Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 261

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: Ч.Мөнх-Эдэнэ /томилолтоор/,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Хохирогч: Ж.Дорждэрэм

            Шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн О.Х холбогдох эрүүгийн 201725020902 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчингийн 51-5 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо тодорхой оршин суух хаяггүй, “Олон нуур” караокед зөөгч, бармен ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, . регистерийн дугаартай, Боржигон овогт О.Х..

 

Яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар:

Яллагдагч О.Х. нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутагт 2017 оны 03 сарын 28-29-нд шилжих шөнө иргэн Ж.Дорждэрэмийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Х мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэхэд тухайн үед энэ ахын хүзүүнд гинж, машины түлхүүр байгаагүй. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байна. “32 клаб” гэх бааранд найзтайгаа ороод 2 пиво уугаад гараад таксинд суух гэхэд энэ ах ирээд “зам дөхөөд буучихъя” гэж хэлсэн. Би суулгахгүй гэж хэлсэн чинь Болортунгалаг эгч “зүгээр зам дөхөх юм бол суулгачих” гэж хэлсэн. Би “хаашаа явах юм бэ” гэж хэлсэн чинь бид хоёрын явах зүгээс ондоо зүг рүү явах байсан. Би “зам нийлэхгүй юм байна” гэж хэлээд машины хаалга хаах гэхэд хаалга барьчихаад байсан. Би футвольканых нь захаас нь бариад түлхэхэд футволька нь урагдсан. Энэ хүн “миний футволька 80.000 төгрөгийн брэндийн футволька яг одоо төл” гэсэн. Би “төлж өгч чадахгүй” гэж хэлсэн. Тухайн үед Болортунгалаг эгч баарны тэнд таньдаг хүнтэйгээ тааралдаж юм яриад зогсож байсан. Бид хоёр машины хажууд нилээд маргалдсан. Энэ ах намайг шууд машинд суулгаад “хөдөл” гэж хэлэхэд машин хөдөлсөн. Машинд явж байхад би үсрэх гэж оролдсон. Тэгэхэд жолооч ах бид хоёрыг “буу” гэж хөөгөөд Хангай хотхоны зам дээр буулгасан. Би машинаас буугаад гүйсэн. Энэ ах араас гүйж намайг барьж аваад “футволька төл” гэсэн. Би “төлж чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд намайг “энд ойрхон буудал байгаа тэнд хоёулаа асуудлаа шийдье” гэж хэлсэн. Би “үгүй” гэж хэлсэн. Энэ хүн түрүүлж намайг алгадсан тэгээд би мөргөсөн. Энэ хүнийг мөргөсөндөө харамсаж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Д мэдүүлэхдээ: Энэ хэрэг 3 дугаар сарын сүүлээр болсон. Би  “32” нэртэй клабад шөнийн 01 цаг өнгөрөөж орсон. Гараад тамхи татаж байгаад энэ хоёрын хажуугаар зөрөхөд пүүзний талаар асууж ярилцсан. Би мөнгөгүй болсон Тунгалаг гэх найзынх нь хамт явж байсан залуугаас асуухад “хамт яв” гэсэн. Тэгээд би таксинд суух гэхэд энэ охин намайг суулгахгүй байсан. Тэгээд намайг түлхэхэд миний футволька урагдсан. Би “миний футволькийг төлж өг” гэж хэлсэн. Тэр үед Тунгалаг гэх бүсгүй найз залуугаа дагуулж барны тийшээ очсон. Тэгээд маргалдаж байхад Хулан намайг “таксинд суучих” гэж хэлсэн. Бидний явсан газар барнаас 200 метр л явсан байх. Тунгалаг гэх хүний мэдүүлэгт машины араас хөөсөн гэсэн байсан. Тийм зүйл болоогүй. Би таксины мөнгө өгчөөд буухад миний гинж байхгүй байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгтэл Хулан зугтсан. Би араас нь хөөгөөд барьсан. Дахин зугтсан. Би дахин барьсан. Тэгэх үед намайг мөргөсөн. Тэгээд цагдаа ирээд Хангай хотхонд цагдаагийн газар орсон. “Буудалд оръё” гэж хэлсэн зүйл байхгүй. Таксинд хүчээр оруулсан зүйл байхгүй. Хулангийн өгсөн мэдүүлэгт худлаа хэлсэн зүйлүүд их байна. Би гүйж байх хоорондоо машины түлхүүр, түрийвч, гинж зэрэг эд зүйлээ хаясан байж магадгүй. Тэгээд дөрвөн залуу ирсэн гэсэн. Би Хуланг дараад барьж байхад ирсэн. Тэр дөрвөн залуу согтуу ирээд “ахаа яагаад эмэгтэй хүнийг дээрэлхээд байна” гэж хэлсэн. Би учир байдлаа тайлбарлаж хэлсэн. Тэр үед тэд нар миний халаасанд гараа хийгээд байсан. Тэр үед миний эд зүйлийг авсан байж магадгүй. Би машины түлхүүр, гинж, түрийвч зэрэг нийт 1.500.000 төгрөгийг Хулангаас нэхэмжилж байна. Мөн намайг хамрын хагалгаанд орж болно гэж хэлсэн. Би бие эрхтнээрээ хохирсон, эд материалаараа хохирсон, бас гүтгүүлж байна. Би маш их гомдолтой байна гэв.

 

Хэрэг бүртгэлтийн шатанд эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 9/, хохирогч Ж.Дм /хх-ийн 12/, гэрч О.Б /хх-ийн 14-15/, Б.О /хх-ийн 16-17/, М. /хх-ийн 18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4466 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/, О.Х-ийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, О.Х-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, О.Х иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/, О.Х хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-38/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 45/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Х нь согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг, “Хангай хотхоны” ойролцоо Ж.Д маргалдан, түүний хамар руу санаатайгаар мөргөсний улмаас эрүүл мэндэд нь “хамар ясанд хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

 Хохирогч Ж.Д /хх-ийн 12/: “... 2017 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 01 цагийн үед би 32-ын тэнд бааранд ганцаараа орсон юм. Бааранд сууж байгаад 0,5 граммын “Тайгар” пиво 2 шилийг ганцаараа уусан. Тэнд 2 эмэгтэй нэг залуугийн хамт байсан. Би залуугаас нь “хаашаа явах гэж байгаа юм бэ” гэсэн чинь “урд зүг рүү явна” гэсэн. Би “дөхөөд буучихъя” гэтэл “тэг тэг” гэсэн. Би машинд суух гэж байтал хамт явж байсан машинд сууж байсан эмэгтэй нь “чи суудаг хэн бэ” гээд гарч ирээд намайг заамдаад өмсөж явсан футволька цамцыг ураад миний гинжийг тасалчихсан. Би “миний хувцас гинжийг төлж өг” гэснээс маргаан үүссэн. Нөгөө хамт явж байсан залуу хүүхэн 2 зам хөндлөн гараад яваад өгсөн. Тэгтэл нөгөө эмэгтэй намайг “машинд суу” гэхээр нь би суусан. Ингээд шинэ замын авто Ламп дээр явж байтал таксины жолооч бид хоёрыг “хэрэлдээд байна” гээд зогсоод буулгасан. Нөгөө эмэгтэйтэй зууралдаад “хохирлын мөнгөө авъя” гээд бариад байж байтал гэнэт миний хамрыг мөргөчихсөн. Миний хамраас цус гараад цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед биеэ авч явах чадвартай нэг их согтоогүй байсан. Тэр эмэгтэй ч нэг их согтоогүй биеэ аваад явах чадвартай байсан. … Миний чих шуугиж, нүднээс нулимс гарч бүрэлзэж байна. Гомдолтой байна. Би хамрандаа эмчилгээ хийлгэсэн байгаа, эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ. Мөн урсан хувцас, тухайн үед ноцолдож байгаад алга болгосон түлхүүр, хүзүүний монетон гинж зэргийг нэхэмжилнэ …” гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Б /хх-ийн 14-15/: “… 2017 оны 03 дугаар сарын 28-ны шөнийн 00 цаг болж байхад ажлын газрын охин болох Хулантай 32 бааранд орсон. Бид хоёр тус бүр 2 шил пиво уугаад харихаар гарсан. Такси бариад суух гэтэл үл таних залуу ирээд “хамт суугаад явчихъя” гэхээр нь “хүүе юу гэсэн үг вэ, бид хоёр харих гэж байна” гэтэл тэр залуу “дөхөөд буучихъя л даа” гээд суух гээд дайраад байсан. Бид 2 “суулгахгүй, чи өөр такси барьчих” гэтэл “дөхөөд л буучихъя” гээд суух гээд байсан. Хулан уурлаад тэр залууг суулгахгүй гээд “яах гээд байгаа юм бэ” гээд өмсөж явсан хувцасных нь захаас бариад түлхтэл тэр залуугийн футволька нь урагдчихсан. Тэр залуу “би брэндийн футволька өмсдөг, миний футволькийг төлж өг” гээд маргалдаад байсан. Энэ хооронд миний таньдаг хүн баарны үүдэнд зогсож байхаар нь мэндлээд яриад зогсож байтал тэр залуу Хуланг таксинд хүчээр чихэж суулгаад нөгөө такси их хурдтай яваад өгсөн. Би өөр такси бариад араас нь хөөсөн боловч нөгөө таксийг гүйцээгүй алдчихсан. Би Хулангийн суусан таксины дугаарыг харж амжаагүй. Хулан бид хоёр бараг согтоогүй байсан. 2 шил пиво л уусан байсан. Би тэр залууг урьд өмнө харж байгаагүй огт танихгүй залуу байсан. Хулангийн сууж явсан такси их хурдтай явсан. Мөн надад таксины мөнгө байхгүй байсан болохоор хайгаад явах боломжгүй байсан. Хулан гар утсаа авч яваагүй байсан болохоор холбогдож болохгүй байсан. Маргааш өглөө нь Хулантай уулзсан. Хулан ярихдаа тэр залуу шинэ зам уруудаж авч яваад Хуланг зодсон гэж ярьж байсан …” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Х хохирогч Ж.Д-ийг мөргөсөн үйлдлийн улмаас “хамар ясанд хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсаныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4466 дугаартай дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг хэрэг бүртгэлтийн явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар О.Х-ийн  гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хэрүүл маргаан үүсэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нар бие биеэсээ хараат бусаар адил мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон  байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Прокуророос шүүгдэгч О.Х-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

2002 оны Эрүүгийн хуульд заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ял шийтгэлийн төрөл, агуулга хөнгөрч орсон байх тул О.Ху-ийн үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчлэхээр шүүх шийдвэрлэв. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

 

Ийнхүү дээр дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Х-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ж.Д “урагдсан футволька, алга болсон монетон гинж, түрийвч, машины түлхүүр, чонын шагай, эмчилгээний, такси барьсан, хоол идсэн, автомашинд бензин хийсэн” зэрэг зардалд нийт 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ  гэв.

 

Шүүх хохирогчийн нэхэмжлэлийн үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан 123.000 (шүүх эмнэлгийн төлбөр 3000 төгрөг, толгойн КТГ 120.000) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Харин хохирогч урагдсан футволька, алга болсон гинжний талаархи нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хохирогчийн нэхэмжлэлээс (шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “ямар байдлаар алга болсныг мэдэхгүй, өөр хүн авсан байж ч магадгүй” хэмээн мэдүүлсэн, хохирсон эсэхээс үл шалтгаалж хоол иднэ, такси барьсан, өөрийн машинд бензин хийсэн нь эргэлзээтэй зэрэг байдлаас шалтгаалж) түрийвч (үнэ тодорхойгүй), машины түлхүүр (140.000 төгрөг), чонын шагай (үнэ тодорхойгүй), такси барьсан (51.000 төгрөг), хоол идсэн (12.000 төгрөг), автомашинд бензин хийсэн (60.000 төгрөг) хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч О.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж өдөрт дөрвөөс дээшгүй цагаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч О.Х-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Боржигон овогт О.Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-д оногдуулсан  300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

5. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-гаас 123.000 /нэг зуун хорин гурван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Д-д олгож, хохирогч нь урагдсан футволька, алга болсон гинжний талаархи нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй..

 

8. Хохирогч Ж.Д-ийн түрийвч (үнэ тодорхойгүй), машины түлхүүр (140.000 төгрөг), чонын шагай (үнэ тодорхойгүй), такси барьсан (51.000 төгрөг), хоол идсэн (12.000 төгрөг), автомашинд бензин хийсэн (60.000 төгрөг) нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ