нэхэмжлэгч байгууллагаас
- 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9011832756 дугаар “Улсын бүртгэлийн гэрчилгээ”,
- 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн БЗГ22-786 дугаар “барьцаат зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
- Зээлийн төлөлтийн дансны хуулга зэрэг нөхцөл баримтуудыг гаргаж өгсөн,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч Б.Н-т холбогдуулан үндсэн зээл 1,327,577.78 төгрөг, зээлийн хүү 658,008,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,315.24, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 2,117,201.44 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын хангах нь үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Батжаргалын Ням-Очир нь 2022 оны 05 сарын 19-ний өдөр БЗГ22-0786 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 445 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
Тус гэрээгээр 3,119,920 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд Ipone-13 загварын гар зөөврийн компьютер барьцаалсан. 2022 оны 05 сарын 19 ний өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 3,119,920 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар “... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно...” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, Энэхүү мөнгөн дүнгээс 3,168,500 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 2,107,901.44 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,117,201.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Б.Н нь 3,119,920 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар авчээ.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.2-д гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан, талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасан ба иргэн Б.Н нь гэрээнд гарын үсэг зурсан байна.
Нэхэмжлэгч “С” ХХК, хариуцагч Б.Н нарын хооронд үүссэн харилцаа нь нэг талаас зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд буюу С” ХХК-иас зээлийн үйл ажиллагаа явуулсан байх тул тэдгээрийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан харилцаа мөн байх бөгөөд С” ХХК, хариуцагч Б.Н нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн БЗГ 22-786 дугаартай “барьцаат зээлийн гэрээ” нь Иргэний хуулийн 451.1, 451.2, 452.2-т нийцсэн байна.
Хариуцагч Б.Н нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулж 3,119,920 төгрөгийг авч, 1,355,270 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,327,577.78 төгрөг, үндсэн хүү 685,008.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,315.24 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Н-т нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний нэхэмжлэлд бичигдсэн А аймгийн Э сум, 7 дугаар баг, Тамир хорооллын 6 дугаар гудамж, 610 тоотод оршин суух хаягаар 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд А аймгийн Э сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр тодорхойлолтыг ирүүлсэн болно.
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 488 дугаар “нотлох баримт гаргуулах тухай” шүүгчийн захирамжаар А аймаг дахь шүүхийн Тамгын газраас Б.Н-ын оршин суух хаягийн бүртгэлтийн лавлагааг гаргуулахад А аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 68 дугаар албан бичгээр Б... овогт Б.Н У.... хот, Со..... дүүрэг, 31 дүгээр хороо, дунд наран 17 дугаар гудамж, 564-11 тоотод оршин суудаг” гэх лавлагааг ирүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ. 754.4 Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно гэж хуульчилсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.4, 754.2, 754.3-т зааснаар 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Б.Н-ын хувийн цахим шуудангийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас болон нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, хариу тайлбар танилцуулсан баримт зэргийг илгээсэн байгаа нь хариуцагч шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно.” гэж тус тус заасан байх тул “С” ХХК нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Н-оос үндсэн зээлийн үлдэгдэл 1,327,577 төгрөг, зээлийн хүү 658,008.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,315.24 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,117,201.44 төгрөгийг гаргуулан “С” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 48,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ноос улсын тэмдэгтийн хураамж 48,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2 -т заасныг баримтлан хариуцагч Б.Н-оос үндсэн зээлийн үлдэгдэл 1,327,577.78 төгрөг, зээлийн хүү 685,008.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,315.24, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,117,201.44 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 48,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-оос улсын тэмдэгтийн хураамж 48,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР