Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2025/00294

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би

Нэхэмжлэгч: *********** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***********холбогдох,

Зээлээр худалдан авсан барааны үнэ 1,175,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******** сумын 2-р багт оршин суух *********** нь зээлээр хүнсний бараа авсан. Удаа дараа төлбөрөө барагдуулах шаардлага тавьсан боловч тооцоогоо хийхгүй байгаа тул зээлж авсан хүнсний барааны үнэ 1,175,350 төгрөгийг тус ХХК-ийн \***********\ дансанд байршуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч***********тайлбарын агуулга: Зээлээр худалдан авсан барааны үнийг 2025 оны 05 дугаар сарын 25-наас 2025 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлага 1,175,350 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч *********** нь нэхэмжлэгч *********** ХХК-ийн зээлээр худалдан авсан барааны үнэ 1,175,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул *********** ХХК-ийн нэхэмжлэлтэй ***********-т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,758 төгрөгнөөс 16,379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 16,379 төгрөгийг, хариуцагчаас 16,379 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***********нь нэхэмжлэгч *********** ХХК -ийн зээлээр худалдан авсан барааны үнэ 1,175,350 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,758 төгрөгнөөс 16,379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 16,379 төгрөгийг, хариуцагч***********-ээс 16,379 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА