Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 101/2020/02466/И |
Дугаар | 210/МА2021/00880 |
Огноо | 2021-05-28 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2021/00880
2021 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2021/00880 |
Х ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/00529 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Ж.А , С.Н нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 гудамжны 2451 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204031572 дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204013407 дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ж.А , С.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.Н гийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Ж.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.А нь 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Х ХХК-тай 1510002258 зээлийн гэрээ байгууулж, 17 500 000 төгрөгийг, 120 сарын хугацаатай, хашаа, байшин худалдан авах зориулалтаар авсан.
Ж.А нь зээлийн төлбөрийг төлөх зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хас банк ХХК-тай үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эх, 5 дугаар гудамж, 2451 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2204031572 дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууцыг 12 600 000 төгрөг, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2204013407 дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2 800 000 төгрөгт тооцож Х ХХК-д худалдаж 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Х ХХК-ийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч, тус хашаа, байшингийн хууль ёсны өмчлөгч болсон.
2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан амлалтын үүрэг хүлээх гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Ж.А г хувийн сууц, газрыг буцааж худалдан авах нөхцлөөр ханган, бусдад худалдан борлуулахгүй байх үүрэг өгсөн. Гэвч Ж.А , С.Н нар нь буцаан аваагүй тул тухайн хөрөнгийг чөлөөлж, Хас банк ХХК-д хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардаж байгаа боловч өдийг хүртэл чөлөөлж өгөхгүй өмчлөгчийн эрхэд саад учруулж, худалдан борлуулах боломж олгохгүй байна.
Иймд Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 гудамжны 2451 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204031572 дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2204013407 дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ж.А , С.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.
Улсын бүртгэлийн Г-2204013407 дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хувьд Л.Г нь өмчлөгч боловч, банк Л.Г нарын хооронд түүний нэр дээр авахаар тохиролцож гэрээ байгуулсан гэжээ.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 гудамжны 2451 тоот хаягт байрлах 55 м.кв талбайтай хувийн сууц, 366 м.кв талбайтай хашаа байшинг лизингийн нөхцлөөр худалдаж авсан.
Хашаа, байшингийн үнэ 25 000 000 төгрөг бөгөөд урьдчилгаа 7 500 000 төгрөгийг Х ХХК-д байршуулж, 17 500 000 төгрөгийг 10 жил буюу 120 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусах ёстой бөгөөд бид 2012-2016 он хүртэлх хугацаанд нийт 17 000 000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа дуусаагүй учир хугацаагаа дуустал төлбөрөө төлж барагдуулах хүсэлтэй байна.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зээлийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Банк биднийг 2017 онд 5 000 000 төгрөг төлөөд гэрээнд тохиролцсон хугацаагаар төлбөрөө төлөх санал тавьсан бөгөөд бидний зүгээс өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг төлөх боломжгүй байгаагаа хэлсэн. Иймд зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх хүсэлтэй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 гудамжны 2451 /Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эх 5 гудамжны 891 тоот/ хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204031572 дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204013407 дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ж.А , С.Н нарын /түүний гэр бүлийн гишүүд/-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж.А , С.Н нараас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Х-с Баянзүрх дүүргийн, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 гудамжны 2451 тоот хаягт байрлах 55 м.кв талбайтай хувийн сууц, 366 м.кв талбайтай хашаа байшинг 10 жилийн хугацаатай лизингийн нөхцлөөр худалдан авсан.
Зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн нь үнэн гэтэл бидний хууль эрх зүйн мэдлэггүйг ашиглан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна.
Учир нь үндсэн зээлийн гэрээ дуусаагүй байхад тус банк давуу байдлаа ашиглан үндсэн зээлийн гэрээг халхавчлах энэхүү гэрээг төөрөгдүүлэн хийж байгаад гомдолтой байна. Бид Хас банкнаас зээл авсан нь үнэн гэхдээ зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад биднийг хууль эрх зүйн ойлголтгүйг ашиглан ийм гэрээ хийж орон гэрийг минь хураан авч байна.
Бид зээлийн эргэн төлөх гэтэл бидний эрхлэдэг наймаа сүүлийн жил цар тахлын үед орлого үгүй болж давагдашгүй хүчин зүйл тохиолдож байхад энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Ж.А , С.Н нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 гудамжны 2451 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204031572 дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204013407 дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ж.А , С.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд үүссэн маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эхийн 5 дугаар гудамжны 2451 тоот хаягт байрлалтай 55 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр Х ХХК, 366 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өмчлөгчөөр Л.Г бүртгэлтэй байна. /хх-12-13 дугаар тал/
Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг тодруулахад Газар өмчлөх эрхийн гэрчилгээг эзэмших эрхийн гэрчилгээ болгосны дараа Х ХХК-ийн нэр дээр шилжих нь ажиллагаатай тул дотоод журамд зааснаар тухайн салбарын захирал Л.Г-ийн нэр дээр гэрчилгээг авсан гэж тайлбарласан боловч энэ талаар хэрэгт баримтгүй байна.
Нэхэмжлэгч Х ХХК нь өөрийн өмчлөлийн зүйлийг хариуцагч Ж.А , С.Н нарын хууль бус эзэмшлээс шаардахын тулд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан маргаж буй газар буюу тухайн эд зүйлийн өмчлөгч өөрөө байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй, өөрөөр хэлбэл, Хас банк ХХК нь Л.Г-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шаардаж байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.
Гуравдагч этгээд Л.Г-ийн эрх ашиг хөндөгдсөнтэй холбоотойгоор тодруулах ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/00529 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч С.Н гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ