Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 82

 

Х.Ө-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Х.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Анарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Р.А нарын давж заалдах гомдлоор, Х.Ө-ы нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.10, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэгч Х.Ө-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Р.А нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй шүүх нь хэргийн харъяаллыг ноцтойгоор зөрчин тус шүүхэд харьяалагдахгүй маргаанд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан шийдвэрлэсэн. ...Х.Ө-ыг ажлаас буруу халсантай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.... Шүүх нэхэмжлэгч Х.Ө-ы гаргасан гэх зөрчил нь сахилгын шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үү, бусад хууль тогтоомжийг зөрчсөн захиргааны зөрчил үү гэдгийг хамгийн түрүүнд ялгаж зааглаж тогтоосны эцэст зөв шийдэл гаргах ёстой. Шийдвэрийн үндэслэх хэсэгт сахилгын шийтгэл гэж нэг үзэж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж нэг үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон, ... хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, сахилгын шийтгэл үү, бусад хууль тогтоомж зөрчсөн зөрчил үү гэдэгт хууль ёсны дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

...Х.Ө-ыг ажлаас халж байгаа захирамж нь хууль ёсны байх шаардлагыг хангасан эсэхийг анхаарч үзсэнгүй. Б/30 дугаартай аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг баримталсан боловч яг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах гол заалтыг баримтлаагүй байхад захирамжийг хууль ёсны гэж үзэж байгаа нь буруу юм.

Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримталсан байна. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжид дээрх заалтыг ажил олгогч баримтлаагүй байхад энэ заалтыг үндэслэн шийдвэр гаргаагүй байтал шүүхээс ажил олгогчийн гаргасан алдаатай захирамжийг зөвтгөж буй мэтээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалтыг хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

...Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг Засаг дарга зөрчин Боловсрол, соёл урлагийн газрын даргаас ажлаас халах тухай захирамждаа санал аваагүй дур мэдэн захирамж гаргасан байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...аймгийн Боловсролын газрын даргын саналыг үндэслэн чөлөөлөхөөр байна гэж дурдсан атлаа ийм санал ирүүлээгүй байхад аймгийн Засаг даргын Х.Ө-ыг ажлаас халсан захирамжийг хэвээр үлдээж байгаа нь маш ойлгомжгүй, авцалдаагүй дүгнэлт болсон байна.

Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн авч ажлаас халсан захирамжийг хэвээр үлдээж байгаа боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч тал үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнээгүй, энэ талаар шалгаж тогтоогоогүй...” байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь утга агуулгын хувьд үндэслэлгүй шийдвэр болсон нь харагдаж байна.

Шүүх ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ ёс зүйн зөвлөл, хороогоор албан ёсны дүгнэлт гаргуулах хуулийн заалтыг захирамж гаргасан албан тушаалтан хэрэгжүүлээгүй байхад маргаан бүхий актыг зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон юм.

...Шүүх сул орон тоон дээр өөрийн нөхөр, охиноо томилох болсон талаар эрх бүхий дээд шатны байгууллагадаа бичгээр мэдэгдээгүй байна гэжээ. Заавал бичгээр мэдэгдэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байна. ...2014, 2015 оны үйл баримтыг одоо ярьж үр дүнгийн гэрээтэй холбон үзэж сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болгосон нь эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн байхад үүнийг шүүх анхаарч үзээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 ...Хэрэв тухайн үед согтууруулах ундаа томилолтоор явах нөхцөлд хэрэглэсэн гэж гэрчүүд яриад байгаа боловч үнэхээр хэрэглэсэн гэдгийг тогтоосон хууль ёсны нотлох баримт байхгүй. Үнэхээр уусан гэж холбогдох албан тушаалтан үзээд байгаа бол хамт архи хэрэглэсэн гэх Д.Э, Э нарт арга хэмжээ тооцохгүй албан тушаал ахиулж байгаа нь шударга бус байдал гаргаж байгаагийн тод илрэл гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Үйлдвэрчний эвлэлээс өгсөн 640 000 төгрөгөөс 240 000 төгрөгийг нь өгч үлдэх 400 000 төгрөгийг өгөөгүй гэж буруутгасан байна. ...640 000 төгрөгийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны данснаас аваагүй, 240 000 төгрөгийг ажилтнууд цуглуулан өгсөн юм. ...Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Х.Өы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль буруу  хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.Ө-ыг “ажлын байранд болон томилолтоор ажиллахдаа архи согтууруулах ундаа удаа дараа хэрэглэсэн, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, ажлын албан хаагчдаа хувийн байдлаар нь байнга хэл амаар доромжилдог зэрэг ноцтой зөрчлүүд гаргасан” гэж ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч Х.Ө-аас эс зөвшөөрч, “2017 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй байхад үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, Үйлдвэрчний эвлэлийн холбооны 400 000 төгрөгийг хувьдаа завшаагүй, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй, хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн нь үнэн боловч 1-2 цагийн үйл явдлыг зохион байгуулсан болохоос ажил дээрээ архидалт зохион байгуулаагүй, нөхөр, охин хоёроо ажилд томилохдоо заавал бичгээр мэдэгдэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, хөрөнгө орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж, холбогдох газарт нь хүргүүлж байсан бөгөөд уг үйл явдал нь 2014, 2015 онд болсон байхад хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна, хуульд зааснаар намайг ажлаас чөлөөлөхдөө Боловсролын газрын даргаас санал аваагүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаж үзэхэд:

1. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаар захирамж нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шийдвэр буюу захиргааны акт байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн  гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:..”, 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэснээс үзвэл төрийн үйлчилгээний албан хаагчийн статус буюу хөдөлмөрийн харилцааг тодорхойлох гол шалгуур нь Хөдөлмөрийн хуулийн хүрээнд байгуулагдах “хөдөлмөрийн гэрээ” байхаар байна.

Харин нэхэмжлэгч Х.Ө-ы эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байгаа боловч тэрээр Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн албанд орсон, хариуцагчтай “Үр дүнгийн гэрээ” байгуулан ажилладаг, төрийн /үйлчилгээний/ байгууллагын удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагчийн хувьд “төрийн захиргааны” чиг үүргийг гүйцэтгэдэг тул түүний хөдөлмөрийн харилцаа нь, тодруулбал төрийн албанд авах, ажиллах, албанаас чөлөөлөх, халах харилцаа нь “нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн” байна.

Дээрхээс үзвэл, захиргааны акттай холбогдуулан Х.Ө-ы гаргасан нэхэмжлэлээр шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн харьяалал зөрчөөгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “уг маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч Х.Ө-ыг ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх зөрчлийн хувьд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-д “Дараахь газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно”, 7.1.3-т “хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасан байхад нэхэмжлэгч Х.Ө нь ажлын байрандаа буюу хүүхдийн цэцэрлэгт архи хэрэглэдэг, уудаг болох нь хэрэгт авагдсан гэрэл зургууд болон гэрч Д.Э, А.Г, Б.А, Б.С, Т.П, Д.З, С.У, Б.Ү, Ш.Э нарын мэдүүлгээр тогтоогдсон ба дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу, хуульд заасан арга хэрэгслээр бэхжүүлж авсан байх тул үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үзэх учраас нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “архи хэрэглэсэн гэдгийг тогтоосон хууль ёсны нотлох баримт байхгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэгч Х.Ө Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн хувиар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар өөрийн нөхөр Н.Э-ыг жижүүрийн албан тушаалд,  2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар өөрийн охин Б.У туслах багшийн ажилд томилсон байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, ...зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах явдал байна.

Тиймээс энэ тохиолдолд нэхэмжлэгч Х.Ө нь өөрийн нөхрийг жижүүрийн, охиныг туслах багшаар ажилд томилсон нь өөрт хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргасанд хамаарах бөгөөд жил бүр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгсөн гэдэг нь хуулиар хориглосон зохицуулалтыг үгүйсгэх үндэслэл болохгүй төдийгүй нэхэмжлэгчийн энэхүү үйлдлийг хариуцагчаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан зөрчил гэж үзэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг баримтлан ажлаас нь халсан нь үндэслэлтэй байна.

Харин хариуцагч нь Х.Ө-ыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан “албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн” гэж үзэж, хуулийг зөв хэрэглэн маргаан бүхий актыг гаргасан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримталсан нь буруу байна.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “Засаг дарга ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ ёс зүйн зөвлөл, хороогоор албан ёсны дүгнэлт гаргуулах хуулийн заалтыг албан тушаалтан хэрэгжүүлээгүй”, мөн аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Х.Ө-ыг ажлаас чөлөөлөхдөө аймгийн Боловсрол, соёлын газрын саналыг аваагүй” гэх үндэслэлээр гомдол гаргасан байх боловч нэгэнт нэхэмжлэгч Х.Ө нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, ажлаас халах нөхцөл бүрдсэн болох нь тогтоогдсон тул Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасны дагуу аймгийн Боловсролын газраас санал авсан эсэх, нэхэмжлэгчийн гаргасан гэх ёс зүйн зөрчлийг ёс зүйн зөвлөл, хороогоор хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

Харин хариуцагчаас маргаан бүхий актын нэг үндэслэлээ тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 40.1.5-т “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж заасныг зөрчин “нэхэмжлэгч Х.Ө нь Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өгсөн 400 000 төгрөгийг хувьдаа завшсан” гэх тайлбарыг анхан шатны шүүхээс хүлээн авч, тухайн үйл баримтыг гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг”, 4.1.6-д “улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг” ойлгохоор заасан.

Гэтэл Х.Ө нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй, нөгөөтэйгүүр Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хуримтлагддаг мөнгө нь төсвийн хөрөнгөнд хамаарахааргүй байхад Үйлдвэрчний эвлэлийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан зохицуулалтыг маргаан бүхий актын үндэслэл болгосон нь буруу байна.

Нэгтэн дүгнэвэл гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн, зүйл заалтыг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д тус тус заасныг баримтлан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах" тухай нэхэмжлэгч Х.Ө-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                      

ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

 

 ШҮҮГЧ                                                          Ц.ЦОГТ

 

 ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН