| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2024/00426/И |
| Дугаар | 313/ШШ2025/00105 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 313/ШШ2025/00105
2025 оны 03 сарын 14 өдөр Дугаар 313/ШШ2025/00105 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ******* даргалж, *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, Дундсайхан Хийд 1 гудамж, 5 тоот
Хариуцагч: *******, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг "Нутгийн удирдлагын ордон"
557 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр, иргэдийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь Өмнөговь аймгийн Засан даргын тамгын газарт холбогдуулан барилгад учирсан хохирол 557 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаа тодорхойлсон.
******* би Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Ерөөл төвийн 1 давхар тоотод байрлах 114,4 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг.
2024 оны 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Ерөөл төвийн гадна, зүүн ханын дагуу дулааны шугам сайжруулах ажлыг “Нэкстстандарт” ХХК хийж гүйцэтгэсэн.
Манай барилгын зүүн хана дагуу маш ойрхон зайд, бороо чийгшил ихтэй үед шуудуу ухсанаас шалтгаалан барилгын суурь хэсгийн хөрсөнд суулт болж улмаар барилгын суурь (хундам) хагарч гэмтсэн. Барилгын суурь хагарсан тул барилгын зүүн хананд их хэмжээний хагарал үүсэж тухайн барилгыг ахин ашиглах, засварлах боломжгүй болсон. Мэргэжлийн хүнээс асуухад энэ хагарал цуурлыг засварлах, цаашид барилгыг ашиглах боломжгүй гэж хэлсэн. Тухайн барилгад түрээсийн гэрээний дагуу хувиараа худалдаа эрхлэгчид байрлан үйл ажиллагаагаа явуулж байсан. Тэдэнтэй байгуулсан түрээсийн гэрээгээ цуцлан барилгыг чөлөөлөөд байгаа.
“Нэкстстандарт” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын боловсруулсан ажлын даалгаврын дагуу ажил гүйцэтгэж байсан байна.
Иймд ******* миний өмчид учирсан хохирлыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцах ёстой гэж үзэж байна.
Миний өмчлөлийн 114.4 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 457 600 000 төгрөгийн зах зээлийн үнэтэй. Худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 1м2 тутмыг 4 000 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ нь Даланзадгад сум дахь энэ төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн хамгийн бага үнэ ханш юм. Одоо байгаа барилгаа нурааж газраа хэвийн ашиглах боломжтой болохын тулд барилгыг нурааж зөөвөрлөх шаардлагатай. Барилгыг аюулгүйгээр нурааж зөөвөрлөн газрыг цэвэрлэх ажлын зардал 100 000 000 төгрөг болно.
Иймд ******* миний өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Ерөөл төвийн 1 давхар тоотод байрлах 114.4 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай барилгад учирсан хохиролд нийт 557 600 000 гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
2024 оны орон нутгийн төсөвт сумын төвийн дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээг өргөтгөж, шинээр барих /Даланзадгад сум, дулааны цахилгаан станцын ДДТ-2, 3, 4-н засвар шинэчлэл/ ажилд зориулан төсөв батлагдсаны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулж, тендерт ялагч болсон “Нэкст стандарт” ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сумын төвийн дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээг өргөтгөж, шинээр барих ажил /Даланзадгад сум, дулааны цахилгаан станцын ДДТ-2, 3, 4-н засвар шинэчлэл/-ын ӨМАХААГ/20240101554 дугаартай, 972 381 364 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.
Дээрх ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд нэхэмжлэгч иргэний өмчлөлийн гэх барилгын орчны инженерийн шугам сүлжээг шинэчлэх явдал байсан бөгөөд хуучин шугам сүлжээ нь тухайн барилгад хэт ойрхон байсны улмаас ажил гүйцэтгэх гэрээний 1.10-т заасан “...ажлыг гүйцэтгэх явцад зураг төсөвт зайлшгүй өөрчлөл хийх шаардлагатай гэж үзвэл төсөв зохиогч болон захиалагчтай зөвшилцөж шийдвэрлэсний үндсэн дээр ажлыг үргэлжлүүлнэ” гэсний дагуу барилгад ойр хуучин шугамыг хэвээр үлдээж, уг барилгад нөлөө үзүүлэхгүй зайнд шинэ шугам тавих ажлыг гүйцэтгүүлсэн.
Бид гүйцэтгэгч байгууллагатай дээрх байдлаар зөвшилцөн барилгад ойрхон байрлах хуучин шугамыг хэвээр үлдээж, уг барилгаас хол зайнд шугам сүлжээг шинээр тавих ажлыг гүйцэтгүүлсэн тул манай байгууллагын захиалгын үндсэн дээр хийгдсэн ажлаас шалтгаалан нэхэмжлэгч иргэний барилгад гэмтэл учирсан гэж үзэхгүй байна. Мөн *******нь 138 м2 газрын эзэмших эрхийг олж авсан байдаг. 2019, 2020 онд барилгаа бариад улсын комиссоор ашиглалтад оруулсан. Барилга барьж эхлэхдээ барилгын ажлын зөвшөөрөл аваагүй. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.8-д ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд 6 метрээс багагүй зайд барилга байгууламж барихыг хориглоно гэснийг зөрчиж барилгынхаа ханыг зөвшөөрөлгүй барьсан. Мөн Засгийн газрын 2020 оны 97-р тогтоол. Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд шугам сүлжээний тэнхлэгээс 2 тийш 5 м зайд барилга байгууламж барихыг хориглоно гэснийг зөрчиж инженерийн шугам сүлжээний тэнхлэг дагуу паралел байдлаар барилга бариад үүнээсээ болоод цууралтууд өгсөн байсан. Ямар нэгэн зураг төсөв мэргэжлийн байгууллагын хяналтад хийгээгүй аж ахуйн аргаар 2 давхар барилга барьсан. Мөн тухайн эвдрэл гэмтэлтэй холбоотой Тамгын газрыг хариуцагчаар татаад байгаа нь үндэслэлгүй, Ерөөл төвийн барилгыг барьсан зардал нь 557 600 000 төгрөг болоод байгаа юм уу тооцоолол байхгүй, буулгалтын ажлын зардал 100 000 000 төгрөг гэсэн атлаа тооцоолол байхгүй, 2026 онд Ерөөл төвийн барилга дахин төлөвлөлтөд орох юм билээ. Зөвшөөрөлгүй газар барилга байгууламж барьсан ******* ч бай ажил гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаа байдаг ч юм уу хэний ч буруутай үйл ажиллагаа байсан энэ барилгыг дахин ашиглах боломжгүй болсон бол өдий хэмжээний тайлбайтай үл хөдлөх хөрөнгө *******д 2026, 2027 олгогдох мэдээллийг давхар хэлмээр байна.
3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: 000809667 дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3-р баг Далан, Ерөөл төвийн 1-р давхар 114.4м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, 000026933 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-5/, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №04601-2019/00045 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-6-7/, Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт /хх-8/, гэрэл зураг /хх-9-11/, Өмнөговь аймаг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02-21-01/084/01 дугаартай дүгнэлт /хх-68-71/, Бэст дизайн Констракшн” ХХК-ийн 2025 он 02 дугаар сарын 19-ний өдрийн №22/25 дугаартай хэмжилтийн дүгнэлт /хх-89-91/, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /хх-92-102/,
4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/894 дугаартай захирамж /хх-26/, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №ӨМАХААГ/20240101554 дугаартай Сумын төвийн дулаан, цэвэр, бохирын шугам, сүлжээг өргөтгөж, шинээр барих /Даланзадгад см, дулааны цахилгаан станцын ДДТ-2,3,4-н засвар шинэчлэл/ ажлын гэрээ /хх-27-32/, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №ӨМАХААГ/20240101554-1 дугаартай Сумын төвийн дулаан, цэвэр, бохирын шугам, сүлжээг өргөтгөж, шинээр барих /Даланзадгад см, дулааны цахилгаан станцын ДДТ-2,3,4-н засвар шинэчлэл/ ажлын гэрээ /хх-33-34/, Өмнөговь аймаг, Дулаан түгээх төв №2,3,4-ийн хоёрдугаар контурын засвар шинэчлэлтийн ажил /хх-37-57/, Өмнөговь аймаг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/09 дугаартай тушаал /хх-116/, Өмнөговь аймаг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/10 дугаартай тушаал /хх-117/, Өмнөговь аймаг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаартай тушаал /хх-118/, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/931 дугаартай Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж /хх-122-123/, 2020 он 10 дугаар сарын 29-ний өдрийн У-2020/94 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-124-126/, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/544 дугаартай албан бичиг, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/545 дугаартай албан бичиг, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/546 дугаартай албан бичиг, Өмнөговь аймаг, Даланзадгадын дулаан хангамжийн газар ОНӨААТҮГ-ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаартай албан бичиг, гэрэл зураг, Өмнөговь аймаг, Нийтийн аж ахуйн үйлчилгээний гүний ус ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 5/40 дугаартай албан бичиг, Өмнөговь аймаг, Даланзадгадын дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/89 дугаартай албан бичиг,
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний захиалагч болох Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан түүний захиалгаар ажил гүйцэтгэж байсан компани нь дулааны шугам сайжруулах ажлыг 2024 оны 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд хийж гүйцэтгэх явцдаа түүний өмчлөлийн Ерөөл төвийн барилгын ойрхон шуудуу ухсанаас шалтгаалан барилгын суурь хэсгийн хөрсөнд суулт болж улмаар барилгын суурь (хундам) хагарч их хэмжээний хагарал үүсэж тухайн барилгыг ахин ашиглах, засварлах боломжгүй болгосоноос барилгаа нурааж газраа хэвийн ашиглах боломжтой болохын тулд барилгыг нураах ажлын зардал 100 000 000 төгрөг, Ерөөл төвийн 1 давхар тоотод байрлах 114.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 457 600 000 төгрөг нийт 557 600 000 төгрөг гаргуулахыг шаардсан.
Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган татгалзлын үндэслэлээ гүйцэтгэгч байгууллагатай зөвшилцөн барилгад ойрхон байрлах хуучин шугамыг хэвээр үлдээж, уг барилгаас хол зайнд шугам сүлжээг шинээр тавих ажлыг гүйцэтгүүлсэн тул манай байгууллагын захиалгын үндсэн дээр хийгдсэн ажлаас шалтгаалан нэхэмжлэгч иргэний барилгад гэмтэл учраагүй, Тэрээр 138 м2 газрыг эзэмших эрхтэй атал 114.4 м2 талбайд барилга барьж эхлэхдээ ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд 6 метрээс багагүй зайд барилга байгууламж барихыг хориглоно гэснийг зөрчсөн, шугам сүлжээний тэнхлэгээс 2 тийш 5 м зайд барилга байгууламж барихыг хориглоно гэсэн дүрмийн заалт зөрчиж инженерийн шугам сүлжээний тэнхлэг дагуу паралел байдлаар барилга барьж үүнээсээ болоод цууралтууд өгсөн байсан. Ямар нэгэн зураг төсөв мэргэжлийн байгууллагын хяналтад хийгээгүй аж ахуйн аргаар 2 давхар барилга барьсан. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж тайлбарлан маргадаг.
Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон.
1. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Даланзадгад сумын төвийн дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээг өргөтгөж, шинээр барих /Даланзадгад сум, дулааны цахилгаан станцын ДДТ-2,3,4-н засвар шинэчлэл/ ажлыг “Нэкст стандарт” ХХК гүйцэтгэсэн.
2. ******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн Ерөөл төв хаягт байрлах 138.0 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй./иргэний газар эзэмших эрхийн 000026933 дугаартай гэрчилгээ болон 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04601-2019/00045 дугаартай иргэн, хуулийн этгээдээр газар эзэмшүүлэх гэрээ/.
3. ******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, Ерөөл төвийн 1-р давхар тоот 114.4 м2 талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч. /000809667 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ/
4. Өмнөговь аймаг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02-27-01/084/01 дугаартай барилгын төлөв байдлын тухай дүгнэлтэд: Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирүүлсэн өргөдлийн дагуу Өмнөговь аймгийн Далангийн 3 дугаар багт орших “Ерөөл төв” худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын ашиглалт болон одоогийн төлөв байдалд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Барилгын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжууд, БНбД, СНиП, стандартууд, барилга байгууламжийн ашиглалтын дүрмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаад иргэн Ж.Мөнх-Эрдэнийг байцуулан шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Даланзадгад сумын нутаг дэвсгэр нь газар хөдлөлийн бичил мужлалын зураглалаар 9 баллын бүсэд оршдог.
Барилга байгууламжийн одоогийн төлөв байдлын талаар
Уг барилга нь техникийн давхаргүй, чулуут бетон шугамын суурьтай, тоосгон ханатай, долгионт төмөр дээрх цутгамал төмөр бетон хавтан хучилттай, нэг налуут төмөр дээвэртэй, хоёр давхар барилга байна.
- Тухайн барилгын 3 тэнхлэг дагуу гадна инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлт хийх зорилгоор газар, шороо, хөрс ухалтын ажил хийгдсэн ба барилгын суурийн гадна манаас хөрс гадна тийш шилжилтэд орж, улмаар чулуут бетон сууринд хэд хэдэн газар босоо хагарал өгсөн нь гадна даацын тоосгон хананд нөлөөлж 3-7 см босоо болон ташуу нэвт хагаралтууд үүссэн, гадна даацын тоосгон хана тэнхлэг алдагдаж гадагш 3-5см босоо болон ташуу нэвт хагаралтууд үүссэн, гадна даацын тоосгон хана тэнхлэг алдагдаж, гадагш 3-5см цүлхийлт өгсөн нь даацын хана бат бэх тогтворт байдлаа хангахгүй, даац авах чадвараа алдсан, дотор шавардлага хөндийрч хэд хэдэн газар ховхорч унасан байгаа нь эвдрэл гэмтэлтэй барилга байгууламжид инженерийн биет судалгаа явуулах аргачилсан заавар БД 131-99-ийн холбогдох заалтыг,
Барилгын давхар хоорондын металл дам нуруунууд хэв гажилтад орсон, мөн хуванцар рамтай цонхнууд ашиглалтын шаардлага хангахгүй, хаалга гажиж зай засвар үүссэн, бетон шал хагарч, зарим хэсэгт овойлтод орсон зэрэг нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Монгол Улсын Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх тухай шаардлагуудыг уг барилгын одоогийн төлөв байдал хангахгүй байна.
Дээрх барилгад үүсээд байгаа нөхцөл байдлаас үзэхэд бэхэлгээ, засвар үйлчилгээ хийж цаашид хэвийн ашиглах ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзлээ гэжээ.
5. Даланзадгадын дулаан хангамжийн газар ОНӨААТҮГ-ын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаартай албан бичигт: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Нэкст стандарт” ХХК-ийн хооронд 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “Сумын төвийн дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээг өргөтгөж, шинээр барих” ӨМАХААГ/20240101554 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд хийгдсэн ажлын явцад буюу 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс тус оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд манай байгууллагаас захиалагчийг төлөөлөн хяналт тавьж ажилласан.
Гүйцэтгэгч “Нэкст стандарт” ХХК-иас гэрээт ажлыг гүйцэтгэж эхлэхээс өмнө “Ерөөл” төвийн барилгын зүүн талын хананд суултын цавтай байсан гэх мэдээллийг нотлох баримтаар ирүүлсний дагуу “ДЗДЦС” ТӨХК-ийн болон аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдон инженер, мэргэжилтнүүдийн хамт шугам сүлжээг засварлах ажлын талбайд газар дээр нь очиж танилцахад гүйцэтгэгч ажлаа эхлээгүй, Ерөөл төвийн барилгын зүүн талын хананд суултын хуучин цав үүссэн нөхцөл байдал тогтоогдсон тул захиалагч, гүйцэтгэгчтэй зөвшилцсөнөөр дулааны сувгийг бэлэн үйлдвэрийн бетон суваг ашиглан түргэн шуурхай, аюул эрсдэлгүй гүйцэтгэх чиглэлийг гүйцэтгэгч байгууллагад өгч ажлыг гүйцэтгүүлсэн.
Ерөөл төвийн барилгын зүүн талын хананд үүссэн суултын хуучин цав нь өмнө нь ашиглалтад байсан дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурвас /5см зайд/-т оруулж хэт ойр барьсан нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж барилга барьснаас үүссэн гэж үзэж байна гэжээ.
6. “Бэст дизайн констракшн” ХХК-ны 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22/25 дугаартай хэмжилтийн дүгнэлт: Манай “Бэст дизайн констракшн” ХХК барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд иргэн Жаргалсайхан овогтой Мөнх-Эрдэнийн хүсэлтээр Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3-р баг Далан, Ерөөл төв гэх хаягтай 2 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын зүүн хойд булангаас зүүн өмнөд булан хүртэлх хана дагуу дулааны шугам суурилуулахаар ухсан шуудуу, түүнийг булалт хийсэн овоолго байх ба Ерөөл төв барилгын хана болон дулааны шугам суурилуулахаар ухсан шуудууны хоорондох зайг хэмжиж үзэхэд 61 см зайтай байна. Хэмжилтийг хийхээ MNS:3-113:1986 стандартын шаардлага хангасан хувиарт уртын хэмжих хэрэгсэл болон лазер метрээр хэмжилтийн цэгийг авч гүйцэтгэсэн болно гэжээ.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.
8. 2024 оны 9 дүгээр сарын 29-30 ны өдрүүдэд Ерөөл төвийн барилгын гаднах зүүн ханын дагуу байрлах дулаан дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээг өргөтгөж, шинээр барих ажлыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Нэкст стандарт” ХХК гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, Даланзадгадын дулаан хангамжийн газар ОНӨААТҮГ-ын 2025 оны 02/544 дугаартай албан бичиг зэрэг баримтаар нотлогдож байна.
9. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээдийн хариуцлага хүлээх үндэслэл нь түүний гэм хор учруулсан хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/, үүний улмаас хохирол учирсан байх, үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байхаас гадна тэрээр гэм буруутай байх ёстой.
10. Нэхэмжлэгч нь “барилгын хана дагуу маш ойрхон зайд бороо чийгшил ихтэй үед шуудуу ухсанаас шалтгаалан барилгын суурь хэсгийн хөрсөнд суулт болж улмаар суурь хагарч гэмтсэн гэсэн тайлбарыг гаргадаг”. 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр “Бэст дизайн констракшн” ХХК-ны хийсэн хэмжилтээр барилгын ойролцоо дулааны шугам суурилуулахдаа ухсан шуудуу түүний булалт хийсэн овоолго байх ба Ерөөл төв барилгын хана болон дулааны шугам суурилуулахаар ухсан шуудууны хоорондох зайг хэмжиж үзэхэд 61 см зайтай байна гэсэн нь барилгын суурь хэсэгт нөлөөлж хананд цав үүссэн эсэхийг нотлохгүй байна.
11. “Ерөөл” төвийн барилгын зүүн талын хананд үүссэн суултын цав /эвдрэл/ нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас үүссэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байхаас гадна тухайн үйл ажиллагаанд захиалагч талыг төлөөлж хяналт тавьж байсан гэх Даланзадгадын дулаан хангамжийн газар ОНӨААТҮГ-ын 2025 оны 02/544 дугаартай албан бичгээр няцаагдаж байна.
Иргэдийн төлөөлөгч *******гийн “******* иргэний нэхэмжлэлийг Засаг даргын Тамгын газар шийдвэрлэж өгөх нь зүйтэй юм болов уу гэж бодож байна” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 945 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 557 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 945 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ