Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 00016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Бүрнээ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ардчилсан намын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 12 нэр дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр бүхий 12 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2016/0014/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Батдэлгэр, иргэдийн төлөөлөгч Б.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн Ардчилсан нам нь Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт заасны дагуу намынхаа дотоод дүрэм журмын хүрээнд 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших 33 дэвшигчийг сонгуулийн 22 тойрогт нэр дэвшүүлэн, намын хорооны 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 08 тоот тогтоолоор баталгаажуулж, Иргэний хуулийн 29.2, 29.5 дахь хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 13.6 дахь хэсэг, Ардчилсан намын үндсэн дүрмийн 4.1.5 дахь хэсэгт заасны дагуу Ардчилсан намын дарга З.Энхболдоос албан ёсны итгэмжлэл авсан,  тухайн  орон нутагтаа намын сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах хууль ёсны эрхтэй Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаад нэр дэвшигчдийг хуульд заасан журмын дагуу аймгийн Сонгуулийн хороонд бүртгүүлэхийг үүрэг болгосон. Гэтэл Орхон аймгийн Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй Г.Батмөнх нарын хүмүүс Орхон аймгийн Ардчилсан намын хорооны хурлыг олонхийн ирцгүй хуралдуулж намын дотоод дүрэм журмыг зөрчиж нэр дэвшүүлэх ажиллагаа зохион байгуулж, хүчин төгөлдөр бус тогтоол шийдвэрийг гарган, хууль ёсоор нэр дэвшсэн 15 нэр дэвшигчийн материалыг тусад нь Сонгуулийн хороонд хууль бусаар нэр дэвшсэн 18 хүний материалын хамт 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг бүртгүүлэх хууль ёсны баримт бичиг очихоос өмнө Сонгуулийн хороонд өгсөн байсан. Тиймээс Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа нь намын даргаас олгосон итгэмжлэл, намын хорооноос өгсөн үүрэг болон хууль ёсны эрхийнхээ хүрээнд Сонгуулийн хороонд хүргүүлсэн баримт бичгээс хууль  ёсоор нэр дэвшсэн 15 нэр дэвшигчийн материалыг салган авч хууль ёсны баримт бичигтээ хавсарган Сонгуулийн хороонд албан ёсоор хүлээлгэн өгөхөөр бидний хэсэг төлөөлөгчдийн хамт мөн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр очсон.

Сонгуулийн хороонд Г.Батмөнх нарын хууль бус материал хүргүүлсэн, бидний хууль ёсны материал өгөхөөр очсон 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нь нэр дэвшигчдийн материалыг сонгуулийн хороонд хүргүүлэн бүртгүүлэх эцсийн өдөр байсан юм. Биднийг Сонгуулийн хорооны байранд ирэхэд үүдэнд бөөн хүмүүс цугласан байсан бөгөөд тэдгээр хүмүүс Сонгуулийн хорооны хаалга, үүдийг таглан зогсож, хүч хэрэглэн биднийг дотогш нэвтрүүлээгүй юм. Бид Сонгуулийн хорооны байранд нэвтрэн орж Г.Батмөнх нарын хууль бусаар хүргүүлсэн материалаас хууль ёсоор нэр дэвшсэн 15 нэр дэвшигчийн материалыг Сонгуулийн хороонд хүлээлгэн өгөхөөр 16 цаг 58 минут хүртэл хүлээсэн боловч Сонгуулийн хорооны байранд нэвтрэх боломж олдоогүй. Тиймээс бид арга ядаад Сонгуулийн хорооны цонхоор материалаа өгсөн юм. Улс орныг удирдаж байгаа улс төрийн намын хууль ёсны төлөөлөгчийг хэсэг бүлэг этгээд Сонгуулийн хорооны байранд хүч хэрэглэх замаар нэвтрүүлэхгүй Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан  иргэний сонгогдох эрхийг зөрчин, Сонгуулийн хорооны хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд санаатай саад хийж, Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж байхад Сонгуулийн хороо нь өөрөө ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд манай намын хууль ёсны төлөөлөгчид Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан нэр дэвшигчдийн материалыг “БИЕЧЛЭН”  ирүүлэх буюу хүлээлгэж өгөх хуулийн боломжийг олгоогүй, энэхүү хууль ёсны  шаардлагыг биелүүлэх тал дээр мөн ямар ч арга хэмжээ аваагүй нь “сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах” тухай Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй Сонгуулийн хорооны буруутай, хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. Орхон аймгийн Ардчилсан намаас 2 баримт, бичиг Сонгуулийн хороонд очсон нь Сонгуулийн тухай хуулийн  ямар ч зүйл, заалтыг зөрчөөгүй бөгөөд тухайн 2 баримт бичиг нь Ардчилсан намын нэрээр Сонгуулийн хороонд очсон Ардчилсан намын өмч юм. Тиймээс Орхон аймгийн Ардчилсан намын сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах хууль ёсны эрхтэй аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа нь аймгийн намын хорооноос гаргасан шийдвэрийн хүрээнд өөрийн намын өмч болох тухайн баримт бичгүүдийг хуулийн хугацаа дуусахаас өмнө нэгтгэн хууль ёсны баримт бичгээ бүрдүүлэн Сонгуулийн хороонд “БИЕЧЛЭН” хүлээлгэж өгөх эрхтэй.

Гэтэл сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах эрх, үүргийг хэрэгжүүлэх ёстой Орхон аймгийн Сонгуулийн хороо нь манай намын хууль ёсны итгэмжлэлтэй, эрх бүхий аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаад Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан нэр дэвшигчдийн материалыг “БИЕЧЛЭН” ирүүлэх хуулийн боломжийг олгоогүй бөгөөд хуульд заасан хугацаанд нэр дэвшигчдийнхээ материалыг хянан шалгаж “БИЕЧЛЭН” ирүүлэх хуулийн боломжийг олгоогүй бөгөөд хуульд заасан хугацаанд нэр дэвшигчдийнхээ материалыг хянан шалгаж “БИЕЧЛЭН” хүлээлгэж өгөх энэхүү боломжийг олгоогүй байж манай намаас хууль ёсоор нэр дэвшсэн нэр бүхий 15 нэр дэвшигчийг бүртгэх эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр орхиж, “15 нэр дэвшигчийн материалыг сонгох, сонгогдох эрхийг хөндөх эрх зүйн үндэслэл аймгийн Сонгуулийн хороонд байхгүй гэж үзэн хүлээн авах боломжгүйг мэдэгдье” гэсэн хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй 23 тоот албан бичгийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай намд ирүүлж, намын болон нэр дэвшигчдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн юм.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл:

1.Сонгуулийн тухай хуулийн 157, 158 дугаар зүйлд аймгийн Сонгуулийн хороо нь намаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаар “Нэр дэвшигчээр бүртгэх” буюу эсхүл “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах” тухай шийдвэр гаргахаар байгаа юм. Гэтэл аймгийн Сонгуулийн хороо Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр бүхий 15 нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д заасан “нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авсанаас хойш 5 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэсэн заалтыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй  юм.

2.Орхон аймгийн Сонгуулийн хороо нь хууль ёсны эрх бүхий аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдааг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар  зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан нэр дэвшигчдийн баримт бичгийг “БИЕЧЛЭН” хүлээлгэж өгөх боломжоор хангаагүй бөгөөд үүгээрээ “сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах” тухай Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчсөн.

3.Орхон аймгийн Сонгуулийн хороо нь Г.Батмөнх нарын хууль бусаар хүргүүлсэн материал болон Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаагийн хууль ёсоор  хүргүүлсэн баримт бичгүүдийг хүлээн авч хянан Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаагийн хүргүүлсэн баримт бичгийг хууль ёсных гэж үзсэн байдаг. Тэгсэн атлаа Г.Батмөнх нарын хууль бусаар хүргүүлсэн Ардчилсан намын өмч болох баримт бичгээс хууль ёсны нэр дэвшин, хуульд заасны дагуу баримт бичгээ бүрдүүлсэн нэр бүхий 15 нэр дэвшигчийн баримт бичгийг салган авч хууль ёсны баримт бичигтээ хавсаргах боломжийг Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаад олгоогүй. Үүгээрээ Орхон аймгийн Сонгуулийн хороо нь Ардчилсан намын нэр бүхий 15 нэр дэвшигчийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “сонгогдох” эрхийг зөрчсөн. Иймд 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 15 дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Ардчилсан намаас нэр бүхий 15 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү.”[1]

“Манай нам нь Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан 15 нэр дэвшигчийг хууль бусаар бүртгээгүй нь хууль бус болохыг тогтоож, 15 нэр дэвшигч болох Б.Мягмарсүрэн, Д.Доржпүрэв, Д.Баярмагнай, Р.Рагчаа, Д.Эрдэнэцогт, О.Балжинням, Ж.Ганчимэг, Х.Жаргаланбаатар, Т.Бямбажаргал, Д.Мөнх-Очир, Р.Цэрэндорж, Р.Улаанхүү, М.Болдбаатар, Г.Лхагвадорж, Х.Манлайбаатар нарыг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс дараахь байдлаар татгалзаж байна. Үүнд: 15 нэр дэвшигчийг 12 болгож, Б.Мягмарсүрэн, Р.Цэрэндорж, О.Балжинням нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна”[2]  гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлох баримтын хувьд шаардлагатай материалууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Сонгуулийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн  114.4-д “Сонгуулийн зохион байгуулалт, дотоод үйл ажиллагаатай холбоотой гаргасан өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл өргөдөл гаргагч дээд шатны сонгуулийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлнэ”  гээд заасан байгаа. Тиймээс нам нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байсан. Орхон аймгийн Ардчилсан нам материалуудаа хуульд заасан үндэслэлээр явуулсан гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д  зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах байсан. Тэгэхэд Сонгуулийн хороо С.Сувдаагийн гарын үсэгтэй 33 хүний материалаас 18 хүний нэрийг бүртгэсэн. Үлдсэн 15 хүнийг бүртгэх, бүртгэхгүй талаар шийдвэр гаргаагүй. Энэ эс үйлдэхүй нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтыг зөрчсөн. Энд 2 өөр нам байгаагүй. Нэг л  нам байсан. Г.Батмөнхийн өгсөн материалуудыг өөр материал гэж хэлж болохгүй. Г.Батмөнхийн явуулсан материал бол Ардчилсан намынх. Өөр намаас биш Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн. Мөн Г.Батмөнхийн материал дотор байсан Д.Баярмагнай, Р.Рагчаа, Д.Эрдэнэцогт, Ж.Ганчимэг, Х.Жаргаланбаатар, Т.Бямбажаргал, Д.Мөнх-Очир, Р.Улаанхүү, Т.Болдбаатар, Г.Лхагвадорж, Х.Манлайбаатар нар гэсэн 11 хүний материал С.Сувдаагийн өгсөн материал дотор ч гэсэн байгаа. Ийм байдал байхад нэг намаас хоёр материал ирсэн нэгийг нь авна нэгийг нь авахгүй гэсэн зүйл байхгүй. Энэ дээр Сонгуулийн хороо намыг төлөөлөх бүрэн эрхтэй хүний саналыг харгалзан үзэх ёстой байсан. Тэгэхэд юу зохион байгуулсан гэхээр Сонгуулийн хороо өөрөө хууль бус үйлдэл хийсэн гэдгээ мэдээд аль материалыг авах нь зөв вэ? гээд хурал хийсэн байдаг. Аймгийн Сонгуулийн хороо хурал хийж олонхийн санал авдаг эрхгүй байгууллага. Зөвхөн хуулийг л дагаж мөрдөх ёстой. Тэр санал хураалт дээр Сонгуулийн хорооны гишүүд Ардчилсан намыг сонгуульд оруулахгүй байх хүсэл эрмэлзэлтэй байсан. Тиймээс 33 нэр дэвшигч биш 18 нэр дэвшигчийг бүртгэж, Ардчилсан намаас цөөн хүн сонгуульд оролцуулсан. Тиймээс Орхон аймгийн Ардчилсан намаас 33 хүн нэр дэвшиж сонгуульд оролцох байсан 18 хүн орсон юм. Мөн Сонгуулийн хороо хуулинд зааснаар асуудлаа шийдэх байтал олонхийн саналаар шийдвэрлэх нэрийн доор  С.Сувдаа, Г.Батмөнх нарыг хооронд нь эвлэрүүлэх арга хэмжээ авах талаар уулзуулсан. Сонгуулийн хороо ийм арга хэмжээ авдаг байгууллага биш. Сонгуулийн тухай хуулинд ийм зүйл огт байхгүй. Сонгуулийн хороо нөгөө намын маргааныг улам даамжруулсан. С.Сувдаа гэдэг хүн төлөөлөх эрхтэй гэдгийг мэдээд байсан юм бол С.Сувдаагийн өгсөн нэрсийн дагуу материалуудыг нь үзээд бүртгэхийг нь бүртгээд бүртгэхгүйг нь бүртгэхгүй гэх байсан боловч энэ талаар бүртгээгүй гэсэн баримт шийдвэр байхгүй. Эдгээр хүмүүсийг бүртгээгүйн үр дагавар нь юу гэхээр бүртгээгүй хүмүүс сонгуульд оролцож чадаагүй. Орхон аймгийн Ардчилсан нам 33 мандаттай 22 тойрогт бүх хүмүүсээ бүртгүүлэх байсан. Ийм байдал нь сонгуулийн дүн буруу гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Тиймээс намын сонгуульд оролцох эрх зөрчигдсөн нь хэвээр байгаа.” гэв.

Хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон тус хорооны дарга Г.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Сонгуулийн хороонд Ардчилсан намаас Г.Батмөнх гэсэн гарын үсэгтэй 33 нэр дэвшигчийн баримт бичиг, С.Сувдаагийн гарын үсэг бүхий 18 нэр дэвшигчийн баримт бичиг буюу нийт 66 нэр дэвшигчийн жагсаалт, 51 нэр дэвшигчийн баримт бичиг ирсэн нь Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заагдсан шаардлага хангахгүй байсан учир төв Ардчилсан намаас нь тодруулга авах зорилгоор албан бичиг явуулсан. Мөн Г.Батмөнх, С.Сувдаа нарт хуульд заасан шаардлагын дагуу баримт бичгээ ирүүлэхийг мэдэгдэн албан бичиг өгч, удаа дараа утсаар холбогдон аймгийн Сонгуулийн хороонд уулзуулж, Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийг тайлбарлаж өгсөн. ...Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Содномцэрэнтэй холбогдоход “итгэмжлэлээ барь” гэсэн хариу өгсөн. Мөн Сонгуулийн Ерөнхий хорооны Энхбаатартай холбогдоход Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6-д заасны дагуу итгэмжлэл хүчин төгөлдөр байна гэсэн зөвлөгөө өгсөн. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн орой 21:48 цагт Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19 тоот “Тамга хүчингүй болгох тухай” албан бичиг, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 20 тоот албан бичгийг ирүүлсэн. ...2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 20 тоот албан бичигт Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18 тоот албан бичгээр хүргүүлсэн тодруулгын 1-р хавсралтад байгаа 33 нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас 18 нэр дэвшигчийн бичиг баримтыг бүртгэж өгөхийг хүссэн байсан. Аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн Ерөнхий хорооноос өгсөн чиглэл болон 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1/37 тоот Ардчилсан намын дарга З.Энхболдын С.Сувдаад өгсөн итгэмжлэл, уг итгэмжлэлээр 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/13 дугаартай Орхон аймгийн Ардчилсан намын дарга М.Батчимэгт олгосон итгэмжлэлийг цуцалсан талаарх уг албан бичгийн 2 дугаар заалт, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19 тоот “Тамга хүчингүй болгох тухай” тушаал, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 20 тоот Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаагийн 33 нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас 18 нэр дэвшигчийн баримт бичгийг бүртгэж өгөхийг хүссэн албан бичгийг үндэслэн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаагийн гарын үсэг бүхий бичгээр ирсэн нэр дэвшигч 18 хүний баримт бичгийг бүртгэж, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо хуралдаж тогтоол гаргасан болно.”[3]

“...Бусад 15 нэр дэвшигчийн нэрийн жагсаалт байгаа боловч нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлээгүй байсан. Тийм учраас үлдсэн 15 нэр дэвшигчийг бүртгэх үндэслэл байхгүй. Г.Батмөнхийн гарын үсэг бүхий материалыг аймгийн Сонгуулийн хороо авахгүй гэж шийдвэрлэсэн учраас тэр материалаас эдгээр 15 хүний баримт бичгийг авах боломжгүй байсан. Аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтыг баримтлан 18 нэр дэвшигч дээр шийдвэр гаргасан. Харин материалаа ирүүлээгүй 15 хүний асуудлыг хэлэлцээгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Орхон аймгийн Сонгуулийн хороо хуулийн дагуу ажилласан гэж бодож байна. Захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй гэж үзэж байгаа” гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нь “Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдааг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай” гэж, хариуцагч Г.Батдэлгэр “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдааг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой” гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. Учир нь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаад 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 28 минутад түүний 99352915 дугаар утсаар холбогдож мэдэгдсэн боловч тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан болно.

Дараагийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаад мэдэгдэхээр 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр түүний 99352915 дугаарын утсаар холбогдоход утас нь холбогдох боломжгүй байсан, шүүх хуралдааны товыг түүний хаягаар хүргүүлсэн боловч “С.Сувдаагийн утас нь холбогдохгүй гадаадад байгаа тул буцаав” гэсэн хариу ирсэн, тус шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдааг шүүх хуралдаанд оролцуулах эсхүл өөр төлөөлөгч томилж оролцуулах асуудлыг шийдвэрлэх талаар Орхон аймгийн Ардчилсан намд албан бичгээр мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй бөгөөд С.Сувдаад шүүх хуралдааны товыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 16 минутад түүний 99352915 дугаарын утсаар холбогдож мэдэгдэхэд “ойлголоо” гэсэн хариу өгсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй, уг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцож байгаа, хариуцагч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан, нэхэмжлэгч Ардчилсан нам болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа нь итгэмжлэлээс татгалзсан зүйл байхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 12 нэр дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр бүхий 12 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Орхон аймгийн Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 22 тойргийн 33 мандатад С.Сувдаагийн гарын үсэг бүхий албан бичгээр 33 нэр дэвшигч, Г.Батмөнх гэсэн гарын үсэгтэй 33 хүний нэрийг тус тус дэвшүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 /Нам тухайн орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлнэ/, 155.2 /Нам нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн хурлын сонгуулийн тойрог тус бүрт ногдсон мандатын тоотой адил тооны хүнийг нэр зааж нэр дэвшүүлэн, нийт нэр дэвшигчийг тойргийн дугаарын дагуу дугаарласан байна/, 155.3 /Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ/ дахь заалтуудыг зөрчиж, нэг намаас тухайн орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тооноос илүү буюу тус бүр 33, нийт 66 хүнийг нэрийг дэвшүүлсэн нэрийн жагсаалт, нийт 51 хүний баримт бичгийг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн байна.

Орхон аймгийн Сонгуулийн хороо нь Ардчилсан намын дарга З.Энхболдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1/37 дугаартай албан бичгээр Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаад олгосон итгэмжлэлийг үндэслэн Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаар “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоолоор С.Сувдаагийн гарын үсэг бүхий 33 нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас 18 нэр дэвшигчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, үлдсэн 15 нэр дэвшигчийг бүртгээгүй байна.

Орхон аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Батдэлгэр нь “18 нэр дэвшигчийн баримт бичиг бүрэн байсан учраас бүртгэж, бусад 15 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлээгүй байсан учраас хэлэлцээгүй” гэж тайлбарлаж байгаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нь “Г.Батмөнхийн өгсөн материалд энэ 15 хүний материал байсан. Үүнийг авч бүртгэх боломжтой байтал бүртгэх эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь хууль бус” гэж тус тус тайлбарлаж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн нам нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 /Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараахь баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ/-т зааснаар холбогдох баримт бичгийг тухайн шатны Сонгуулийн хороонд биечлэн ирүүлэхээр заасан байх ба  Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа нь тухайн үед нэр дэвшигч 15 хүний баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй тул 15 нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргаагүй аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. 

Ардчилсан нам нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэж, нэгдсэн нэг шийдэлд хүрч чадалгүй, уг асуудлыг хоёр тусдаа хэлэлцэж, тус бүр 33 хүний нэрийг дэвшүүлж, нэр дэвшигчийн баримт бичгийг хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй, тухайн шийдвэр гаргах үед аймгийн Сонгуулийн хороо нөгөө материалаас дутуу материалыг нөхөж авч нэр дэвшигчийг бүртгэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

 Орхон аймгийн Сонгуулийн хороо нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх баримт бичгээ ирүүлээгүй гэж үзэж нэр дэвшигч 15 хүнийг бүртгээгүй атлаа Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д зааснаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй орхигдуулсан байна. Гэхдээ энэ нь тухайн нэр дэвшигч 15 хүнийг бүртгэхийг даалгах үндэслэл болохгүй болно.

Орхон аймгийн Сонгуулийн хороо нь хууль зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагад заасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч 12 /Д.Доржпүрэв, Д.Баярмагнай, Р.Рагчаа, Д.Эрдэнэцогт, Ж.Ганчимэг, Х.Жаргаланбаатар, Т.Бямбажаргал, Д.Мөнх-Очир, Р.Улаанхүү, М.Болдбаатар, Г.Лхагвадорж, Х.Манлайбаатар/ хүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах үндэслэлгүй байна.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалаар Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсэг болон 6 дугаар хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Батмөнхийн гарын үсэг бүхий нэр дэвшигч 33 нэр дэвшигчээс 29 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шийдвэрлэхдээ Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаад 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1/37 дугаартай итгэмжлэл олгосон байхад 2016 оны 5 дугаар сарын 09-ны өдөр Ардчилсан намын хороо хурал хийж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг гаргасан нь албан ёсны итгэмжлэлгүйгээр, итгэмжлэл олгоогүй байхад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулсан гэж дүгнэжээ.

Үүнээс дүгнэвэл уг маргаан бүхий хэргийн үйл баримтын талаар дээрх шүүхийн шийдвэрүүдэд дүгнэлт хийсэн байх бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон, мөн С.Сувдаагийн гарын үсэг бүхий нэр дэвшигчдээс 18 нэр дэвшигчийг бүртгэсэн Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаар тогтоолын Ардчилсан намд холбогдох хэсгийг хүчингүй болгосон, С.Сувдаа нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах эрхгүй байсан зэргээс дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 12 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Нэхэмжлэгч нь Б.Мягмарсүрэн, О.Балжинням, Р.Цэрэндорж нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлээс сайн дурын үндсэн дээр татгалзсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2, 155.3, 157 дугаар зүйлийн 157.2 дахь заалтуудыг баримтлан Ардчилсан намын Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 12 нэр дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр бүхий 12 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг баримтлан Ардчилсан намын Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс “Р.Цэрэндорж, О.Балжинням, Б.Мягмарсүрэн нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, энэхүү шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан Ардчилсан намын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ

                  ШҮҮГЧИД                                              Б.МӨНХЖАРГАЛ

                                                                      Д.БҮРНЭЭ

                                                                                                           

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 1-3 дугаар хуудас: Ардчилсан намын шүүхэд гаргасан нэхэмжлэл

[2] Хэргийн 1-р хавтас, 153 дугаар хуудас: Ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзах тухай тайлбар

[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 71-72 дугаар хуудас: Орхон аймгийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн тайлбар