Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 492

 

Д.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр магадлалтай, Д.О од холбогдох эрүүгийн хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2016 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн хорих ялыг хасч байсан,

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар  3 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Ж овогт Д-ын О үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт холбогдож шүүх дараах байдлаар шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Д.О ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын  прокурор В.Дэлгэрмаа бичсэн дүгнэлтдээ “...Яллагдагч Д.О  нь 2017 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Гэгээн шавь 6 дугаар багийн .........тоотод оршин суух иргэн Ш.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 530,000 төгрөгийн хохирол,

2017 оны 09 дүгээр сарын 22-25-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Эрдэнэмандал 2 дугаар багийн ........ тоотод оршин суух Б.А-ын хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1,472,000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоол гарахын өмнө дээрх гэмт хэргүүд үйлдэгдсэн байна.

Иймд яллагдагч Д.О  нь нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэх нөхцөл байдал тогтоогдож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулсан хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал” шинээр илэрсэн тул Баянхонгор аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 40 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэгтгэж прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.О  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож одоо хорих ял эдэлж байгаа. Хорих ялаа эдэлж байх хугацаанд түүний өмнөх 2 удаагийн хулгайн үйлдэл, мөн бусдын биед хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан үйлдлүүд нь илэрсэн. 18 хавтаст хэргээс Д.О ын үйлдлийг тусгаарлаж эрүүгийн 170100770095 дугаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэх саналтай бөгөөд Д.О ын өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлт бичсэн хэдий ч Д.О од холбогдох хэргийн зүйчлэл өөрчлөгдөхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймагт дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Д.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнийг 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус хэргийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд уг магадлалд оролцогч нараас гомдол гаргаагүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Ялтан Д.О  нь дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө буюу 2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт шалгагдаж, прокуророос энэхүү 2 удаагийн үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрүүдтэй хэргийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргүүдийг нэгтгэх саналтайгаар дүгнэлт бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан бөгөөд Д.О-д холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох хуульд заасан шинэ нөхцөл байдалд хамаарах үндэслэл прокурорын дүгнэлтэд огт тусгагдаагүй байна.

Прокурор шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “... хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж дурдсан боловч уг заалтад хамаарах нөхцөл байдал шүүх хуралдаанаар тогтоогдоогүйн дээр ялтан Д.О ын сүүлд илэрсэн гэх үйлдлүүдэд нь гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар...” хэд хэдэн шийтгэх тогтоолын ялуудыг нэмж нэгтгэх боломжтой юм.

Тодруулбал, Д.О ын ял шийтгүүлсэн болон одоо шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг нэгтгэснээр түүний урьд ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх байдлаар өөрчлөлт орох үндэслэл тогтоогдохгүй байх тул шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгуулах тухай Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгуулах тухай Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Д.О-д холбогдох эрүүгийн хэргүүдийг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН