Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/1188

 

   2023             12            13                                         2023/ДШМ/1188

 

 

А.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

            яллагдагч А.Оын өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

хохирогч А.С, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЗ/368 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч А.Оын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2207003520051 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А.О

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон.

 

Яллагдагч А.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хотын Цахилгаан түгээх станц ТӨҮК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн харьяа цахилгаан дамжуулах дэд станцын байранд А.Стэй “цэвэрлэгээ хийх” асуудлаас үүдэн маргалдах явцад хутгаар түүний зүүн гар орчимд зүсэж, цээжин тус газарт хатгасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирлыг зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэн санаатай учруулсан, мөн гэрч Ж.Тг “чимээгүй байгаарай, чи юу ч хараагүй шүү” гэж орилж, түүнийг айлган сүрдүүлж улмаар биеэр болон холбоо мэдээллийн хэрэгслээр “чи болсон явдлыг хараагүй гэдгээрээ байгаарай, одоо харсан гэвэл чи буруутна шүү“ гэж байнга ятгаж, “анхны мэдүүлгээрээ байгаарай, юундаа айгаад байгаа юм бэ, одоо утсаа салгаад дуудсан ч битгий оч” гэж 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хооронд байнга хууль бусаар нөлөөлж улмаар гэрч Ж.Тгээр түүний харсан зүйлийг хараагүй мэтээр зориуд худал мэдүүлгийг байнга өгүүлж гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: А.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж, 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж тус тус заажээ. Хэрэгт хяналт тавьж буй прокурор 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр яллагдагч А.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 44/А дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагч А.Оыг нэмж буруутган, хэргийг шүүхэд ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл. прокурор яллах дүгнэлт үйлдэх үедээ яллагдагч А.Оыг буруутгаж байсан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэх гэмт хэргээс гадна, өөр гэмт хэрэг болох “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэх гэмт хэрэгт нэмж буруутгасан атал яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй, яллагдагчид танилцуулаагүй, дахин мэдүүлэг аваагүй байгаа нь дээр дурдсан хуулийн зохицуулалтыг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг тус тус зөрчжээ. Шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд хийгдэх ёстой ажиллагаа гэж үзэв. Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно. 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, прокуророос буруутгаж байгаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу яллагдагч А.О, хохирогч А.С нар яг ямар шалтгааны улмаас маргалдсан, уг маргаан нь тухайн үед байсан хоёр эмэгтэйтэй холбоотой эсэхийг нэмж шалгах буюу тухайн хоёр эмэгтэйг олж тогтоон, тайлбар мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэв. Шүүх яллагдагчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэнгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан дөрвөн хүсэлтээс хоёр хүсэлтийг хүлээн авч, яллагдагч А.От холбогдох эрүүгийн 2207003520051 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорын газарт буцааж, талуудын санал, тайлбарыг үндэслэн яллагдагч А.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр нэмж гэрч Ж.Т, хохирогч А.С нартай уулзах утсаар болон цахим хэрэгслээр холбогдохыг хориглох, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ.

 

Яллагдагч А.О давж заалдах гомдолдоо: “... миний бие Налайх дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй Улаанбаатар хотын Цахилгаан түгээх станц ТӨҮК-ийн станцын байранд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А.Стэй маргалдаж А.С нь миний биед хөнгөн хохирол учруулсан. Гэтэл тус дүүргийн Прокурорын газраас А.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад ямар ч үндэслэлгүйгээр миний бие Оыг өөрөө өөртөө гэмтэл учруулсан, мөн гэрч Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч намайг мөн л нөлөөлсөн хэмээн хяналтын прокурор ямар ч нотлох баримтгүйгээр нэг талыг барьж өөрийн үзэмжээр хэргийг дүгнэн тэдгээрт холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 452 дугаартай шинжээчийн үзлэг, дүгнэлт, мөн 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч эмч Б.Долгормаагийн “... А.Оын биед цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн алганд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь А.Оын өөрөө өөртөө учруулах боломжтой юу” гэсэн асуултад “хүний гар бүрэн хүрэх боломжтой хуруудад хүн өөрөө өөртөө гэмтэл учруулах боломжтой, Оын учруулсан гэмтлүүд нь гар хүрэх боломжтой хурууд байна”, мөн дээрх гэмтлүүд нь А.О бусадтай хутга булаацалдах болон бусадтай тэмцэлдэх үед үүсэх боломжтой юу гэсэн асуултад “дээрх гэмтлүүд нь А.О бусадтай хутга булаацалдах болон бусадтай тэмцэлдэх үед үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн нь гаргасан дүгнэлтээсээ зөрүүтэй эргэлзээтэй тодорхойгүй бүрэн дүүрэн биш дүгнэлт гаргасан. Миний биед учирсан олон тооны шарх гэмтлийн аль гэмтлийг нь өөрөө өөртөө учруулсан, аль гэмтэл хутга булаацалдах үед үүссэн зэргийг бүрэн дүүрэн тогтоогоогүй, миний биед учирсан хөнгөн хохирлыг хэн учруулсан болох нь тухайн хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна. Гэрч Ж.Тгийн хэрэгт өгсөн мэдүүлэг эрс зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасны дагуу миний бие нүүрэлдүүлэн байцаалт өгөх хүсэлтүүдиийг өмгөөлөгчөөрөө дамжуулан тус дүүргийн прокурор, анхан шатны шүүхэд тус тус гаргасан боловч шийдвэрлээгүйд миний бие гомдолтой байна. Иймд шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, дээрх гомдлыг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Яллагдагч А.Оын өмгөөлөгч Э.Намжилцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллагдагч А.Оын биед учирсан гэмтлийг тогтоогоогүй. Хууль бусаар нөлөөлсөн гэж зүйлчилсэн боловч гэрчтэй зөвхөн утсаар ярьсан байдаг. Гэтэл хохирогч нь шүүгдэгчээс илүү гэрчтэй холбоо барьсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Хохирогч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Хохирогч А.Сгийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сэжигтэнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тул шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Харин гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг тогтоох талаар шүүгчийн захирамжид заасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын цэвэрлэгээнээс үүдэлтэй маргаан нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Хэргийг прокурорт буцаасан тул яллагдагч гомдол, хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

Прокурор Д.Аянагүл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийн тухайд хэлэх тайлбар байхгүй байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу хэрэг болохоос өмнө 2 эмэгтэй байсан, түүнийг олж тогтоон мэдүүлэг авах тухайд гэмт хэрэг гарахаас өмнө болсон үйл явдал тул тухайн 2 эмэгтэйгээс мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэж байна. Яллагдагч, түүний өмгөөлөгчөөс гаргасан 2 гомдлыг шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаагүй байдаг. Иймд, шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос А.Оыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хотын Цахилгаан түгээх станц ТӨҮК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн харьяа цахилгаан дамжуулах дэд станцын байранд А.Стэй “цэвэрлэгээ хийх” асуудлаас үүдэн маргалдах явцад хутгаар түүний зүүн гар орчимд зүсэж, цээжин тус газарт хатгасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирлыг зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэн санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, мөн гэрч Ж.Тг “чимээгүй байгаарай, чи юу ч хараагүй шүү” гэж орилж, түүнийг айлган сүрдүүлж улмаар биеэр болон холбоо мэдээллийн хэрэгслээр “чи болсон явдлыг хараагүй гэдгээрээ байгаарай, одоо харсан гэвэл чи буруутна шүү“ гэж байнга ятгаж, “анхны мэдүүлгээрээ байгаарай, юундаа айгаад байгаа юм бэ, одоо утсаа салгаад дуудсан ч битгий оч” гэж 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хооронд байнга хууль бусаар нөлөөлж улмаар гэрч Ж.Тгээр түүний харсан зүйлийг хараагүй мэтээр зориуд худал мэдүүлгийг байнга өгүүлж гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэж үзэн Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, яллагдагч А.От холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний “гэрч Ж.Тд хууль бусаар нөлөөлсөн” гэх үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй, мөн прокуророос буруутгаж байгаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу яллагдагч А.О, хохирогч А.С нар яг ямар шалтгааны улмаас маргалдсан, уг маргаан нь тухайн үед байсан хоёр эмэгтэйтэй холбоотой эсэхийг нэмж шалгах шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, яллагдагч А.Оыг гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан буруутгасан атлаа энэ талаар яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй, яллагдагчид танилцуулаагүй, дахин мэдүүлэг авалгүй яллах дүгнэлт үйлдэж яллагдагчид хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм.

 

Мөн Ж.Тгийн гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэх үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар гаргасан яллагдагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч энэ талаар дахин шалгах шаардлагатай байх ба яллагдагч А.Оын гэрч Ж.Ттэй нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөх хүсэлтийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх ажиллагаануудыг хийснээр гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан, нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, ач холбогдолтой, хангалттай байх шаардлага хангагдах ба эдгээрт

үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь нөхцөл болсон байх ёстой.

 

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЗ/368 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч А.Оын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЗ/368 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч А.Оын гаргасан зарим давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Яллагчдагч А.Отонбаярт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ