| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0347/Э |
| Дугаар | 268 |
| Огноо | 2017-08-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Г.Алтанцэцэг;
улсын яллагч: Н.Уранбайгаль;
хохирогч: Г.Баярчимэг, Г.Батбилэг;
шүүгдэгч: С.Л түүний өмгөөлөгч Д.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайнсанаагийн Лд холбогдох эрүүгийн 201724000385 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батлан хамгаалах их сургуулийн оюутан, Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг, Тээвэрчин 5-9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ОА98071533 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Хасгууд овогт Сайнсанаагийн Л.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч С.Л нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр МУИС-ийн баруун урд уулзварын замд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03 цаг 20 минутын үед Nissan Teana маркийн 80-15 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 12.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Г.Тэмүүжингийн жолоодож явсан Toyota Prius маркийн 78-14 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Г.Баярчимэг, Г.Батбилэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Үржинхандын эрүүл мэндэд хөнгөн, Д.Ундрахын эзэмшлийн автомашинд шууд зардлын дүнгээр 1.150.000 төгрөг, нийт 1.565.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Л мэдүүлэхдээ: Би оюутны байгууллагад ажилладаг. Тэр ажлаараа явж байгаад шөнийн 03 цаг 20 минутын үед ажлаа тараад Тусгаар тогтнолын ордноос уруудаад өөрийн машинаа жолоодоод явсан. Эхний уулзвараар ногоон гэрэлээр ороод, дараагийн уулзвар дээр очиход ногоон гэрэл асч байсан болохоор амжина гээд орсон. Тэгтэл хажуунаас машин орж ирээд осол болсон. Яг ямар гэрэлээр орсноо “камер шүүлгье” гэхэд “тэр үеийн бичлэг байхгүй байна” гэсэн. Дүгнэлтээр миний буруу гэж гарсан тул би үүнийг нь хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Г.Батбилэг, С.Баярчимэг нарыг томаграфикийн зургийг тус бүр 240.000 төгрөгөөр харуулж өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 17-нд жолооч Тэмүүжинд 105.000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь үнэлгээ гаргуулах мөнгө гэж баримтаар гарч ирсэн тул уг мөнгийг шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр жолоочид засварын мөнгө 1.600.000 төгрөг өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 6-нд хохирогч С.Баярчимэгт 500.000 төгрөг, хохирогч Үржинхандад 100.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт хохирогч Г.Батбилэгт 240.000 төгрөг, хохирогч С.Баярчимэгт 740.000 төгрөг, хохирогч Үржинхандад 100.000 төгрөг, жолоочид 1.600.000 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд баримтаар гарсан бүх хохиролыг барагдуулсан гэж үзэж байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Баярчимэг мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө ажлынхантайгаа уулзаад Батбилэг ахынд очсон. Тэгээд буцаад нэг газар орох гээд явж байгаад осолд орсон. Яг миний талаас ирж мөргөсөн. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр байсан. Маргааш нь томаграфикийн зураг авахуулсан. Үүний мөнгийг Лгийн ээж төлсөн. Намайг умдаг яс хугаралттай, 2-3 жилдээ хүүхэд гаргах боломжгүй гэсэн. Бас шагайны яс хугаралттай гэсэн. Л 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би эмчилгээний баримтаа гаргаж өгсөн. Гомдолтой байгаа. Баримт бол яг эмний мөнгө л байгаа, өөр янз бүрийн юм ороогүй. Анх 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 500.000 төгрөг өгсөн. Би зөвхөн эмний баримтаа өгсөн. Би дандаа улсын эмнэлгээр эмчлүүлж, улсын эмнэлэгийн хяналтанд байсан. Улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаараа үзүүлсэн. Тэгэхэд надад Е баримт л өгсөн. Одоо үлдэгдэл 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Баримтыг нарийн цуглуулж чадаагүй. Эмийн сангийн баримт л гаргасан. Одоогоор хөл алхаж гишгэхэд өвдөнө, шагайны хавдар одоо болтол буугаагүй байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батбилэг мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 23-ны орой найз Үржинхандтай уулзах гэж яваад эд нартай таарсан. “Манайд жаахан ярьж сууя” гээд пиво ууцгааж байгаад гарж явцгаасан. Үржинханд “намайг хүргээд өгөөч” гэсэн болохоор бид зам дээр гараад такси барьсан. Замаараа өөр газар орж суух гэж яваад осолд орсон. Тухайн үед яаж осолд орсноо санахгүй байгаа. Гэмтэл дээр очоод ухаан орсон. Би ухаан ороод “чи хэдтэй вэ” гээд энэ хүүхдээс асуухад 18 настай гэсэн. Тэгэхээр нь би “жоохон хүүхэдтэй юу ярих вэ” гээд орхисон. Уг нь эмнэлэгийнхэн намайг хэвт гэсэн. Би маргааш нь Говь-Алтай аймаг руу нутаг явах гэж байсан. Тухайн үед өөрийгөө ингэж гэмтсэн талаар мэдээгүй. Жаахан уучихсан байсан болохоор нээх тоогоогүй. Тэгээд гэртээ харьсан. Өглөө бүүр болдоггүй. Тэгээд ярьтал үзүүлэхээр Лгийн ээж, аав өөрсдөө санал тавиад ирж “үзүүлье” гэсэн. Томаграфикийн зураг авахуулсан. Тэгээд л гэрлүүгээ хүргүүлсэн. Эхэндээ хугарсан гэж мэдээгүй. 2 хоночихвол гайгүй болох байх гэж бодсон. Маргааш нь 9948-тай дугаар луу Лгийн ээж рүү яриад “гайгүй болохгүй байна аа” гэхэд “2 жолооч мөргөлдсөн байна. Одоогоор хэн нь буруутай нь тодорхойгүй байна. Манайх буруутай болвол төлнөө” гэсэн. Би ахиж яриагүй. Өөрөө хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Монголд 13 хоног хувийн эмнэлэгт хэвтсэн. 2017 оны 06 дугаар сарын 09-нд урагшаа Хөх хот руу явсан. Улаанбаатарт эмнэлэгт 13 хоног хэвтсэн. Хөх хотод 10 хоногийн хугацаа зарцуулсан. Л ганц удаа ч “бие чинь яаж байна” гэж яриагүй. Миний эмчилгээ дуусаагүй байхад цагдаагаас дуудсан. Очиход “эмчилгээгээ хийлгээд явж бай” гэсэн. Хөх хотод зардал өндөр байсан. Зардал мөнгөний хувьд зөвхөн урд тушаасан нь 8.000.000 орчим төгрөг болсон. Өөр замын зардал янз бүрийн баримт дутуу байгаа. Би хуулийн зөвлөгөө авахад “хохиролын баримтаа бүрэн гүйцэт өгч болно” гэсэн. Тэгээд гүйцэт нэхэмжлье гэж бодож байгаа. Одоогоор миний нуруу өвдөнө, удаан алхаж, удаан зогсож болохгүй байгаа. Гарсан байгаа зардал 8.171.280 төгрөгийг нэхэмжилнэ. Монголд 1.000.000 орчим төгрөгийн зардал гарсан. Зарим баримтаа бүрдүүлж чадаагүй. Л нэг удаа ярьсан. “Л байна, мөнгө шилжүүлэх гэсэн юмаа, дансаа өгчих” гэж нэг удаа ярьсан. Өөрөө хүүхэдтэй болохоор хатуурхаж чадахгүй байна. Буруутай нь тодорхой байхад “та гайгүй юу” гээд ярих ч юмуу тийм байдлаар хандаагүй. Яг нэхэмжилбэл нилээн хэдэн төгрөг болно. Толгойгоо бариулах такси барих зэрэг баримтууд бол авч чадахгүй байсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схет зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14/, тээврийн хэрэгслийн техникийн байдал шалгасан тэмдэглэл /хх-ийн 19-20/, хохирогч Г.Батчимэг /хх-ийн 21-22/, Г.Батбилэг /хх-ийн 24-25/, иргэний нэхэмжлэгч Б.Үржинханд /хх-ийн 39-40/, гэрч Г.Мандах /хх-ийн 42/, Г.Тэмүүжин /хх-ийн 44-45/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52, 55, 60, 62/, Цагдаагийн ерөнхий газрын замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57/, Кости-Эстимэйт ХХК-ийн /хх-ийн 67-69/, С.Лгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 77-85/, С.Лгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/, С.Лгийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 91-93/, хохиролын баримтууд /хх-ийн 94-95, 103/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Л нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний шөнийн 03.20 цагийн орчим, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг, МУИС-ийн баруун урд уулзварын замд “Nissan Teana” маркийн 8015 ДАР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 12.7 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Г.Тэмүүжингийн жолоодож явсан “Toyota Prius” маркийн 7814 УНЯ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Баярчимэг, Г.Батбилэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хохирогч Г.Баярчимэгийн /хх-ийн 21-22/: “...2017 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед хамт ажилладаг эгч Үржинханд, Тэмүүлэн бид 3 Батбилэг ахын гэрт нь очоод юм ярьж суусан. Би тэнд 1 пиво уусан юм. Бүгдээрээ гарч “нэг газарт” суухаар болоод Батбилэг ахын гэрээс нь гараад зам дээрээс такси аваад явж байсан ба яг аль зам дээр юм мэдэхгүй, нэг уулзвар ороод явж байтал яг миний сууж явсан талаас нэг машин хурдтай ирж мөргөсөн. Би юу болсон талаар мэдэхгүй байсан ба бага зэрэг ухаан орсон чинь цагдаа, түргэн тусламж ирчихсэн намайг болоод бусад гэмтсэн хүмүүсийг 103-н машин аваад гэмтэл явсан юм. Гэмтлийн эмнэлэгт очоод эмчид биеэ үзүүлтэл “зүүн хөлийн шагай, умдаг яс хугарсан байна” гэсэн. Хэвтрийн дэглэм сахиж байх хэрэгтэй гэж хэлсэн тул маргааш нь эмнэлэг ороод КТГ-ын зураг авахуулаад үзүүлсэн. Би гомдолтой байна, буруутай жолоочоос 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
хохирогч Г.Батбилэгийн /хх-ийн 24-25/: “...2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр манай найз нар манай гэрт ирээд бид нар хамт архи ууж байгаад шөнө гэрээс гараад такси аваад “суух газар” олох гээд бас Үржинхандыг гэрт нь хүргэж өгөх гээд Сүхбаатар дүүргийн нутаг, Засгийн газрын ордны зүүн замаар урдаас хойшоо чигт явж байгаад уулзварт ороод явж байх үед хажуу талаас машин ирж мөргөөд зам тээврийн осолд орсон юм. Энэ ослоос болж миний 4 хавирга хугарч, толгойдоо гэмтэл авсан юм. Гомдолтой байна. Биеэ эрүүл саруул болгож авмаар байна. Би Хөх хотод очиж эмчилгээ хийлгэж байгаад ирсэн бөгөөд миний эмнэлэгт төлсөн мөнгө 8.171.280 төгрөг болсон бөгөөд энд замын зардал ороогүй байгаа. Эмчилгээнд гарсан зардлын баримт араас шуудангаар ирнэ гэсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Тэмүүжингийн /хх-ийн 44-45/: “...2017 оны 05 дугаар сарын 23- 24-нд шилжих шөнө би “Жи эс Би” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 78-14 УНЯ улсын дугаартай автомашинтай хувиараа такси үйлчилгээнд явж байсан юм. Шөнө 03 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн нутаг, хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн тэндээс 3 хүн гар өргөөд зогсож байсан тул тэр хүмүүсийг зогсож авсан…“Ви” нэртэй баар орохоор явж байсан юм. Засгийн газрын ордны зүүн хойд уулзварт ирэх үед миний явах ногоон гэрэл асчихсан байсан тул уулзвараар чигээрээ ороод явж байсан чинь миний баруун гар талаас нэг машин орж ирээд баруун хойд хэсгийг мөргөж осол гаргасан юм. Арын хаалга нээж хүмүүсийг буулгах үед эхний 2 хүн өөрөө бууж ирсэн бөгөөд Батбилэг гэж хүний толгой хэсгээс нь цус гарсан, бууж чадахгүй байсан тул өргөж буулгаад цагдаа, түргэн тусламж дуудсан…” гэх мэдүүлгээр,
“”Г.Батбилэгийн биед цээжний зүүн талын 8, 9, 10, 11-р хавирганы далд хугарал, тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл” учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6877 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 52/,
“”Г.Баярчимэгийн биед баруун талд умдаг ясны доод салааны зөрүүтэй хугарал, тархи доргилт, дух, баруун хацарт зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл” учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6880 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 55/,
“Н.Тена маркийн 8015 ДАР улсын дугаартай автомашины жолооч С.Л нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээьрийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 12.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн. Т.Приус маркийн 7814 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Г.Тэмүүжин нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 57/,
2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 10-11/, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 19-20/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Лгийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтээр тогтоосон, хохирогч, гэрч нар болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
С.Л нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг (Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг) зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Ийнхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Лгийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн асуудлын хувьд хохирогч Г.Баярчимэг 2.000.000 төгрөгийг, хохирогч Г.Батбилэг 8.171.280 төгрөгийг тус тус шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.
Хохирогч Г.Баярчимэгийн нэхэмжлэлийн үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан хэсэгчлэн буюу 714.730 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэстэй. Үүнээс шүүгдэгч С.Лгийн нөхөн төлсөн 500.000 төгрөгийн мөнгөн дүнг хасаж үлдэх 214.730 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Баярчимэгт олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Г.Баярчимэгийн үлдэх 1.285.270 төгрөгийн, хохирогч Г.Батбилэгийн 8.171.280 төгрөгийн нэхэмжлэлийг (энэ талаарх баримт байхгүй тул) тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар энэ талаарх болон цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Мөн шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Д.Ундрахад учирсан (автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон) 1.600.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Үржинхандад 100.000 төгрөгийн (тэрээр иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй) хохирлыг тус тус нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч П.Мөнхцэцэг “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг эдгээр хүмүүст төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Л автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс үүссэн материаллаг хохирлыг өөрөө хариуцах учиртай тул иргэний хариуцагч П.Мөнхцэцэгээс төлбөр гаргуулах шаардлагагүй гэж шүүх үзэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд С.Лгийн 1160812 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хасгууд овогт Сайнсанаагийн Лг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.Л нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч П.Мөнхцэцэг, Д.Ундрах, Б.Үржинханд нарт төлөх төлбөргүйг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лгээс 214.730 (хоёр зуун арван дөрвөн мянга долоон зуун гуч) төгрөгийг гаргуулан хохирогч Г.Баярчимэгт олгосугай.
6. Хохирогч Г.Баярчимэгийн 1.285.270 төгрөгийн, хохирогч Г.Батбилэгийн 8.171.280 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар энэ талаарх болон цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт хураагдан ирсэн С.Лгийн 1160812 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хариуцагч П.Мөнхцэцэг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Лд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ