Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00879

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00879

 

Д.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/00693 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э-ийн хариуцагч Л.Н, Л.Г нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 589 072 055 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, Б.Р , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Э нь 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 120 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 50 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, эргэн төлөх хугацаа тохиролцоогүй, 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, эргэн төлөх хугацаа тохиролцоогүйгээр тус тус хариуцагч Л.Н, Л.Г нарт зээлдүүлсэн. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх 3 гэрээнд алданги тохиролцоогүй.

Хэдийгээр зээлийн гэрээнд хариуцагч Л.Н гарын үсэг зураагүй боловч зээл авах үед хүүтэйгээ хамт байсан, хүүгийнхээ компанид нягтлан бодогчоор ажилладаг, бэлэн мөнгийг зарлагадаж, ашиглахад нь хамт оролцсон, хүү Л.Г-ийн өмнөөс зээлийн төлбөр төлж байсан зэргээс үзэхэд хариуцагч байх ёстой этгээд гэж үзсэн.

Нэхэмжлэгч Д.Э нь дээрх зээлийг хариуцагч нарын бизнесийг дэмжих зорилгоор тухайн үед Л.Г-ийн барьж байсан орон сууцны барилгад санхүүжилт олгон зээлдүүлсэн. Уг барилга нь 2014 онд ашиглалтад орж дууссаны дараа мөнгийг бүрэн төлнө гэж амлаж байсан боловч зээлийн гэрээний хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй.

Зээлээ төлөхийг хариуцагч нараас удаа дараа шаардсан. 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ андуурч 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 33 500 000 төгрөг хариуцагч нараас төлсөн гэж бичсэн бөгөөд уг төлөлтөө сүүлд шалгаж хариуцагч нарын төлөлт биш, өөр хүнээс орж ирсэн мөнгийг өөрөө бэлнээр өөрийн дансанд төлсөн байсан.

Иймд 2012 оны 8 дугаар сарын 01ний өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 120 сая төгрөг, хүү 216 019 086 төгрөг, энэхүү зээлийн гэрээний хугацаа дууссан 2012 оны 12 дугаар сарын 31ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22ны өдрийг хүртэл тооцогдсон, хуримтлагдсан хүү байгаа, нийт 336 019 086 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 30ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 76 641 552 төгрөг, хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 дугаар сарын 22ны өдрийг хүртэл тооцсон, хуримтлагдсан хүү байгаа, нийт 126 641 552 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 06ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 дугаар сарын 22ны өдрийг хүртэл тооцсон, хуримтлагдсан хүү байгаа, нийт 126 411 415 төгрөг, бүгд 589 072 055 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Д.Э нь хугацаа тохироогүй зээлийг 2016 оноос хойш удаа дараа шаардаж байсан. Зээлийн хүүг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт зааснаар нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийт 3 удаагийн зээлийн гэрээний төлбөр болох 589 072 055 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н , Д.Э нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Зээлийн гэрээнд Л.Г, Д.Э нар гарын үсэг зурсан бөгөөд Л.Н зээлийн гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, зээлийн мөнгийг аваагүй, хамтран үүрэг хүлээгээгүй, зээлийг хариуцах этгээд биш.

Гэхдээ 2016 онд Д.Э , Л.Г нар өгч, авалцсан зээлээ хэрхэн төлөх нөхцөл тохиролцох үед байсан гэдгээр тохиролцоонд гарын үсэг зурсан нь үнэн. Мөн хүү Л.Г-ийн өмнөөс зээл төлж байсан. Иймд зээл төлөх этгээд Л.Н биш тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Г нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулж Д.Э ээс 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 120 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 50 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, эргэн төлөх хугацаа тохиролцоогүй, 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, эргэн төлөх хугацаа тохиролцоогүй тус тус зээлж авсан нь үнэн, авсан талаар маргахгүй, төлөх нь үнэн бөгөөд 2014 онд барилга ашиглалтад орох үед зээлийг төлж дуусгах байсан боловч саатал гарсан.

Зохигчид 2016 оны 5 дугаар сард уулзаж, зээлийн төлөлтийг хэзээ, хэрхэн төлөх талаар тохиролцож, гарын үсэг зурсан бөгөөд тухайн үед Л.Г-ийн ээж Л.Н хамт байлцаж гарын үсэг зурсан байдаг. Энэ зээлийн харилцаанд Л.Н ямар нэгэн хамааралгүй, хүүгийнхээ өмнөөс зээл төлж байсан гэж хариуцагч болох үндэслэлгүй юм.

Л.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар 4 удаагийн төлөлтөөр 63 500 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч тал 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 33 500 000 төгрөгийг Л.Г-ийн төлөлт биш гэж хасаж байгаа боловч Худалдаа хөгжлийн банкнаас ирсэн баримтаар тэгж харагдахгүй байна.

Зохигчид 120 000 000 төгрөгийг зээлийн гэрээний 5 сарын хугацааг бичгээр, тухайн нөхцлөөр сунгаагүй, хугацаа тохиролцоогүй сүүлийн хоёр 50 000 000 төгрөгийн зээлийг Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч шаардсан даруйд буцаан төлөхийг нэхэмжлэгч нотолж чадахгүй байна. Гэрчийн мэдүүлгээс үзвэл 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр хүү зогсох ёстой байна. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 дугаар сар хүртэл тооцох хууль зүйн үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1д зааснаар хариуцагч Л.Гаас 209 833 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э т олгож, нэхэмжлэлээс үлдэх 379 238 730 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Л.Н д холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 3 419 212 /1 838 046+790 008+791 158/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 315 902 төгрөгийг улсын төсвөөс буцааж, хариуцагч Л.Гаас 1 207 117 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э т тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Д.Э ээс авсан зээлийг хамтран хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч Л.Н д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

...2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр /Баасан гараг/ Д.Э ээс 220 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр авсан, зээл хүүгийн хамт эргэн төлөлтийг хэрхэн хийх талаар үйлдсэн баримтад Л.Н гарын үсэг зурсан, мөн Д.Э-ийн Худалдаа хөгжлийн банкны 410023475 тоот дансанд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг /гүйлгээний утга: Нарангэрэлээс/, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг /гүйлгээний утга: Нарангэрэлээс зээлийн эргэн төлөлт/, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10 000 000 /гүйлгээний утга: орлого/ гэж тус тус Л.Н ээс хийсэн гүйлгээ, утгыг шүүх огт үнэлээгүйд гомдолтой байна.

Шүүх Л.Н нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Д.Э ээс зээл авах талаар түүний хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж хийсвэр дүгнэлт хийжээ. Учир нь хариуцагч Л.Н ийн зүгээс өөрийн хүү болох Л.Г-ийн хамт ирж, зээл өгөхийг хүсэж, мөнгийг бэлнээр авч явсан, зээлийн хүү төлсөн үйлдэл нь хүсэл зориггүй үйлдэл байх боломжгүй байтал шүүх анхаарч үзсэнгүй. Мөн гэрч М.З-ын мэдүүлэгт зээлийн мөнгийг Л.Г ахын ээж Л.Н эгч захиран зарцуулж, гүйлгээ хийдэг байсан гэх мэдүүлгийг үнэлж дүгнээгүй байна.

Зээлдэгч Д.Э-ийн зүгээс зээлийн мөнгийг олгох үүргээ биелүүлсэн, харин тэрхүү зээлийг юунд хэрхэн зарцуулсныг хянах, мэдэх боломжгүй бөгөөд хариуцагч Л.Г, Л. Нарангэрэл нар нь зээлийн гэрээнд Л.Н гарын үсэг зураагүй, зөвхөн байлцсан гэдгээр гарын үсэг зурсан тул зээлийг төлөх үүрэггүй гэж тайлбарлаж, маргаж байгаа боловч уг зээлийн мөнгийг Л.Н нь аваагүй, захиран зарцуулаагүй талаараа баримт гаргаж өгөөгүй байтал шүүх хариуцагчийн тайлбарыг шууд нотлох баримтаар үнэлж, шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хариуцагч Л.Н нь тухайн зээлд буюу Д.Э ээс авсан 220 000 000 төгрөгт хамааралгүй болохоо нотлох ямар нэгэн баримт ирүүлээгүй, нөгөө талаас нэхэмжлэгч Л.Н нь уг зээлд хамааралтай тухай баримт, мэдүүлгээ өгсөн байхад хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр гаргаж Л.Н д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...нэхэмжлэлээс үлдэх 379 238 730 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 120 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй зээлийн гэрээг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай байгуулсан бөгөөд хугацаа дуусах үед талуудын хэн аль нь гэрээний хугацааг сунгах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, энэ талаар баримт үйлдээгүй тул 5 сарын хугацаагаар хүүг тооцлоо гэсэн нь үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлагын хэм хэмжээг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ хуулийн ямар үндэслэлээр зээлийн хүүг 5 сарын хугацаагаар тооцсон үндэслэлээ шийдвэрт тодорхой заагаагүй байна.

Мөн анхан шатны шүүх 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 50 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэйгээр зээл, 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 50 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн хугацаа тогтоогоогүй гэрээг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зээлийн хүүг шаардах эрхтэй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Зээлийн харилцаанд Д.Э нь уг мөнгөн хөрөнгийг Л.Г, Л.Н нарт бүрэн шилжүүлж, биетээр олгон захиран зарцуулах эрхийг өгсөн, үүний хариу үүрэгт Л.Н , Л.Г нар нь сарын буюу 30 хоногт 2 хувийн өгөх үүргийг хүлээнэ. Энэхүү 2 зээлийн гэрээгээр тогтоосон хүү бол нэхэмжлэгчийн хувьд ашиг бөгөөд хариуцагч нарт уг мөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах хүсэл сонирхол байгаагүй, ийм учраас хугацаа тогтоогоогүй төдийгүй шаардах эрхээ хэдийд ч хэрэгжүүлэх эрхтэй байхаар гэрээ байгуулан зээлийг олгосон. Гэтэл шүүх ямар хууль зүйн үндэслэлээр анх шаардсан хугацаагаар нь зээлийн хүү зогсох үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн болох үндэслэл, тайлбараа шийдвэрт дүгнэж бичээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Түүнчлэн, шүүхээс хугацаа тогтоогоогүй зээлийн гэрээний хүүг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тооцохдоо хугацаа тогтоосон 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 120 000 000 төгрөгийн зээлийн 5 сарын хугацаа дуусах өдрөөр тооцсон нь шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэлд тус тус дурдсан үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ хүү хэрхэн тооцож буй талаар мэдүүлсэн хууль зүйн үндэслэлийг анхаарч үзэлгүйгээр хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн. Талуудын хооронд үүссэн харилцаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа бөгөөд үүргийн эрх зүйд хамаарахын хувьд Иргэний хуулийн 219-227 дугаар зүйлд заасан эрх зүйн хэм хэмжээ хэрэглэгдэнэ. Хугацаа тогтоосон гэрээний хувьд гэрээг хугацаанаас өмнө цуцлах, татгалзах талаарх эрх зүйн хэм хэмжээ хэрэглэгдэх бөгөөд хугацаа тогтоогоогүй зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч зээлийг бодитоор шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцсон хүүг шаардах эрхийг зохицуулсан хэм хэмжээ хэрэглэгдэнэ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах заалт нь нэхэмжлэгчийн хувьд буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний улмаас учрах эдийн засгийн хохирлыг багасгах талаар зохицуулсан заалт бөгөөд хэдий хохирол учирсан ч түүнийгээ нотлох шаардлагагүйгээр шаардах эрхээс хэрэгжүүлэх эрхийг олгосон заалт юм.

...Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид олгосон зээл шаардсан даруйд төлөгдөөгүй тул банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, хүүхдийн сургалтын төлбөр болон аж амьдралдаа хэрэглэсэн, зээлийн хүүд хүүлүүлж алдагдал хүлээсэн нь үнэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх шаардлагагүй гэж үзсэн.

Нэхэмжлэгч Д.Э нь зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч Л.Г, Л.Н нараас зээлсэн мөнгө болон хариу үүрэг болох хүүг төлөхийг гар утсаар шаардаж байсан талаар баримт хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан талаарх үйл баримтыг огт нотлохгүй зөвхөн зээлийн харилцаа үүссэн, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсаныг л нотолно. Мөн хүү шаардах эрхийг хөндөхгүй, хүүгийн шаардлага гаргах хугацааг зогсоохгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаж бодитоор нэхэмжилсэн өдрийг хүртэл хүү тооцоход харшлахгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон 379 238 730 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Л.Н д холбогдох шаардлагын хамт хангуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Л.Г, Л.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 589 072 055 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Л.Н нь Д.Э тэй зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй, түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, зээл төлөх асуудлаар Д.Э , Л.Г нар уулзах үед байлцаж, гарын үсэг зурсан, мөн хүү Л.Г-ийн өмнөөс зээлийн төлбөр төлсөн гэдгээр хариуцагч болох үндэслэлгүй гэж, хариуцагч Л.Г нь нэхэмжлэлд дурдсан шаардлагын зарим хэсгийг буюу зээл авсан талаар, төлөх талаар маргахгүй, зээлийн хүүгийн тооцооллын хувьд болон зээлийн төлөлт хийсэн үнийн дүнгийн талаар маргаантай, зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй, хүүг хугацаа хэтрүүлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл тооцож нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

Д.Э нь 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 120 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 50 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, хугацаагүйгээр 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, хугацаагүйгээр Л.Гт тус тус зээлэхээр тохиролцоо байна. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

/хх-10-11, 13 дах тал/

 

Нэхэмжлэгч Д.Э нь 120 000 000 төгрөгийг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, 50 000 000 төгрөгийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 50 000 000 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тус тус хариуцагч Л.Гт бэлнээр хүлээлгэн өгсөн, хариуцагч Л.Г нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2016 оны 7 дугаар сарын 08ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24ний өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 17ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг төлснөөс өөрөөр төлөлт хийгээгүйг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн зөв тогтоожээ.

/хх14-15,17-18 дах тал/

 

Үүрэг хүлээсэн этгээд болох Л.Г нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг төлөх байдлаар шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт зааснаар хугацааг дахин шинээр тоолохоор анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан 120 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай байгуулсан тул хариуцагч Л.Г нь энэ гэрээний дагуу үндсэн зээл 120 000 000 төгрөг, зээлийн хүүд 12 000 000 төгрөг, нийт 132 000 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хугацаагүй байгуулсан 2 зээлийн гэрээний үүргийг тодорхойлохдоо анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж тооцооллын алдаа гаргасныг залруулах боломжтой.

 

2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болон 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг талууд бичгээр байгуулж, зээлийн хүүгийн талаар тохиролцсон тул зээлдэгч зээлийн хүү төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заажээ. Нэхэмжлэгч Д.Э , хариуцагч Л.Г, Л.Н нар нь 2016 оны 5 дугаар сарын 13ны өдөр уулзаж, Л.Г нь 2012 оны 07, 08 сард авсан нийт зээл болох 220 000 000 төгрөгийг, хүүгийн хамт эхний ээлжинд буюу 2016 оны 5 сард 10 000 000 төгрөг бэлнээр эсхүл зөв рультэй жийп машинаар төлөх, үлдэгдэл төлбөрийг 2016 онд багтаан дуусгах агуулгатай баримтыг үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-12 дах тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан хэлцлээр уг гэрээний хугацааг сунгасан гэж дүгнэх юм. Энэ хэлцлээр 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болон 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хэлцлийн хугацааг тохирсон гэж дүгнэнэ.

 

Дээрх талуудын хооронд хийгдсэн хэлцлийн хүсэл зоригийн агуулгыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлавал үлдэгдэл төлбөрийг 2016 гэж сар заахгүйгээр багтааж дуусгана гэдэг агуулгаар хэлцэл хийгдсэн учраас 2016 он дуустал буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар талууд зээлийн гэрээний хугацааг тодорхойлсон гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ хариуцагч Л.Г биелүүлээгүй тул нэхэмжлэгч Д.Э нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл зээл, зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож, талууд зээлийн хүүг сараар тодорхойлсныг үндэслэн шаардах эрхтэй.

 

2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 120 000 000 төгрөг, хүү 12 000 000 төгрөг, нийт 132 000 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийн хугацааг 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 4 жил 4 сар, 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийн хугацааг 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 4 жил 3 сараар тус тус тооцвол хариуцагч Л.Г нь 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 52 000 000 төгрөг, нийт 102 000 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 51 000 000 төгрөг, 101 000 000 төгрөг төлөх үүрэгтэй, нийт 3 гэрээний үүрэгт хариуцагч Л.Гаас 335 000 000 төгрөг /132 000 000+102 000 000 +101 000 000/ төлөхөөс 30 000 000 төгрөг төлснийг хасч тооцвол түүний үүрэг 305 000 000 төгрөгөөр тодорхойлогдож байх тул хариуцагч Л.Гаас уг мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э т олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Л.Г нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 33 500 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой гэж тайлбарлаж маргасан боловч тэрээр дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэж зээлийн үүргээс хасч тооцохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Түүнчлэн, хариуцагч Л.Н нь Д.Э ээс зээл авах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, 2016 оны 5 дугаар сард талууд зээл төлөх талаар тохиролцсон гар бичвэр бүхий баримтад тэрээр байлцсан гэж гарын үсэг зурсныг зээлийн гэрээнд зээлдэгч тал гэж тодорхойлохгүй юм. Иймд Д.Э ээс авсан Л.Г-ийн зээлийг хамтран хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж анхан шатны шүүх хариуцагч Л.Н д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Л.Гаас 305 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 284 072 055 төгрөг болон хариуцагч Л.Н д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/00693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Гаас 305 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 284 072 055 төгрөг болон хариуцагч Л.Н д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын 1 207 117 гэснийг 1 682 950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 054 144 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ