| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/0245/Э |
| Дугаар | 286 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 1806005800202 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, , 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 70-123 тоотод оршин суудаг, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 679 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан, Д.С.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 70 дугаар байрны 10 давхарын орцонд иргэн Ч.Эрдэнэ-Очирыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Эрдэнэ-Очирын: “...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр... ...шатаар доош хартал доороос 2 залуу 10 давхарт гарч ирснээ өндөр залуу нь гар барин “юу байна” гээд таньдаг юм шиг мэндлэхээр нь би “хөгшөөн чамайг хараагүй юм байна, юу билээ” гэтэл надаас тамхи асуусан. ...Тамхи байдаггүй ээ ганцхан байна гэтэл түүнтэй хамт байсан арай жижиг биетэй залуу нь “харагдаагүй нөхөр байж орцонд тамхи татаад зогсож байдаг, намайг чи мэдэхгүй байна уу, захын хулгайч нар хүртэл мэднэ шүү” гээд миний гэдэс рүү өшиглөхөөр нь би “надад тамхи байхгүй ш дээ” гэсэн чинь өндөр залуу нь намайг хогийн пункер хэсэг рүү түлхэж “наанаа хэвт" гэхээр нь би “яагаад хэвтэнэ гэж” гэтэл миний куртикны малгайнаас доош дарж намайг газарт унагаахад би “Даашка эгч ээ” гэж орилтол жижиг биетэй залуу нь гараараа миний нүүр лүү удаа дараа цохиж, бас толгой эрүү хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөд том биетэй залуу нь жижиг биетэй залууг цааш салгасан... Миний нүүр хэсэг рүү жижиг биетэй залуу нь гараараа цохиж, дахин толгой руу өшиглөсөн. Миний толгой эргэж дотор муухай оргиж байна, нүд их хавдартай хөхөрсөн байгаа, хэвтэхээр нүд рүү хатгаж байна. Мөн 5 жилийн өмнө хадуулсан эрүү лүү өшиглөсөн учир эрүү хөдлөхдөө их өвдөж юм идэж чадахгүй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,
Мөрдөн байцаалтад гэрч Ч.Дашдаваагийн: “...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр миний төрсөн дүү Эрдэнэ-Очир манай гэрт 18 цаг өнгөрч байхад ирээд 19 цагийн орчимд тамхи авахаар гэрээс гарсан. 20 орчим минутын дараа ,Дашка эгч ээ, гэсэн дуу гарахаар нь би орц руу гарч харахад хогийн пункерийн хажууд годон гуталтай намхан бүлтгэр нүдтэй бор залуутай зууралдчихсан зогсож байсан... Манай дүүгийн нүүр амнаас нь их цус гарчихсан байсан... Би хэн нэгэн Эрдэнэ-Очирыг цохисныг хараагүй ч орцонд гарахад анх харахад зууралдсан байсан ба намхан годон гуталтай залууг “энэ намайг зөндөө зодлоо” гэхэд тэр залуу нь “чи өөрөө эхлээ биз дээ ална шүү “ гэж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12/,
Мөрдөн байцаалтад гэрч С.Отгонбаярын: “...2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн орчимд найз Стэй хамт 70 дугаар байрны 9 давхарт сууж байтал дээд давхараас шатны голын зайгаар ямар нэгэн зүйл тусах шиг болохоор нь Сүхээ бид “2 хүн шээчихлээ” гэж бодоод дээш гаран хартал 10 давхарын пункерийн хажууд нэг согтуу хүн хана налаад сууж байх шиг байсан. С түүнд “шээхээ болиоч” гэтэл “хэн шээсэн юм” гээд маргалдаад тэр 2 барьцалдахад С түүний нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа цохьсон... С түүний нүүр лүү 3-4 удаа цохьсон. Би гар хүрээгүй тэр хоёрыг салгасан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн №1264 тоот:
2.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шинжилгээнд ирүүлсэн зүйлгүй тул хариулах боломжгүй.
4.5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
7.10.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8. Дээрх гэмтэл нь хохирогчийн амь насанд аюул учруулахгүй.
9.11. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт /хх-15/,
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 70 дугаар байрны 10 давхарын орцонд иргэн Ч.Эрдэнэ-Очирыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Эрдэнэ-Очирын: “...миний гэдэс рүү өшиглөхөөр нь би “надад тамхи байхгүй ш дээ” гэсэн чинь өндөр залуу нь намайг хогийн пункер хэсэг рүү түлхэж “наанаа хэвт” гэхээр нь би “яагаад хэвтэнэ гэж” гэтэл миний куртикны малгайнаас доош дарж намайг газарт унагаахад би “Даашка эгч ээ” гэж орилтол жижиг биетэй залуу нь гараараа миний нүүр лүү удаа дараа цохиж бас толгой эрүү хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөд том биетэй залуу нь жижиг биетэй залууг цааш салгасан... Миний нүүр хэсэг рүү жижиг биетэй залуу нь гараараа цохиж дахин толгой руу өшиглөсөн. Миний толгой эргэж дотор муухай оргиж байна. Нүд их хавдартай хөхөрсөн байгаа, хэвтэхээр нүд рүү хатгаж байна. Мөн 5 жилийн өмнө хадуулсан эрүү лүү өшиглөсөн учир эрүү хөдлөхдөө их өвдөж юм идэж чадахгүй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,
Мөрдөн байцаалтад гэрч Ч.Дашдаваагийн: “...анх харахад зууралдсан байсан намхан годон гуталтай залууг энэ “намайг зөндөө зодлоо” гэхэд тэр залуу нь “чи өөрөө эхлээ биз дээ ална шүү” гэж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12/,
Мөрдөн байцаалтад гэрч С.Отгонбаярын: “...С түүнд “шээхээ болиоч” гэтэл “хэн шээсэн юм” гээд маргалдаад тэр 2 барьцалдахад С түүний нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа цохьсон... С түүний нүүр лүү 3-4 удаа цохьсон. Би гар хүрээгүй тэр хоёрыг салгасан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн №1264 тоот: Ч.Эрдэнэ-Очирын биед зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн нүдний зовхины дотор булан хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинжилгээнд ирүүлсэн зүйлгүй тул хариулах боломжгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хохирогчийн амь насанд аюул учруулахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-15/,
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Д.С нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806005800202 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-г 450 / дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.С-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД