| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0986/З |
| Дугаар | 128/ШШ2025/0265 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2025/0265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.У, У.*******,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Ж, Д.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Д,
Маргааны төрөл: Татварын улсын байцаагч нарын татварын нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, У.*******, хариуцагч Б.Ж, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Манай компани нь татварын улсын байцаагчийн тавьсан актыг хууль, эрх зүйн хувьд үндэслэлгүй, хуулийн дагуу шийдээгүй, бодит худалдан авалтыг дүгнээгүй, татвар төлөгчийн эрх ашгийг хөндсөн, анхан шатны баримтуудыг үзээгүй. Татварын ерөнхий хуулийн суурь зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн байцаагч Б.Ж, Д.О нар анхнаасаа татварын улсын байцаагчийн актыг хариуцлагагүй тавьсан нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд:
Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2020 онд “С*******” ХХК-иас 23 ширхэг 400.727.272 төгрөгийн үнийн дүнтэй хий бичилттэй баримт авч, худалдан авалтын хасалт хийж тайлагнасан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.
Тодруулбал: Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.“Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил …” гэж хуульчилсан. Иймээс хуулийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 29-ний худалдан авалтын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.4.“татварын албаны үйл ажиллагааны ил тод байдлыг хангах”, 32.2.6.“татварын албаны үйл ажиллагаанд болон татвар төлөгчид учирч болох эрсдэлийг тодорхойлох”, 76 дугаар зүйлийн 76.1.3.“татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх”, 75 дугаар зүйлийн 75.2.“Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан байна.
Гэтэл Татварын алба нь бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаараа дамжуулан татвар төлөгч нарт хий бичилт хийсэн нь тогтоогдсон компаниудыг нийтэд зарлан тайландаа залруулга хийх талаар анхааруулга хийж, эрсдэлийг анхааруулж мэдэгдэх ёстой байсан. Мөн нөхөн ногдуулалтын акт тавихдаа татвар төлөгчийн эрхийг хөндсөн, хуулийн мэдлэггүйг далимдуулсан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг бүрэн үзээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй, хэт нэг талыг барьж акт тогтоосон гэж үзэж байна.
Миний бие тус компанийг 2022 оны 09 сард компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр худалдаж авсан. 2020 он, 2021 онд хий бичилттэй баримт худалдан авч худалдан авалтын хасалт хийгээгүй. Компанийн өмнөх удирдлага болон нягтлан бодогчийг дуудаж анхан шатны баримтууд авах, тайлбар авахыг татварын байцаагч нарт хүссэн боловч хүлээж аваагүй. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.“Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.”, 84.6.“Компанийн эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн 84.4, 84.5-д заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчсөнөөс компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсэн. Иймээс Татварын байцаагч нар нөхөн татварын актыг тавихдаа компанийн өмнөх удирдлага нягтлан бодогчоос асууж тодруулаагүй бөгөөд тухайн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хянаж шалгаагүй.
Манай компани татварын хяналт шалгалт хийх явцад анхан шатны баримтыг гаргаж өгч чадаагүй. Тиймээс анхан шатны баримтуудаа гарган өгч байна. 2020, 2021 онуудад манай компани бодитоор барилга угсралт засварын ажил хийсэн.
Эдгээр гэрээнүүдийн нийт төлбөр нь компанийн ******* тоот дансаар 610,000,000 сая төгрөг орсон байна. 2020, 2021 онд гэрээний мөнгийг захирал У.*******ий *******, ******* тоот данс руу шилжүүлэн барилгын материал худалдаж авдаг байсан. Дансыг шүүүж үзэхэд 2020, 2021 онуудад нийт 1.1 тэрбум төгрөгийн барилгын материал бодитоор худалдаж авсан байна. Иймээс Нөхөн ногдуулалтын актад тавигдсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчилд ногдуулсан 154.701.620 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тавьсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймээс Татварын улсын байцаагчийн НА- дугаар нөхөн хогдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 он буюу нөхөн ногдуулалтын акт тавигдсан тухайн цаг үе нь цар тахлын нөхцөл байдалтай хүнд цаг үе байсан. Энэ цаг үед манайх ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад материал болон ажлын хөлсөөр гэрээ байгуулж ажил гүйцэтгэсэн. Тэгээд энэ цаг үед хил гааль бараа материалын хомсдол, тээвэрлэлтийн үнэ өссөнтэй холбоотойгоор барааны хомсдол, үнийн хөөргөдөл маш их байсан. 2020 оны хувьд барилгын материалын худалдаа эрхлэлт нь манайх хэдийгээр гэрээ байгуулахдаа бараа материалыг гаднаас оруулж ирэх төлөвлөгөөтэй байсан боловч хил гаалийн асуудлаас болоод Монгол Улсад байгаа бэлэн бараа материалаас худалдан авах шийдвэр гаргаж, гэрээнийхээ дагуу ажлаа гүйцэтгэхийн тулд худалдан авалт хийсэн. 2020 онд барилгын материал худалдаа эрхлэгчид 100 айл төв, энэ хэсгээр дандаа хувь хүн борлуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт, санхүүгийн баримт үйлдэхдээ тухайн цаг үед байтугай, одоо ч гэсэн маш дутагдалтай байдаг. Энэ нөхцөл байдал нь татварын зөв бодлого, татварын байцаагч нарын маань тавьдаг шаардлагууд бодит амьдрал дээр нийцэх нь маш хэцүү байдаг. Үүнийг барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниуд дунд нь үүрч хохирч явж байна. Татварын байгууллага аж ахуйн нэгж торгууль алдана гэсэн зүйлүүдийг тавихдаа 2020 оны тухайн миний үүрэг гүйцэтгэж байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр, тухайн үед шийдвэр гарахаас өмнө би очиж 1 тайлбар, материалууд өгье гэхэд хүлээж аваагүй. Та хуулийнхаа хугацаанд үүргээ шилжүүлээд өгчихсөн учраас тантай уулзахгүй, танд танилцуулахгүй гэж өөрсдөө шийдвэр гаргасан. Татварын байгууллага нь “С*******” ХХК-тай бусад холбоотой аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлээд тухайн аж ахуйн нэгжүүд тайлангаа засаад шийдвэрлэгдээд явсан. Танайд мэдээлэл очсон гэж хэлдэг боловч татварын сайт дээрх мэдэгдэл гэснийг би хэвлээд авчирсан. Гэтэл үүн дээр ерөөсөө тэрэнтэй холбоотой манай байгууллагад ямар ч мэдэгдэл ирээгүй. Дээрээс нь зарим байгууллагуудад утсаар ярьж хүргэсэн гэдэг боловч манай дээр мэдээлэл ирж байгаагүй. Тэгээд “С*******” ХХК нь байгууллагуудыг хохироосон гэж үзэж байгаа. Мөн манай байгууллагыг хохироосон. Дээрээс нь “С*******” ХХК-тай холбогдож уулзаж асуудлуудаа ярилцах хэрэгтэй гэхээр ямар ч мэдээллээр хангахгүйгээр 1 талыг барьж аж ахуйн нэгжид торгууль алданги ногдуулж байгаа нь маш шударга бус байдаг. Тэгээд татвар төлөгчийг ерөөсөө авч хэлэлцдэггүй байдал нь татварын байгууллагыг 1 талыг барьдаг хариуцлагагүй гэж үзэж байгаа.” гэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль дээр миний өмнө нь хэлсэн бараа ажил үйлчилгээгээ тайлагнахад суутгал төлдөг. Жирийн иргэн би ч мэдээд байна. Тэгээд хууль дээр борлуулалт гэдгийг бас хуульчлаад өгчихсөн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон өдөр гэдгийг нь бас хуульчлаад өгчихсөн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгч этгээд нь 50,000,000 төгрөгөөс дээш төгрөгт борлуулалтын орлого нь хүрч албан татвар ногдуулан суутган авч төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийг үүрэгт төлөгч гэнэ гээд хуульчлаад өгчихсөн байдаг. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.3 дээр борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор гээд хуулийн зүйл заалтуудыг нь хийгээд байгаа. Тэгэхээр суутгаж төлдөг татварын хувьд гэж байна. Үүнд манайх хамаарна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дүн нь зөрсөн 2020 онд орлого Х, зардалтай илгээсэн гэж байгаа. Манайх болохоор 2019 онд урьдчилж орсон орлогоор зөрөө гараад байгаа дүнг суутгасан байдаг. Мөн манайх нэмэгдсэн өртгийн албан татварын илүүдэлтэй байсан. Үүнийг акт тавих хугацаандаа яагаад суутгаж тооцож болдоггүй юм. Дараа нь нөхөөд хасчихдаг гэж байна. Татвар төлөгчийн эрх нь хязгаарлагдмал. Дараа нь тэгчихнэ гэж байна. Тэгээд илүү гарсан юмаа суутгаж төлж болдоггүй. Дараа нь тэр нь бөөн ажил болдог. Татвар төлөгчийн эрх ашиг хөндөгдсөн акт үйлдсэн гэж үзэж байна. Мөн залруулга хийж байсан аж ахуйн нэгж байгаа. Бодитоор манай компанийн туслан компани залруулга хийгдсэн байдаг. Тэгээд яагаад манайх хийж болохгүй гэж, бид нарт яагаад олгож болохгүй юм бэ? Татвар төлөгч гэдэг үүргээ бид нар ухамсарлаж байгаа мөртлөө эрх үүрэг бас хязгаарлагдмал байгаад байна гэдгийг харуулаад байна. Татварын ерөнхий газрын удирдамж болон томилолтын огноо нь бол тодорхой бус байгаад байдаг. Тэгээд мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зөрсөн гэсэн. Хий бичилттэй манайх хамааралгүй гэж үзэж байгаа. Тэгээд 2020 он, 2021 онд “Х” ХХК 831,000,000 төгрөгийн орлоготой, 833,000,000 төгрөгийн зарлагатай байгаа. Ер нь орлого зарлага нь нийцсэн. Манайх нэг их орлого олоод тайлангаа буруу илгээгээд нэг их ийм зөрөө гараад улсыг хохироосон гэж үзэхгүй байгаад байгаа. “Х” ХХК-ийн дансаар орж ирсэн орлого нь яг тэр гэрээнүүдтэй таарч байгаа. Үүгээрээ манайх орлогоо олсон бодит зардлууд гарсан учраас аж ахуйн нэгж дээр тавьсан энэ дүнг манайх хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ үүгээр илэрхийлээд байгаа. Мөн одоо хүртэл “С*******” ХХК-тэй холбоотой хий бичилттэй улсад хохирол учруулсан гэдэг нь эрүүгийн хэргээр хянан шийдвэрлэгдээд эцсийн байдлаар дүгнэлт гарсан юм байхгүй. Тийм учраас одоо акт тавихдаа татвар төлөгчийн эрх ашгийг хөндсөн. У.*******ий дансыг ерөөсөө аваагүй, үзээгүй байж акт тавигдчихсан. Тэгээд ийм эрх ашиг нь хөндөгдсөн акт тавьсан гэж үзэж байна. Тийм учраас актыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
9. Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Б.Ж нар нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаарт томилолтоор “Х” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Хялбаршуулсан-Хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж 2024 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актаар 92,941,346.57 төгрөгийн нөхөн татвар, 28,867,229.54 төгрөгийн торгууль, 32,893,044.38 төгрөгийн алданги нийт 154,701,620.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.
… Хариу тайлбар 1: Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд 15.3.“Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно: … 15.3.2.тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;” гэж заасан заалтаар зохицуулагдах ба 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зөрчлүүдийн хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дараагийн өдрөөс эхлэн тоолоход 3 жил 3 сарын хугацаанд өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаандаа актаа гаргасан.
Хариу тайлбар 2: Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас тус компани нь нэмэгдсэн ортгийн албан татварын хий бичилт хийж татвар төлөгчдийг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэсэн аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон ******* тоот регистрийн дугаартай “С*******” ХХК-иас 2020 онд 23 ширхэг 400,727,272.71 төгрөгийн үнийн дүнтэй, 2021 онд 18 ширхэг 207,732,727.27 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын нийт 608,459,999.98 төгрөгийн худалдан авалтын падааныг 2020-2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж төсөвт төлөх албан татвараа буруулсан гэх мэдээлэл ирүүлсэн. Мөн татвар төлөгчийн ирүүлсэн нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан анхан шатны баримт татварын албанд ирүүлээгүй дурдаж байна.
Тус ******* тоот регистрийн дугаартай “С*******” ХХК нь хий бичилт хийж татвар төлөгчдийг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон талаарх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар ******* шийдвэр байна. Тус компанийн захирал Э.Э******* өгсөн ярилцлагын тэмдэглэлдээ “С*******” ХХК-тай холбоотой гэрээ, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй тухай дурдсан байна.
Хариу тайлбар 3: Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл 14.3.“Хуулийн этгээдийг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөх замаар өөрчлөн байгуулсан тохиолдолд татвар ногдуулалт, төлөлттэй холбогдсон эрх, үүрэг өөрчлөн байгуулагдсаны үр дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжинэ” гэж хуульчилсан. Мөн хуулийн 26.3.“ Татвар ногдох зүйлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эсхүл татвар ногдох зүйл бүхий этгээд, татвар төлөгчид олгосон болон өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл, эсхүл татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба тухай бүр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.”, 26.5.“Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байгаа татвар төлөгчийн мэдээлэл тухайн татвар төлөгчид нээлттэй байх ба мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч хариуцна.” татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгч компанийн захирал Э.Э******* байсан тул хяналт шалгалтын ажилд оролцуулан улсын байцаагчийн шийдвэрийг танилцуулан ажилласан. Татварын хяналт шалгалт хийх томилолтыг татвар төлөгчийн хүсэлтийн дагуу тайлбарыг үндэслэн хяналт шалгалт хийх хугацааг сунган ажилласан.
Хариу тайлбар 4: Нягтлан бодогч Х.Х******* 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/03/12 дугаарт баримт бичгийн хүсэлтийн дагуу 2020 оны 01 дугаар сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний хамрах хугацааны Хаан банкны ******* тоот дансны хуулгыг ирүүлсэн. Дансны хуулгаар “С*******” ХХК-тай холбоотой орлого зарлагын гүйлгээ хийгдээгүй. Мөн захирал Э.Э******* болон нягтлан бодогч Х.Х******* нар өгсөн ярилцлагын тэмдэглэлдээ Хаан банкин дахь данс болон бүртгэлийг нягталж үзэхэд тухайн компанитай холбоотой гүйлгээ байхгүй тухай дурдсан.
Иймд татварын улсын байцаагчийн НА- дугаартай татварын нохон ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлээд хэрэгжилтэд хяналт тавих үүргийн дагуу ажилладаг. Энэ үүргийнхээ дагуу Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газраас “Х” ХХК, “С*******” ХХК-иас хий бичилттэй худалдан авалттай падаан худалдаж авсан байна. Үүнийг шалгаач гэсэн томилолт үүссэний дагуу манай 2 байцаагч хяналтын дагуу шалгаад эцсийн дүнгээ акт болгон гаргасан байдаг. Хуулийн хөөн хэлэлцэх хугацаатайг байцаагчтайгаа давхардуулж ярихгүйгээр орхиё. Татварын хяналт шалгалтад хамрагдаж байх явцдаа тухайн компани маань гэм буруугүй гэдгээ нотлоод өөрийнхөө тайлбар мэдүүлэг, бусад нотлох баримтуудаа гаргаж өгөх үүрэгтэйгээр оролцож байгаа. Энэ үүргийнхээ дагуу тухайн компани дээр 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр акт тавигдсан байдаг. Акт тавьснаас хойш Маргаан таслах зөвлөл шүүх хүртэл хугацаагаар явсан байгаа. Тухайн хугацаанд гаргаж өгсөн нэмэлт гаргаж өгсөн материалтай танилцсан. У.******* гэж захирлын дансны хуулга байгаа. Тэр дансны хуулга дээр ямар нэгэн байдлаар тухайн ажил гүйцэтгэх гэрээ хийсэн байгууллагаас орж ирсэн орлого байхгүй. Дансны хуулгаар тухайн бараа материалуудаа худалдаж авсан гэсэн нотлох баримт байхгүй материалууд өгүүлсэн байгаа. Тэгээд хуучин захирал нь У.******* хэлээд байгаа. Манай компанийн учир мэдэхгүй шинэ захирал дээр акт тавьчихсан байна гээд байгаа юм. Тухайн компанийг шилжүүлэн худалдаж авсан дараагийн компанийн захирал болон нягтлангууд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу анхан шатны баримт, архивын бүх баримтуудыг хүлээлцэж аваад тэр материалтайгаа холбоотой бүх тайлан мэдээ, мэдээллүүдтэй нь танилцаад цаашдаа үйл ажиллагаагаа явуулж байгаа байх. Гэхдээ тэр компанийн захирал гэдэг хүн дээр нь акт тавьсан гэж сая нэхэмжлэгч дурдаад байна. Компанийн шинэ захирал дээр нь биш тухайн компанийн 2020 он болон 2021 онд үйлдсэн хий бичилттэй падаан худалдаж авсан үйлдэлд нь компани дээр акт тавиад байгаа. 2 захирал дээр ямар нэгэн байдлаар хариуцлагын асуудал л яригдах байх. Сая итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* дурдаж байна. Байгууллагуудын хувьд утсаар мэдэж тайлангийн засварлах боломж олгосон гээд байгаа юм. Тайлан засварлах бол дараа оны жилдээ багтааж тайлан засварлах хууль дээрээ заалттай байгаа. Хий бичилттэй худалдан авалт биш үнэхээр бодитой худалдан авалт байсан бол яагаад тайлан засах боломж олгоогүй юм гэж хэлээд байгаа юм. Тэрийг ойлгохгүй байна. Манайх 2020 онд ажил гүйцэтгэх гэрээ хийгээд ажил гүйцэтгэсэн гэж байгаа юм. Ажил гүйцэтгэсэн бол тухайн ондоо ажил гүйцэтгэж байгаа байгууллага Хөдөлмөрийн тухай хууль дээр заасны дагуу ажилчдадаа хөдөлмөр эрхлэлтийнхээ дагуу цалин хөлс олгож татварынхаа тайлан дээр тусгасан байх ёстой. Би нэмэлтээр тухайн оны нотлох баримт гаргаж өгсөн байгаа. 2020 он болон 2021 оны цалин хөлсний тайлан дээр Х-ээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, ажилчин ажиллуулаагүй гэсэн тайланг илгээсэн байдаг. Тэгэхээр тухайн компанийг ямар нэгэн ажил гүйцэтгээгүй гэдгийг нотлох болов уу? гэж бодож байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Ж, Д.О нар НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар “Х” ХХК-д нийт 1,654,051,275.69 төгрөгийн зөрчил илэрсэн гэж 92,941,346.57 төгрөгийн нөхөн татвар, 28,867,229.54 төгрөгийн торгууль, 32,893,044.38 төгрөгийн алданги, нийт 154,701,620.49 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
1.1. Хуулийн зохицуулалтаас үзвэл татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх ба тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс буюу бараа борлуулсан бол ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дараа сарын 10-ны дотор төлж, тайлангаа татварын албанд тушаах бөгөөд ийнхүү сараар тайлан гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх естой өдрийн дараагийн ажлын өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор зохицуулжээ.
1.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч улсын байцаагч нар нэхэмжлэгч компанийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийсэн байх бөгөөд 2020 оны 12 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дараагийн ажлын өдөр болох 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
2.1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.“анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх;” 41 дүгээр зүйлийн 41.12.“Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна: … 41.12.3.татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах.”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.”Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”, 13.1.2.“албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;”, 16 дугаар зүйлийн 16.10.“Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй: … 16.1.1.энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал;”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.“Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.”"анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог;”, 8 дугаар зүйлийн 8.1.”Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна: 8.1.1.санхүүгийн байдлын тайлан; 8.1.2.орлогын дэлгэрэнгүй тайлан; 8.1.3.өмчийн өөрчлөлтийн тайлан; 8.1.4.мөнгөн гүйлгээний тайлан; 8.1.5.санхүүгийн тайлангийн тодруулга.”, 13 дугаар зүйлийн 13.7.“Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.”, 14 дүгээр зүйлийн 14.1.”Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.”, 14.3.”Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ: 14.3.1.анхан шатны баримт бүрдүүлэх; 14.3.2.журналд бичих; 14.3.3.дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх; 14.3.4.ажил, гүйлгээний мэдээ гаргах; 14.3.5.санхүүгийн тайлан гаргах.”, 14.4.Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ: 14.4.1.аж ахуйн бүх ажил, гүйлгээ; 14.4.2.бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага; 14.4.3.бүх өр төлбөр; 14.4.4.аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр; 14.4.5.бүх орлого; 14.4.6.бүх зардал; 14.4.7.нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад зүйлс.”, Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.“Компани нь дараах баримт бичгийг хадгалах үүрэгтэй: … 97.1.6.санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан; … 97.1.8.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг;” гэж заажээ.
2.2. Нэхэмжлэгч компани “С*******” ХХК-тай бараа нийлүүлэх гэрээ байгуулж, 2020 онд “С*******” ХХК-иас 23 ширхэг 400,727,272.71 төгрөгийн үнийн дүнтэй, 2021 онд “С*******” ХХК-иас 18 ширхэг 207,732,727.27 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалт хийсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл дээрх үнийн дүнтэй худалдан авалт хийсэн болох нь ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн талаарх анхан шатны баримт болон орлого, зарлага, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсгэврийн бүртгэл, журнал, дэлгэрэнгүй болон ерөнхий дансны бүртгэл, ажил, гүйлгээний мэдээ зэрэг баримтаар тогтоогдохгүй байна.
2.3. Өөрөөр хэлбэл албан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг дээр дурдсан хуульд заасан нөхцлийг нэгэн зэрэг хангасан тохиолдод хасаж татвар ногдох орлогыг тодорхойлох ба нэхэмжлэгч худалдан авалт хийсэн болох нь хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн баримтаар тогтоогдохгүй байх тул зардлыг өсгөж, татварын хувь хэмжээг бууруулсан гэж үзсэн хариуцагчийн акт үндэслэлтэй.
2.4. Мөн захирал У.*******ий дансаар төлбөр тооцоо хийсэн нь хуулийн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх зохицуулалтад нийцэхгүй бөгөөд татвар төлөгч компани өөрийн аливаа худалдан авалтын гүйлгээг өөрийн дансаар хийх нь хуульд нийцэх юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 15.3.2, 29 дүгээр зүйлийн 29.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасныг баримтлан “Х” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Ж, Д.О нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН