Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 391

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.У-т холбогдох эрүүгийн 1806004150357 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 48а-1094 тоотод оршин суудаг, Булган аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Г.У.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Дизель хүрээ” автомашин худалдааны төвийн хашаан дотор иргэн Г.Мөнхсаруулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Мөнхсаруулын: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... Болд ахын гэрээс гараад автомашинаа халаагаад байж байхад У хүрч ирээд намайг өшиглөөд байсан... би тухайн үед тоглож байна гэж бодоод байж байхад У ямар нэгэн шалтгаан байхгүй над руу дайрж давшлаад байсан. Тэгээд арай гэж... Болд ахын хүүхэд Тэмүүжингээр машинаа бариулаад явж байхад буюу захын хашаанаас гарах гэж байхад У автомашинаас буугаад автомашины онгорхой байсан цонхоор гараа оруулж ирээд миний нүүрэн тус газар цохиод байсан. Хэдэн удаа цохисон талаар сайн санахгүй байна. Тэгээд зам дээрээс такси бариад ...Шангрила зочид буудлын гадаа ирээд Уай уулзсан бөгөөд ...У дахин ямар нэгэн шалтгаангүй уурлаж гараа атгаж байгаад миний нүүрэн тус газар гараараа цохиж гэмтэл учруулсан бөгөөд хамт явж байсан найз нь гэх залуу салгасан юм... ...Эхлээд Дизель хүрээ автомашины зах дотор байдаг айлын гэрийн гадаа зүүн, баруун хөл рүү ойролцоогоор 7-8 удаа өшиглөсөн. Дараа нь зах дотор харуултай хашааны үүдэнд нүүр рүү 2-3 удаа цохисон. Мөн дараа нь Хуримын ордны замын урд байхлах Шангрилагийн үүдэнд давсаг хэсэгт өвдөглөсөн, нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Ямар нэгэн санал, гомдол байхгүй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тэмүүжингийн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ...гэр дотор Мөнхсаруул ах У ахыг жоохон ёжлоод яриад байсан. Гэрээс гарч ирээд Мөнхсаруул, У ах нар тоглоод ноцолдоод байсан. Ноцолдож байхдаа У ах Мөнхсаруул ахын хөл рүү кида хийж өшиглөөд байх шиг байсан. Сүүлдээ хэрэлдэж маргалдаад байсан. ...Мөнхсаруул ах машиныхаа урд талын суудалд суусан цонх нь онгорхой байхад У ах Мөнхсаруул ахын нүүрэн тус газар 1 удаа гараараа цохьсон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Амарсайханы: “...2018 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Шангрилагийн баруун талд байрлах “Ардчиллын өргөө” төвд харуулаар ажилтай хонож байхад найз У ирсэн... Удалгүй Мөнхсаруул гэх залуу такситай Ардчиллын өргөө төвийн гадна ирсэн. Мөнхсаруулыг ирэхээр нь би Утай цуг гарсан. Тухайн үед Мөнхсаруул таксинаас бууж ирээд Утай хамт маргалдаад Паркийн арын хаалгаар хашаа руу орсон. Мөнхсаруул Уыг чи хэзээ ийм болсон юм бэ гээд хэл амаар доромжлоод байсан. У чи манай гэр бүлийг доромжилдог хэн бэ гэж хэлж байсан. Би наана нь шатан дээр тамхи татаад зогсож байсан. Тэгээд маргалдаж байгаад Мөнхсаруул эхлээд Уыг нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохьсон. Урдаас нь У Мөнхсаруулын нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохьсон. Тэгээд би гүйж очоод та хоёр боль гэж хэлээд салгасан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн №1101 тоот:

 

  1. 3. Г.Мөнхсаруулын биед баруун хацар, эрүүнд зулгаралт, дээд уруул, зүүн хацар, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт /хх-25/,

 

Мөрдөн байцаалтад Г.У-ын яллагдагчаар: “...Г.Мөнхсаруулын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-46/,

Шүүгдэгч Г.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, хохирлын баримтууд /хх-49/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэж мэдүүлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Дизель хүрээ” автомашин худалдааны төвийн хашаан дотор иргэн Г.Мөнхсаруулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Мөнхсаруулын: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... Болд ахын гэрээс гараад автомашинаа халаагаад байж байхад У хүрч ирээд намайг өшиглөөд байсан... би тухайн үед тоглож байна гэж бодоод байж байхад У ямар нэгэн шалтгаан байхгүй над руу дайрж давшлаад байсан. Тэгээд арай гэж... Болд ахын хүүхэд Тэмүүжингээр машинаа бариулаад явж байхад буюу захын хашаанаас гарах гэж байхад У автомашинаас буугаад автомашины онгорхой байсан цонхоор гараа оруулж ирээд миний нүүрэн тус газар цохиод байсан. Хэдэн удаа цохисон талаар сайн санахгүй байна. Тэгээд зам дээрээс такси бариад ...Шангрила зочид буудлын гадаа ирээд Уай уулзсан бөгөөд ...У дахин ямар нэгэн шалтгаангүй уурлаж гараа атгаж байгаад миний нүүрэн тус газар гараараа цохиж гэмтэл учруулсан бөгөөд хамт явж байсан найз нь гэх залуу салгасан юм... ...Эхлээд Дизель хүрээ автомашины зах дотор байдаг айлын гэрийн гадаа зүүн, баруун хөл рүү ойролцоогоор 7-8 удаа өшиглөсөн. Дараа нь зах дотор харуултай хашааны үүдэнд нүүр рүү 2-3 удаа цохисон. Мөн дараа нь Хуримын ордны замын урд байхлах Шангрилагийн үүдэнд давсаг хэсэгт өвдөглөсөн, нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Ямар нэгэн санал, гомдол байхгүй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тэмүүжингийн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ...гэр дотор Мөнхсаруул ах У ахыг жоохон ёжлоод яриад байсан. Гэрээс гарч ирээд Мөнхсаруул, У ах нар тоглоод ноцолдоод байсан. Ноцолдож байхдаа У ах Мөнхсаруул ахын хөл рүү кида хийж өшиглөөд байх шиг байсан. Сүүлдээ хэрэлдэж маргалдаад байсан. ...Мөнхсаруул ах машиныхаа урд талын суудалд суусан цонх нь онгорхой байхад У ах Мөнхсаруул ахын нүүрэн тус газар 1 удаа гараараа цохьсон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Амарсайханы: “...2018 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Шангрилагийн баруун талд байрлах “Ардчиллын өргөө” төвд харуулаар ажилтай хонож байхад найз У ирсэн... Удалгүй Мөнхсаруул гэх залуу такситай Ардчиллын өргөө төвийн гадна ирсэн. Мөнхсаруулыг ирэхээр нь би Утай цуг гарсан. Тухайн үед Мөнхсаруул таксинаас бууж ирээд Утай хамт маргалдаад Паркийн арын хаалгаар хашаа руу орсон. Мөнхсаруул Уыг чи хэзээ ийм болсон юм бэ гээд хэл амаар доромжлоод байсан. У чи манай гэр бүлийг доромжилдог хэн бэ гэж хэлж байсан. Би наана нь шатан дээр тамхи татаад зогсож байсан. Тэгээд маргалдаж байгаад Мөнхсаруул эхлээд Уыг нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохьсон. Урдаас нь У Мөнхсаруулын нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохьсон. Тэгээд би гүйж очоод та хоёр боль гэж хэлээд салгасан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн №1101 тоот: Г.Мөнхсаруулын биед баруун хацар, эрүүнд зулгаралт, дээд уруул, зүүн хацар, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-25/,

 

Мөрдөн байцаалтад Г.Уын яллагдагчаар: “...Г.Мөнхсаруулын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-46/ зэрэг болно.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Г.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Г.У нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.У нь бусдад учруулсан хохирлыг төлсөн, хохирогч Г.Мөнхсаруул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1806005800202 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.У-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.У-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Г.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД