Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0326

 

 

 

 

 

 

 

 

       2025          05           07                                     128/ШШ2025/0326

                                               

                            

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:“М*******” ХХК /РД:*******/;

Хариуцагч: “Д ц с” төрийн өмчит хувьцаат компани;

Хариуцагч:Тендерийн Үнэлгээний хороо;

Гуравдагч этгээд:“Х*******” ХХК /РД:*******/ нарын хооронд үүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н*******, хариуцагч “Д ц с” төрийн өмчит хувьцаат компани болон Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д*******, Д.Э*******, Н.Б*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.О, өмгөөлөгч М.Ч, Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:        

         Нэг.Нэхэмжлэгч “М*******” ХХК анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:

1.1.”Д ц с” төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн дугаар мэдэгдэл болон шалгарсан “Х*******” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа:

1.2.1.Анх гаргасан шаардлагаа ”Д ц с” төрийн өмчит хувьцаат компани /цаашид ”Д ц с” ТӨХК” гэх/ нь  “/ дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний KP-2 засвар” нээлттэй тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй болохыг тогтоолгож,   ”Д ц с” төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн , дугаар албан бичгээр  гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” гэж тодруулж,

1.2.2.“/ дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний KP-2 засвар нээлттэй тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 сарын 14-ний өдрийн Тендерийн үнэлгээний нэгдсэн дүгнэлт болон №3 тэмдэглэлийн “Х*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид “Х*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, Захиалагчийн “Х*******” ХХК-тай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 19-ний №Д/2025-25 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний KP-2 их засварын ажлын гэрээг хүчингүй болгуулах, шаардлагад нийцээгүй “Х*******” ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн “М*******” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсанд тооцож, захиалагчид “М*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах, “М*******” ХХК-тай ТЭМ2-1255 илчит тэрэгний KP-2 засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид Д ц с ТӨХК-д даалгах” гэж нэмэгдүүлсэн.

Хоёр:Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.“Д ц с” ТӨХК-иас 2024 оны 11 сарын 11-ний өдөр зарласан “ТЭМ2-1255 илчит тэрэгний KP-2” засвар хийлгэх / дугаартай тендерт нэхэмжлэгч “М*******” ХХК, гуравлагч этгээд “Х*******” ХХК нар оролцжээ.

2.2.“Д ц с” ТӨХК-ийн тендерийн Үнэлгээний хороо нь  2025 оны 01 сарын 14-ны өдрийн тендер шалгаруулалтыг явуулж, шаардлагад нийцэж ирүүлсэн тендерүүдээс  “Х*******” ХХК-ийг хамгийн бага үнийн санал ирүүлсэн тул “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзээд сонгосон гэж шалгаруулсан байна.

2.3.Нэхэмжлэгч “М*******” ХХК нь тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 сарын 14-ний өдөр явуулсан тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч Сангийн яаманд хандаад, захиалагчаас тендерийн ялагчтай гэрээ байгуулснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М*******" ХХК нь "Д ц с" ТӨХК-иас 2024 оны 11 сарын 11-ний өдөр зарлагдсан "ТЭМ2-1255 илчит тэрэгний КР2" засвар хийлгэх / урилгын дугаартай тендер шалгаруулалтад оролцсон. Тус тендер шалгаруулалтад "М*******" ХХК, "Х*******" ХХК, "Их " ХХК нар оролцож, тендер хүргүүлсэн. Тендер шалгаруулалт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нээгдсэн бөгөөд "Д ц с" ТӨХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот албан бичгээр / урилгын дугаартай тендер шалгаруулалтад "Х*******" ХХК шалгарч, "М*******" ХХК шалгараагүй тухай шийдвэрийг манай компанид ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан манай компанийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам манай гаргасан гомдлыг хянан үзээд 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 03/107 дугаар "Гомдол хянасан тухай" шийдвэрээр "... Үнэлгээний хорооны үнэлгээ хийсэн материалыг хянан үзэхэд "Х******* ХХК-ийн үйлдвэрлэгч А үйлдвэр, Л-П компаниуд нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д "Холбогдох засвар хийх үйлдвэр нь тухайн улсын олгогдсон бүрэн эрх түүнийг баталгаажуулсан гилгээтэй байх, засвар хийх үйлдвэр нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон борлуулалтын орлогын болон санхүүгийн тайлангийн хураангуй, засвар хийх үйлдвэрийн сүүлийн 2 жилд хийсэн ажлын туршлага, гэрээний жагсаалт" гэж заасан шаардлагын дагуу үйлдвэрлэгч тус бүрээр үнэлгээ хийгээгүй гэх үндэслэлээр Д ц с ТӨХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн , тоот албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, мөн хуулийн 59 зүйлийн 59.10.2 дахь заалтын дагуу тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг “Д ц с” ТӨХК-д мэдэгдсэн.

Гэтэл Сангийн яамны 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 03/107 дугаар шийдвэрт дурдагдсан зөрчлүүд арилаагүй байхад “Д ц с” ТӨХК тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийж, 2025 оны 01 сарын 23-ны өдрийн дугаар албан бичгээр манай компанийн тендерээс татгалзсан шийдвэр гаргаж, мөн өдрийн дугаар шийдвэрээр "Х*******" ХХК-ийн тендерийг дахин шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон байна.

"Д ц с" ТӨХК-ийн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн , дугаар шийдвэрүүдтэй холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасан боловч тус яамны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шийдвэрээр "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 зүйлийн 59 5 дахь хэсэгт Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана гэж заасан үндэслэлээр гомдлыг буцааж шийдвэрлэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

"Д ц с" ТӨХК-ийн / урилгын дугаартай, ТЭМ2- 1255 илчит тэрэгний КР2" засвар хийлгэх Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-т "Хуулийн 17.4-т зааснаар оролцогч өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна", 19.3-т "Ажил гүйцэтгэх, дагалдах үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эсхүл гилгээ байгаа бол өгөгдлийн хүснэгтэд заана", 19.4-т "ТШЗ-ны 19.3-т заасан тусгай зөвшөөрлийн шаардлагыг түншлэлийн гишүүн тус бүр хангасан байна" гэж заасан. Мөн, Өгөгдлийн хүснэгтийн 19.1-т "Техникийн чадавх болон туршлага шаардана гэж заасан ба их засвар хийх үйлдвэр нь жигд ажиллагаатай, холбогдох засвар хийх үйлдвэр нь тухайн улсад олгогдсон бүрэн эрх түүнийг баталгаажуулсан гилгээтэй байх, засвар хийх үйлдвэр нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон борлуулалтын орлогын болон санхүүгийн тайлангийн хураангуй, засвар хийх үйлдвэрийн сүүлийн 2 жилд хийсэн ажлын туршлага, гэрээний жагсаалт" зэргийг шаардсан байдаг. Мөн, өгөгдлийн хүснэгтийн 19.3-т "Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл шаардана, их засвар хийх үйлдвэрээс итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн гэсэн баталгаа" шаардана гэсэн байдаг

"Х*******" ХХК нь их засвар хийх үйлдвэрийг "Л П" гэж тодорхойлсон боловч "Л П"-ийн тусгай зөвшөөрөл, тохирлын гилгээ зэрэг баримтыг тендерийн баримт бичигтээ хавсаргаагүй /ирүүлээгүй/, харин засвар хийх байрыг эзэмшигч буюу “Ж”-н харьяа А зүтгүүр засварын үйлдвэрийн тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, тохирлын гилгээ зэрэг баримтыг тендерийн баримт бичигтээ хавсаргаж өгсөн байдаг. "Х*******" ХХК нь "Л П" нь зүтгүүрийн засварын ажлыг бие дааж өөрөө хийнэ, харин Ж-н харьяа А зүтгүүр засварын үйлдвэрийн байрыг ашиглана гэж тайлбарладаг ч ТШЗ-ны өгөгдлийн хүснэгтэд заагдсан захиалагчийн шаардсан баримтуудыг дутуу ирүүлсэн.

Гэтэл "Х*******" ХХК нь Тендер шалгаруулалтын зааварчилгаа болон өгөгдлийн хүснэгтэд заасан захиалагчаас шаардсан баримтуудыг бүрэн ирүүлээгүй байхад тус компанийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, улмаар "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь үндэслэлгүй юм.

Иймд, "Д ц с" ТӨХК, Үнэлгээний хороо нь / дугаартай "ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар" нээлттэй тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй болохыг тогтоож, "Д ц с" ТӨХК-ийн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн , тоот албан бичгээр гаргасан шийдвэрүүд, Үнэлгээний хорооны 2025 оны 01 сарын 14-ний өдрийн Тендерийн үнэлгээний нэгдсэн дүгнэлт болон №3 тэмдэглэлийн "Х*******" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид "Х*******" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг, Захиалагчийн "Х*******" ХХК-тай байгуулсан 2025 оны 02 сарын 19-ний №Д/2025-25 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 их засварын ажлын гэрээг тус тус хүчингүй болгож, шаардлагад нийцээгүй "Х*******" ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн "М*******" ХХК-ийн тендерийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсанд тооцож, захиалагчид "М*******" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, "М*******" ХХК-тай "ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар"-ын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч Д ц с ТӨХК-д тус тус даалгаж өгнө үү” гэв.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэмж  гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

“Үнэлгээний хороо 01 сарын 14-ний өдөр үнэлгээ хийхдээ тухайн 2 компанийн тендерийн бичиг баримтыг үнэлээд ярилцаж байсан. Гэтэл өнөөдөр өөр утгатайгаар ярилцсан гэж тайлбарлаад байна. Үнэлгээний хорооны гишүүд үнэлгээ хийхдээ засвар хийх үйлдвэр нь А үйлдвэр, засвар хийх газар нь “Л П” ХК юм байна гэж ярьсан байсан. Гэтэл хурал дээр өөр тайлбар гаргаж байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан дээр зориудаар худал тайлбар хэлээд байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв. 

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:

“Гуравдагч этгээд болоод хариуцагч нарын нотлогдож байгаа, нотлогдоно гээд судлуулсан баримтуудаас “Л П” компани болон “Ж" компани нар нь ямар харилцаа хамааралтай нь харагдахгүй байна. Мөн эдгээр байгууллагуудын хольж ирүүлсэн баримтыг нэгтгээд нэг субъект гэж тооцоод тендерийг нь үнэлж болох эсэх, шаардлагад нийцсэн гэж үзэх боломжтой эсэхэд дүгнэлт хийж өгнө үү” гэв.

3.4.Хариуцагч “Д ц с” ТӨХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“ДЦС-4” ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн илчит тэрэг нь манай сын үндсэн тоноглолын нэг бөгөөд энэхүү илчит тэрэгний КР-2 засварыг (зөвхөн О Х Улсын засвар үйлчилгээний компанид хийгддэг бүрэн задаргааны их засварын ажил) хугацаанд нь, өндөр чанартайгаар хийж гүйцэтгэх нь Монгол Улсын им хүчний нийт хэрэгцээний 60 орчим хувийг дангаараа хангаж буй манай сын өвлийн бэлтгэл хангах, найдвартай ажиллагааг тасралтгүй хангах стратегийн ач холбогдолтой юм.

Мөн Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар баталсан "Зүтгүүрийн техникийн үйлчилгээ, засварын журам"-д зааснаар илчит тэрэгний КР-2 засварыг (бүрэн задаргааны их засварыг) 12 жил тутамд зөвхөн О Х Улсын үйлдвэрлэгч компанид хийхээр зохицуулсан байдаг. Иймд уг засварын ажил нь өдөр тутам болон улирал тутамд хийгддэг ажил биш бөгөөд өндөр хариуцлага, нарийн мэргэжил шаардсан, онцгой чухал ажлын төрөлд хамаардаг.

"Х*******" ХХК нь манай компанийн ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засварыг 2010 онд (энэхүү галт тэрэг нь өмнө хийгдсэн их засвараас 15 жилийн дараа нь одоо засварлагдахаар О Х Улс руу гарах юм), ТЭМ2-1291 илчит тэрэгний КР-2 засварыг 2018 онд тус тус амжилттай гүйцэтгэж байсан туршлагатай. Тус компанийн хамтрагч болох О Х Улсын "Л-П" болон "А завод" нь тус улсын төмөр замын салбарын тэргүүлэгч, албан ёсны гэрээт засвар үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд бөгөөд О Х Улсын хамгийн том засвар үйлчилгээний групп болох "Л П" группын бүрэлдэхүүнд багтдаг. 

Тендерийн баримт бичиг боловсруулах явцад манай зүгээс О Х Улсад зүтгүүрийн КР-2 засвар хийж байсан туршлагатай монгол компаниудыг судлахад, сүүлийн хоёр жилийн хугацаанд О Х Улсад зүтгүүр буюу илчит тэрэгний КР-2 засварын ажил хийгдээгүй байсан нь тогтоогдсон. Иймд тендерийн баримт бичигт сүүлийн 2 жилд хийсэн ижил төстэй ажлын туршлага зайлшгүй шаардлагатай гэсэн заалт оруулаагүй болно. Гэсэн хэдий ч энэхүү засварын ажил нь урт хугацааны давтамжтай, өртөг зардал өндөртэй, нарийн мэргэжлийн онцлогтой тул өмнөх ижил төстэй ажлын буюу илчит тэрэгний засварын ажлын туршлагыг заавал харгалзан үзсэн болно.

Нэхэмжлэгч "М " ХХК-ийн хамтрагч "П" завод нь 2007 онд байгуулагдсан хувийн компани бөгөөд бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Харин "Х*******" ХХК-ийн хамтрагчид болох "Л-П" болон "А завод" нь О Х Улсын төмөр замын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хамгийн том групп болох "Л П" группын албан ёсны гэрээт хамтрагчид бөгөөд туршлага, чадавхи, баталгаат чанарын хувьд нэлээд давуу талтай юм. Тухайлбал, "А завод" нь 1960-аад оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн, өргөн цар хүрээтэй, О Х Улсын төмөр замын засвар үйлчилгээний салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг үйлдвэр болно.

Нэхэмжлэгчийн зүгээс "Х*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэн Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам уг гомдлыг хянан үзэж, 2025 оны 01 сарын 07-ны өдрийн №03/107 тоот албан бичгээр тендерийн үнэлгээг дахин хийх үүрэг өгсөн. Үүний дагуу Үнэлгээний хороо 2025 оны 01 сарын 14-ний өдөр хуралдаж, хоёр оролцогчийн тендерийн материалыг дахин нарийвчлан хянан үзээд, аль аль нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн бөгөөд хамгийн бага үнийн санал ирүүлсэн "Х*******" ХХК-ийн тендерийг хамгийн сайн санал гэж үнэлсэн болно.

Иймд Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.5 болон 59.10.2 дахь заалтын дагуу хамгийн бага үнийн санал ирүүлсэн "Х*******" ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулж, "М " ХХК-ийг 2-р байрт эрэмбэлсэн болно.

Дээр дурдсан үндэслэл, баримтуудыг харгалзан үзээд, "М " ХХК- ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

3.5.Хариуцагч “Д ц с” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д******* шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:

“Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарлахаас гадна нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл буюу гуравдагч этгээд Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 19.1 болон 19.3-т заасан шаардлагыг хангаагүй учраас тендер шалгаруулах үйл ажиллагаа нь хууль бус болсон бөгөөд үүний улмаас бидний эрх ашиг зөрчигдсөн байна гэж тайлбарлаж байгаа. Гэтэл шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд нь 19.3-т заасан бүх баримтыг ирүүлсэн, 19.1-д заасан шаардлагыг хангасан учир нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа хянан үзэх шалгуур нь хууль ёсны болсон. Тийм учраас бид эцсийн дүгнэлтдээ хамгийн сайн тендер гэдгийг үнийн дүнгээр эрэмбэлж “Х*******” ХХК-ийн тендерийг шалгаруулсан” гэжээ.

3.6.Хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:

01 сарын 14-ний өдөр үнэлгээ хийхдээ мэдээгүй байж байгаад одоо өөр зүйл яриад байгаа мэтээр тайлбарлаад байна. Бид нэг итгэл үнэмшлээр тухайн тендерийг үнэлсэн. Төрийн өмчийн компанийн маш чухал тендерийн маргаантай холбоотойгоор маш удаан гацааж байгаа явдалд маш харамсалтай байна. Д ц с-4 ТӨҮГ бол төвийн бүсийн ц им хүчний 58.7 хувь, Улаанбаатар хотын д им хүчний 54.8 хувийг нь хангадаг том байгууллага. Бид жилд 4 сая 4 зуун 60 мянган тонн нүүрс буюу 70 мянга орчим вагон хүлээж авдаг. Энэ ажлыг цалгардуулж байгаа нь харамсалтай байна. Үнэлгээ хийсэнд тодорхой тайлбар өгчихсөн учир нэмж ярих шаардлагагүй гэж үзэж байна гэв. 

3.7.Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Бид "Д ц с" ТӨХК-иас 2024 оны 11 сарын 11-ний өдөр зарласан "ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2" засвар хийлгэх, / урилгын дугаартай тендер сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д "Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ" гэж заасны дагуу тендер баримт бичгийн шаардлага хангасан, хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэх үндэслэлүүдээр тендерт шалгарч захиалагчтай гэрээ байгуулах эрхтэй болсон.

Гэтэл "М*******" ХХК-ийн зүгээс манай компанийн тендерийн материалыг хэд хэдэн үндэслэлээр шаардлага хангаагүй гэж нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:

Үйлдвэрлэгч "Л-П" компанийн тухайн улсын олгогдсон бүрэх эрх, түүнийг баталгаажуулсан гилгээ ирүүлээгүй гэх тухайд:

“Лх П" групп компани нь нэгдлийн гадаад харилцааг хариуцсан бүрэлдэхүүн компани болохын хувьд засвар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд харин харилцагч байгууллагуудтай гэрээ хэлэлцээр байгуулах, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байдаг. Ийнхүү гэрээ, хэлэлцээрийг хийж байгуулсны дараагаар засвар үйлчилгээний ажлыг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй өөрийн нэгдлийн гишүүн компани болох "Ж" ХК- ийн харьяа засварын үйлдвэр болох засвар үйлчилгээ үзүүлэх бүрэн эрх, гилгээтэй "А зүтгүүр засварын үйлдвэр"-ээр гүйцэтгүүлдэг ба энэ талаар баримт, тайлбар, орчуулгын хамт тендерийн баримт бичгийн №3- КР-2 үйлдвэрийн баримт"-ын 1-29 хуудсанд тусган хүргүүлсэн.

Үйлдвэрлэгч "А үйлдвэр"-ийн тогтмол үйл ажиллагааг явуулж байгааг нотолсон борлуулалтын орлогын болон санхүүгийн тайлангийн хураангуй болон сүүлийн 2 жилд хийсэн ажлын туршлага, гэрээний жагсаалт ирүүлээгүй" гэх тухайд:

Дээр дурдсанчлан нь "А зүтгүүр засварын үйлдвэр" нь бие даасан хуулийн этгээд биш тул бие даан дангаар бусадтай засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах эрхгүй ба үүнтэй холбоотойгоор үйлдвэрийн хувьд дангаар санхүүгийн тайлан тооцоо гаргах боломжгүй юм. Харин "Лх П" нэгдлийн гүйцэтгэсэн ажлын туршлага, гэрээ хэлэлцээр, санхүүгийн тогтвортой байдлыг харуулсан баримт болон тогтмол үйл ажиллагаа явуулж байгааг нотлох баримт, материалуудыг орчуулгын хамт тендерийн баримт бичгийн №3- КР-2 үйлдвэрийн баримт"-ын 30-63 дугаар хуудсанд тусган хүргүүлсэн.

2.Манай компани нь О Х Улсын "Лх П" групп компанийн бүрэлдэхүүн "Ж" ХК-ийн А хотын "А зүтгүүр засварын үйлдвэр"-ийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч байгууллагаар ажилладаг бөгөөд сэлгээний ТЭМ-2 илчит тэргэнд КР-2 засвар хийлгэх ажлыг 2008 оноос хойш хийж гүйцэтгэж ирсэн. О Х Улсын "Лх П" групп компани нь бүтцийн хувьд бүрэлдэхүүнд байгаа компаниудын менежментийн үйлчилгээ үзүүлэх болон гуравдагч этгээдүүдтэй харилцах, гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг зохион байгуулалт, удирдлагын чиглэлээр хариуцан ажилладаг. Харин "Ж" ХК бүтцийн хувьд их засварын 8 үйлдвэртэй, 88 засварын газартай ба түүний нэг үйлдвэр нь "А зүтгүүр засварын үйлдвэр" бөгөөд үйлдвэрийн хувьд бие даасан хуулийн этгээд биш тул дангаар бусадтай гэрээ байгуулах эрхгүй байдаг.

Нэхэмжлэгч "М*******" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан дээрх үндэслэлүүдээс үзэхэд О Х Улсын "Лх П" групп компани нь болон "А зүтгүүр засварын үйлдвэр"-ийн харилцан хамаарлыг ойлгоогүй, түүнээс шалтгаалж хуулийн этгээдийн эрхгүй үйлдвэрийг тусдаа санхүүгийн орлогыг нотолсон баримтыг гарган ирүүлэх ёстой мэтээр тайлбарлаж үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргасан гэж үзэж байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "Д ц с" ТӨХК-ийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн дугаар мэдэгдэл болон шалгарсан "Х*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлсон бөгөөд энэхүү мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрх ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино", 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" гэж тус тус заасны дагуу захиргааны хэргийн шүүх Захиргааны ерөнхий хуулийн 11 зүйлд заасан захиргааны үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг.

Хэдийгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 20 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШТ2025/0203 дугаартай "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай" тогтоолоор маргаан бүхий "Д ц с" ТӨХК-ийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн дугаар мэдэгдэл болон шалгарсан "Х*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл"-ийг тус тус захиргааны актын шинжийг агуулж байгаа гэж үзсэн боловч тухайн актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч "М " ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.8.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Ч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:

Харилцаа хамаарлыг нотолж чадахгүй байна гэж тайлбарлаж байна. Бизнес эрхэлж байгаа болоод тендерт оролцож байгаа компани үнэн зөв материал бүрдүүлж өгөх хуулиар баталсан үүргийг хүлээдэг. Үүний хүрээнд тухайн тендерт шаардагдах бүхий л баримтыг гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч үнэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаад байгаа хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж байгаа бол яг юуны улмаас хөндөгдсөн талаарх тайлбараа гаргах ёстой байсан. Гэтэл ийм байдлаар нотлох ажиллагааг хийгээгүй. Үүнийг тайлбарлахдаа гуравдагч этгээдээс баримтыг явуулаад хариуцагч үнэлэх ёстой байсан гэх агуулгаар тайлбарлаад байгаа нь тэр хийчихсэн ажлыг харахгүй байгаа мэтээр эсвэл тухайн ажлыг ойлгохгүй байгаа мэтээр тайлбарлаад байгаа юм. О Х Улсын компани ямар дүрмээр, хэрхэн явдаг, бүтцийн хувьд яах ёстой гэдгийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байх ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг өмнө нь дэлгэрэнгүй дурдсан. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өөр актуудтай маргах шаардлага байхгүй. Эрх ашиг хөндөгдөж байгаа акт бол энэ гэдгийг томьёолоод хэлчихсэн. Тэгэхээр хууль зүйн үр дагаврыг ойлгож байсан гэж ойлгож байгаа. Гэхдээ үүнийг үгүйсгэх ганц тайлбар нь Захиргааны ерөнхий хуулийн захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг өөрөөр тайлбарлаад байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн актыг мэдье гээд өөрөө хүсэлт гаргаад мэдэж байгаа нь мэдэж байгаа хэлбэр биш, зөвхөн хариуцагчаас албан бичгээр тусад нь явуулсан тохиолдолд маргаан бүхий акттай маргах эрх нээгдэнэ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, мэдэгдэх ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 зүйлд заасан хэлбэрээр шийдвэр нь мэдэгдчихсэн гэж үзэж байгаа. Тухайн 2 байгууллагын хувьд хоорондоо 10 гаруй жил өрсөлдчихсөн бизнесийн өрсөлдөгч байгууллагууд бөгөөд үүнтэй холбоотой өөр төрлийн маргаанд мөн оролцож байсан. “М*******” ХХК бол өөрийнхөө шалгараагүй тендертэй холбоотой гомдол, санал гаргадаг. Тэгэхдээ нотлох ажиллагаагаа хардах байдлаар гаргаад, түүнийгээ шүүхээр нотлуулах гэж арга хэрэгслээр ашигладаг харагдаад байгаа юм. Гэрээ байгуулах үед үнийн тохируулга хийхгүй гээд гэрээн дээрээ тодорхой заачихсан. Тендер шалгагдаж байх үед валютын ханш 35 рубль байсан бөгөөд өнөөдрийн ханшийг харахаар 45.36 гэж байгаа. Энэ бол цэвэр эдийн засгийн хохирол учруулж байгаа хэлбэр. Хуульд заасан эрхээ эдэлж байж болно. Гэхдээ үндэслэл бүхий баримтыг үндэслээд эдлэх ёстой гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.9.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2 компанийн баримт бичиг нь олдохгүй байгаа болохоор тухайн 2 хоёр компанийн боломжит баримтуудыг хавсаргаад бөөнд нь өгчихсөн гэж ярьж байна. “Л П” ХК-ийн бүх баримт нь тендерийн баримт бичигт байгаа бөгөөд нотлох баримт шинжлэн судлах шатад харагдана. Нэмж хэлэхэд, нэхэмжлэгчээс анх захиалагчийн шийдвэртэй холбоотойгоор маргасан бөгөөд давж заалдах шатын шүүх эцэслэн шийдвэр гаргасан айгаа. Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл болоод тухайн үед болсон процессыг өмгөөлөгчийн зүгээс танилцсан. Тухайн үед анхан шатны шүүх татгалзаад байгаа нь тендерийн үйл ажиллагаатай холбоотой өөр шийдвэр байгаа бөгөөд түүнтэй марга гээд байгаа юм биш үү гэдэг асуултыг маш тодорхой асуусан байсан. Тухайн үед оролцож байсан нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон төлөөлөгч нар бидний эрх, ашиг сонирхлыг хөндсөн өөр шийдвэр байхгүй болохоор зөвхөн үүнтэй маргана гэдэг байдлаар тайлбарласан байсан. Гэвч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч компани 2025 оны 01 сарын 14-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэртэй 2025 оны 01 сарын 29-ний өдөр танилцсан баримт хэрэгт авагдсан байсан. Тодруулбал, 2025 оны 04 сарын 28-ны өдөр өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн байгаа. 04 сарын 28-ны өдөр нэмэгдүүлсэн байгаа Үнэлгээний хорооны шийдвэр буюу Тендерийн тухай хуульд бие даан эрх эдэлж, үүрэг хүлээдэг, тендерийг хянах, нээх, үнэлэх эрх, үүргийг тусдаа хэрэгжүүлдэг уг субъектийн шийдвэртэй танилцсан атлаа 04 сарын 28-ны өдөр нэмэгдүүлсэн /тодруулж байгаа биш/. Энэ тохиолдлыг шүүх анхаарч хараасай. Учир нь хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахаар байна гэж хэлмээр байна.

Өнөөдрийн хуралдаанаар 4 цаг гаруй мэтгэлцсэн боловч нэг ойлгомжгүй зүйл байна. Нэхэмжлэгчийн яг юу хүсээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэг юм дутуу байна гээд байгаа боловч юу гэдгийг нь мэдэхгүй байна гэх байдлаар тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байна гэхээр тайлбар гаргаж чадахгүй. Харилцаа хамаарлыг тогтоож байгаа баримтуудыг гаргаж өгөхөөр өөр нэг нь хаачсан бэ гэх байдлаар хэлээд яг юу байх ёстой талаар тодорхойлж чадахгүй байна. Нэхэмжлэгч компанийн явуулсан баримтыг нотлох баримтаар үзүүлээд харилцаа хамаарлыг мэдэж байсан юм биш үү гэж асуухаар би сайн мэдэхгүй байна, энэ компанийг төлөөлөхгүй байна гэж хариулж байна. Жинхэнээсээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бариад мэтгэлцээд байгаа зүйл биш. Харин ямар нэгэн байдлаар маргаан үүсгэж уг ажлыг удаашруулъя гэсэн санаа зорилготой байна. Мөн нэхэмжлэгч компани нь гуравдагч компанитай олон жил өрсөлдөж байгаа бөгөөд нэгнийхээ ажил хийх явцыг гацаадаг байдлыг нэхэмжлэгч компаниас удаа дараа гаргадаг. Нотлох баримтын шатад бид нарын зүгээс бүх баримтаа гаргаад боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс үндэслэл бүхий дүгнэлт гаргаж, үндэслэлийн шаардлагаа тодорхойлж чадсангүй. Ийм үндэслэл болон шаардлагаар бүхэл бүтэн 2 шатаар яваад ирсэн тендерийг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна” гэжээ.

3.10.Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:

Миний хувь “М*******” ХХК-ийн удирдлага н.Б, н.Э гэх хүмүүсийг сайн мэднэ. Өнөөдөр мэдэхгүй гээд жүжиглээд байна. Гэхдээ дараа дараагийн удаа аливаа тендерт орохдоо шударга өрсөлдье. Ялагдаж, ялж сурах хэрэгтэй байна. Би “М*******” ХХК-тай 10 гаруй жил өрсөлдөхдөө нэг удаа гомдол гаргаж байгаагүй. Харин “М*******” ХХК-ийн зүгээс 4 дэх удаагаа маргаж байна. Маш жижиг үнэнийг олж мэдээд маргадаг, тэрэндээ үнэмшээд байдаг харагдаж байна. Шүүх зөв бурууг шийдэх байх” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

   Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “төрийн өмчийн хөрөнгөөр үйлчилгээ худалдан авагчийг шалгаруулах тендер шалгаруулалтын” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Захиалагч “Д ц с” ТӨХК-ийн 2024 оны 11 сарын 11-ний өдөр зарласан ДЦС-4/ дугаартай “ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар хийлгэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах” тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “М*******” ХХК, гуравдагч этгээд “Х*******” ХХК-иуд зэрэг 3 хуулийн этгээд материалаа ирүүлэн оролцжээ.

2.2.“Д ц с” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо /цаашид “Үнэлгээний хороо” гэх/ нь тендерийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нээгээд, шалгаруулалт хийж тендерийн ялагчаар “Х*******” ХХК-ийг сонгож энэ тухайгаа 2024 оны12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгээр, “М*******” ХХК-ийг тендерт шалгараагүй болохыг мөн өдрийн албан бичгээр тус тус өөрсдөд нь хандаж мэдэгджээ.  

2.3.Уг шалгаруулалтыг “М*******” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд хандан гомдол гаргасныг Сангийн яам хянаад, 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 03/107 дугаар албан бичгээр “...“Х*******” ХХК-ийн үйлдвэрлэгч “А үйлдвэр”, “Л-П” компаниуд нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Холбогдох засвар хийх үйлдвэр нь тухайн улсын олгогдсон бүрэн эрх түүнийг баталгаажуулсан гилгээтэй байх, засвар хийх үйлдвэр нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон борлуулалтын орлогын болон санхүүгийн тайлангийн хураангуй, засвар хийх үйлдвэрийн сүүлийн 2 жилд хийсэн ажлын туршлага, гэрээний жагсаал” гэж заасан шаардлагын дагуу үйлдвэрлэгч тус бүрээр үнэлгээ хийгээгүй тул дээрх шалгуурын дагуу үнэлгээг хийх нь зүйтэй” гэж дүгнээд тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон байна. /ХХ-ийн 10-11 дэх тал/

2.4.Сангийн яамны шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо нь 2025 оны 01 сарын 14-ний өдөр дахин хуралдаж, хуралдаанаараа “ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар хийлгэх гүйцэтгэгч сонгон шалгаруулалтын ялагчаар дахин “Х*******” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагч “Д ц с” ТӨХК-д хүргүүлэхээр шийдвэрлэжээ. /ХХ-ийн 187-190 дэх тал/

2.5.Тендерийн захиалагч “Д ц с” ТӨХК нь “Х*******” ХХК-тай “ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засварын ажлын гэрээг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан байна. /ХХ-ийн 84-89 дэх тал/

2.6.Үнэлгээний хороо нь 2025 оны 01 сарын 14-ний өдрийн хуралдаанаар “М*******” ХХК болон “Х*******” ХХК-ийг шаардлага хангасан тендер ирүүлсэн гэж дүгнэсэн байгаа ба эдгээр шаардлага хангасан тендерээс хамгийн бага үнийн санал буюу 2,840,000,000.0 төгрөгийн санал ирүүлсэн “Х*******” ХХК-ийг сонгожээ.

2.7.Нэхэмжлэгч “М*******” ХХК нь 2,910,000,000.0 төгрөгийн санал ирүүлсэн нь “Х*******” ХХК-иас 70,000,000.0 төгрөгөөр их байгаа ба энэ талаар талууд маргахгүй байна. /ХХ-ийн 172-176 дахь тал, эдгээр баримтыг хариуцагч нараас цахимаар ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан болно/

2.8.Үүний дараа “М*******” ХХК нь 2025 оны 01 сарын 27-ны өдрийн дугаар албан бичгээр захиалагч “Д ц с” ТӨХК-д хандаж “хурлын тэмдэглэлтэй танилцах хүсэлт”-ээ гаргасан байх бөгөөд захиалагчаас нэхэмжлэгч компанийн төлөөлөгч С.О 2025 оны 01 сарын 29-ний өдөр хурлын тэмдэглэлтэй танилцуулж, энэ талаар тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулсан болох нь цахимаар шинжлэн судлагдсанаар нотлогдлоо. /Цахим баримтын Хурлын протоколтой танилцуулсан тухай гэх нэртэй фолдер/

2.9.Эндээс үзвэл “М*******” ХХК нь Үнэлгээний хороо 2025 оны 01 сарын 14-ний өдрийн хуралдаанаар тендерт үнэлгээг хэрхэн хийсэн, “ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар хийлгэх гүйцэтгэгч сонгон шалгаруулалтын ялагчаар “Х*******” ХХК-ийг ямар шалгуураар шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагч “Д ц с” ТӨХК-д хүргүүлэхээр шийдвэрлэсэн болохыг мэдсэн байна.

2.10.Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Д ц с” ТӨХК-ийг 2025 оны 01 сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээ мэдэгдээгүй, энэ талаар баримт байхгүй, бид хүсэлт гаргаж танилцсан нь “мэдэгдсэн гэсэн ойлголт биш” гэж маргасан нь илт үндэслэлгүй, худал байна.

2.11.Харин Үнэлгээний хороо нь хуралдаанаас гарсан шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг дуудаж ирүүлэн танилцуулах, “М*******” ХХК нь өөрөө хүсэлт гаргаад шийдвэр, хуралдааны тэмдэглэлтэй танилцах нь хоёр өөр этгээдийн хоёр өөр үйлдэл мөн боловч эдгээр үйлдлийг хэн нэг нь хийсэн, эсхүл хийгээгүй гэдгээс үл хамаарч гарсан “үр дүн нь нэг” байгаа буюу нэхэмжлэгч хуралдаанаас гаргасан “шийдвэртэй танилцчихсан, шийдвэрийг мэдчихсэн” байгаа тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Үнэлгээний хороо мэдэгдээгүй нь өөрөө хүсэлт гаргаж мэдэхээс өөр, хурлын шийдвэрийг танилцуулаагүй” гэж маргаж байгааг хууль зүйн үндэслэлгүй тайлбар гэж үзэв.

2.12.Үнэлгээний хороо нь Сангийн яамны 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 03/107 дугаар албан бичгээр гаргасан “Х*******” ХХК-ийн үйлдвэрлэгч “А” үйлдвэр, “Л-П” компаниудын үйлдвэрлэгч тус бүрээр үнэлгээ хий” гэж шаардсаны дагуу ДЦС-4/ дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар нээлттэй тендерт ирүүлсэн тендер материалын үнэлгээг 2025 оны 01 сарын 14-ний өдөр хийжээ.

2.13.Үнэлгээний хорооны хуралдаан дээр гишүүдээс “А” зүтгүүр засварын үйлдвэрт илчит тэрэг засварлах болон үйлдвэрлэх гилгээ байна” гэж, “А үйлдвэр нь “Ж” хувьцаат компанийн салбар болох гилгээг нь ирсэн байна, энэ үйлдвэрийн борлуулалтын орлогын, санхүүгийн тайлан алга” гэж, “Л-П” компанийн танилцуулга, илчит тэрэгний засвар үйлчилгээ хийх эрх, гилгээ, санхүүгийн тайлангууд ирсэн” гэж, “Л-П” компани “Ж” компанийн салбарт засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг тухайгаа бичгээр ирүүлсэн” гэж, “засвар хийх компани нь “Л-П” компани, засвар хийх ажлын байр нь А үйлдвэр байна” гэх, “Л-П” компанийн албан бичигт илчит тэрэгний засварын ажлыг “Ж” компанийн салбар үйлдвэрүүд хийдэг талаар бичсэн” гэх, “илчит тэрэгний завсар хийгдэх Астарханы үйлдвэр нь зөвхөн засвар хийх ажлын байр болох тул “Астарханы үйлдвэрийг тусдаа үнэлгээ хийх шаардлагагүй” гэх зэрэг дүгнэлтүүдийг хийж, ялагчаар дахин “Х*******” ХХК-ийг шалгаруулсан байна. /Уг хуралдааны тэмдэглэлд 187-190 дэх тал/

2.14.Монгол Улсад илчит тэрэгний /вагоны/ зүтгүүрийг засах үйлдвэр, техник, боловсон хүчин байхгүй, мөн сүүлийн 2 жилийн хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр зүтгүүрийн засварын үйлчилгээ авах тендер Монгол Улсад зарлагдаагүй гэдгийг хариуцагч тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд талаас маргахгүй байна.

2.15.Мөн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “...манай улсад илчит тэрэгний зүтгүүрийн засвар үйлчилгээ үйлдвэр байхгүй тул тендерийг шалгаруулахдаа оролцогчийг биш завсар хийх үйлдвэрийн хүчин чадал чадавхыг харгалзсан үзсэн, “Ж” компани нь О Х Улсад илчит тэрэг үйлдвэрлэх, түүний завсар үйлчилгээг хийдэг 16 том үйлдвэртэй нэг нь Астарханы үйлдвэр тул сонгосон. “Л-П” группын бүрэлдхүүнд “Ж” компани багтдаг, манайх Монгол Улс дахь төлөөлөгч” гэх агуулгатай тайлбаруудыг гаргасан.

2.16.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ:

2.16.1.Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичигт V дугаар бүлэгт Тендерийн жишиг маягтаас 2, 3, 4, 6-д заасан маягтыг ирүүлээгүй;

2.16.2.Сангийн яамны албан бичигт заасан “Х*******” ХХК-ийн үйлдвэрлэгч “А үйлдвэр”, “Л-П” компаниуд нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгт ТШЗ 19.1-п “Холбогдох засвар хийх үйлдвэр нь тухайн улсын олгогдсон бүрэн эрх, түүнийг баталгаажуулсан гилгээтэй байх, засвар хийх үйлдвэр нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон борлуулалтын орлогын болон санхүүгийн тайлангийн хураангуй, завсар хийх үйлдвэрийн сүүлийн 2 жилд хийсэн ажлын туршлага, гэрээний жагсаалт” гэсэн шаардлагын дагуу үйлдвэрлэгч тус бүрээр үнэлгээ хийгээгүй байна” гэснийг биелүүлээгүй гэж маргаанд доорхи дүгнэлтийг хийнэ.

2.17.”М*******” ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Л-П” /ООО “Л-П”/ компанид хандан “Х*******” ХХК таны компанийн гарын үсэг, тамга бүхий зарим баримтыг ашиглан тус тендерт оролцсон байх магадлалтай, үүнд, ... “Ж” компанийн албан ёсны төлөөлөгчийн гилгээ” гээд “...дээр дурдсан баримтууд үнэхээр таны  компанийн нэр дээр хүчин төгөлдөр олгогдсон эсэхийг баталгаажуулж өгөхийг хүссэн” бичгийг хүргүүлжээ. /ХХ-ийн  212-213 дахь тал/

2.18.Үүний хариу болгож “Л-П” компани нь “М*******” ХХК-д  2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хандаж, “... манай компани нь Монгол Улсын “Х*******” ХХК-тай хамтарч ажилладаг .  ... тендерийн урилгыг манайд () мэдэгдсэн бөгөөд “Х*******” ХХК-тай хамтарч оролцсон болохыг баталж байна” гэж хариулаад уг “М*******” ХХК-ийн албан бичиг, захидлын хариуг “Х*******” ХХК-д ирүүлснийг гуравдагч этгээдээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нь шинжлэн судлагдав. /ХХ-ийн 214-215 дахь тал/

2.19.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “энэ талаар мэдэхгүй” гэж тайлбарласан тул энэ үйл баримтыг няцааж чадаагүй гэж үзсэн.

2.20.Мөн түүнчлэн “Ж” компани нь 2025 оны 04 сарын 15-ны өдөр “Х*******” ХХК-д хандан “Ж” ХК-ийн салбар болох А зүтгүүрийн засварын үйлдвэр нь бүтцийн өөрчлөлтөд орж илчит тэрэгний засварын гэрээ байгуулах худалдааны ажиллагааг “Л-П” ХХК-д (ЛТПС ХХК) шилжсэн болно. Өөрөөр хэлбэл, “Ж” ХК-ийн салбар болох А зүтгүүрийн засварын үйлдвэр нь илчит тэрэгний засвараа хариуцна. Харин “Л-П” ХХК нь гадаад, дотоод гэрээ хэлцэл, эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх, зээл олгох, санхүүгийн тайлан тооцоо гаргах зэргээр А АТРЗ үйлдвэрийг төлөөлөх эрхтэй болсон. Иймд ... “Л-П” ХХК-д хандахыг хүсч байна”  гэсэн бичгийг ирүүлсэн /ХХ-ийн 215-218 дахь тал/ зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

а/Нэхэмжлэлийн “Д ц с” ТӨХК нь ДЦС-4/ дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар нээлттэй тендер сонгон шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй болохыг тогтоолгож, “Д ц с” ТӨХК-ийн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн , дугаар албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд мөн хэсгийн 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх” гэж, 51 зүйлийн 51.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна” гэж, мөн зүйлийн 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэжээ.

3.2.Хуулийн дээрх заалтын дагуу тендерийг нээж, хянан үзэх, үнэлэх ажиллагаагаа зөвхөн хурал хэлбэрээр  явуулж, хуралдаанаас шийдвэрээ гаргах нь Үнэлгээний хорооны эрх хэмжээ байхаар хуульчилсан байна.

3.3.Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ” гэж, мөн зүйлийн 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ” гэж заасан нь захиалагч тендерийн материалд үнэлгээ хийж байгаа явдал биш бөгөөд энэ ажиллагаа Үнэлгээний хороогоор дамжуулан хийх ёстой гэдэг нь дээрх зохицуулалтаар хуульчилжээ.

3.4.Иймд тендерт үнэлгээ өгөх, ялагчийг тодруулах шийдвэрийг Үнэлгээний хороо гаргасан, уг шийдвэрийг захиалагч “Д ц с” ТӨХК-аас тендерт оролцогчдод албан бичгээр мэдэгдэж байгааг “Д ц с” ТӨХК-иас тендер шалгаруулалтад үнэлгээ хийсэн, ялагчийг шалгаруулсан шийдвэр гэж үзэхгүй боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Д ц с” ТӨХК-ийн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн , дугаар албан бичгийг захиргааны акт гэж үзэхээр шийдвэрлэсэн тул анхан шатны шүүх энэ талаар дахин дүгнэлт өгөх эрх хэмжээгүй учраас уг актыг хянав.

3.5.Шүүхэд цахимаар шинжлэн судлагдсанаар А үйлдвэр нь “Ж” компанийн харьяа үйлдвэр бөгөөд “Ж” компани нь “Л-П” компанийн хамааралтай этгээд мөн болох нь “Ж” компаниас “Х*******” ХХК-д ирүүлсэн 2025 оны 04 сарын 15-ны өдрийн албан бичиг, “Х*******” ХХК-ийн тендерийн материалдаа хавсарган ирүүлсэн дээрх компаниудын танилцуулга, интернэт дэх цахим линк, линкийг нээж үзэхэд байсан танилцуулга зэргээр нотлогдлоо. 

3.6. Иймд “Ж”  компанийн А үйлдвэрээр дамжин илчит тэрэгний зүтгүүрийн завсар үйлчилгээг “Л-П” компани хариуцан хийнэ гэдэг нь нотлогдож байгаа тул “Х*******” ХХК-ийн тендерийн материалд “Л-П” компанийн борлуулалтын орлогыг нотолсон санхүүгийн тайлан, “А” үйлдвэрийн завсар үйлчилгээ хийх гилгээ, үйлдвэрийн ажлын туршлагыг нотолсон гэрээний жагсаалт зэргийг ирүүлсэн байгаа тул нэхэмжлэгчийн Сангийн яамны шаардсан асуудлыг шалгаагүй гэх тайлбар нь нотлогдоогүй.

3.7.Тодруулбал, шүүх хуралдаан дээр хариуцагч Үнэлгээний хорооны төлөөлөгчөөс үнэлгээ хийхдээ “Л-П” компанийн цахим линкээр орж үзэхэд тус компанийн танилцуулгаар “Ж” компани нь түүний хамааралтай этгээд болох нь харагдсан” гэж тайлбарлан, уг линкийг нээж харуулснаар дээрх хоёр хуулийн этгээдийн хамаарлыг харуулсан танилцуулга нь нийтэд илэрхий үйл баримт байх тул уг баримтыг үндэслэн шалгаруулалт хийсэн хариуцагчийн буруутгах үндэслэл байхгүй гэж үзлээ.

3.8.Өөрөөр хэлбэл, “Л-П” компани нь А үйлдвэрт засвар үйлчилгээг хийлгэхээ нотолж, өөрийн санхүүгийн чадавхыг нотолж ирүүлсэн байгаа тул эдгээрийг хоёр хуулийн этгээд гэж үзэж А үйлдвэрийн санхүүгийн чадавхи болон “Ж” компанийн санхүүгийн чадавхыг заавал нотлохыг шаардах шаардлага байгаагүй нь зөв байна гэж шүүх үзлээ.

3.9.Нөгөө талаас хариуцагч болон гуравдагч этгээдээс шүүх хуралдаан дээр  “Л-П” компанийн цахим хуудсан дахь танилцуулгыг шинжлэн судлуулж,  "Ж" ХК их засварын 8 үйлдвэртэй, 88 засварын газартай, түүний нэг нь А зүтгүүр засварын үйлдвэр гэж үзүүлэн, энэ нь үйлдвэрийн хувьд бие даасан хуулийн этгээд биш тул дангаар бусадтай гэрээ байгуулах эрхгүй гэж мэтгэлцсэнийг нэхэмжлэгч няцаасан баримт гаргаагүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэж байна.

3.10.Эдгээрээс гадна, анхан шатны шүүхээс д улиралд, дулаан түгээлт зогссон хугацаанд багтаан засварлах шаардлагатай байгаа д сын нүүрсийг зөөвөрлөн зуух руу хүргэдэг илчит тэрэгний их засварыг нэн яаралтай хийх хэрэгцээг үндэслэн, мөн түүнчлэн “Л-П” компани болон А үйлдвэр нь үйл ажиллагаа болон хүчин чадлын хувьд Монгол Улсад танигдсан зэрэг нөхцөлүүд нь “ийм баримтыг заавал бичгээр гаргаж тендерт ирүүлсэн байх” гэсэн шаардлагаар тендерийг хүчингүй болгож шаардлагагүй байна гэж дүгнэв. 

3.11.Шүүх хуралдаанд tender.gov.mn сайтаас Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишгийг татан шинжлэн судалсан бөгөөд уг баримт бичгийн V дугаар бүлэгт Тендерийн жишиг маягт:

Маягт 1.Тендер илгээх

Маягт 2.Хүний нөөцийн мэдээлэл

Маягт 3.Үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл

Маягт 4. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэл

Маягт 5. Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл

Маягт 6. Ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл

Маягт 7. Нууцалсан баримт бичиг, мэдээллийн жагсаалт гэсэн жагсаалт гаргажээ.

3.12.Нэхэмжлэгч нь дээрх жагсаалтын 2, 3, 4, 6-д заасан маягтыг “Х*******” ХХК ирүүлээгүй байхад тендерт шалгаруулсан нь буруу гэж маргасан бол хариуцагч нараас энэ үндэслэлийг няцааж, энэ бол “Тендерийн жишиг тендерийн баримт бичиг” бөгөөд бид Тендер шалгаруулалтын зааварчилгаа хэсэгт нарийвчилсан зохицуулалтыг өөрийн тендерийн онцлогт тохируулан шалгуур тогтоосон. Монгол Улсад илчит тэрэгний зүтгүүрийн засварын ажил хийгдэхгүй, ийм чадвартай, ийм үйлчилгээ хийдэг монгол компани байхгүй тул тендерт оролцогчоос хүний нөөцийн, үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн, ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний, ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг шаардсан шалгуур тогтоогоогүй” гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.

3.13.Учир нь Монгол Улсын хуулийн этгээд нь илчит тэрэгний зүтгүүрийн засварын ажлыг өөрийн үйлдвэр, өөрийн мэргэшсэн боловсон хүчин, техникээр хийж байгаагүй, ийм хүчин чадалтай компани байхгүй гэдэгтэй талууд маргахгүй байгаа тул Монгол Улсад нээлттэй зарласан тендерт дотоодоос оролцож байгаа хуулийн этгээдэд ийм шалгуур тавих нь боломжгүй гэдэг нь нотлогдлоо.

3.14.Нөгөө талаас тендерт оролцогч “М*******” ХХК, “Х*******” ХХК-иуд нь энэ талаар мэдэж байгаа бөгөөд хоёул О Х Улсын үйлдвэрүүдээр засуулахаар тендерт материалаа ирүүлсэн, ялангуяа нэхэмжлэгч нь уг ажлыг О Х Улсын “П” үйлдвэрт хийлгэхээр мэдүүлсэн зэргээс харвал “М*******” ХХК, “Х*******” ХХК-иас ийм чадавхыг нотолсон баримтыг шаардсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхгүй.

3.15.Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манайх өөрийн компанид ажилдаг инженер техникийн ажилтны мэдээлэл, ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний дэлгэрэнгүйг ирүүлсэн, О Х Улсад засуулаад ирсний дараахь засварын баталгааг манай компани хангана гэж маргаж байгаа хүлээн авахгүй.

3.16.Учир нь хариуцагч нараас “Захиалагч засварын дараах баталгааг шаардаагүй, засварын баталгаагаа заасан үйлдвэр нь хариуцна” гэж тайлбарласныг үндэслэл бүхий гэж дүгнэв.

3.17.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 зүйлийн 11.1-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална” гэж, мөн зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж, Тендерийн жишиг баримт бичгийн ТШЗ-ын ерөнхий зааварчилгаа 19.1-д “Хуулийн 17.4-т зааснаар оролцогч Өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна”, 19.2-т “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 17.2.1, 17.2.3, 17.2.4-т заасан баримт бичгээс сонгож Өгөгдлийн хүснэгтэд заана” гэжээ.

3.18.Тендерийн жишиг баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 19.1-ийн Техникийн чадавх болон туршлагын шаардлага:

-Их засвар хийх үйлдвэр нь жигд ажиллагаатай;

-Холбогдох засвар хийх үйлдвэр нь тухайн улсын олгогдсон бүрэн эрх түүнийг баталгаажуулсан гилгээтэй байх ;

-Засвар хийх үйлдвэр нь Тогтмол үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон борлуулалтын орлогын болон санхүүгийн тайлангийн хураангуй;

-Засвар хийх үйлдвэрийн сүүлийн 2 жилд хийсэн ажлын туршлага, гэрээний жагсаалт гэжээ.

3.19.Нэхэмжлэгчээс дээрх шалгуурын “ажлын туршлагыг нотолсон гэрээ”-г ирүүлсэн байх ёстой “Х*******” ХХК гэрээ ирүүлээгүй, гэрээний жагсаалт ирүүлсэн гэж маргасан боловч уг шалгуурт бичсэнээр “гэрээ ирүүлэх биш” “гэрээний жагсаалт ирүүлэх”-ээр тогтоосон байгаа бөгөөд “Х*******” ХХК нь тендертээ “Л-П” компанийн хийж гүйцэтгэсэн ажлын гэрээний жагсаалтыг ирүүлсэн байгаа тул зөрчилтэй гэж үзэхгүй. /Тендерийн цахим материалд/

3.20.Хариуцагчийн гаргасан “манай улсад илчит тэрэгний зүтгүүрийн засвар үйлчилгээ үйлдвэр байхгүй тул тендерийг шалгаруулахдаа оролцогчийг биш завсар хийх үйлдвэрийн хүчин чадал чадавхыг харгалзсан үзсэн, “Ж” компани нь О Х Улсад илчит тэрэг үйлдвэрлэх, түүний завсар үйлчилгээг хийдэг 16 том үйлдвэртэй нэг нь Астарханы үйлдвэр тул сонгосон” гэх агуулгатай тайлбарыг шүүх хууль зүйн зөрчил гэж үзэхгүй ба ийнхүү дүгнэх нь Үнэлгээний хорооны эрх хэмжээнд хамаарч байна гэж үзсэн.

3.21.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-т “Захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно” гэж заасан байна.

3.22.Хуулийн эдгээр заалтаас үзвэл захиалагч тендерийн чадавхын болон санхүүгийн шалгуур үзүүлэлтийн шалгуур нь ямар байхыг тогтоох эрх хэмжээтэй тул Тендерийн баримт бичигт заасан шалгуурын үндэслэлийг нэхэмжлэгч нь өөрийнхөөрөө тайлбарлаж, “Х*******” ХХК-ийн тендер нь баримт бичгийг шаардлага хангаагүй гэж маргасан нь нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.

3.23.Ийнхүү Үнэлгээний хорооны тендер шалгаруулалт нь хууль болон тендерийн баримт бичигт заасан нөхцөл, журмыг зөрчсөн гэдэг нь тогтоогдоогүй тул тендерт “Х*******” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчөөгүй учраас уг шийдвэрийг үндэслэн тендер шалгаруулалтын үр дүнг мэдэгдсэн захиалагч “Д ц с” ТӨХК-ийн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн , дугаар албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзээд “Д ц с” ТӨХК нь ДЦС-4/ дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар нээлттэй тендер сонгон шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй болохыг тогтоолгож, “Д ц с” ТӨХК-ийн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн , дугаар албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б.Нэхэмжлэлийн “ДЦС-4/ дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар” нээлттэй тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 сарын 14-ний өдрийн Тендерийн үнэлгээний хорооны нэгдсэн дүгнэлт болон №3 тэмдэглэлийн “Х*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид “Х*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, захиалагч “Х*******” ХХК-тай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №Д/2025-25 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 их засварын гэрээг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

3.24.Нэхэмжлэгч “М*******” ХХК нь тус шүүхэд хандан 2025 оны 01 сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2025/1026 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “... нэхэмжлэл гаргагч нь өөрт нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн, субъектив эрхийг нь хөндсөн гэж үзэж байгаа бол тендер шалгаруулалттай холбогдсон шийдвэр буюу захиргааны актын шинжийг агуулсан захиргааны үйлдэл, эс үйлдэхүй, татгалзал зэрэгт нь гомдол гаргах эрхтэй” гэж зааж өгсөн.

3.25.Нэхэмжлэгчээс шүүгчийн энэ шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргасан бөгөөд тус давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчээс “... Хуульд дүгнэлт, зөвлөмж гаргана, оролцогч нарт шалгарсан тухай, эс шалгарсан тухай мэдэгдлүүд өгнө гээд байгаа. Дүгнэлтийг үндэслээд гэрээ байгуулах эрх олгоно гэсэн процесс явагддаг. Анхан шатны шүүх эдгээртэй нь марга гээд байна. Үүнтэй нь маргах боломжгүй юм уу”, “... Тендер шалгаруулалттай холбоотой ганцхан мэдэгдэл гээд байна уу” гэж асуужээ.

3.26.Энэ асуултын хариулт болгож нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “тийм шийдвэр байхгүй” гэж, “... Үнэлгээний хорооны зөвлөмжийг эцсийн шийдвэр, үр дагавар үүсгэж байгаа эрх зүйн акт гэж үзэх боломжгүй. Захиалагчаас гарч байгаа энэ албан бичиг нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан шийдвэр байна. Энэ шийдвэртэй л маргая” гэж тайлбарласан байна.

3.27.Эндээс үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ДЦС-4/ дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар” нээлттэй тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 сарын 14-ний өдрийн хуралдааны ялагчаар “Х*******” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, ялагчтай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр болон захиалагчаас “Х*******” ХХК-тай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №Д/2025-25 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 их засварын гэрээг захиргааны акт биш гэж үзэн маргахгүй гэдгээ мэдэгдэж байжээ. /Уг хуралдааны тэмдэглэлд ХХ-ийн34-36 дахь тал/

3.28.Энэ нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрх захиргааны үйлдэл, үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийн талаар мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан бөгөөд эдгээр захиргааны актуудын талаар давж заалдах шатны 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр мэдсэн боловч, акт биш гэж үзээд маргахгүй гэдгээ хэлжээ.

3.29.Уг давж заалдах шатны шүүх хуралдаан хийгдсэн өдрөөс тооцвол 64 хоногийн дараа буюу 2025 оны 04 сарын 29-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “дээрх актуудыг нэрлэж” нэмэгдүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

3.30.Учир нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн шалтгаанаар хэтрүүлсэнд тооцохгүй[1] тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад дүгнэлт өгөхгүй шийдвэрлэлээ.

В.Нэхэмжлэлийн “Х*******” ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн “М*******” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсанд тооцож, захиалагчид “М ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах “М ” ХХК-тай “ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч “Д ц с” ТӨХК-д даалгуулах” шаардлагын тухайд:

3.31.“Х*******” ХХК-ийн тендерээс татгалзах, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр “М ” ХХК-ийг шалгарсанд тооцох, гэрээг “М*******” ХХК-тай байгуулахыг даалгасан шийдвэрийг гаргах эрх нь “шүүхэд биш”, харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.2.2, 51 зүйлийн 51.1, 51.7-д зааснаар уг шийдвэрийг гаргах эрх нь тендерийн Үнэлгээний хороонд байна.

3.32.Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагаар “Х*******” ХХК-ийн тендерээс татгалзах, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр “М*******” ХХК-ийг шалгарсанд тооцох, гэрээг “М*******” ХХК-тай байгуулахыг даалгаж шийдвэрлэхийн хууль зүйн үр дагавар нь шүүх өөрөө тендерт оролцогчийн ямар тендерээс татгалзах, аль тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн, шалгарсанд тооцож, хэнтэй гэрээг байгуулах зэргийг шийдвэрлэж байгаа явдал юм.

3.33.Иймд шүүх нь хуулиар Үнэлгээний хороонд олгогдсон эрхэд халдаж буюу тендерт хэнийг ялуулах, хэнд, ямар зөвлөмж хүргүүлэх, хэнтэй гэрээ байгуулахыг шууд зааж захирамжлах эрх хэмжээ байхгүй байхад нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ийнхүү шүүхээс шаардсан нь илэрхий хуульд нийцээгүй байна.

3.34.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хуульд нийцүүлэн гаргаагүй нь шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж шийдвэрлэх боломжгүй, учир нь шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давсан шийдвэр гаргахыг хуулиар хориглосон болно.

3.35.Түүнчлэн нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь дээрх дүгнэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа тул энэ нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзах зүйтэй байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны шийдвэрийн үндэслэл болсон хуульд заасан арга, журмын дагуу цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 50 дугаар зүйлийн 50.2, 50.2.2, 51 зүйлийн 51.1, 51.7 дэх хэсэг, заалтыг тус тус  баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ”Д ц с” төрийн өмчит хувьцаат компани нь  “/ дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний KP-2 засвар” нээлттэй тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй болохыг тогтоолгож, “Д ц с” төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн , дугаар албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 зүйлийн 54.1.8  дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн “ДЦС-4/ дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар” нээлттэй тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 сарын 14-ний өдрийн Тендерийн үнэлгээний хорооны нэгдсэн дүгнэлт болон №3 тэмдэглэлийн “Х*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид “Х*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, захиалагч “Х*******” ХХК-тай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №Д/2025-25 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 их засварын гэрээг хүчингүй болгуулах, “Х*******” ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн “М*******” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсанд тооцож, захиалагчид “М*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах “М*******” ХХК-тай “ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч Д ц с” ТӨХК-д даалгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш  5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Улсын дээд шүүхийн  шийдвэрээр дүгнэлт хийсэн байна.