Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 395

 

                                                                                                                                     

                                                                    

 

 

 

 

 

 

 

             С.Булгантамир, Н.Баатархүү нарт

             холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Алтантүлхүүр,

Хохирогч Ч.Есөнзаяа,

Ялтан С.Булгантамир, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл,  

Ялтан Н.Баатархүү, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,  

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Б.Халиун, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Булгантамир, Н.Баатархүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Булгантамир, Н.Баатархүү нарт холбогдох эрүүгийн 2014250003201 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Боржигон овогт Сүхбаатарын Булгантамир, 1986 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сум, 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэх газар оршин суух бүртгэлтэй,

 

          2003 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

          2003 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлсэн,

          2008 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн,

          2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэж, 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 9 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан, /РД: АЮ86112279/,   

 

          Азар овогт Найдангийн Баатархүү, 1967 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сум, 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: СЮ67041013/,

 

          С.Булгантамир нь Н.Баатархүүтэй бүлэглэн, хүчингийн гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Далан давхар оршуулгын газарт хохирогч Ч.Есөнзаяад хүч хэрэглэж хурьцал үйлдэн хүчиндсэн,

          Н.Баатархүү нь С.Булгантамиртай бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, далан давхар оршуулгын газарт хохирогч Ч.Есөнзаяад хүч хэрэглэж хурьцал үйлдэн хүчиндсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: С.Булгантамир, Н.Баатархүү нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.6 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос шүүгдэгч Н.Баатархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, С.Булгантамирт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулж 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар С.Булгантамирын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, С.Булгантамир, Н.Баатархүү нарыг бүлэглэж, хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар С.Булгантамирыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Баатархүүг мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, С.Булгантамирт оногдуулсан 6 жилийн хугацаагаар, Н.Баатархүүд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар С.Булгантамирын цагдан хоригдсон 326 хоног, Н.Баатархүүгийн цагдан хоригдсон 326 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар 3.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн С.Булгантамираас 1.750.000 төгрөгийг, Н.Баатархүүгээс 1.750.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, С.Булгантамир, Н.Баатархүү нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, эдлэх ялыг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан С.Булгантамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…429 дугаартай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, тус хэрэг гардаг өдөр миний бие Дэнжийн мянгад байрлах “Өнжүүл” нэртэй пабад тавуулаа сууж байгаад Жаргалнэмэх ахтай цуг өөрийн ээж Мөнгөнжаргалаас очиж мөнгө авахаар явах гэхэд машинд унтаж байсан Баатархүү сэрээд гурвуулаа цуг явж байх үед гудамжинд хохирогч Есөнзаяа нь үс нь сэгсийсэн, гуталгүй, цүнх нь хажууд нь байсан ба хувцас нь шороо тоос болсон, нүүрэндээ хүнд зодуулсан байдалтай, шал согтуу хэвтэж байсныг Баатархүү ах хараад намайг “зогсож бай, ах нь энэ хүүхэнтэй уулзаад ирье” гэж буугаад төд удалгүй хохирогч Есөнзаяаг сугадаж ирээд арын суудалд суулгаад өөрөө хажууд нь суусан. Миний хажууд урд талын суудалд сууж явсан. Жаргалнэмэх ах бид хоёр хохирогчоос “гэр чинь хаана вэ, хүргээд өгье” гэхэд “би харихгүй, нөхөртэйгээ хэрэлдсэн, нөхөр намайг зоддог юм, би архи л уумаар байна” гэсэн. Тэгээд уулан дээр гараад овооны хажууд Баатархүү, Жаргалнэмэх ах, хохирогч Есөнзаяа гурав 1 шил архи хувааж ууж байх хооронд миний утас дуугарч Баясаа гэдэг найз охин маань залгаж намайг “хаана байна, хороололд хүрээд ирээч, уулзъя” гэхээр нь би Жаргалнэмэх ахыг дуудаж машинаас буулгаад “Баясаа ярьж байна, хоёулаа очих уу” гэж асуугаад эргээд хартал Баатархүү, Есөнзаяаг дараад хэвтчихсэн байж байсан. Түүнийг харсан Жаргалнэмэх ах “Булгаа наад хүн чинь юу хийгээд байна, балай юм аа, хоёулаа явъя, наад хоёр чинь өөрсдөө учраа олог” гээд намайг татахаар нь “та явж бай, энэ хоёроос машинаа салгаж аваад хоёулаа хорооллын эцэст Баясаатай очиж уулзъя” гээд үлдсэн. Тэгээд машинд орж Баатархүүг “та боль” гээд Есөнзаяаг өөрийн хажууд суудалд суулгаад хувцсыг нь өмсгөөд уулнаас уруудаж яваад машин том чулуунд урд тэнхлэгээрээ тээглэж зогссон, би машинаа гаргах гээд үзэж байхад Есөнзаяа, Баатархүү хоёр шорон ярьж байхаар нь би “наад яриагаа боль, машинаа гаргаж авмаар байна” гээд машинтайгаа ноцолдож байхад хохирогч Есөнзаяа надад хандаж “тариа хийгээд өгөөч” гэж хэлсэн, би “юун тариа юм бэ” гэхэд “миний цагаан мах эргэчихсэн юм аа, санаа зоволтгүй” гэсэн. Би тариа хийж өгчихөөд тариа хийлгэсэн хүн доороосоо даарч болдоггүй юм гээд хөлийг нь өөрийнхөө гэдсэнд нааж дулаацуулсан. Энэ хооронд хохирогч надад хандан “танай энэ ах чинь намайг ядаж буудалд аваад орчихгүй дээ гээд ус уумаар байна, чи ус аваад ирээч” гэсэн. Тэгээд би доошоо бууж замын цаана машин угааж байсан ах, эгч хоёроос ус гуйж, бас хашаанаас нь богино мод гуйж авч ирээд машинаа гаргах гэж үзээд гаргаж чадалгүй, өөр машин олж ирэхээр явсан. Тэр үед 17 цаг болж байсан ба ахын хүүхдүүд нь сургуулиасаа тарж байсан болохоор би урдаас нь тосож аваад өөрийн ах Отгонбаярынд ирээд хоол идээд сууж байхад цагдаа нар орж ирээд намайг авч явсан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр намайг хүн хүчиндсэн гэж баахан зодож, архи уугаагүй байхад эрүүлжүүлэхэд хонуулсан. Өглөө нь баахан бичиг цаасан дээр гарын үсэг зуруулсан ба тэр нь сүүлд миний анхны мэдүүлэг байсан гэдгийг мэдсэн. Иймд хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Зөрүүтэй байдлуудыг дор дурдвал: 1. Хохирогчоос илэрсэн эр бэлгийн эсийг хэнийх вэ гэдгийг тогтоолгохоор удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч мөрдөн байцаагч техник хэрэгсэл эвдэрсэн, тогтоох боломжгүй гэж хэлсэн. Шүүх хурал дээр шүүгч асуухад шинжээч эмч А.Амгаланболд “эр бэлгийн эсийг тогтоох бүрэн боломжтой, техник хэрэгсэл засагдсан тохиолдолд” гэж хариулдаг.

2. Хохирогч Есөнзаяа нь анх өгсөн мэдүүлэгтээ “ажлынхантайгаа 1 шил архи, хоёр хоёр пиво уусан” гэж мэдүүлдэг ба сүүлийн мэдүүлгүүд дээрээ “огт архи уугаагүй, эрүүл байсан” мэтээр худал мэдүүлэг өгдөг. Мөн архи ууж ухаангүй болсон байсан хүн “машинд хаанаас яаж суусан, хаана хүрсэн, гэдсэн дээр дур тавиад алчуураар арчаад машины хаа нэгтээ хаясан, хаана хаясаныг мэдэхгүй байна” гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Мөн уулын орой дээрээс уулын бэлд байгаа хүний нас, өмсөж байсан хувцсаар нь ялгаж хэлсэн, бас цагийн зөрүү гардаг нь мөрдөн байцаагч, прокурор нар албан тушаалаа ашиглан хэт нэг талыг барьж, яллах талаас нь шалгасан гэж үзэж байна. Би гэрч нарыг ирэхээс өмнө явсан ба Баатархүүтэй хамт яваагүй байхад гэрч Ч.Хишигбаяр 18 цагт, М.Алтангүл 19 цагт, Б.Эрдэнэболд 19 цагт гэж тус тус мэдүүлсэн байдаг. Би энэ цаг үед ах Отгонбаярынд ирсэн болохоор энэ бүгдийг шалгуулах хүсэлтэй гэдгээ хэлсэн боловч шалгаж өгөөгүй.

3. Чингэлтэй дүүргийн прокурор Алтантүлхүүр хэт нэг талыг барьж байна. Өөрийн дутуу ажиллагааг хаацайлах зорилгоор улайрч, ял тулгаж ажилласанд гомдолтой байна. Жаргалнэмэх гэдэг гэрч гаргах гэж удаа дараа хэлсэн боловч тэр хүнийг чинь би хэрэг нуун далдалсан гэж ял өгнө гэж айлгаж сүрдүүлсэн.

Мөн хохирол болох 3.500.000 төгрөгийг бид хоёр хүлээн зөвшөөрөхгүй байна. Унаж явсан машин байсаар байтал битүүмжлээгүй. Мөрдөн байцаагч биеийн амрыг хайж худлаа эрэн сурвалжилж, олдохгүй байна гээд орхисон. Мөн миний ар гэрийнхнээс 80.000 төгрөг өгөхгүй бол эргэлтийн бичиг өгөхгүй гэж хэлэн үнэлгээ тогтоосон байгаа. Тэр машин одоог хүртэл Дарь-Эхийн тэнд хашаанд байсаар байхад хурааж аваагүй, очоогүй байдаг. Мөн шүүхийн нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн шийтгэх тогтоолыг буруу бичин, урд хойно нь оруулж, хэлсэн бүгдийг дутуу бичиж, хүний эрхийг зөрчиж байна. …хэргийг үнэн зөвөөр шийдэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.       

Ялтан Н.Баатархүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Н.Баатархүү миний бие …шүүхийн 429 дүгээр тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэл байхгүй. Хохирогч гэх Есөнзаяа болон шүүгдэгч Булгантамир нар худал мэдүүлэг өгч энэ хэрэгт холбогдуулсан. Мөрдөн байцаагчид би “хөндлөнгийн гэрч байгаа, тэр гэрч болсон бүх явдлыг мэднэ, тийм болохоор тэр хүнээс байцаалт авах хэрэгтэй” гэж удаа дараа хэлсэн боловч тэр гэрчийг асуугаагүй, асуухыг хүсээгүй. Зөвхөн хохирогч гэх Есөнзаяа болон түүний ах дүү нарын өгсөн худал мэдүүлгүүдийг үндэслэн хэт нэг талыг барьж үндэслэл муутай байцаалт авсан гэж үзэж байна. Иймд Жаргалнэмэхийг байцаалгахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэж үзэж байна. Энэ гэрч Жаргалнэмэх нь тухайн үеийн болсон бүх үйл явдлыг мэдэх хүн юм. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5010 тоот акт, дүгнэлтээр хохирогч гэх Есөнзаяагаас эр бэлгийн эс илэрсэн ба тэр эсийг хэнийх вэ гэдгийг техник хэрэгсэл эвдэрсэн үндэслэлээр тогтоох боломжгүй болсон. Шүүх хуралдаан дээр шинжээч эмч А.Амгаланболдоос энэ талаар асуухад “техник хэрэгсэл засагдсан тохиолдолд эсийг хэнийх вэ гэдгийг тогтоох бүрэн боломжтой” гэж хариулсан. Өдий хүртэл 1 жилийн хугацаа өнгөрсөн тул техник хэрэгсэл засагдсан гэж үзэж байна. Иймд миний бие ахин шинжилгээнд хамрагдаж хохирогч гэх Есөнзаяагаас илэрсэн эр бэлгийн эсийг хэний эс болохыг тогтоолгох хүсэлтэй байгаа бөгөөд хэргийг шийдвэрлэхэд шударга болно гэж үзэж байна. Хохирогч гэх Есөнзаяа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн ба гэрч байгаагүй гэж худал хэлдэг. Бүхэл бүтэн нэг хүн байсныг хараагүй, үзээгүй байх боломжгүй тул түүнийг шалгуулах хүсэлтэй байна.

Н.Баатархүү миний бие 2011 оноос түрүү булчирхайн ткростатик гэдэг оноштой өдийг хүртэл эмчлүүлж явдаг. Өвчнөө эмчлүүлж байсан түүх, өвчний карт байдаг ба 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн анхан шатны байцаалтад “ийм өвчинтэй би секс хийх боломжгүй” гэж хэлж эмнэлэгт үзүүлэхийг хүссэн боловч 2015 оны 7 дугаар сарын 5-нд шинжилгээнд хамрагдаж, 2015 оны 8 дугаар сарын 19-нд “Н.Баатархүү нь хурьцал үйлдэх чадваргүй байна, эмнэлгийн бичиг баримт ирээгүй тул хурьцал үйлдэх чадвараа хэдийд алдсаныг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гэтэл шинжээч эмч А.Амгаланболд нь үзээд Н.Баатархүүд үзлэг хийхэд артерийн даралт 120, судасны цохилт 71 байна, бэлэг эрхтэнд массаж хийсний дараа 83 болж олширсон байна. Иймд бэлэг эрхтэн хөвчрөх магадлалтай гэж өмнөх дүгнэлтийг үндэслэл муутай гэж үгүйсгэсэн. Иймд дахин шинжилгээнд хамрагдах хүсэлтэй байна. Мөрдөн байцаагч, прокурор нь гэрчийнхээ нэрийг хэл гэсэн атлаа Булгантамирыг гэрчээ гаргаж өгөх гэхэд нь тэр хүнийг чинь хэрэгт холбогдуулна гэж айлгаж дарамталсан байдаг.

Надад хохирогч гэх Есөнзаяагийн биед хүрэх, зодох, секс хийх боломж байгаагүй. Би тэр үед гарынхаа хурууг хугалж, толгой, хөл гэмтэл авсан болохоор явж чадахгүй хэвтэж байсан. Хэрвээ секс хийсэн бол тохиролцсон, ямар ч зодоон гараагүй гэдгийг удаа дараа хэлдэг …Булгантамир намайг “Машинаа гаргая, босоод ир” гээд надад хэлсэн боловч би “босож чадахгүй байна” гэж хэлсэн …Хохирогч гэх Есөнзаяа болон түүний ах дүү, найз нөхөд нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ худлаа ярьдаг. Би замын хажууд айлд орж жаахан гайгүй болж байгаад явсан. Тэр айлын хүмүүс гэрчилнэ. Мөн түрүү булчирхайн өвчин минь сэдэрч Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 4 удаа хэвтэж эмчлүүлсэн боловч энд эмчлэгдэхгүй гэж хэлсэн. Энд ямар өвчтэй 40 хоног хэвтсэн тухай өвчний түүхээ хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Энэ байдлыг харгалзан үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Ялтан С.Булгантамирын өмгөөлөгч Б.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Булгантамирын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэхүү хэрэгт хохирогчийн мэдүүлгийг гол нотлох баримт болгож, мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэгийн талыг барьж явуулсан. Мөн хэргийн газрыг үзлэгийг хийхдээ ач холбогдолтой талаас нь биш бодит байдлыг тогтоолгүйгээр дутуу хийсэн харагддаг. Хохирогч “эрүүл байсан”, “согтуу байсан” гэх мэтээр зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байдаг. Гэрч Жаргалнэмэхийн талаар хохирогч Ч.Есөнзаяа яагаад мэдүүлээгүй гэдэг нь эргэлзээтэй бөгөөд хохирогч Ч.Есөнзаяа тухайн хэрэг болсон өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас санахгүй эсхүл тохиролцож секс хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Дараа нь өөрийн ар гэрийнхнээсээ нуух зорилгоор худал мэдүүлэг өгсөн байх үндэслэлтэй. Иймд энэ талаар дахин шалгах шаардлагатай. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Есөнзаяагийн үтрээнээс авсан арчдасаас эр бэлгийн эс илэрсэн нь тогтоогддог. Үүнийг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд орсон шинжээч эмч Ариунболд “эр бэлгийн эсэнд хэмжилт хийж болно. Гэхдээ хэмжилт хийдэг төхөөрөмж нь одоогоор эвдэрсэн учраас тогтоох боломжгүй” гэсэн. Иймд нэмж шинжилгээ хийх шаардлагатай учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Ялтан Н.Баатархүүгийн өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтны гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тусгайлан гаргах тайлбаргүй” гэв.

Хохирогч Ч.Есөнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг хүчиндсэн нь үнэн боловч би одоо гомдол саналгүй” гэв.

Прокурор Н.Алтантүлхүүр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолж тогтоосон. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй байгаа учраас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх хуралдааны явцад ялтан С.Булгантамирын ялтай байх хугацаа болон 2 удаа бусдыг хүчиндсэн үйлдэл нь үргэлжилсэн үйлдэлтэй давтан гэмт хэрэг байна гэж үзсэн. Ингээд ялтан С.Булгантамирын ялтай байх хугацааг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс “түүний үйлдлийг давтан гэмт хэрэг” гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь заалтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.Булгантамир, Н.Баатархүү нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Прокуророос С.Булгантамир, Н.Баатархүү нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.6 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүхээс Н.Баатархүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон атлаа С.Булгантамирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх С.Булгантамирын урьд шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялгүйд тооцох хугацаанаас үлдсэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч ингэснээр түүний “давтан үйлдлээр, бусдыг хүч хэрэглэн хүчиндсэн” гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон гэж үзэхгүй ба сүүлд үйлдсэн гэмт хэргийг давтан үйлдсэн эсэхэд шүүх тусад нь үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Булгантамир, Н.Баатархүү нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Булгантамир, Н.Баатархүү нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл С.Булгантамир, Н.Баатархүү нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ