Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/1191

 

   2023            12            14                                         2023/ДШМ/1191

 

 

Д.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

            шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

хохирогч Г.Т, түүний өмгөөлөгч Э.Золжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЦТ/772 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Тийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Гт холбогдох эрүүгийн 2305013471450 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Г

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 

Шүүгдэгч Д.Г нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг Хас банкны 79 дүгээр салбар буюу “Тумбааш” тооцооны төвөөр үйлчлүүлж байх явцдаа тухайн банкны ажилтнуудтай “үйлчилгээ удаан үзүүлсэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэх үед тухайн банкинд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Г.Тийг уг тооцооны төвийн гадна хөлөөрөө дэгээдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хохирогч Г.Т нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Г.Т давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гэмт үйлдлийн улмаас эрүүл мэндээрээ хүнд хохирч, сэтгэл санаа, бие махбодь, хөрөнгө мөнгөөрөө өнөөдрийг хүртэл ноцтой хохирч байна. Хавтас хэрэгт цугларсан баримтаар тухайн үед миний албан үүргээ гүйцэтгэж байсан гэдэг нь тогтоогдоно. Гэтэл Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж оруулж ирсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй холбогдуулж өөрийг нь ...” гэж заажээ. Д.Гыг би өмнө нь танихгүй, ямар нэгэн харилцаагүй бөгөөд Д.Г нь зөвхөн миний гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй холбогдуулж намайг гэмтээсэн. Гэтэл Д.Гыг буруутгаж байгаа зүйл анги, хуулийн дээрх зүйл заалтыг зөрчсөн байна. Шүүгдэгч Д.Г нь өмнө нь мөн санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээр торгох ял шийтгүүлж байсан.

Д.Гын үйлдлийн улмаас миний бие эрүүл мэндээрээ хүнд хохирсон. Гэмтэл учирсан өдрөө буюу 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад үе солих мэс засалд орсон. Мэс засалд орж зүүн түнхний бүтэн үе солиулсан. Тухайн үед мэс засалд ороход яг надад таарах хиймэл үе байхгүй байсан тул 2 өөр хиймэл эрхтнийг залгаж хийсэн. Тийм учраас гам сайн барьж, сэргээн засах эмчилгээ, сувилгаанд явах шаардлагатай гэж хэлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр эмнэлгээс гарч гэр бүлийн хүний асаргаанд шилжсэн. Эмчийн зөвлөгөөгөөр 6 сар хэвтрийн дэглэм сахисан бөгөөд түүнээс хойш 2 жил гам барьж, сувилуулах шаардлагатай болсон. Тус хэрэг явдал болсноос хойш Д.Г нь холбоо барихгүй алга болсон бөгөөд цагдаа дээр нэг удаа байхад над руу залгаад “таны бие сайн уу, уулзъя” гэсэн тэр үед хэвтрийн дэглэмтэй бие өвдөж байсан болохоор би “чи хүнийг гэмтээчихээд алга болсон, тийм учраас явдаг газраараа яв” гэж хэлсэн. Түүнээс хойш холбоо бариагүй хохирол гэж нэг ч төгрөг өгөөгүй. Харин шүүх хурал болдог өдөр надад 1.500.000 төгрөг өгсөн. Би тус хэргээс болоод бие махбодь, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө маш их хохирсон .Хуулийн мэдлэг муу байсан тул эхний гарсан жижиг, сажиг эм тариа, машин унаа, бензин тосны мөнгөний баримтыг цуглуулж чадаагүй, зарим эм тариаг ах дүү, танил тал авчирч өгсөн тэр болгоноос би баримт нэхэж авч чадаагүй, зөвхөн өөрт байсан тоймтой хэдэн баримтаа шүүхэд гаргаж өгөхөд 846.595 төгрөгийн баримт болсон. Үүндээр нэмээд шүүхийн шатанд өмгөөлөгч авсан бөгөөд өмгөөлөгчийн хөлс 2.5 сая төгрөг болсон. Д.Гаас болж эм тариа, эмнэлгийн хэрэгсэлд 1.5 сая орчим сая төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цалин 4.550.000 төгрөг, эмчийн зөвлөсний дагуу 2 жил ажил хийж чадахгүй тул тухайн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний үлдэгдэл болох 11.050.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ /5 удаагийн эмчилгээ өдрийн төлбөр 80.000-150.000 орчим төгрөг байсан бөгөөд би хамгийн багаар буюу өдрийн 80.000 төгрөгөөр бодож нэг удаа 10 хоног нийт 50 хоног тооцсон/ 4.000.000 төгрөг нийт эмчилгээний зардалд 5.048.520 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 15.600.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг, нийт 25.648.520 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх дээр Д.Гтай өмгөөлөгчөөр нь дамжуулан анх нэхэмжилсэн 25.648.520 төгрөгийг 14.000.000 төгрөг болгож бууруулсан. Учир нь, залуу хүүхдийг юу юугүй шоронд явуулаад яах вэ гэж бодсон бөгөөд удахгүй миний хохирлыг барагдуулна гэж хэлсэн учраас би зөвшөөрсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл 2.000.000 төгрөг л өгсөн бөгөөд мөн л сураггүй болсонд гомдолтой байна. Уг нь анхан шатны шүүх дээр сүүний үйлдвэр ажиллуулдаг энэ чиглэлийн бизнес хийгээд удаж байна, сарын ашиг гэхэд л 12,3 сая төгрөг байдаг гэхээр нь итгээд удахгүй хохиролгүй болгоно гэж бодож байтал мөн л таг алга болсон. Одоо миний бие энэ хэрэг явдлаас болж ямар ч орлогогүй болж эм, тариа, эмчилгээ сувилгаандаа явж чадахгүй хүнд байдалд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжилсэн мөнгийг төлүүлж, хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч Г.Тийн өмгөөлөгч Э.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Г.Т нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад зодуулан хүнд гэмтэл авсан байдаг. Гэтэл Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь ...” гэж заажээ. Хохирогч Г.Т нь Д.Гыг өмнө нь танихгүй, ямар нэгэн харилцаагүй бөгөөд Д.Г нь зөвхөн хохирогчийн гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй нь холбогдуулж гэмтээсэн. Гэтэл Д.Гыг буруутгаж байгаа зүйл анги, хуулийн дээрх зүйл заалтыг зөрчсөн байна. Мөн хохирлын асуудал дээр хохирогч Г.Т нь ажил хөдөлмөр хийх боломжгүй байгаагаас болоод эмчилгээгээ хийлгэж чадахгүй байгаа. Анхан шатны шүүх хурал болсоны дараа 14 хоног нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн бөгөөд уг эмчилгээтэй холбоотой баримт өөрт нь байдаг. Гэхдээ баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Шүүгдэгч Д.Г нь өмнө мөн бусдын биед халдсан гэмт хэрэг үйлдэж шүүхээр торгох ял шийтгүүлж байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид байж болох хамгийн бага ялыг оногдуулсан. Иймд хохирогч Г.Тийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.” гэв.

 

            Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би хохирол төлбөрийг төлөх боломжтой. Би эгч, ахтайгаа хамтраад 60 сая төгрөгийн зээл авч сүү, цагаан идээний үйлдвэр эрхэлдэг. Цагаан сараар хамгийн өндөр ашиг орлого олдог болохоор тэр үед нь хохирогчийн хохирлыг барагдуулах боломжтой.” гэв.

 

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчоос зүйлчлэл тохироогүй, хохирол төлбөр гүйцэт төлөөгүй гэж гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гын үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч Д.Г нь хувиараа бизнес эрхэлдэг тул байгууллагын гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байсан. Тухайн ажлын байрныхаа зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн өмгөөлөгч Э.Золжаргалтай холбогдоод “авто машин хохирол төлбөрт тооцуулаад өгье” гэсэн боловч хохирогч “машин авахгүй. Би зарж борлуулж чадахгүй” гэдэг байдлаар аваагүй. Шүүгдэгч Д.Гын зүгээс шүүхээс оногдуулсан 10 сая төгрөгийн торгуулийн ялыг төлөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Хохирогч цаашдаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаараа хэллээ. Үүнтэй холбоотой эмчилгээний зардлыг шүүгдэгч төлөхөө сая илэрхийлж байна. Эрүүгийн хариуцлага нэг талаасаа цээрлүүлэх зорилго агуулдаг ч нөгөө талаасаа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилго агуулдаг билээ. Урьд нь ял шийтгүүлж байсан талаар дурдаж байна. Өмнөх ялаа эдлээд дууссан бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Прокурор Т.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Банкны үйлчилгээг удаан үзүүлсэн гэх шалтгаанаар холбогдох ажилтантай шүүгдэгч хэрүүл маргаан үүсгэсний улмаас дээрх үйл явдал болсон. Хохирлын талаарх баримтаа гаргаж өгсөн тохиолдолд шүүгдэгчээс барагдуулна гэж илэрхийлж байсан. Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжилсэн талаарх баримтаа гаргаж өгөхийг мөрдөгч, прокурорын зүгээс удаа дараа шаардсан. Ингээд холбогдох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Гэмтлээс үүдэлтэй хор уршгийн асуудлуудыг баримтаа бүрдүүлээд нэхэмжлээд явах бүрэн боломжтой. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурорын зүгээс шүүгдэгчид 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан. Шүүгчийн зүгээс “хорих ял оногдуулж болох хэдий ч хохирогчийн хохирлыг барагдуулах зорилгоор шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Д.Гыг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хас банкны 79 дүгээр салбар буюу “Тумбааш” тооцооны төвөөр үйлчлүүлж байх явцдаа тухайн банкны ажилтнуудтай “үйлчилгээ удаан үзүүлсэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэх үед тухайн банкинд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан иргэн Г.Тийг уг тооцооны төвийн гадна хөлөөрөө дэгээдэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...  тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байхаас гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт  хийсэн байх ёстой. 

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа ямар үндэслэлээр торгох ялын хамгийн бага хэмжээг сонгож хэрэглэсэн нь ойлгомжгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх ба түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээг түүний гэмт үйлдэл, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон гэж үзэх боломжгүй байна. 

 

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан хэргийг хянан шийдвэрлэхэд тухайн үйл явдлын өрнөл, үргэлжилсэн хугацаа, гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, тухайн хэргийг үйлдсэн хүний үйлдэлдээ болон учруулсан хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага, үйлдлийнхээ аюултай шинж чанарыг ухамсарласан байдал, үйлдлийн арга, давтамж, гэмт үйлдэлдээ ашигласан хэрэгсэл, шүүгдэгч, хохирогч нарын харилцааны түүх, тэдгээрийн хувийн байдал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодитой үнэлэх замаар гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг сэргээн тогтоох нь энэ төрлийн гэмт хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгаагүй  байхад анхан шатны шүүх хохирогчийн хохирлыг барагдуулсан гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, мөн хувийн байдлын хувьд тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, байнгын орлоготой болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байхад ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой гэсэн дүгнэлт хийн түүнд торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

 

Дээрх нөхцөл байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Д.Гт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогч Г.Тийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЦТ/772 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ