Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2025/0306

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Шаньши байхуашэн констракшн” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ган-Очир,

Хариуцагч: Зам, тээврийн яам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Оюунсүрэн,

Хариуцагч: Зам, тээврийн яамны тендерийн Үнэлгээний хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Хосгэрэл,

Гуравдагч этгээд: Inner Mongolia Road And Bridge Group Co., Ltd,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Алимаа,

Маргааны төрөл: Монгол Улсын Зам, тээврийн яамны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212, 03/2213 дугаар мэдэгдэл, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалт хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо, хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн, хариуцагч Зам, тээврийн яамны тендерийн Үнэлгээний хорооны төлөөлөгч Н.Сугаржав, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хосгэрэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Шаньши байхуашэн констракшн” ХХК-иас Монгол Улсын Зам, тээврийн яам болон түүний Үнэлгээний хороонд холбогдуулан “Монгол Улсын Зам, тээврийн яамны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгуурлах үнэлгээг дахин хийлгэх, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалт Inner Mongolia Road And Bridge Group Co., Ltd-ыг шалгаруулж, гэрээ байгуулсныг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
    1. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212, 03/2213 дугаар мэдэгдлүүдийг болон Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалт Inner Mongolia Road And Bridge Group Co.,Ltd-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалт хууль бус болохыг тогтоолгож, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгуурлах үнэлгээг дахин хийлгэх” гэж тодорхойлжээ.
  1. Зам, тээврийн яамнаас Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, 63.5 км /Ховд, Мөнххайрхан сум/ ЗТХЯ/20240101074 дугаартай тендерийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зарлаж, мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн байна.
    1. Тус тендерт “Шаньши байхуашэн констракшн” ХХК, Inner Mongolia Road And Bridge Group Co.,Ltd гэсэн хоёр оролцогч тендерийн материалыг ирүүлсэн байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар тодруулга авахаар тус газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/2092 дугаар албан бичгийг нэхэмжлэгч компани руу хүргүүлсний дагуу нэхэмжлэгч компаниас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 47/24 дүгээр албан бичгээр тайлбар, тодруулга хүргүүлжээ.
    2. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар Inner Mongolia Road And Bridge Group Co.,Ltd-ийг шалгаруулж, зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх ба мөн өдрийн “Үнэлгээний хорооны зөвлөмж хүргүүлэх тухай” зөвлөмжийг захиалагч Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод хүргүүлсэн байна.
    3. Улмаар Зам, тээврийн яамны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг, мөн өдрийн 03/2213 дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг Inner Mongolia Road And Bridge Group Co., Ltd-д тус тус хүргүүлжээ.
  1. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 49/24 дүгээр албан бичгээр Сангийн яаманд гаргасан гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03/10583 дугаар албан бичгээр шийдвэрлэсэн байна.
  2. Дээрх албан бичгийг хүлээн авсан тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Үнэлгээний хорооны зөвлөмжийг хэвээр үлдээн мөн сарын 26-ны өдөр гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлжээ.
  3. Улмаар нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШЗ2025/0251 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Монгол Улсын Зам тээврийн яамнаас зарласан Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг 2024 оны 10 дугаар сарын 28 өдөр зарлаж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тендерийг нээсэн ба “Шаньши байхуашэн констракшн” ХХК, “Inner Mongolia Road And Bridge Group Co.,Ltd-ууд оролцсон. Захиалагчаас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212 дугаар мэдэгдлээр болон шаардлага хангаагүй материал ирүүлсэн болохыг Монгол Улсын Зам тээврийн яамны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212 дугаар албан бичгээр мэдэгдэж, мөн өдрийн мэдэгдлээр “Inner Mongolia Road And Bridge Group Co.,Ltd-ыг шалгарсан болохыг мэдэгдсэн. Манай байгууллагаас татгалзсан мэдэгдлийг хүлээн авсан даруй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яаманд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан.

Улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03/10583 дугаар албан бичгээр манай гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

Тендерийн Үнэлгээний хорооноос манай байгууллага tender.gov.mn цахим системээр Тендерийн баримт бичгийн зааврын 16.1.Оролцогчийн ерөнхий шаардлага буюу тус хэсгийн 16.2.1-т заасан мэдээллийг тодруулгаар хүссэний дагуу хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн мэдээлэл болон татварын өр төлбөргүй талаарх баримт бичгүүдийг шаардсныг хүргүүлсэн.

Тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдахдаа манай байгууллагыг тухайн улсдаа татварын өр төлбөргүй гэх баримт нотлогдохгүй гэх үндэслэлээр тендерээс татгалзсан. “Шаньши байхуашэн констракшн” ХХК нь тендерийн баримт бичиг хугацаа хэтэрсэн татварын өр төлбөргүй баримтыг хавсаргаж хүргүүлсэн боловч тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр www.gsxt.gov.cn цахим хуудсаар шалгахад мэдээлэл олдоогүй гэх шалтгаанаар манай баримт бичгийг шаардлага хангахгүй гэх байдлаар үнэлж татгалзсан байна.

Манай байгууллагаас Сангийн яамд гаргасан гомдолдоо “Inner Mongolia Road And Bridge Group Co.,Ltd-ыг БНХАУ-д хамтран ажиллагч байгууллагуудын гомдолтой холбоотой гурван маргаантай мөн төсөв алдаатай гэх гомдлыг гаргасан боловч баримтаар тогтоогдоогүй гэх байдлаар хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Захиалагч болоод Үнэлгээний хороо нь тендерт оролцогч хоёр байгууллагын нэгийг нь цахим системд мэдээлэл олдоогүй гэх байдлаар татгалзсан мөртлөө нөгөө байгууллагыг зөрчилтэйг үл харгалзан хамгийн сайн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож байгаа нь шударга ёсны зарчмыг зөрчсөн үйлдэл болсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан оролцогчоос тодруулга авч болох байсан боловч энэ ажиллагааг хийлгүй цахим системээс хайлт хийж үзсэн гэх байдлаар татгалзаж шийдвэрлэсэн манай тендер сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хууль бусаар хязгаарласан үйлдэл болсон.

Иймд Монгол улсын Зам тээврийн яамны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212, 03/2213 дугаар мэдэгдлүүдийг болон Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалт Inner Mongolia Road And Bridge Group Co.,Ltd-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалт хууль бус болохыг тогтоолгож, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгуурлах үнэлгээг дахин хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын сонгон шалгаруулалтыг Зам, тээврийн яамны Үнэлгээний хороо сонгон шалгаруулсан байдаг. Энэхүү сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч хуулийн этгээдээс тендер сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан бүрдлийн дагуу холбогдох бичиг баримтуудыг бүхэлд нь тендерийн Үнэлгээний хороонд хүргүүлсэн. Энэхүү хүргүүлсэн баримт бичигтэй холбогдуулаад тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 10, 12, 24-ний өдрүүдэд үнэлгээ хийсэн байдаг. Энэ үнэлгээтэй холбогдуулаад нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн тендерээс татгалзсан байдаг. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу хамгийн сайн тендерийг ирүүлээгүй гэдэг шалтгаанаар татгалзсан. Үүндээ тусгайлан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасан буюу ерөнхий бичиг баримтын бүрдэл хангаагүй гэдэг шалтгаанаар татгалзсан байдаг. Энэхүү ерөнхий бичиг баримтын бүрдлийг нэхэмжлэгч хуулийн этгээдээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын татвар болоод холбогдох хуулийн этгээдээс бичгэн тодорхойлолтуудыг авч баримтуудыг зохих орчуулгын товчоогоор хууль ёсны дагуу орчуулуулаад бичиг баримтын бүрдэлд хавсаргаж өгсөн байдаг. Үнэлгээний хороо бичиг баримтын бүрдлийг шалгаж үзээд 12 дугаар сарын 10-ны өдөр хамгийн сайн тендерээ шалгаруулсан гэсэн байдаг. Улмаар12 дугаар сарын 12-ны өдөр дахин үнэлгээ хийхдээ Зам, тээврийн сайд болон Төрийн нарийн бичгийн даргаас ирсэн зөвлөмжийн дагуу “Шаньши байхуашэн констракшн” ХХК хуулийн этгээдийг сайн шалгах шаардлагатай юм байна. Энэ нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсдаа эрсдэлтэй хуулийн этгээдэд тооцогдсон нөхцөл байдал үүсгэсэн гэдэг мэдээлэл ирсэн учраас дахиж шалгах шаардлагатай гэсэн. Үүний дагуу Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ц.Хосгэрэлийн тухайн хуулийн этгээдийг Бүгд найрамдах Хятад ард улсын цахим мэдээллийн санд шалгалт хийлээ гэдэг байдлаар 12 нэр танилцуулдаг. Уг 12 нэрийг хурал дээр танилцуулаад, энэ хуулийн этгээд бол хэвийн бус хуулийн этгээдийн жагсаалтад нэр нь гарч ирэхгүй байгаа учраас эрсдэлтэй байна гэдэг байдлаар зөвлөмжийг Зам, тээврийн сайдад хүргүүлсэн байдаг. Зөвлөмжийн дагуу Зам, тээврийн яамнаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлдэг. Нөгөө талаас Өвөр монголын зам гүүрийн группт энэ өдрийн огноогоор 03/2213 дугаартай хамгийн сайн тендерээр шалгарсан тухай мэдэгдлийг тус тус хүргүүлдэг. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс өөрт мэдэгдсэн 03/2212 дугаартай мэдэгдлийн дагуу Сангийн яаманд гомдол гаргаад, Сангийн яамнаас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 03/10583 дугаар албан бичгээр гомдлыг хянасан. Энэхүү гомдолд нэхэмжлэгчээс гаргасан үндэслэлүүдийн дагуу “Шаньши байхуашэн констракшн” ХХК-ийн зөрчилтэй холбоотой эсэхийг дүгнэдэг. Мөн Өвөр монголын зам гүүрийн групп гэх хуулийн этгээдийн төсөвтэй холбоотой асуудал, хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдсэн асуудал болон хууль шүүхээр асуудал шийдвэрлүүлье гэдэг гомдолтой холбоотой асуудлуудыг шийдвэрлэдэг. Үүний төгсгөлд Сангийн яамны гомдол шийдвэрлэсэн бичигт энэ хуулийн этгээдүүдийн буюу Өвөр монголын зам гүүрийн группийн, Шаньши байхуашэн констракшн хуулийн этгээдийн гомдоод байгаа энэ байгууллага ч гэсэн хууль шүүхээр шийдвэрлэгдэж байгаа асуудлууд байна. Гомдол гаргасан байна, татварын өртэй гэсэн 2 төрлийн бичиг байна. Шүүхэд бүртгэлтэй 67 мэдээлэл болон бусад асуудал байна гэх агуулгатай гомдол ирсэн учир үүнийг зохих байгууллагад нь хандаж шийдвэрлэсний дараа сонгон шалгаруулалтыг дахин явуулах шаардлагатай гэдэг. Гэтэл гомдол шийдвэрлэсэн хариу очсоны дараа Зам тээврийн яамнаас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дахин Үнэлгээний хороо хуралддаг. Үнэлгээний хорооны хурлаар өмнө нь цахим сүлжээнд буюу www.gsxt.gov.cn гэсэн сайтад дахин үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээг хийснийхээ дагуу мөн л өмнөх шийдвэр шигээ шийдвэр гаргаад байгаа. Гэтэл Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэх байгууллагын хувьд Зам, тээврийн яамны Үнэлгээний хороонд гаргаад байгаа даалгавар нь энэ байгууллагуудын зөрчилтэй холбоотой асуудлыг зохих байгууллагад нь хандаад лавлагаа авсны үндсэн дээрээс дахин шийдвэр гаргаач гэж байгаа. Гэтэл энэ лавлагааг аваагүй зөвхөн тухайн цахим системд дахиж үнэлгээ хийнгүүтээ энэ үнэлгээтэй холбоотойгоор шийдвэр гаргадаг. Бидний зүгээс гомдоод байгаа асуудал нь манай хуулийн этгээдийн зөрчилтэй гэдэг агуулга байхгүй. Манайх анх тендерийн баримт бичигт холбогдох бичиг баримтуудаа байгууллагаас нь аваад өгчихсөн. Татварын газар байдаг бол татвар, хууль шүүхийн тодорхойлолт авдаг бол хууль шүүхийн тодорхойлолт зэрэг агуулгуудыг гаргаад өгчихсөн байхад албан ёсны мөн эсэх нь тодорхойгүй байгаа цахим сайтад хандалт хийж харангуутаа “Шаньши байхуашэн констракшн” ХХК-тай холбоотой мэдээлэл гарахгүй байгаа учраас эрсдэлтэй байна гэж нэг дүгнээд байгаа. Хоёрдугаарт манай байгууллага эрсдэлгүй гэдгийг гаргаж өгчхөөд Өвөр монголын зам гүүрийн групп чинь энэ сайтаас эрсдэлтэй харагдаад байна гэдэг зүйлийг нь гаргаад өгөхөөр үнэлэхгүй байж “Шаньши байхуашэн констракшн” ХХК-ийг мэдээлэл олдоогүй гэдгээр нь дүгнээд байгаа нь сонгон шалгаруулалт хууль бус болсон гэж үзэж байгаа.” гэжээ.

8. Хариуцагч Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Захиалагч Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Тодруулга ирүүлэх тухай” 03/2092 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэсний дагуу холбогдох мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхээр хүргүүлсэн.

Гэвч тендерт оролцогч этгээд болох нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбогдох баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ”, мөн Сангийн сайдын 2023 оны А/259 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичиг”-ийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.2-т “Гадаадын этгээд нь үүсгэн байгуулагдсан, эсхүл оршин суугаа улсын төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дараах баримт бичиг, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг ирүүлнэ”, 16.2.3-т “Тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар тухайн улсын хуулиар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт бичиг”-ийг тус тус ирүүлнэ гэж заасны дагуу холбогдох мэдээллийг хууль болон зааварчилгааны дагуу ирүүлээгүй байна.

Иймд Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар нэхэмжлэгчийн 91610112МА6X1TN33Н кодыг “БНХАУ-ын Үндэсний аж ахуй нэгжийн зээлийн мэдээллийн нийтийн систем болох /National Enterprise Credit information Public system/ буюу www.gsxt.gov.cn цахим системээр шалгаж үзэхэд “Хэвийн бус ангилал буюу Abnormal business list” ангилалд орсон байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “төлбөрийн чадваргүй болсон, татан буулгах шийдвэр гарсан, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхэлсэн, бизнесийн үйл ажиллагааг зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу эдгээртэй адилтгах нөхцөлд байгаа тохиолдолд тендерт оролцогчийн ерөнхий шаардлагыг хангаагүй” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн дээрх Үнэлгээний хорооны шийдвэртэй холбоотойгоор нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 49/24 дугаар албан бичгээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянан үзээд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/10583 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн болно.

... Гэтэл тендерт оролцогч “Өвөр Монголын зам гүүрийн групп” компанийн 911500004600270601 кодыг www.gsxt.gov.cn цахим системээр шалгаж үзэхэд “Компани үйл ажиллагаа явуулж байгаа” ангилалд хамаарч байх бөгөөд Худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn ирүүлсэн тендер илгээх 1 дүгээр маягтын 2.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-т заасан нөхцөл үүсээгүй гэдгийг хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тоон гарын үсгээр баталгаажуулж ирүүлсэн байна.

Мөн Сангийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/10583 дугаар албан бичигт “БНХАУ-ын Шүүхийн баримт сүлжээ /https://wenshu.court.gov.cn/-д эрүү, иргэн, захиргаа, нөхөн төлбөр, болон бусад хэргийн өгөгдөл байхгүй тухай болон 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар татварын өрийн үлдэгдэл илрээгүй тухай Хөх хотын Шинчэн улсын татварын албаны дүүргийн татварын товчооны 1 дүгээр татварын салбарын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/760 дугаар тодорхойлолт, түүний орчуулга, уг баримт бичгийг гэрчилсэн нотариатын гэрчилгээг тус тус ирүүлсэн байгаа нь Шүүхийн сангийн цахим сангийн мэдээлэл, Татварын албаны тодорхойлолтоор тендерт оролцогчийн ерөнхий шаардлагыг хангаж байгааг нотолсон байна.

Иймд дээрх нотлох баримтуудаар Үнэлгээний хороо, Захиалагчийн гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “Шаньши байхуашэн констракшн” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгч нэхэмжлэлдээ манай компанийн тендерийн баримт бичиг хугацаа хэтэрсэн татварын өр төлбөргүй баримтыг хавсаргаж хүргүүлсэн боловч тендерийн Үнэлгээний хороо нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн энэхүү цахим систем шалгаж мэдээлэл олдоогүй гэх шалтгаанаар манай баримт бичгийг шаардлага хангахгүй гэх үндэслэлээр татгалзсан байна гэж дурдсан. Өөрөө ч бас сая нэхэмжлэлдээ дурдаж байна. Гэтэл Үнэлгээний хороонд олгосон эрх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт бичигт заасны дагуу Үнэлгээний хороо үнэлгээг шалгах ёстой. Тэрнээс биш нэмэлт мэдээллийг дахин тодруулж шаардлага авах ёсгүй. Захиалагч Зам, тээврийн яам нь Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тодруулах хүсэх тухай 03/2092 дугаар албан бичгийг хүргүүлсэн. Энэхүү албан бичгийг хүргүүлж байгаа нь Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авна гэж заасан. Энэ хүрээнд Үнэлгээний хорооноос зөвхөн “Шаньши байхуашэн констракшн” ХХК-иас авахгүйгээр Inner Mongolia Road And Bridge Group Co.,Ltd оролцогч 2 компаниас адил байдлаар тодруулга авч хүргүүлсэн байгаа гэсэн үг. Энэхүү тодруулгын хүрээнд тодорхойгүй байгаа асуудлыг буюу тухайн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу ерөнхий шаардлагын магадлалтай холбогдсон баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ гэж заасан. Энэ нь тендерт оролцогч компанийн өөрийнх нь үүрэг болоод явж байгаа. Гэтэл энэхүү заасан хуулийн заалт мөн Сангийн сайдын 2023 оны А/259 дүгээр тушаалаар батлагдсан Тендерийн ажил гүйцэтгүүлэх шалгаруулалтын баримт бичгийн 16.2 буюу зааварчилгаа дээр заасан байгаа. Үүн дээр хэрвээ гадаадын этгээд нь үүсгэн байгуулагдсан эсхүл оршин суугаа газрын төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дараах баримт бичиг эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг ирүүлнэ гэж заачихсан байгаа. Нэг ёсондоо тухайн тендер шалгаруулалтад оролцож байвал тендерийн баримт бичигт заасны дагуу оролцогч компани маань өөрөө эрх бүхий байгууллагаас татварын өргүй буюу ерөнхий шаардлагад заасан бүх л тодорхойлолтыг зааж өөрөө хавсаргаж ирүүлэх ёстой байсан. Гэтэл энэ шаардлагыг биелүүлээгүй байгаа учраас Үнэлгээний хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу энэ шаардлагуудыг тодруулах зорилготойгоор албан бичгүүдийг нь явуулсан байгаа. Ингээд 2 компаниа руу нь явуулж хариуг авсан. Үүн дээр шалгарсан гээд байгаа Inner Mongolia Road And Bridge Group Co.,Ltd компаниас тухайн итгэмжлэлтэй холбоотойгоор, мөн татварын өр төлбөртэй холбоотой асуудлуудыг өөрийнхөө албан ёсны сайтаар албан ёсны баримт бичгүүдийг ирүүлэх ёстой бөгөөд 10-ны өдрийнхөө хугацаанд ирүүлсэн.

Харин “Шаньши байхуашэн констракшн” ХХК-иас ирүүлсэн тайлбар дээр тодруулгын дагуу холбогдох мэдээллийг ирүүлээгүй буюу нөгөө оролцогч компанитайгаа холбоотой сөрөг мэдээлэл шүүхийн баримтууд гэх мэдээллүүдийг ирүүлсэн байгаа. Энэ тодруулга дээр өөрсдийнх татварын өр төлбөртэй холбоотой асуудлыг ирүүл гэж явуулсан. Гэвч энэ талаар ирүүлээгүй учраас Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар “Шаньши байхуашэн констракшн” ХХК-ийн ирүүлсэн дугаар код байгаа. Энэхүү кодыг Бүгд найрамдах Хятад ард улсын үндэсний аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн нэгдсэн систем гэж байгаа. Энэ нь манай Монгол Улсын tender.gov.mn гэдэг үндэсний цахим системтэй адилхан www.gsxd.gov.cn цахим систем байгаа. Энэ цахим систем дээр тухайн “Шаньши байхуашэн констракшн” ХХК-ийн кодыг оруулж өгсөн байгаа. Нэг ёсондоо тодруулгаар тодорхой мэдээлэл ирээгүй учраас дахин 12 дугаар сарын 12-ны өдрөө 2 компаниудын татварын өр төлбөртэй холбоотой асуудлуудыг тодотгож үзсэн. Ингээд Бүгд найрамдах Хятад ард улсын www.gsxd.gov.cn цахим системээр зөвхөн “Шаньши байхуашэн констракшн” ХХК-ийг үзээгүй. Нөгөө оролцогч компанийг хоёуланг нь шалгаж үзэхэд “Шаньши байхуашэн констракшн” ХХК буюу нэхэмжлэгчийн хувьд хэвийн бус ангилалтай байсан. Харин нөгөө компанийн хувьд үйл ажиллагаа хэвийн гэдэг байдлаар гарч ирсэн. Тэгэхээр энэ нь болохоор Үнэлгээний хорооны ажиллах чиг үүрэг зааварчилгааны дагуу цахим системээр шалгаж үзэхэд татварын өр төлбөртэй холбоотойгоор хэвийн бус ангилалд байгаа учраас тендерт шалгаруулах боломжгүй гэдэг үндэслэлээр өөрт олгогдсон эрх үүргийн хүрээнд үзсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу төлбөрийн чадваргүй болсон, татан буулгах шийдвэр гарсан, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхэлсэн, бизнесийн үйл ажиллагааг зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу эдгээртэй адилтгах нөхцөлд байгаа; гэдэг заалтын дагуу ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзсэн учраас нэхэмжлэгчийн хувьд энэхүү шаардлагууд хангахгүй гэдэг тогтоогдсон гэж үзэж байгаа. Тэгээд саяын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан байгаа төлбөрийн чадваргүй болсон татан буулгах шийдвэр гарсан зэргийн аль нь байгаа нь тодорхойгүй. Ямар ч гэсэн татварын тендер шалгаруулалттай адилхан цахим системээс үзэхэд хэвийн бус ангилал гэж байгаа учраас эдгээрийн аль нэг нь байх магадлалтай байгаа. Ийм учраас бид хэвийн ангилалд байхгүй байна гэдгийг нь шаардлага хангаагүй гэдгээр үзсэн байгаа. Мөн нэхэмжлэгчийн дурдсантай холбоотойгоор Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яаманд гомдлыг гаргасан. Сангийн яам өөрийнх гаргасан гомдолтой холбоотойгоор болон шалгарсан гээд компанитай холбоотойгоор аль алиных нь холбогдох мэдээллийг шалгаж үзсэн. Үүнтэй холбоотойгоор 12 дугаар сарын 24-ний өдрийн гомдол хянасан тухай албан бичгээр ирүүлсэн. Мөн хэрэгт авагдсан байгаа учраас үүнийг нотлох баримтаас дахин холбогдох хэргийг судлуулна.

Хоёрдугаарт нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагадаа захиалагч болоод Үнэлгээний хороо нь тендерт оролцогч 2 байгууллагын нэгийг нь цахим системд мэдээлэл олдоогүй гэх байдлаар татгалзсан болохоор нөгөө байгууллагын зөрчилтэйг үл харгалзан хамгийн сайн тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгож байгаа нь шударга бус, зарчмыг зөрчсөн гэж үзсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор ярих асуудал байгаа. Тухайн нэхэмжлэгч компани маань энэ тендер шалгаруулалт буюу Мөнххайрхан чиглэлийн шалгаруулалтыг зарлахаас өмнө Зам, тээврийн яам дээр 2023 онд 5 удаагийн зарлагдсан байдаг. 5 удаагийн шалгаруулалтад нэхэмжлэгч буюу “Шаньши байхуашэн констракшн” ХХК ганцаараа орж байсан. Ганцаараа 5 удаагийн тендер шалгаруулалтад оролцоод шалгарах боломж байсан. Гэтэл энэхүү 5 удаагийн шалгаруулалт дээр 3 удаагийн санхүүгийн төсөвтэй холбоотойгоор төсвийг буруу ирүүлсэн, 2 удаа буюу гүйцэтгэлийн ерөнхий шаардлага болох гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүйгээр энэхүү 3 удаагийн тендер шалгаруулалтад шалгараагүй байдаг. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор хэрвээ энэхүү компани маань шаардлагаа хангаж байсан 5 удаагийн шалгаруулалтад ороод шаардлага хангасан буюу хамгийн сайн тендер болох боломжтой байсан. Тэгэхээр эндээс харахад нэхэмжлэгчийн дурдаад байгаа 2 байгууллагыг буюу өөрийг хамгийн сайн тендерээр шалгаруулаагүй шударга ёсны зарчмыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүйг тогтоож байгаа. Мөн Өвөр монголын зам гүүрийн групп компанийн гомдолтой холбоотойгоор энэ компанийн зүгээс шаардлага хангаж байгаа юм уу? гэдэг талаар Үнэлгээний хороонд дурдсан байгаа. Үүн дээр Өвөр монголын зам гүүрийн групп компанийн дугаар код байгаа. Энэхүү кодоо бид адилхан шалгасан. www.gsxd.gov.cn цахим системээр шалгаж үзэхэд хэвийн ангилалд хамаарч байгаа учраас тендерт ирүүлэх нэгдүгээр маягтын 2.1 буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотойгоор шалгаруулалтыг хангаж байна буюу тоон гарын үсгээр баталгаажиж ирүүлсэн байгаа учраас шаардлага хангагдана гэдгээр үзсэн. Мөн Сангийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гомдол хянасан бичигтээ мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шүүхийн баримтын сүлжээ буюу бидний шалгасан www.gsxd.gov.cn гэдэг сайтаас өөр буюу шүүхийн баримтын сүлжээг /https://wenshu.court.gov.cn гэсэн энэхүү цахим сүлжээгээр хянасан байгаа. Энэхүү цахим сүлжээгээр шалгахад тухайн шалгарсан Inner Mongolia Road And Bridge Group Co.,Ltd компанитай холбоотойгоор өгөгдөл байхгүй байсан. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар татварын өрийн үлдэгдэл илрээгүй. Мөн Хөх хотын Шинчэн улсын татварын албаны дүүргийн татварын товчооны 1 дүгээр татварын салбарын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/760 дугаар тодорхойлолт дээр албан ёсны орчуулга, баримт гэрчилгээний хамт тус тус ирүүлсэн. Энэ нь шүүхийн сангийн цахим системийн мэдээлэл, мөн татварын албаны тодорхойлолт тендерт оролцогчийн ерөнхий мэдээллийг бид хангаж байна гэж үзсэн. Үүнийг Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичигт ч гэсэн дурдсан байсан. Тэгэхээр эдгээр нөхцөл байдалтай холбоотойгоор Зам, тээврийн яамны Үнэлгээний хороо, Зам, тээврийн яамнаас гаргасан захиалагчийн шийдвэр Үнэлгээний хорооны гаргасан шийдвэр маань үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор 1 зүйлийг хэлэхэд Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичиг дээр “Шаньши байхуашэн констракшн” ХХК-тай холбоотой асуудлыг дахин эрх бүхий байгууллагаас нягтлаад дараах хуулийн дагуу арга хэмжээг аваад дахин зарлах эрхийг нь олгосон гэж байгаа. Гэтэл энэ албан бичиг дээр дахин нягтлах нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй холбоотой Үнэлгээний хороо 2 удаа үнэлгээ хийсэн гэсэн үг. Нэг ёсондоо 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Үнэлгээний хороогоор үнэлсэн. Энэхүү үнэлгээ дээр гомдол гарсан учраас мөн Сангийн сайдын ирүүлсэн албан бичиг дээр дахин цахим сүлжээгээр магадал гэсэн албан бичиг ирсэн. Үүний дагуу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин Үнэлгээний хороо хуралдаад энэхүү цахим сүлжээн дээр болоод татварын өр төлбөртэй холбоотой юмыг дахин 2 компанитай холбоотойгоор нягталсан. Ингээд нягтлахад дахин өр төлбөртэй хэвийн бус ангилалтай байгаа байдал маань харагдсан. Үүнтэй холбоотойгоор дахин шалгагдсан мөн Сангийн яамны шалгасан шүүхийн сайтад хандсанаар дахин мэдээллүүд нь гарч ирсэн учраас үүнийг баталгаатай гэж үзсэн. Тэгээд хэрэв “Шаньши байхуашэн констракшн” ХХК-ийг тухайн асуудалтай холбоотойгоор буруу мэдээлэл буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад зааснаар нийцэхгүй гэж ирүүлсэн байгаа тохиолдолд дахин хэрэгжүүлж ажиллана уу гэж заасан байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр хэрвээ “Шаньши байхуашэн констракшн” ХХК татварын өр төлбөртэй хэр нь хуурамч мэдээ мэдээлэл баримтыг бүрдүүлсэн бол Сангийн яамны улсын байцаагчид энэхүү асуудлаа дурдаад тухайн байгууллагыг эрхийг хязгаарласан жагсаалтад оруулж ажиллана уу гэдгээр мэдээлэл өгсөн байгаа. Тэгээд Үнэлгээний хорооны сүүлийн Сангийн яамны гаргасан шийдвэрийг гомдлын хянасан албан бичгийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин хуралдаад энэхүү шийдвэрийг гаргаад эцэслээд захиалах шийдвэрийг үзсэн байгаа. Ингээд ирүүлсэн нотлох баримт болон Сангийн яамны хянасан баримттай холбоотойгоор Үнэлгээний хороо болоод захиалагчийн шийдвэр нь үндэслэлтэй байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

10. Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хосгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “58 хоногоор хугацаа сунгах боломж байсан гэж яриад байгаа. Тэгэхээр 12 дугаар сарын 25-ны өдөр төсвийн жилд дуусаж байсан. Танайх анхнаасаа Элчин сайдын яамнаасаа өр төлбөргүй гэдэг бичиг баримтаа тендерийн бичиг баримтдаа хавсаргаад өгчихсөн бол энэ бүх асуудлууд гарахгүй байх байсан. Дээрээс нь танай компанийн тусгай зөвшөөрлийн асуудал дээр 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр буюу тендер зарлагдахаас 1 сар орчмын өмнө танай компанийн үйл ажиллагааны жагсаалтад авто зам барих ажил байхгүй байгаа. 1 сарын дотор нэмэлтээр авто зам барих тусгай зөвшөөрөл авчихсан. Тэгээд материал танилцуулаагүй гэж яриад байна. Уг нь Үнэлгээний хорооны нарийн бичгийн хувьд би та бүхэнд цахим шуудангаар бүх материал, хурлын тэмдэглэл, албан бичиг, мэдэгдэл бүгдийг нь илгээж байсан. Энэ бол цахим шуудангаар баталгаажна. Тэгээд 5 удаа биднийг оруулахгүй байна гэж яриад байх юм. 5 удаа яагаад шалгарч чадахгүй байна гэхээр танай компанийн чадавх энэ ажил дээр хүрэхгүй байгаад байгаа юм биш үү, үүнээс гадна та нар Элчин сайдын яамнаас нь баримтаа авчих гэж энд ярих биш, та нар өөрсдөө авчихсан байж байгаад бид нарт үзүүлээд сууж байх ёстой байсан гэж бодогдоод байна. Тэгээд намайг Төрийн нарийн бичгийн дарга, сайд, хэнээс ч юм нөлөөнд орсон гэсэн маягаар яриад байна. Би худалдан авах ажиллагаагаар 10 жил ажиллаж байна. Би жил болгон өчнөөн тендер зарладаг. Би хэзээ ч нөлөөнд орж байгаагүй. Хэрвээ надад ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөл орж ирвэл би Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийнхаа дагуу надад ийм нөлөөлөл орж ирэх гээд байгаа учраас татгалзаж байна гэдэг бичгээ тухай бүрд нь өгөөд явдаг. Үүн дээр надад тийм хөндлөнгийн нөлөөлөл байгаагүй учраас би тийм бичиг гаргаагүй. Хийх ёстой ажлаа хийгээд явсан” гэжээ.

11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алимаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... 1. Тендэрт оролцогч “Шаньши байхуашэн констракшн” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбогдох бол оролцогч Монгол улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ”, мөн Сангийн сайдын 2023 оны А/259 дугаар тушаалын хавсралтаар баталлсан “Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт, бичиг”-ийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.2, 16.2.3-т “Тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар тухайн улсын хуулиар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт бичгийг тус тус ирүүлнэ” гэж заасныг “Шаньши байхуашэн констракшн” ХХК зөрчиж, хууль болон зааварчилгааны дагуу дээрх баримт бичгийг тендерт хүргүүлээгүй байна.

Энэ үйл баримт нь захиргааны хэрэгт авагдсан Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн 63.5 км хатуу хучилттай авто зам Ховд аймгийн Мөнххайрхан сум/-ын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 12, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

2. Зам тээврийн яамны Үнэлгээний хороо нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны явцад “Шаньши байхуашэн констракшн” ХХК-ийн 91610112MA6X1TN33Н кодыг БНХАУ-ын Үндэсний аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн нийтийн систем болох /National enterprise Credit information Public system/ буюу www.gsxt.gov.cn цахим системд оруулан хайж шалгаж үзсэн байх ба “Шаньши байхуашэн констракшн” ХХК нь уг мэдээллийн системд “хэвийн бус” ангилал буюу “Abnormal business list” ангилалд орсон нь хайлтын илрэцээр гарч ирсэн байна.

3. “Шаньши байхуашэн констракшн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн ангиллууд дотор авто зам, замын байгууламж барих ангилал буюу тендерийн бичиг баримтанд буюу ТШЗ дээр шаардсан үйл ажиллагааны ангилал байхгүй байна. Энэ нь хэргийн материалд авагдсан “Шаньши байхуашэн констракшн” ХХК-аас нотариатаар батлуулан гаргаж өгсөн “Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ. 7 дугаар зүйлийн 7.1.1-д “төлбөрийн чадваргүй болсон, татан буулгах шийдвэр гарсан. төлбөрийн чадваргүйдлийн ажиллага эхэлсэн, бизнесийн үйл ажиллагаа зогссон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу эдгээртэй адилтгах нөхцөлд байгаа” гэж хуульчилсан. Иймд “Шаньши байхуашэн констракшн” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2023 оны А/259 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичиг” зэрэг хууль болон актанд заасан дээрх заалтуудыг хангаагүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Шаньши байхуашэн констракшн” ХХК-ийг “оролцогчийн ерөнхий шаардлага хангаагүй” гэж үзнэ.

Харин “Inner Mongolia Road and Bridge Group” Co., Ltd нь 1-д холбогдох хууль болон хуульчилсан актын шаардлагад нийцүүлэн Худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn-ээр тендер илгээх 1 дүгээр маягтын 2.1-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй гэдгээ мөн хуулийн 72-т зааснаар бичгээр хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тоон гарын үсгээр баталгаажуулан илгээсэн байна.

2-т мөн БНХАУ-ын шүүхийн баримт сүлжээ /https://wenshu.court.gov.cn/-д эрүү иргэн, захиргаа, нөхөн төлбөр болон бусад хэргийн өгөгдөл байхгүй байгаа нь хайлтаар гарч ирж байгаа ба 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар татварын өрийн үлдэгдэлгүй талаар Хөх хотын Шинчэн улсын татварын албаны дүүргийн татварын товчооны 1 дүгээр татварын салбарын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/760 дугаар тодорхойлолт, түүний орчуулга мөн уг баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн хүргүүлсэн зэрэг нь “Inner Mongolia Road and Bridge Group Co., Ltd” нь холбогдох хууль болон хуульчилсан актын шаардлагад нийцүүлэн тендерт оролцсон нь нотлогдож байна.

Иймд “Шаньши байхуашэн констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алимаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасан ерөнхий шаардлагыг “Шаньши байхуашэн констракшн” ХХК зөрчиж хууль болон бусад бичиг баримтад заасан зааварчилгаанд дагуу баримт бичгийг тендерт хүргүүлээгүй байгаа. Энэ үйл баримт нь захиргааны хэрэгт авагдсан материалд байж байгаа. Мөн материалд авагдсан 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлүүдээр нотлогдож байгаа. Хоёрдугаарт Зам, тээврийн яамны Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны явцад “Шаньши байхуашэн констракшн” ХХК-ийн кодыг www.gsxd.gov.cn цахим системд оруулан хайлт хийж шалгаж үзсэн байдаг. Ингэхэд уг компани нь мэдээллийн системд хэвийн бус ангилалд орсон нь хайлтын илэрцээр гарч ирсэн байдаг. Үүнийг бид нотлох зорилгоор манай компани мэдээллийг авсан албан ёсны өнөөдөр ажиллаж байгаа нийтийн сүлжээний цахим системээс орчуулга хийж кодоороо хайж гаргаж ирэхэд “Шаньши байхуашэн констракшн” ХХК нь 2023 оны 08 дугаар сард татварын өрний улмаас хэвийн бус ангилалд ороод 3 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан байдалтайгаар бүртгэгдсэн байгаа нь гарч ирсэн. Энэ талаар 7 хуудас баримтыг шүүхэд өгсөн байгаа. Гуравдугаарт “Шаньши байхуашэн констракшн” ХХК нь тендерийн бичиг баримт хүргүүлсэн. Тус компанийн зөвшөөрлийн ангилалд авто зам, замын барилга байгууламж барих буюу тендерийн баримт бичигт буюу ТШЗ-д шаардсан үйл ажиллагааны ангилал байхгүй байсан. Энэ нь хэргийн материалд авагдсан “Шаньши байхуашэн констракшн” ХХК-ийн өөрийнх нотариатаар баталгаажуулж гаргаж өгсөн тусгай зөвшөөрлөөр хуулбараар нотлогддог. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дараах нөхцөлийн аль нэг үүссэн тохиолдолд оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ гэсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч компани нь энэ зүйлд заасан төлбөрийн чадваргүй, татан буулгах шийдвэр гарсан, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхэлсэн, бизнесийн үйл ажиллагаа зогссон эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу эдгээртэй адилтгах нөхцөл байдалд байгаа юмаар тендерийн Үнэлгээний хороог тодруулга аваад байхад гаргаж өгөөгүй байдаг. Тэгэхээр “Шаньши байхуашэн констракшн” ХХК хууль болон бусад хуульчилсан актад заасан шаардлагын дагуу тендерийн бичиг баримтыг бүрдүүлж хүргүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээж авах боломжгүй юм. Харин миний төлөөлж байгаа Өвөр монголын зам гүүрийн групп компани нь татварын өргүй, холбогдох хууль болон зааварт заасан бусад хэм хэмжээ тогтоосон актад заасан шаардлагын дагуу баримт бичгээ гаргаж өгсөн. Ямар нэгэн эргэлзээ байхгүй. Тэр нь захиргааны хэрэгт авагдчихсан явж байгаа. Ийм учраас “Шаньши байхуашэн констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ: 7.1.1.төлбөрийн чадваргүй болсон, татан буулгах шийдвэр гарсан, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхэлсэн, бизнесийн үйл ажиллагааг зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу эдгээртэй адилтгах нөхцөлд байгаа; 7.1.2.Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй;”, 7.2.”Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргана.” гэж заажээ.

2. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан хариуцагч тендерийн Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг хангаагүй буюу үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу төлбөрийн чадваргүй болсон, татан буулгах шийдвэр гарсан, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхэлсэн, бизнесийн үйл ажиллагааг зогсоосон, үндэслэлээр татгалзсан байна.

3. Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэсэн Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03/10583 дугаар албан бичигт “... “Shaanxi Baihuasheng Construction Engineering Co., Ltd” компани хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлага хангах эсэхийг холбогдох эх сурвалжаас нягтлах нь зүйтэй байна. …

БНХАУ-ын www.aiqicha.com, www.m.qixin.com цахим хуудаснаас шалгахад “Inner Mongolia Road And Bridge Group Co.,Ltd” компанитай холбогдуулж 3 компаниас шүүхэд гомдол гаргасан, хамтын ажиллагааны хувьд эрсдэлтэй, төлөгдөөгүй 2 төрлийн татварын өртэй, шүүхэд бүртгэлтэй 67 мэдээлэл, бусад олон асуудалтай зэрэг гомдолд дурдсан цахим хуудсыг БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас хөтөлдөг мэдээллийн сан эсэхийг нягталж, уг мэдээллийн талаар журмын 5.9-д заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй байна. ...” гэжээ.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.”Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ: … 48.2.3.үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих;”, 55 дугаар зүйлийн 55.1.”Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага худалдан авах ажиллагааны талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 55.1.5.”тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон журам батлах;”, 59 дүгээр зүйлийн 59.10.”Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагагомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана: …”, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.9.”Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ.”, 5.10.”Захиалагч энэ журмын 5.9-д даалгасан асуудлаар үнэлгээний хорооны зөвлөмжид хяналт тавьснаар оролцогчийн тендертэй холбоотой өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон бол хуулийн 28.1, 28.2, 28.3-т зааснаар дахин шийдвэр гаргаж, мэдэгдэнэ.” гэж заажээ. 

5. Хууль, тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-т зааснаас бусад асуудлаар үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавихыг захиалагчид даалгах эрхтэй байх бөгөөд захиалагч өмнөх шийдвэрийг хэвээр үлдээх, эсвэл хүчингүй болгох эсэхийг Сангийн яамны даалгасан асуудлын хүрээнд шалган тогтоосны үндсэн дээр шийдвэрлэхээр байна. 

6. Гэтэл хариуцагч Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж зөвлөмж гаргахдаа Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн албан бичигт дурдсан нэхэмжлэгч “Шаньши байхуашэн констракшн” ХХК болон гуравдагч этгээд “Inner Mongolia Road And Bridge Group Co.,Ltd”-г Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлага хангах эсэхийг БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас хөтөлдөг мэдээллийн сан нягталж шалгалгүйгээр өмнөх зөвлөмжийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцээгүй гэж үзлээ.

6.1. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь шаардлага хангасан эсэхийг БНХАУ-ын холбогдох газраас хуульд заасан үндэслэл журмын дагуу тодруулсны үндсэн дээр шийдвэрээ гаргаж улмаар Сангийн яамны албан бичигт дурдсаны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан нөхцөл илэрсэн оролцогчийн талаарх мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хянуулахаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай юм.

7. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212, 03/2213 дугаар мэдэгдлүүдийг болон Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалт Inner Mongolia Road And Bridge Group Co.,Ltd-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3, 55 дугаар зүйлийн 55.1.5-д заасныг баримтлан “Шаньши байхуашэн констракшн” ХХК-иас Монгол Улсын Зам, тээврийн яам болон түүний Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2212, 03/2213 дугаар мэдэгдлүүдийг болон Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендерт шалгарсан Inner Mongolia Road And Bridge Group Co.,Ltd-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагч Зам, тээврийн яам болон Зам, тээврийн яамны тендерийн Үнэлгээний хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН