Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/39

 

2023/ДШМ/39

 

 

 

М.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Л.Н нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                                    А.А

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Г.Э

            Нарийн бичгийн дарга                                              Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Эт холбогдох 2212000000335 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн. 1900 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. шүхэрчин, гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 0, эхнэрийн хамт А аймгийн И сумын Б багийн Б гэх газарт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт М Э /РД:/ 

 

Шүүгдэгч М.Э нь А аймгийн И сумын Б багийн Ж гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 49 ширхэг 1.4 м3 шоометр хуурай шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, хууль бусаар бэлтгэж, 00-00 УНХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр хугацаа хэтрүүлэн тээвэрлэж, ойн санд 265.993 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас М.Эт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

              А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт М Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эаас 797.979 /долоон зуун ерэн долоо мянга есөн зуун далан ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 81 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Эын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 7.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 УНХ улсын дугаартай Хюндэй Портер маркийн автомашиныг эзэмшигч П.Батсүхэд буцаан олгож, машины үнэ болох 7.600.000 төгрөгийг шүүгдэгч М.Эаас гаргуулж Байгаль орчинд учирсан хохирол болох 797.979 төгрөгийг төлүүлж, үлдсэн 6.802.021 төгрөг, 159.800 төгрөгийн үнэлгээ бүхий 49 ширхэг 1.4 м3 шинэс төрлийн мод, 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шүүгдэгч М.Эаас гаргуулж улсын орлогод оруулж, Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч М.Э гаргасан давж заалдах гомдолдоо... Учир нь миний бие модоо зөвшөөрөлтэй бэлтгэсэн гэж үзэж байгаа. Надад модыг Б гэх газраас авах эрх олгосон. Б гэх газрын тийм нэртэй газраас ав гэж тухайлж нэр бичээгүй байгаа нь зөвшөөрөлгүй газраас мод авсан гэснийг зөвшөөрөхгүй. Миний бэлтгэсэн түлээнд ойн санд ямар хохирол хор хөнөөл учруулж байгаа нь тодорхойгүй бөгөөд харин нөхөн сэргээх чадваргүй ойд хог болох унанги бэлтгэсэн. Миний бэлтгэсэн мод амьдрах чадваргүй үхмэл унанги мод юмаа. Мөн би тухайн модыг бэлтгэх үедээ тээврийн хэрэгсэл хэрэглээгүй ба модоо бэлтгэж дууссанаас хойш буцаж машин авч ирж ачсан. Гэтэл намайг мод бэлтгэх үедээ тээврийн хэрэгсэл ашигласан мэтээр үзэж машиныг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд миний бие өөрийгөө тухайн модыг зөвшөөрөлтэй бэлтгэсэн гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хянаж А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: М.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэсэн. Мод бэлтгэх нь Ойн тухай хуульд унаанги мод, хуурай мод бэлтгэх гэдгээр тодорхойлж оруулсан. Дээрх тохиолдлын тухайд мод бэлтгэхдээ зөвшөөрлийн горимыг зөрчиж бэлтгэх тээвэрлэх хугацааг хэтрүүлж, зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлсэн нь хууль бусаар бэлтгэсэн шинжийг хангаж байна. Заавал босоо мод бэлтгэсэн байхыг шаардахгүй. Мод бэлтгэх тодорхойлолтод унаанги, хуурай мод орно. М.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд торгуулийн ял оногдуулж, тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэж үзэн улсын орлого болгож хохирлыг дээрх тээврийн хэрэгслээс гаргуулахаар шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байсан. Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эын шүүх хуралдаанд гаргасан саналдаа: М.Э зөвшөөрөлтэй газраас мод авсан. Газарт унасан унаанги мод авсан байхад байгальд хор уршиг учруулсан мэтээр үзэж байгаа нь буруу юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь М.Эыг яллахад эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас түүнд ашигтай байдлаар шийдэж хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч М.Э нь А аймгийн И сумын Б багийн Ж гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 49 ширхэг 1.4 м3 шоометр хуурай шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, хууль бусаар бэлтгэж, 00-00 УНХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр хугацаа хэтрүүлэн тээвэрлэж, ойн санд 265.993 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Б.Ц...Ойд хохирол учирсан тул хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Хохирлыг барагдуулчихвал надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Э....Миний нөхөр 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр А аймгийн И сумын Б багийн Ж гэх газарт шургааг мод бэлтгэнэ гээд гэрээсээ гарсан. Тэгээд орой ганцаараа модоо бэлтгэчихлээ гээд хүрээд ирсэн...гэсэн мэдүүлэг, 

гэрч Д.М...М.Э гэдэг хүн 2022 оны 09 дүгээр сарын 22-23-нд бэлтгэх, 24-25-нд тээвэрлэх гэж АРА 00-00000 гэсэн серийн дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг А аймгийн И сумын Б гэх газарт ойн цэвэрлэгээний унанги модноос хэрэглээ бэлтгэнэ гэж бичиж өгсөн...гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Л...Би 2022 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрийн хавьцаа адуунд явчихаад М.Эт адуу үзүүлэх гээд гэрт нь орсон чинь эхнэр Э нь модонд явчихсан байхгүй байна гэж хэлсэн. Орой 17 цагийн хавьцаа М.Э нь мотоциклиороо гэртээ ирсэн. Тэр орой нь би мал ахуй гэж явж байгаад уулзаж чадаагүй. Маргааш өглөө нь мод ачаадахъя гээд А бид хоёрыг аваад Ж гэх газар руу М.Эын эзэмшлийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан...гэсэн мэдүүлэг,

гэрч Б.А...Э, Л бид хоёрыг аваад мод ачаад ирье гээд явсан. Газрыг нь сайн мэдэхгүй байна, уулнаас гаргаад цагаалчихсан мод байсан ба тухайн модыг ачаад буцаж явж байх замдаа цагдаатай таараад цагдаа мод бэлтгэх эрхийн бичиг М.Эаас байгаа талаар лавлан асуухад байхгүй байсан бөгөөд цагдаа машин, модыг нь саатуулсан. М.Э нь урд өдөр нь тухайн модоо бэлдсэн юм шиг байна...гэсэн мэдүүлэг, 

гэрч Ц.М...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Манай дүү Э эзэмшдэг юм. Би дүүдээ өгсөн. Өгөхдөө тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж амжаагүй байгаа. Удахгүй шилжүүлгээ хийлгэнэ. Бид хоёрын хооронд төлбөр тооцооны асуудал байхгүй...гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Ч...Ө сумын Х багийн Х гүүрний доор 00-00 УНХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл мод ачиж байсныг зогсоож шалгахад мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас өөр газраас бэлтгэсэн. Мөн хугацаа хэтрэн тээвэрлэсэн байсныг илрүүлсэн...гэсэн мэдүүлэг,

шинжээч Т.М..Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон эд зүйлийн үзлэгт үндэслэн 49 ширхэг, мод байснаас 12 ширхэг мод нь хэмжээ, диаметр, модлогын чанар, мод болон хожуулын диаметрийн харьцаа зэргээс үзэхэд тухайн мод нь босоо мод байх үндэслэлтэй байна...гэсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, АРА 00-000000 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, “Мэргэн гүн аудит” ХХК-ний шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 115 тоот дүгнэлт, А аймгийн И сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс Мижиддоржийн Эыг  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

Шүүгдэгч...Миний бие модоо зөвшөөрөлтэй бэлтгэсэн гэж үзэж байгаа. Надад модыг Б гэх газраас авах эрх олгосон. Б гэх газрын тийм нэртэй газраас ав гэж тухайлж нэр бичээгүй байгаа нь зөвшөөрөлгүй газраас мод авсан гэснийг зөвшөөрөхгүй. Миний бэлтгэсэн түлээнд ойн санд ямар хохирол хор хөнөөл учруулж байгаа нь тодорхойгүй бөгөөд харин нөхөн сэргээх чадваргүй ойд хог болох унанги бэлтгэсэн. Миний бэлтгэсэн мод амьдрах чадваргүй үхмэл унанги мод юмаа. Мөн би тухайн модыг бэлтгэх үедээ тээврийн хэрэгсэл хэрэглээгүй ба модоо бэлтгэж дууссанаас хойш буцаж машин авч ирж ачсан. Гэтэл намайг мод бэлтгэх үедээ тээврийн хэрэгсэл ашигласан мэтээр үзэж машиныг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, шүүгдэгч М.Э нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай нь нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүгдэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

             Мөн шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ 00-00 УНХ улсын дугаартай Хюндэй Портер маркийн автомашиныг ашигласан болох нь гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд аашигласан тээврийн хэрэслийн үнийг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.             

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Л.Н