| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00294/И |
| Дугаар | 301/ШШ2025/00223 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 301/ШШ2025/00223
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ..... дугаар баг ..... дугаар байр, ..... тоотод оршин суух Ч.Т-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: хариуцагч А аймаг Х сум, Х баг, Х, ...-р гудамж, .. тоотод оршин суух, Э.У-д холбогдох
1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Э.У нь 2021 оны 06 дугаар сард Редми нотэ загварын гар утсыг 1,494,000 төгрөгөөр 3 сарын хугацаанд төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан. 2022 оны 05 дугаар сард утасны төлбөрөөс 494,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлөхгүй худал ярьсаар өнөөдрийг хүрсэн. Иймд Э.Угаас 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ч.Т-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Уранзаяа надад холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг 1,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Э.Уд холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Э.У нь нэхэмжлэгч Ч.Т-гийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 15-ны өдрийн багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Э.У нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдэж.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгөөс 14,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14,275 төгрөг, хариуцагч Э.Угаас 14,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т-гийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.У 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгөөс 14,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14,275 төгрөг, хариуцагч Э.Угаас 14,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-д олгохоор олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Э.У нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР