Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 116/ШШ2025/0010

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, *******гийн *******гийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.*******д холбогдуулан гаргасан, “2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хуралдааны багийн Засаг даргыг сонгох саналын хуудсыг дахин тоолохыг багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг дарга сонгох иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 2-р сарын 22-ны өдрийн 11 цагт ДБЭХС ТӨХК-ний урлаг зааланд болсон. ******* багийн иргэн Г.******* миний бие багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн. Тухайн үед санал хураалт нууцаар явагдаж, саналын хуудаснуудыг тоолсон. Санал тоолох, санал хураалтын дүн гаргах үйл явц маш эргэлзээ төрүүлж, миний дүнг дарж гаргасан. Тухайн үед нь дахин тоолуулах хүсэлтийг ИНХ-ын дарга Б.*******д гаргасан, ...миний саналыг хүлээн авч дахин тоолуулья гээд хурал хаасан. Тоолох гэсэн чинь эмх замбараагүй байдлыг хэсэг хүмүүс үүсгэж хүмүүс хурлыг орхиж гараад эхэлсэн. Ингээд нууцаар санал хураасан саналын хуудсыг 2 талын нэр дэвшигчийг байлцуулан лацдаж, ******* багийн Засаг дарга Р.******* нь авч өөрийн ажлын өрөөний шүүгээнд цоожилсон болно. Дараа нь Б.*******д дахин тоолуулья гэсэн хүсэлтийг гаргасны дагуу дахин тоолох хүсэлтийг минь тооллогын комиссын гишүүдэд гаргасан боловч ирж хуралдаагүй, цуглаагүй, удаа дараа тоолохоос татгалзаж шалтаг тоочин дахин тоолох боломжийг бүрдүүлэхгүй байгаагаас миний эрх зөрчигдөж байна. Иймээс багийн Засаг даргын санал хураасан саналын хуудсыг дахин тоолохыг багийн ИНХ-ын дарга Б.******* болон тооллогын комисст даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрлэн сумын ******* багийн иргэн Г.******* 2025.02.22-ны өдөр болсон Хэрлэн сумын ******* багийн Засаг даргыг сонгох сонгуулийн саналын хуудсыг дахин тоолуулах талаар нэхэмжлэл гаргасан. 2025.04.07-ны өдөр шүүхээс багийн Засаг даргын саналын хуудсыг дахин тоолсон, ...нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.*******д холбогдуулан гаргасан, “2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хуралдааны багийн Засаг даргыг сонгох саналын хуудсыг дахин тоолохыг багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байна. 

            Мөн шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн ажлын албаны байранд хадгалагдаж байгаа багийн Засаг даргын саналын хуудсанд үзлэг хийж, саналыг хуудсыг тоолсон. Уг үзлэгийн дүнгээр Г.*******т 215 санал, Г.*******д 190 саналын хуудас тоологдсон болно.   

Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Г.******* нь, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.*******д холбогдуулан гаргасан, “2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хуралдааны багийн Засаг даргыг сонгох саналын хуудсыг дахин тоолохыг багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд нь  уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            П.АМАРЖАРГАЛ