Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 102/2015/10584/И |
Дугаар | 001/ХТ2016/01307 |
Огноо | 2016-12-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2016/01307
Г.Мандахын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02127 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1248 дугаар магадлалтай
Нэхэмжлэгч : Г.Мандах,
Хариуцагч : Д.Дуламцоо,
Нэхэмжлэлийн шаардлага: 26.808.092 төгрөг гаргуулах
Сөрөг нэхэмжлэл: 2013.01.02-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох
Хариуцагчийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Мандах, түүний өмгөөлөгч Т.Багахүү, хариуцагч Д.Дуламцоо, түүний өмгөөлөгч Р.Болдбаатар, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Дуламцоо нь миний нөхөр Д.Долгортой нэг нутгийн улс бөгөөд хуулийн хүн, нотариатч болохоор нь арай ч худал хэлж, хуурч мэхлэхгүй байх гэж бодон 20.000.000 төгрөг зээлдүүлсэн. Тэрээр Сэлэнгэ аймгийн сант суманд газар авч тариа буудай, хүнсний ногоо тарьж байгаа, туслаач гэж гуйхад нь 20.000.000 төгрөгийг 2013.01.02-ны өдрөөс 2014.01.02-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сарын 3.7 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан. Д.Дуламцоо нь 2013.01.02-ны өдрөөс мөн оны 4 сарын 02-ны өдрийг хүртэлх 91 хоногийн хүү 2.244.677 төгрөгийг төлсөн. Зээлийн үндсэн төлбөр 20.000.000 төгрөг, 2013.4.02-ны өдрөөс 2014.01.02-ны өдрийг хүртэлх 276 хоногийн хүү 6.808.092 төгрөг нийт зээлийн төлбөр 26.808.092 төгрөгийг өнөөдрийн байдлаар нэхэмжилж байна. Иргэний хуулийн 281.1-т заасныг үндэслэн уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Д.Дуламцоогоос зээлийн гэрээний нийт төлбөр 26.808.092 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Дуламцоогоос шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Мандахын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсний дагуу 2013.01.02-ны өдөр хийсэн зээлийн гэрээгээр хариуцагч Д.Дуламцоо би мөнгө бэлнээр болон шилжүүлгээр хүлээж аваагүй. Харин би нэхэмжлэгч Г.Мандахаас 2010 онд авсан 20.000.000 төгрөгийн зээлийг 8.880.000 төгрөгийн хамт нийт 28.936.670 төгрөгийг 2013.4.02-ны өдөр төлж дууссан гэжээ.
Хариуцагч Д.Дуламцоогоос шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Г.Мандахтай 2013.01.02-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээний зүйл болох 20 сая төгрөгийг бэлнээр болон шилжүүлгээр шилжүүлж өгөөгүй. Харин би Г.Мандахаас 2009.6.10-ны өдөр 10 сая төгрөгийг сарын 3.7 хувийн хүүтэй зээлж авсан. Энэ 10 сая төгрөгийг надад бэлнээр өгсөн. Уг зээлийн хүүнд миний бие 2009.6.14-ний өдрөөс 2010.4.10-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд 3.700.000 төгрөгийн хүү төлөхөөс 3.983.500 төгрөгийн хүү төлсөн. Зээлсэн 10 сая төгрөгийг төлөөгүй дахин зээл хэрэгтэй байсан учраас нэмж 10 сая төгрөгийг зээлж, нийт 20 сая төгрөг авсан. Зээлийн гэрээний сарын хүү 3.7 хувь болно. Энэ зээлийн хүүнд би 2010.4.10-ны өдрөөс 2011.04.11-ний өдөр хүртэл 8.880.000 төгрөгийн хүү төлөхөөс 8.953.460 төгрөгийн хүүг төлсөн бөгөөд үндсэн зээл 20 сая төгрөгийг төлөөгүй болно. Ингээд 2011.5.10-ны өдрөөс 2013.4.10-ны өдрийг хүртэл зээлийн гэрээ байгуулахгүйгээр 1.844.576 төгрөг төлж, одоо 1.554.240 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага: Г.Мандах, Д.Дуламцоо нарын хооронд байгуулсан 2013.01.02-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэжээ.
Нэхэмжлэгч Г.Мандах сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 2011.5.10-ны өдрөөс 2013.4.10-ны өдрийг хүртэл 700 хоног буюу бараг 2 жил шахам хугацаанд зээлийн гэрээ байгуулалгүйгээр 1.844.576 төгрөг төлж, одоо 1.554.240 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэж бичжээ. Бараг 2 жил шахам зээлийн гэрээ байгуулаагүй 1.844.576 төгрөг өгсөн гарын үсэгтэй баримт нь хаана байна вэ.Тэгээд үндсэн зээл болох 20.000.000 төгрөг төлөөгүй байж, одоо 1.554.240 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж яаж тооцож гаргасан бэ. Г.Мандахад зээл, хүү төлж байсан гарын үсэгтэй баримтууд гэж сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаснаас үзвэл 7-8 жилийн өмнөх 2009-2010 онд мөнгө өгч авч байсан 2 хуудас миний гарын үсэгтэй материал байна. Бусад 32 хуудас материалд миний гарын үсэгтэй баримт байхгүй байна. 2010 онд авсан 20.000.000 төгрөгийг хүүгийн хамт өгч дуусгасан гэж Д.Дуламцоо өөрөө 2016.01.04-ний өдөр бичсэн байна. Миний бие ялгаагүй 2012 онд авсан 20.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлж дуусгасан гэж 2016.01.19-нд бичсэн. Мөн хэрэгт ач холбогдолгүй 34 хуудас баримт өгсөн байна. Би нэхэмжлэлдээ 2013.01.02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 20.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.7 хувийн хүүтэй Д.Дуламцоогийн надаас авсан мөнгөний талаар нэхэмжилсэн байхад аль 7, 8 жилийн өмнөх асуудлын талаар бичсэн байна. Д.Дуламцоо 2013.01.02-ны өдрийн гэрээгээр 20.000.000 төгрөгийг бэлнээр болон шилжүүлгээр аваагүй гэж бичжээ. 2013.01.02-нд зээлийн гэрээ хийж, 20.000.000 төгрөгийг бэлнээр Д.Дуламцоод өгсөн. Зээлийн гэрээгээ 37 хоногийн дараагаар 2013.02.07-ны өдөр Баянгол дүүргийн нотариатч С.Төгсжаргал нь гэрээний үнэн зөвийг гэрчлэн 207 тоот тамга дарж, 153 тоот бүртгэлийн дугаараар баталгаажуулсан болно. Зээлийн гэрээндээ үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг “Чаданхүү” ХЗХ-нд мөрдөж буй журмын дагуу тооцохыг 2 тал тохиролцон Д.Дуламцоо бид 2 гарын үсгээ зурсан учир хөдөлшгүй баримт гэж үзэж байна. Д.Дуламцоо нь амьдарч буй гэр орон, ажиллаж буй газраа ойр ойрхон сольж, олдохоо больчихдог. Би 6 удаа мэдэгдэл өгсөн. Иймд Д.Дуламцоогийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02127 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.Дуламцоогоос 1.553.620 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мандахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25.254.472 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Д.Дуламцоогийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291.990 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258.000 төгрөгөөс 257.950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 50 төгрөг буцаан гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчаас 39.808 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1248 дугаар магадлалаар Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02127 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 1.553.620 төгрөг гэснийг 26.808.092 төгрөг гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын хариуцагчаас 39.808 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг хариуцагчаас 291.990 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2014.6.15-ны өдрийн баримтыг Д.Дуламцоо хүлээн авч гарын үсэг зурсан байна. Мөн уг мэдэгдлийн ар нүүрэнд Сэлэнгэ аймгийн Сант суманд 20 га шар лууван тарьсан одоо ургаж байгаа. Ургац хураалт дуусаад луувангийн үнэ тогтворжих үед 11 дүгээр сард төлнө гэж бичсэн баримтыг үндэслэн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т зааснаар 20.000.000 төгрөгийг Д.Дуламцоо авсан гэж үзэх үндэслэлтэй гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэнд гомдолтой. Энэ мэдэгдлийн ар нүүрэнд тэмдэглэгдсэн зүйлийг яг 2013.01.02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээтэй холбогдуулж бичсэн үү өмнөх зээлтэй холбогдуулж бичсэн үү гэдгийг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Г.Мандах, Д.Дуламцоо нарын хооронд 2009, 2010 онуудад зээлийн харилцаатай байсан бөгөөд 20.000.000 төгрөгийг зээлээр өгч авалцаж байсан. Энэ зээлийн гэрээний үүрэг гэрээгүй атлаа 2011, 2012, 2013 оны 3 сар хүртэл яагаад үргэлжлэх болсныг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Г.Мандах нь Д.Дуламцоогоос үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 6.808.092 төгрөг нийт 26.808.092 төгрөгийг гаргуулахыг шаардсан бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээг үндэслэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, Г.Мандахын нэхэмжлэлийг хангажээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлоор магадлалыг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Г.Мандахаас 20 сая төгрөг хүлээж аваагүй гэх тайлбараа Д.Дуламцоо баримтаар нотлоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.
Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.Мандахын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар хоёр шатны шүүх Иргэний хуульд нийцсэн дүгнэлт хийсэн гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1248 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 291.991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ