Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/22

 

      2023             12            28                                       2024/ДШМ/22                       

 

      Ж.Гт холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтулга,

хохирогч Т.А,

шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1038 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Гт холбогдох эрүүгийн 1809043170717 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

          Ж.Г

 

          Шүүгдэгч Ж.Г нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 24 тоотод иргэн Т.Аийн алтны шороон ордтой болох гэсэн хүсэл зоригт нь дөрөөлж, өөрт тулгарсан санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор “Б” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаагүй, Төв аймгийн Баян сумын нутаг Айргийн Энгэр 1, 2 нэртэй газарт орших 147.74 гектор талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-017363 тусгай зөвшөөрөлтэй алтны шороон ордод огт үйл ажиллагаа явуулж байгаагүй, тухайн газрын алтны нөөцийн хэмжээг мэдэхгүй байж “би өөрөө хайгуул хийж алтны нөөцийг тодорхойлсон, алтны 834 сорьц, 82.37 кг алтны нөөцтэй, энэ худгийг би бариулсан, 100 метрийн гүнтэй, эксковатороор шурф тавьж ухуулсан, манай компанийг хятад хүмүүс сонирхож байгаа” гэх мэтээр ярьж итгэл үнэмшил төрүүлэн хуурч, “Б” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ болон “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 350.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Гийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Гоос 350.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Ат олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие 2018 оны 1 дүгээр сард өөрийн танил Тгаар дамжуулан Атэй танилцаж “Б” ХХК-ийн алтны ордны талаар сонирхуулан хэлэхэд “би алтны орд хайж байгаа, худалдаж авч болох уу, авахаасаа өмнө өөрийн геологич Ц.Гын хамт тус алтны ордны бичиг баримт, материалтай танилцаж судлах шаардлагатай байна гэхэд зөвшөөрч Т.Ат “Б” ХХК-ийн алтны ордны нөөц тогтоосон материал болон бусад холбогдох бичиг баримтыг судлан үзээд боломжийн юм байна гээд тухайн алтны орд газар дээр нь очиж үзэх шаардлагатай байна гээд өөрийн геологичийн хамт 2018 оны 2 дугаар сарын 3-4-ний өдрүүдийн хооронд миний танил Т, Т.А, түүний геологич Ц.Г болон жолооч бид 5 газар дээр нь очиж үзсэн. Тухайн үед газар дээр очиход цасан шуургатай байсан. Т.А болон геологич Г нарт “Б” ХХК-ийн 2011 онд хийсэн хайгуулын ажлын тайлан, мөн гаргасан худгийн талаар бичиг баримтыг үндэслэж тайлбарласан. Түүнээс би өөрөө нөөцийг тогтоож, 100 метрийн худаг гаргуулж ухуулсан гэж хэлээгүй болно. Т.А бид хоёр алтны орд худалдаж авахаас өмнө нь энэ талаар ярилцаж байсан удаагүй. ... Бид алтны орд байгаа газраас буцаж ирсний дараа Т.А “Б” ХХК-ийн алтны ордыг чинь худалдаж авъя, тухайн компани хэдэн хүний нэр дээр байх надад хамаагүй, зөвхөн чамаас ганц хүний нэр дээрээс авна гэсний дагуу би тус “Б” ХХК-ийг өөрийн нэр дээр болгож, дараа нь Т.Аийн нэр дээр компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг хийж нийт 800.000.000 төгрөгөөр зарахаар болж 350.000.000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр авч, үлдсэн мөнгийг 2018 оны 4 дүгээр сард авахаар тохиролцож гэрээ хийсэн. “Б” ХХК-ийн ордыг зарахдаа Т.Ат холбогдох төрийн байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар, Байгаль орчны яам, Татварын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэргүүдээс зохих журмын дагуу лавлагаа авахад ямар нэгэн асуудал гараагүй. Т.А надад хэлэхдээ 2001 оноос хойш алтны ордны зөвшөөрөлтэй холбоотой уул уурхайн компани ажиллуулж ирсэн талаараа хэлж байсан. “Б” ХХК-ийн хайгуул болон нөөц тогтоосон тайлан бусад бичиг баримтыг Т.А өөрийн геологич Ц.Гын хамт тус компанийг худалдаж авахаас өмнө 7 хоногийн турш сайн шалгаж, судалж үзсэний дараа шийдвэр гаргасан. 2018 оны 4 дүгээр сард Т.А над руу утасдаад “чиний энэ алтны орд чинь алтгүй юм байна, миний мөнгийг буцааж өг, би цагдаад хандана” гэсэн. Би Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байх хугацаанд анх алтны ордны нөөцийг хэрхэн яаж тогтоосон талаар мэдэж авсан юм. Анх тухайн ордыг зарах үед надад нөөцийг хэрхэн, яаж тогтоосон талаар мэдэх боломжгүй байсан юм. “Б” ХХК-ийн алтны ордны нөөцийг хэрхэн, яаж тогтоож батлуулсан талаар гэрч Б.Д, С.Б нар мэдүүлэхдээ тайлбарласан байдаг. Эдгээр хүмүүс тухайн 2010-2011 онуудад нөөц тогтоох ажлыг гардан гүйцэтгэсэн хүмүүс байсан. Тухайн үед “Б” ХХК-ийн захирлаар Оюунболд гэж хүн байсан бөгөөд алтны нөөцийг батлуулаад 2014 онд Э гэх хүнд худалдсан байсныг мөн олж мэдсэн. Энэхүү алтны нөөцийг тогтоох талаар 2018 онд миний бие мэдэж чадсан бол хохирогч Т.Ат “Б” ХХК-ийн алтны ордыг зарахгүй байх байсан. Мөрдөн байцаалтын явцад шинжээч томилогдон алтны ордны газар дээр очиж шалгалт хийсэн шинжээчийн дүгнэлт зэргийг мөрдөн байцаах явцад тухайн ордод нөөц тогтоох үедээ зарим хэсгийг зохион бичиж нөөцийг нэмэгдүүлж батлуулсан байсныг олж мэдсэн. Т.Аээс “Б” ХХК-ийн алтны ордыг худалдаж олсон 350.000.000 төгрөгийг эргүүлж төлөхөө анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад илэрхийлсэн. Миний бие 2007 оноос хойш Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Шаврын ордыг түшиглэж тоосгоны үйлдвэр ажиллуулж ирсэн. Тус үйлдвэрийн тоног төхөөрөмж 2007 оноос хойш шинэчлэлт хийгдээгүй 2018 он хүрсэн тул элэгдэж муудсан бөгөөд тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай байсан учраас Т.Ат “Б” ХХК-ийн алтны шороон ордыг зарсан юм. Надад алтны ордоо зээлээр өгсөн Э, Н нар нь хэрэг шалгах явцад нас барсан бөгөөд эргээд тэр хүмүүст гомдол гаргах боломжгүй болсон. Би өөрийгөө мөн хохирогч Т.А шиг хууртагдаж өөр дээрээ шилжүүлэн авч Т.Ат зарсан гэдгээ хэрэг шалгагдаж байх үедээ мэдсэндээ харамсаж байна. Т.Ат өгөх мөнгөө өөрийн тоосгоны үйлдвэрээ ажиллуулж байгаад өгөх гэсэн боловч 2020, 2021, 2022 онуудад Ковид-19 өвчний үе таарч ажил явуулах боломжгүй болсон. Тухайн үед үйлдвэрт хулгай орж 70 сая төгрөгний эд зүйл алдагдсан бөгөөд энэ талаар мөн цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа. Манай үйлдвэр нь байгалийн аргаар зөвхөн дулааны улиралд бүтээгдэхүүнээ боловсруулдаг. 2023 онд үйлдвэртээ сэлбэг хэрэгсэл нэмж аван, засвар үйлчилгээг хийж дуусгасан. Өөрийн тоосгоны үйлдвэрт засвар үйлчилгээ хийсэн ажлын талаарх баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд би хохирогч Т.Аийн хохирлыг бүрэн төлж барагдуулна. Миний дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хуулийн дагуу хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... дээрх хуурч мэхэлсэн, итгэл төрүүлсэн гэх үгнүүдийг Ж.Г хэлсэн гэдгийг зөвхөн хохирогч А л ганцаараа мэдүүлсэн байдаг бөгөөд Г, А нартай хамт явж байсан Аийн компанийн геологич Г болон гэрч Т нар нь 2-3 удаагийн өгсөн мэдүүлэгтээ Гийн хэлж байсан талаар огт хэлдэггүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг шүүх харгалзан үзсэнгүй.

Хуурч мэхлэх арга гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ. Хуурч, мэхлэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг, факс, дүрс болон дуу авианы бичлэг, техник хэрэгсэл, компьютерын мэдээлэл сүлжээ ашиглах буюу тусгай албаны хувцас, хэрэглэл, цол тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх зэргээр илэрнэ гэжээ. Гэтэл Ж.Г нь “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хууль ёсны хүчинтэй байна уу, үгүй юу гэдгийг зохих ёсны байгууллагуудаас лавлагаа авч өөртөө итгэл үнэмшлийг олж авч байснаар барахгүй, хохирогч А нь мөн л адил тусгай зөвшөөрлийн бичиг баримттай танилцаад худалдан авах саналыг өөрөө гаргасан байдаг. Итгэл эвдэх арга гэдэг нь гэрээний буюу гэрээний бус харилцаагаар итгэмжлэн олгосон бусдын эд хөрөнгө эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, ашиглах замаар эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ. Итгэл эвдэх арга нь гол төлөв хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж эд хөрөнгө хөлслөх зээл өгөх, авах, худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх барьцаа, батлан даалт, баталгаа, даатгал, итгэмжлэл иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөх ашиг хүртээхийг амлах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр илэрнэ гэжээ. Ж.Г нь компанийн эрх шилжүүлэх гэрээг талуудын харилцан зөвшөөрөлцсөний улмаас мөн хохирогч Аийн өөрийх нь “компанийг чи өөр дээрээ шилжүүлж ав” гэсний үндсэн дээр хууль ёсны дагуу шилжүүлэн авсан байдаг. Бусдын эд хөрөнгө эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй хариу төлбөр огт байхгүй эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана. Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож харилцан гомдлын шаардлага гаргаж гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй гэжээ. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, урьдчилгаа төлбөр хийгдсэн хэдий ч гэрээний талуудын огт мэдээгүй хуурамч бичиг баримт байсан тусгай зөвшөөрөлд тусгагдсан алт нь нөөц газар дээр байгаагүй гэдгийг Г, А нар зөвхөн тээр хойно мөрдөн байцаалтын шатанд мэдсэн байдаг. Энэ нь гэрээний эрсдэл бөгөөд хэн хэнээс нь хамааралгүй байсан гэдгийг харуулж байна. Байгалын давагдашгүй хүч, нийгэм, эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй гэжээ. Гэтэл өнгөрсөн хугацаанд дэлхий нийтээр Ковид-19 халдварт өвчний улмаас хөл хорионд орж үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж үүнд чиглэсэн идэвхитэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй тул Ж.Гт холбогдох хэргийг иргэд хоорондын иргэний маргаан гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогч Т.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 онд Т гэх эмэгтэй над руу залгаад “Алтны шороон ордны лицензтэй хүн байна, та уулзах уу” гэсэн учир би түүний оффис дээр очиж Ж.Гтой уулзсан. Тэр үед Ж.Г “Мөнгөний хэрэг гараад ордны лицензээ зарах гэж байгаа” гээд бичиг баримтуудаа үзүүлсэн. Тухайн үед баримт дотор нь төрийн байгууллагаас авдаг бүх бичиг баримт байсныг нь аваад геологичдоо үзүүлсэн. Гэтэл геологич маань “Газар дээр нь очиж үзвэл яасан юм бэ” гэсэн тул Г, Т, манай геологич бид хэд Төв аймгийн Баян сумын Айргийн энгэр газарт очсон. Тухайн үед өвөл, тэгээд битүү цастай, цасан шуургатай байсан тул Ж.Г, геологич хоёр буусан ч удалгүй буцаад ирснээ “Хавар цас хайлж ханзрахаар үзье” гэдэг яриа өрнөсөн. Гэтэл Ж.Г “Бид үйл ажиллагаа явуулахдаа экскаватор ашигласан, улаан худгийн ус 100 метрийн гүнээс гарсан тул үйлдвэрлэл явуулахад хангалттай” гэж хэлсэн. Би буцаж ирээд геологичтойгоо ярилцахад “Цас ханзрахыг хүлээе, тэгээд үзье” гэсэн. Улмаар Ж.Гтой уулзахад 1,2 тэрбум төгрөгөөр худалдана гэж байснаа 800 сая төгрөг болгосон. “Надад мөнгө хэрэгтэй байгаа, Хятадууд ирж үзээд байлгаж байгаарай, хавар мөнгөө авчраад авъя гэсэн санал тавьсан” гэж хэлээд материал дотор нь дөрвөлжин цаасан дээр хятад ханзаар бичиг бичээд хавчуулсан байсан. Тэрийг нь хараад би алдчих байх гэж айгаад “Урьдчилгаа 350.000.000 төгрөг өгье, тэгээд хавар цас хайлахаар үзэж байгаад үлдэгдэл мөнгөө өгье” гэсэн яриа хийгээд худалдаж авахаар болсон. Ж.Гийн тухайн үеийн байдал үнэмшилтэй байсан тул итгээд мөнгөө өгчихсөн. Хавар болоод тухайн газартаа очиж уулзахад олигтой юм байгаагүй тул геологичтойгоо ярилцаж байгаад координатыг нь шалгуулахаар болж, зураг зүйн компанийн мэргэжлийн инженер хөлслөөд ажлын гэрээ байгуулж хэмжүүлэхэд Ж.Гийн заасан талбай инженерийн гаргасан талбайтай давхцахгүй байсан. Өөрөөр хэлбэл, Ж.Гийн бичиг баримт дээрх талбай хажуу талын уулын энгэр дээр зааж байсан. Зүй тогтлын хувьд, алтны шороон орд газрын хэвгий дагаж байрладаг болохоос уулын хяр дээр байрлах үндэсгүй. Мөн манай  геологич “Бичиг баримтыг нь үзсэн чинь тайлангийн зургийн хажуу талын хавсралт дээр Дорнодын Баяндун гэсэн зураг байна”  гэж хэлсэн. Эхлээд дуугүй байснаа дараа нь хүлээн зөвшөөрсөн. 6 дугаар сарын 01-ний өдөр өгье гэж хэлээд өгөөгүй. Бичиг баримтаа өгчих, сонирхсон хүмүүс зөндөө байна, борлуулаад өгье гэсэн ч би өгөөгүй. Улмаар 7 дугаар сар хүрээд бичиг баримтын лиценз нь хүчингүй болсон.” гэв.

 

Прокурор Н.Энхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж үзэж байна. Учир нь, давж заалдах гомдолд мэдүүлгийн эх сурвалжийг заагаагүй, хохирогчид тийм зүйл хэлж байгаагүй гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогддог. Мөнгийг нь шилжүүлж авсан баримтууд нь шүүгдэгчийг хохирогчид итгэл үнэмшил төрүүлсэн гэдгийг тодорхойлдог тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй. Залилах гэмт хэргийн субъектив санаа зорилгыг зайлшгүй тогтоох шаардлагатай ба энэ хэргийн тухайд урьдач нөхцөлийг бий болгох үүднээс “Би өөрөө хайгуулыг нь хийсэн, алтны нөөцийг тодорхойлсон, алтны сорьцтой худгийг бариулсан” гэх зэргээр хохирогчид алтны ордтой болох хүсэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч мэхэлсэн нөхцөл байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн хохирогчоос гаргасан ял хөнгөдсөн гэх тайлбарын тухайд, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Г нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 24 тоотод иргэн Т.Аийн алтны шороон ордтой болох гэсэн хүсэл зоригт нь дөрөөлж, өөрт тулгарсан санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор “Б” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаагүй, Төв аймгийн Баян сумын нутаг Айргийн Энгэр 1, 2 нэртэй газарт орших 147.74 гектор талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-017363 тусгай зөвшөөрөлтэй алтны шороон ордод огт үйл ажиллагаа явуулж байгаагүй, тухайн газрын алтны нөөцийн хэмжээг мэдэхгүй байж “би өөрөө хайгуул хийж алтны нөөцийг тодорхойлсон, алтны 834 сорьц, 82.37 кг алтны нөөцтэй, энэ худгийг би бариулсан, 100 метрийн гүнтэй, эксковатороор шурф тавьж ухуулсан, манай компанийг хятад хүмүүс сонирхож байгаа” гэх мэтээр ярьж итгэл үнэмшил төрүүлэн хуурч, “Б” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ болон “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 350.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.Аийн “... Г надад хэлэхдээ “Б” ХХК-ийг эзэмшдэг Төв аймгийн Баян сумын Айргийн энгэр 1, 2 гэсэн нэртэй газар би өөрөө алтны нөөцийг тодорхойлсон гээд баримт бичгийг үзүүлж, Ашигт малтмалын ерөнхий газрын ашиглалтын тусгай зөвшөөрөл үзүүлэхээр нь би өөрийнхөө байгууллагын геологичид үзүүлэх шаардлагатай байнга гээд Гоос байгууллагын баримт бичиг, лиценз, ашигт малтмалын нөөцөд хүлээн авсан хурлын протокол тэмдэглэл, хайгуулын тайлан, нарийвчилсан үнэлгээ, техник-эдийн засгийн үнэлгээ зэрэг шаардлагатай бүх баримт бичгүүд эх хувиараа байсан. ... тэгээд би Г, Т, Г, жолооч нарын хамт Төв аймгийн Баян сумын Айргийн 1, 2 гэсэн нэртэй газар 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр очиход уг газар битүү цастай, машин явах боломжгүй, харагдах орчин бага байсан учраас уулын дээрээс харсан. Тухайн үед өрөм, шурф тавьсан гэх газрыг харах боломжгүй байсан. Харин нэг худаг баригдсан байсныг Г “би энэ худгийг гаргуулсан, 100 метрийн гүнтэй байгаа юм, энд би өөрөө эксковатороор шурф тавьж ухуулсан гэж ярьсан. Тухайн газрыг үзэх боломжгүй байсан учраас буцаад явсан. Гтой уулзаж ... аж ахуйн нэгжийг худалдаж авмаар байна, үнэ хэд вэ гэхэд Г эхлээд 1.200.000.000 төгрөг гэж хэлэхээр нь хоорондоо ярилцаж байгаад 800.000.000 төгрөг болгон буулгасан. Г нь “Б” ХХК-ийн хувьцааг гурван хүн эзэмшдэг, таныг авна гэвэл би өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад танд шилжүүлж өгье, цас хайлахаар шалгаад үлдэгдэл мөнгөө өгье гэж хэлэхэд Г 400.000.000 төгрөг эхний ээлжинд өг гэхээр нь би надад 350.000.000 төгрөг байна, өөр мөнгө одоо байхгүй байна гэхэд Г зөвшөөрсөн. 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Гтой “Б” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гаднаас Гэрэлмаа гэх нотариатчийг дуудаж баталгаажуулсан. Гэрээг хийх үед Т, манай ажилтан Г, өмгөөлөгч Батжаргал, хүргэн Болор-Эрдэнэ нар хамт байсан. Тухайн үед “Шижир талст” ХХК-ийн данснаас 70.000.000 төгрөг, хүргэн Болор-Эрдэнийн сэйфэнд хадгалуулж байсан 120.000 ам.доллар бэлэн байсныг төгрөгөөр солиулж, Гт 350.000.000 төгрөгийг бэлнээр өгөхөд Г, Т хоёр тоолоод авсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сард цас хайлсан болохоор Төв аймгийн Баян сумын Айрагийн 1, 2 гэх нэртэй газарт геологич Гтой хамт очиж үзэхэд геологийн тайланд тусгагдсан байсан тэр олон шурф буюу өрөмдлөг байхгүй байсан. Гтой ярьж байгаад дахин өрөмдлөгийн цэгүүдийг тодорхойлохын тулд газар зүйн компаниар хийлгэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Г тухайн байгууллагын ажилтантай очиж солбилцлыг тогтоохоор үзүүлэхэд Гийн үзүүлээд байсан зурагтай таарахгүй байсан. Солбилцол дээрх цэгүүд хажуу талын энгэрийг зааж байсныг мэдсэн. Гт чи худлаа юм зарсан байна гэж хэлэхэд эхлээд Г хүлээн зөвшөөрөхгүй байж байгаад сүүлдээ хүлээн зөвшөөрч 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр надаас авсан 350.000.000 төгрөгийг өгнө гэж тохирсон боловч хойшлогдсоор байгаад одоог хүртэл миний мөнгийг өгөөгүй байна. ... Т нь Гоос авах ёстой байсан 40 гаран сая төгрөгөө авсан гэж хэлсэн. ...” /7хх 87-89/,

 

гэрч С.Бийн “... би 2011 оны 12 дугаар сард Уул уурхайн хөнгөн үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн зөвлөлөөс “Б” ХХК-ийн Айргийн энгэр 1, 2 алтны шороон орд 2010-2011 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг бодитой эсэх хөндлөнгийн шинжээчээр ажилласан. Өвлийн улирал таарсан учраас Төв аймгийн Айрагийн энгэр гэх газар очиход цасанд дарагдсан байсан. Тухайн газарт тайлан зохиогч Э.Дтай хамт очиж үзсэн. Айрагийн энгэр 1 гэх газрын хайгуулын шугам 1 дүгээр шугам дээр очиход 2 овоолсон шурфыг Даар заалгаж үзсэн. Өөр бусад шурфыг шалгаагүй. Айрагийн энгэр 2 гэх газар очиж үзээгүй. Би тайлангийн материалд заасан ажлыг хийсэн эсэхийг шалгаж Эрдэс баялгийн зөвлөлд танилцуулсан. Тухайн үед Д нь “хайгуулын тусгай зөвшөөрөл дуусах гээд байна, ашиглалтын зөвшөөрөл авах шаардлагатай байгаа учраас одоо байгаа материалаар нөөц оруулж ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад хайгуулын ажлаа үргэлжлүүлээд хийнэ. Энэ тусгай зөвшөөрлийг би зарахгүй гэж надад ам өгч байсан. ...“ /7хх 117-118/,

 

гэрч Б.Дын “... Оюунболд надтай уулзаад хайгуул бүрэн хийгдсэн материалд тулгуурлаж, тайлан зохиож хамгаалж өгөөч гэхээр нь би зөвшөөрч, 15 сая төгрөгөөр уг ажлыг хийхээр тохирсон. Оюунболдоос материалыг авч тайланг зохиох ажлыг 2011 оны 4 дүгээр сараас эхэлсэн. 2012 онд тайлан бичих явцад материал хангалтгүй байсан учраас 2012 онд хайгуулын ажлаа үргэлжлүүлэн хийх шаардлагыг Оюунболдод тавьсан. 2012 оны 6 дугаар сараас Төв аймгийн Айрагийн 1, 3 гэх газарт очиж үзэхэд 3 шурф ухсанаас өөр шурф байгаагүй учраас би үргэлжлүүлж Айрагийн энгэр 1 дээр Оюунболдоор эксковатор авчруулж хайгуулын 5-6 шугаманд 4-5 шурф нэмж ухаж дээжлэлт авч лабораторид хүргүүлсэн. 2012 оны 8 дугаар сард 2 шурфнээс 600 кг дээж авч төв геологийн лабораторид технологийн дээж хүргүүлсэн. Технологийн дээжний хариу сарын дараа гарахдаа алтны агууламж маш багаар гарахаар нь би үүнийг Оюунболдод тайлан бичих боломжгүй боллоо шүү гээд Оюунболд би үүнийг зохицуулна гэсэн” /7хх 119-124/,

 

гэрч Б.Нгийн “... 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Г гэх миний танил ирээд “надад мөнгөний хэрэг гараад байна, зээл авах гэхээр барьцаа хөрөнгө хэрэг болоод байна, таны алтны газар чинь байна уу” гэсэн. Нэг жилийн өмнө би Гт манай найз бид хоёрын Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Айрагийн энгэр гэж газар байгаа гэж хэлж байсан. Тэгээд би Э руу яриад манай газрыг Г гэх залуу зээлээр авмаар байна гэнэ, яах вэ гэхэд Э зөвшөөрч 800 сая төгрөгөөр зээлээр өгөхөөр болоод Аээр шилжүүлгийг хийлгээд Гийн нэр дээр 100 хувь “Б” ХХК-ийн Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Айрагийн энгэр гэх газрын алтны шороон ордны газрыг шилжүүлсэн. Г надад урьдчилгаа гэж 50.000.000 төгрөг өгөхөөр нь би 45 сая төгрөгийг нь Эод өгөөд, 5 сая төгрөгийг зуучилсан гэж би өөрөө авсан. Тухайн үед би Эын ажил дээр А, Наран нарыг цуглуулж бүх гэрээгээ хийгээд өөрсдөө хувьцаагаа 100 хувь шилжүүлээд зарсан.” /7хх 128-129/,

 

гэрч Х.Агийн “... 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр над руу ахын найз Э утсаар яриад би “Б” ХХК-ийг өөрийн нэр дээрээ шилжүүлээд аваадах гэхээр нь Ц.Оюунболд гэх хүнтэй уулзаад 100 айлын нотариат дээр очоод “Б” ХХК-ийг алтны тусгай зөвшөөрөлтэй газрын хамт шилжүүлж авсан. Дараа нь 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Э ах утсаар яриад “Наран гэх хүнд 51 хувийг шилжүүлээд өг” гэсэн. 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Э ах утсаар яриад “Б” ХХК-ийг алтны тусгай зөвшөөрлийн тайлан бусад холбогдох баримтуудыг өгчих гэхээр нь өөрийн иргэний үнэмлэхийн хамт өгөөд явуулсан. Би “Б” ХХК-ийн 49 хувийг албан ёсоор Нд өгөөгүй. Н 51 хувийг авна гэж хэлээд Н итгэмжлэх дээр гарын үсэг зуруулсан. ...” /7хх 130-1317/,

 

гэрч Ц.Гын “... Төв аймгийн Баян сумын Айрагийн энгэр гэх газар хавар 2 сард очиход цасан шуургатай байсан. Г бид хоёр буугаад Айрагийн 1, 2 гэх талбайг үзсэн. Айрагийн энгэр 2 гэх газар нь цасанд дарагдаж шурф харагдахгүй байсан. Айрагийн энгэр 1 гэх газар нь шурф бол байсан. Г нь тухайн газарт очоод өөрөө алтны газраа хаана гэдгийг сайн мэдэхгүй байсан. Ж.Г нь тухайн үед алтны нөөцтэй компаниа зарна гэсний нэртэй газар луу Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Айрагийн энгэрийн 1, 2 гэсэн газар луу захирал А, Ж.Г, түүний найз Т, жолооч гээд тавуулаа явсан. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдлаар цасан шуургатай Айрагийн энгэрийн 1, 2 газар бүхэлдээ цасанд дарагдсан байсан. Миний хувьд булангийн цэг хэмжигч СР5 төхөөрөмжгүй явсан ба газрыг харахад ашиглалтын үйл ажиллагаа ороогүй, эрүүл газар харагдсан, Г нь захирал А, бид хоёрт хэлэхдээ тухайн газрыг зааж харуулаад ашиглалт олборлолтын үйл ажиллагаа ороогүй, нөөц нь ерөөсөө хөдлөөгүй гэж хэлээд нэг тоосгон жижиг байшинг заагаад “энэ бол худаг, манай компаниас гаргасан худаг байгаа юм” гэсэн. Маргааш нь захирал А надад хэлэхдээ авахаар болсон гэж хэлсэн. ...” /7хх 133-135/,

 

гэрч С.Тгийн “... Аийн хувьд, надад “2017 оны 12 дугаар сард би ажилгүй болчихоод байна, манай уурхай дууссан, одоо гайгүй лицензтэй компани хайж байна, таньдаг мэддэг хүмүүсээсээ асуугаад өгөөч ээ, лицензтэй компани авах сонирхолтой байна шүү” гэж хэлж байсан. Мөн намайг А гэх хүнтэй танилцуулсан Даваацацрал нь бас надад А эгч уул уурхайн чиглэлээр ажиллаад сурсан хүн байгаа юм, их найдвартай, боломжийн хүн байвал холбоод өгөөрэй” гэж хэлж захиж байсан. Тэгээд би А эгчид нилээн хэдэн хүний баримтуудыг холбон өгч үзүүлсэн боловч гэрээ хэлэлцээр хийгдээгүй. Энэ яриа өрнөж байх дундуур Г над руу утсаар яриад “уулзмаар байна, ярих яриа байна” гэж хэлсэн. Тэгээд манай ажил дээр Г 2018 оны 1 дүгээр сарын үед ирээд “надад А лицензтэй алтны нөөцтэй газар байгаа юм, хавар болтол би компанийн лицензийг барьцаанд тавиад мөнгө зээлэх хэрэгтэй байна, компанийн лиценз барьцаалаад мөнгө зээлэх хүн байна уу” гэж асуусан. Тэгэхээр би А эгч рүү залгаад “миний таньдаг хүн алтны нөөцтэй газраа барьцаалж мөнгө зээлэх хүсэлтэй явж байна” гэж хэлсэн. Тэгтэл А эгч “компанийн баримтуудыг үзэж сонирхъё” гэж хэлэхээр нь би А, Г нарыг хооронд нь холбож өгсөн, тэрнээс хойш 2-3 хоногийн дараа Г над руу залгаад “А гэх хүнд 900.000 төгрөг гаргаад өгөх боломж байгаа юм болов уу, үнэн ярьж байгаа юм уу, уг нь надад бэлэн мөнгө өгье гэхээр сайхан сонсогдож байсан, гэхдээ хавар би хүмүүстэй тохирчихсон, би өөрөө хавраас ажиллая гэж байгаа” гэж хэлсэн. ...тэгээд 7-10 хоногийн дараа А эгч Гийг ажил дээр дуудаж уулзсан гэсэн. Энэ талаар дараа нь Гоос сонссон. Г надад хэлэхдээ “уг компанийн лицензийг А эгчид зарахаар болчихлоо” гэж хэлсэн. Тэгж ярьснаас хойш 4-5 хоногийн дараа А эгч над руу залгаад “чи манай ажил дээр хүрээд ирээч ээ, би Гт мөнгийг өгөх гэж байна” гэхээр нь “би очих шаардлага байхгүй, та хоёр гэрээгээ өөрсдөө хий” гэж хэлэхэд А эгч “хамт байж бай” гээд байхаар нь би ганцаараа А эгчийн ажил дээр очсон. Намайг очиход А эгч, түүний хуулийн зөвлөх, нотариатч эмэгтэй, Г нар байсан. Тэгээд яг худалдах, худалдан авах гэрээг хийж нотариатаар баталгаажуулсан. Дараа нь мэдэхэд 900 сая төгрөг нь 800 сая төгрөг болсон байсан. Тэд нар гэрээгээ хийж дууссаны дараа Гт А эгч 350 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Би Гийг алтны ордтой байсан эсэхийг мэдэхгүй. Надад мөнгөний хэрэг байна. Уг лицензийг барьцаалж мөнгө зээлэх гэсэн юм гэж анх ирэх үед нь мэдсэн. ... /7хх 136-140/,

гэрч М.Мөнх-Эрдэнийн “... намайг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш буюу ажил авснаас хойш “Б” ХХК-ийн ажилтан, албан тушаалтнууд ирж уулзаж байгаагүй, ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаагүй. ...” /9хх 33-34/,

 

гэрч Э.Эийн “... “Б” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баян сумын Засаг даргын А/56 дугаартай захирамжаар Айрагийн энгэр MV-017363 дугаар ашиглалтын зөвшөөрөлтэй 147.74 га газарт уул уурхайн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эдэлбэр газрын захирамж Г гэгчийн нэр дээр гарсан байна. Тухайн үед уг компани үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэр үед би өөрөө очиж үзсэн бөгөөд хэдэн техник, 4-5 хүн ажиллаж байсан. ...” /9хх 36-38/,

 

гэрч А.Тийн “... 2011 оны 11 дүгээр сард Төв аймгийн сумын байгаль орчны байцаагчийн ажил авах үед ашигт малтмал эрхлэх “А” лицензтэй “Б” ХХК бүртгэлгүй байсан. Хэдэн онд лиценз авсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй. Гэтэл 2019 онд үл таних 2 эрэгтэй, нэрийг нь Г гэж байсан. ...тухайн үед газар дээр нь очиж шалгахад нэг гэрт 4 ажилтан байсан. Олборлолт явуулсан шинжгүй, хөрс хуулалт хийсэн байдалтай байхаар нь зөвшөөрөлгүй хөрс хуулж байна гэж үзээд техникүүдийг хураасан. Миний мэдэхээр уг компани огт олборлолт явуулж байгаагүй, хэсэгхэн газарт хөрс хуулалт хийсэн байсан. ...” /9хх 44-45/,

 

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шинжээч Л.Тгийн “... MV-017363 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасны дагуу 2013-2019 онуудад уулын тайлан ирүүлж байгаагүй. ...геологийн мэдээллийн төв архивын 8050/2 дугаартай хавтаст хэргийн материалд байгаа Булган, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын алтны шороон ордууд нь 2010-2018 онуудад нөөцийн хөдөлгөөн бүртгэл 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар , 8050 хавтаст хэргийн материал дотор байгаа металл ашигт малтмалын 2020 оны нөөцийн хөдөлгөөн /2020.1.1 байдлаар/ материалтай танилцахад “Б” ХХК-ийн MV-017363 тусгай зөвшөөрлийн талбайд байгаа Айрагийн энгэр 1, 2 гэх орд газарт олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэх баримт байхгүй байна. ...” /9хх 46-51/ гэх дүгнэлт,

 

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/56 дугаартай Б ХХК-д газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж /9хх 40-42/,

Б ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдан авах гэрээ, мэдүүлэг /1хх 21-26/,

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт авагдсан материал /1хх 30-31/,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 78/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

 

Анхан шатны шүүхээс Ж.Гийн үйлдлийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүхээс Ж.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Ж.Г болон түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан “...хохирогч Т.Аийн мэдүүлэг бусад баримтуудаар нотлогддоггүй, Ж.Гийн үйлдэл залилах гэмт хэргийн шинжгүй, энэ харилцаа нь талуудын хооронд үүссэн гэрээний маргаан бөгөөд тусгай зөвшөөрөлд авагдсан алт газар дээр байгаагүй гэдгийг талууд сүүлд мэдсэн, Ковид-19 гэх гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээрийн байдлаас шалтгаалж гэрээний үүрэг биелэгдээгүйг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь, Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан бүрийг гэмт хэрэг гэж үзэхгүй боловч гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, гэрч Б.Дын “...2012 онд тайлан бичих явцад материал хангалтгүй байсан учраас 2012 онд хайгуулын ажлаа үргэлжлүүлэн хийх шаардлагыг Оюунболдод тавьсан. 2012 оны 6 дугаар сараас Төв аймгийн Айрагийн 1, 3 гэх газарт очиж үзэхэд 3 шурф ухсанаас өөр шурф байгаагүй учраас би үргэлжлүүлж Айрагийн энгэр 1 дээр Оюунболдоор эксковатор авчруулж хайгуулын 5-6 шугаманд 4-5 шурф нэмж ухаж дээжлэлт авч лабораторид хүргүүлсэн. 2012 оны 8 дугаар сард 2 шурфнээс 600 кг дээж авч төв геологийн лабораторид технологийн дээж хүргүүлсэн. Технологийн дээжний хариу сарын дараа гарахдаа алтны агууламж маш багаар гарахаар нь би үүнийг Оюунболдод “тайлан бичих боломжгүй боллоо шүү” гэхэд Оюунболд “би үүнийг зохицуулна /хуурамчаар дүгнэлт гаргуулна/” гэж Оюунболд тухайн хувь хүнээс алт худалдаж аваад дээжний шороондоо хийж дахин шинжилгээ хийлгэж Оюунболд надад “та санаа зовох зүйл байхгүй, би бүгдийг нь хариуцна” гэж хэлээд надаар тайланг үргэлжлүүлэн бичүүлсэн. ... ямар ч байсан тайланд бичихэд шаардлага хангахгүй, шинжилгээний дүгнэлт гарч ирсэн. ... 14 хоногийн дараа Оюунболд ирэхдээ геологийн лабораторын шинжилгээний дүгнэлтийг өөрчилсөн байдалтай авчирч өгсөн. Тухайн дүгнэлтийг үндэслээд би тайланг гаргасан. Дараа нь Оюунболдоос “чи яаж дүгнэлтийг янзалсан бэ” гэж асуухад Оюунболд “алт худалдаж аваад шинжилгээнд өгч байгаа шороонд хийгээд дүгнэлтийг гаргуулсан” гэж хэлсэн” /7хх 119-124/, гэрч С.Бийн “... би тайлангийн материалд заасан ажлыг хийсэн эсэхийг шалгаж Эрдэс баялгийн зөвлөлд танилцуулсан. Тухайн үед Д гэх тайланг зохиогч надад “Бөө энэ хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах гээд байгаа учраас ашиглалтын зөвшөөрөл авах хэрэг гараад байгаа учраас одоо байгаа материалаар нөөц оруулж ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад хайгуулын ажлаа үргэлжлүүлээд хийнэ ээ. Энэ тусгай зөвшөөрлийг зарахгүй гэж надад ам өгч байсан. ...” /7хх 117-118/, гэрч Б.Нгийн “... 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Г гэх миний танил ирээд “надад мөнгөний хэрэг гараад байна, зээл авах гэхээр барьцаа хөрөнгө хэрэг болоод байна, таны алтны газар чинь байна уу” гэсэн. Нэг жилийн өмнө би Гт манай найз бид хоёрын Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Айрагийн энгэр гэж газар байгаа гэж хэлж байсан. Тэгээд би Э руу яриад манай газрыг Г гэх залуу зээлээр авмаар байна гэнэ, яах вэ гэхэд Э зөвшөөрч 800 сая төгрөгөнд зээлээр өгөхөөр болоод Аээр шилжүүлгийг хийлгээд Гийн нэр дээр 100 хувь “Б” ХХК-ийн Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Айрагийн энгэр гэх газрын алтны шороон ордны газрыг шилжүүлсэн. Г надад урьдчилгаа гэж 50.000.000 төгрөг өгөхөөр нь би 45 сая төгрөгийг нь Эод өгөөд, 5 сая төгрөгийг зуучилсан гэж би өөрөө авсан. Тухайн үед би Эын ажил дээр А, Наран нарыг цуглуулж бүх гэрээгээ хийгээд өөрсдөө хувьцаагаа 100 хувь шилжүүлээд зарсан.” /7хх 128-129/ зэрэг мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгдэгч Ж.Г нь бусдаас зээл авч өөрийн мөнгөний хэрэгцээг хангах зорилгоор дээр дурдсан алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Б” ХХК-ийг зээлээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, уг компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талаар тодорхой мэдээлэлгүй атлаа хохирогч Т.Ат “би өөрөө хайгуул хийж алтны нөөцийг тодорхойлсон, гүний худаг бариулсан, эксковатороор шурф тавьж ухуулсан, хурдан авахгүй бол манай компанийг хятадууд сонирхоод байна” гэх зэргээр тухайн газарт алт байгаа эсэх нь тодорхойгүй байхад алт байгаа, газрыг өөрөө ашиглаж байсан мэтээр хохирогч Т.Ат ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний эд хөрөнгийг өөртөө авахын тулд түүнд итгэл төрүүлэн, 350.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.

 

Түүнчлэн, хохирогч Т.А нь Ж.Гийг “... би энэ худгийг 100 метрийн гүнээс гаргасан, үйлдвэр явуулахад ус найдвартай, заавал өрөм тавих шаардлагагүй, шурф тавиад үзсэн. ... наад газрыг чинь авах хүн зөндөө байгаа, хятадууд үзээд явсан, хавар мөнгөө өгөөд авна гэсэн Хятад ханзаар бичсэн баримт тайлан дундаасаа үзүүлсэн ...” гэж хэлсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны явцад тогтвортой мэдүүлдэг бөгөөд хохирогчид хууль сануулж авсан энэ мэдүүлгүүдийг няцааж үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ талаарх мэдүүлэг нь гэрч Ц.Гын “...Г нь тухайн газарт очоод өөрөө алтны газраа хаана гэдгийг сайн мэдэхгүй байсан. ...Тухайн үед цаг агаарын нөхцөл байдлаар цасан шуургатай, Айрагийн энгэрийн 1, 2 газар бүхэлдээ цасанд дарагдсан байсан. Миний хувьд булангийн цэг хэмжигч СР5 төхөөрөмжгүй явсан ба газрыг харахад ашиглалтын үйл ажиллагаа ороогүй, эрүүл газар харагдсан, Г нь захирал А, бид хоёрт хэлэхдээ тухайн газрыг зааж харуулаад ашиглалт олборлолтын үйл ажиллагаа ороогүй, нөөц нь ерөөсөө хөдлөөгүй гэж хэлээд нэг тоосгон жижиг байшинг заагаад “энэ бол худаг, манай компаниас гаргасан худаг байгаа юм” гэсэн. Маргааш нь захирал А надад хэлэхдээ авахаар болсон гэж хэлсэн. ...” /7хх 133-135/ гэх мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Мөн шүүгдэгч Ж.Г нь “... оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөөс төлөгдөөгүй нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан хорих ялын хэмжээ болон уг ялыг эдлэх хорих байгууллагын дэглэм нийцсэн байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ж.Гийн үйлдсэн залилах гэмт хэрэг хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх, няцаах, нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Ж.Г болон түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1038 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ж.Гийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1038 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г болон түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гийн цагдан хоригдсон 72 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                      ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

 

                     ШҮҮГЧ                                          Б.БАТЗОРИГ