Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

           Улсын яллагч: Ц.Сүхбат,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,

            Шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Х холбогдох эрүүгийн 201725021173 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 09 дүгээр хороо, Горькийн 26 дугаар гудамжны 1112 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Боржигон овогт А Х.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Яллагдагч А.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ВИ” /WE/ бааранд иргэн О.Ганбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 13/, хохирогч О.Г/хх-ийн 15/, гэрч О.Ө /хх-ийн 18-19/, Ц. /хх-ийн 20/, Ч.Э /хх-ийн 21/, Э. /хх-ийн 22/, Д. /хх-ийн 23/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, А.Х сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-35/, А.Х иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/, А.Х хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-55/, О.Ганбаярын хүсэлт /хх-ийн 59/, А.Х хүсэлт /хх-ийн 61/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Х нь согтуурсан үедээ 2017 оны 05 дугаар сарын 06-ны өглөөний 6 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “ВИ” (WE) нэртэй бааранд О.Г маргалдан, түүнийг архины хундагаар санаатайгаар цохисны улмаас эрүүл мэндэд нь “доод уруулын урагдсан шарх, доод 2 шүд хөдөлсөн, 1 шүд унасан” хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч О.Г /хх-ийн 15/: “... Би 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Ви” нэртэй бааранд ороод сууж байсан. Миний хажууд “МД” баарны бармен сууж байсан чинь Хадаа ах босож ирээд шууд хөл рүү нь өшиглөсөн. Дахиж босож ирээд гар руу нь цохисон. Бид нар “5 минутын дараа гаръя” гээд би сууж байсан газраасаа цүнхээ авах гээд очиход Хадаа ах ганцаараа сууж байхаар нь “Хадаа ахаа та эмэгтэй хүнийг цохиж болохгүй ш дээ” гээд цүнхээ аваад босох гэж байхад миний шүд рүү Хадаа ах архины хундагаар 1 удаа цохисон. Би толинд очоод харахад шүд унаад, 2 шүд хөдлөөд уруул сэтрээд унжсан байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Хадаа цохиж учруулсан ...” гэх мэдүүлэг,

 

гэрч О.Ө /хх-ийн 18-19/: “... Би талбай дээр бүжиглэж байтал бүгд хашхираад байхаар нь буйдан дээр очиход Ганбаярын амнаас цус гарсан байсан. ... Золоо эгч, Хадаа ах хоёр хоорондоо маргалдаад байж байхад нь Ганбаяр буруугаар ойлгоод маргалдсан юм шиг байна лээ. Ганбаяр Хадаа ахыг “эмэгтэй хүнд гар хүрлээ” гээд байх шиг байсан. Ганбаярын уруул нь урагдсан байсан” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.И /хх-ийн 20/: “... Би текнээс ширээ рүү явж байхад бужигнаад явчихаар нь очсон чинь малгайтай ах наад талд сууж байсан бандийг босоод нэг цохих шиг болсон. Тэгээд л манай хамгаалагч нар ирж салгасан ... Цохиулсан залуугийн уруулнаас нь цус гарч байх шиг байсан ...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э. /хх-ийн 22/: “... Би “00” орж бие засчихаад гарч ирэхэд  Хадбаатар “сүүлд ирсэн банди нарын нэгийг нь цохичихлоо” гээд байж байсан ...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.З “... Намайг текний урд зогсож байхад Хадбаатар ирээд надад “нөхрийнхөө үеэлтэй явж байж битгий наад Ганбаярыг дагуулаад яваад бай, дараа нь хэл аманд орох гэж байгаа юм” гэж хэлэхээр нь би уурлаад жаахан маргалдсан чинь Хадбаатар намайг хойш нь түлхчихээд яваад өгсөн. Би текний урд зогсож байгаад харсан чинь “цохичихсон” гээд л бөөн юм болж байхаар нь очсон чинь “Г-г Х цохичихсон” гээд зогсож байсан ...” гэх мэдүүлэг,

 

А.Х буруутай үйлдлийн улмаас О.Г биед “доод уруулын урагдсан шарх, доод 2 шүд хөдөлсөн, 1 шүд унасан” хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6112 тоот дүгнэлт /хх-ийн 25/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/, А.Хадбаатарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-35/, А.Х хүсэлт /хх-ийн 61/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар дээрх болсон үйл явдлыг адил  бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

А.Х нь О.Г “эмэгтэй хүнийг цохиж болохгүй” гэж хэлсний төлөө түүнтэй маргаан үүсгэн улмаар архины хундагаар цохиж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи ууж согтуурснаас нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар А.Х холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч О.Х 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Харин дээрх байдлаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримталж буюу шүүгдэгч О.Х гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Учир нь шүүгдэгч А.Х үйлдсэн гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болсон болно.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2, 36.6, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                     

            1. Шүүгдэгч Боржигон овогт А. Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Х 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч А.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Х авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ