Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/41

 

 

                                                                                    2023/ДШМ/41

 

 

 

С.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Л.Н нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор                                                           Б.Н  

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Ц.Б                           

Шүүгдэгч                                                          С.Б

            Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгорын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Бт холбогдох 2312000000232 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал малладаг, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт А аймгийн Т сумын Ц багийн Тийн гол гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Сгийн Б/РД:АЗ71110937/

Шүүгдэгч С.Б нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр,  2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Аг байнга зодсон,

мөн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Т сумын Ц багийн Тийн гол гэх газар Б.Агийн баруун гарнаас чирсэний улмаас баруун сарвууны шөрмөсний тасрал, баруун сарвуу, шуу, бугалга, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 А аймгийн Прокурорын газраас С.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

         А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт Сгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Шүүгдэгч С.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6/зургаа/ сарын хугацаагаар хорих  ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 5/тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бт авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдолд... С.Б би гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй. Өөрийн эхнэр Б.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож байсандаа маш их гэмшиж, уучлалт гуйж байна. Бид хоёр 1992 онд гэр бүл болсон. Бидний дундаас таван хүүхэд гарсан боловч нэг хүүгээ алдсан. Одоо дөрвөн сайхан хүү байна. Одоо над дээр 8-р ангийн хүү, 17 нас өнгөрч яваа хүү хоёр хүүхэд надтай хамт хөдөө малаа маллаж амьдарч байна. Миний бие одоо шээс боогдож, бие засаж чадахгүй, гуурс тавиулж, гуурсаар бие засаж байна. Бөөр өвдөж чулуужиж, шээх боломжгүй болсон. Цагдан хорих байранд эмчилгээ хийлгэж байгаа, эм ууж байгаа боловч, бие сайжрахгүй байна. Мөн давсаг язралттай гэсэн. А аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засалд цагдан хорих байрнаас байнга очиж эмчилгээ хийлгэж байна. Цаашид ЭХО-д харж байгаад мэс заслын хагалгаанд орохыг шийднэ гэсэн. Байнгын катрежтэй бие засахад маш хүндрэлтэй байна. Би цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, төлөв томоотой байж чадна. Миний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгөхийг хүсье. Миний бие цаашид байнга эмчилгээ хийх шаардлагатай байнгын хэвтэрт босож болохгүй гэсэн. Шүүх хуралд өмгөөлөгч Ц.Б хамт орох хүсэлтэй байна...гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ... Гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэрийнхээ биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа... Гэмт хэрэг гарсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ Б маргадаггүй. Эхнэр нь надтай ярихдаа нөхрийнхөө биеийн байдлыг асуугаад гомдол саналгүй гэснээ хэрэгт хавсаргасан. А аймаг дахь Прокурорын газарт хүртэл энэ талаараа хүсэлт гаргаж байсан. Гол нь эрүүл мэндийн хувьд унаж татдаг, хөдөлмөрийн чадвараа алдсан группт байдаг. Группийн дэвтрийг нь явуулаарай гэсэн чинь  андуураад ээжийнхээ дэвтрийг явуулаад өөрийнх нь дэвтрийг өгч явуулаагүй байна. Цагдан хорих байранд байх хугацаандаа байнгын эмчилгээтэй байдаг. Унаж татаад шөнө болохоор халуураад байгаа. Энэ нөхцөлийг харгалзан үзээд боломжтой бол тэнсэж өгнө үү. Хэргийн зүйлчлэлд маргадаггүй, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү... гэв.

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Хийсэн хэрэгтэй гэмшиж байна... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

  А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Быг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр,  2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Аг байнга зодсон,

мөн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Т сумын Ц багийн Тийн гол гэх газар Б.Агийн баруун гарнаас чирсэний улмаас баруун сарвууны шөрмөсний тасрал, баруун сарвуу, шуу, бугалга, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

А аймгийн Прокурорын газраас 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж шүүгдэгч С.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар зүйлчилсэн байна.

Гэтэл шүүгдэгч С.Бт яллагдагчаар татах тогтоол танилцуулж, яллагдагчаас мэдүүлэг авахдаа түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар  яллагдагчаар татсан тухай танилцуулж мэдүүлэг авсан нь хуульд нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Б нь яллагдагчаар татах тогтоолд танилцсан гэж гарын үсэг зурсан хэдий ч уг тогтоолд заасан хуулийн зүйл заалтыг танилцуулсан эрх бүхий албан тушаалтан нь тогтоолд заасан хуулийн заалтуудыг бүрэн танилцуулалгүйгээр орхигдуулж, Эрүүгийн хуулийн нэг зүйл ангид зааснаар яллагдагчаар татсан мэтээр түүнд яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж, улмаар яллагдагчаар мэдүүлэг авч байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмаар яваагүй, эргэлзээ төрүүлэхүйц байдлаар яллагдагчаар татсан тогтоол танилцуулж, түүнээс байцаалт авсан гэж дүгнэхээр байна.

Дээрх алдааг засуулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул  А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

   Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч С.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Л.Н