| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 313/2025/00055/И |
| Дугаар | 313/ШШ2025/00170 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 313/ШШ2025/00170
2025 оны 04 сарын 14 өдөр Дугаар 313/ШШ2025/00170 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, 112-1 байр, 201 тоот
Хариуцагч: *******, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байр
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие тус шүүхэд Тод Бат Андууд ХХК-д холбогдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, Ахмадын 3-323 байрны 5 давхар 26 тоот хаягтай 70.78 мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус маргаан маань шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байхад Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас маргаан бүхий байрыг маань албадан дуудлага худалдаанд оруулсан байна.
Иймээс би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.1-т заасан үндэслэлээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, Ахмадын 3-323 байрны 5 давхар 26 тоот хаягтай 70.78 мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргээ шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаагаар тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн сум дундын анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээр байр маань бүхэлдээ явж байгаа учраас шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох тухай, байрныхаа өмчлөгч мөн болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Үүнтэй нь холбогдуулан шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан байгаа. Энэ захирамжийг хэргийн хүрээнд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн дараах үндэслэл хугацаагаар түдгэлзүүлж болно гэж заасны дагуу 27.1.2-т төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол хугацаагаар түдгэлзүүлж болно гэж хуульд заасан. Тиймээс тухайн төлбөрт хураагдсан 26 тоот байртай холбоотой Баянбат нь шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд байгаа учраас энэ шаардлагатай холбоотой гаргасан шийдвэрийг шийдэгдэж дуустал буюу тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар 26 тоот байртай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгөөч гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл хэрвээ өмчлөгчөөр тогтоолгох асуудлыг маань шүүх шийдчих юм бол энэ байрны өмчлөгч нь Баянбат болчих учраас тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд чинь хамааралгүй болчихно. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад иргэний хэрэг нь 2024 оны 10 сарын 28-нд үүсчихсэн. Одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцдаа шийдэгдээгүй байгаа. Тэгэхээр энэ хэргийг шийдэгдэж дуусах хүртэл хугацаагаар тухайн байртай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгөөч л гэсэн нэхэмжлэл гаргаад байгаа. Үүний хуулийн үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 өөрөөр хэлбэл төлбөрт хураагдсан байртай холбоотой бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргасан бол үүнийг шийдвэрлэж дуусгаж болох хугацаагаар шүүхэд түдгэлзүүлж болохоор байгаа. Ийм учраас л энэ агуулгаар нь нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 143/ШШ2019/00108 дугаар шийдвэрээр Д.Батдоржоос 1 303 328 975 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэсэн.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 143/ШШ2016/00421 дугаар шийдвэрээр Д.Батдоржоос 10 994 675 төгрөгийг гаргуулж А.Ууганбаярт олгохоор шийдвэрлэсэн.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 143/ШШ2017/00276 дугаар шийдвэрээр Тодбат андууд ХХК, Д.Батдорж нараас 33 198 420 төгрөгийг гаргуулж Б.Отгонбатад олгохоор шийдвэрлэсэн.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШШ2016/00147 дугаар шийдвэрээр Д.Батдоржоос 5 663 910 төгрөгийг гаргуулж Б.Ууганзолбоод олгохоор шийдвэрлэсэн.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 143/ШШ2019/00137 дугаар шийдвэрээр Д.Батдоржоос 40 000 000 төгрөгийг гаргуулж Б.Улам-Өрнөхөд олгохоор шийдвэрлэсэн.
Монгол Олон Улсын ба үндэсний Арбитрын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийдвэрээр Тодбат андууд ХХК-иас 65 800 000 төгрөгийг гаргуулж М.Гантүшигт олгохоор шийдвэрлэсэн.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШШ2016/00012 дугаар шийдвэрээр Тод бат андууд ХХК-иас 30 957 700 төгрөгийг гаргуулж Ти ти энд Би ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний 154 дугаар шийдвэрээр Д.Батдоржоос 7 464 100 төгрөгийг гаргуулж О.Алтансүхэд олгохоор шийдвэрлэсэн.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2019/00131 дугаар шийдвэрээр Д.Батдоржоос 20 444 000 төгрөгийг гаргуулж Г.Баярчимэгт олгохоор шийдвэрлэсэн.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дугаар сарын 10-ны өдрийн 143/ШШ2024/00231 дугаар шийдвэрээр Д.Батдоржоос 2 500 000 төгрөгийг гаргуулж А.Хүрэлтулгад олгохоор шийдвэрлэсэн.
Нийт Д.Батдорж болон түүний үүсгэн байгуулсан Тод бат андууд ХХК-иас 1 520 351 780 төгрөгийг гаргуулж иргэд, байгууллагад олгохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Иймд дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан бөгөөд хөрөнгийг чөлөөлөх, хуулийн үндэслэлгүй байна.
Тухайн төлбөр төлөгч Тодбат андууд ХХК нь төлбөрийг бүрэн төлөөгүй, мөн тухай хөрөнгө нь *******ын хөрөнгө мөн эсэх нь батлагдаагүй, улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цугларсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлтдээ 26 тоотоор төлбөрийн үүргийг хангуулахыг зөвшөөрсөн тухай хүсэлт ирүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Д.Батдорж болон Тод бат андууд ХХК-нд төлбөрийг бүрэн төлж барагдуулах, Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тохиолдолд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагаа явагдахгүй болохыг удаа дараа сануулсан боловч төлбөрийг ямар нэгэн хэмжээгээр төлж барагдуулаагүй, мөн төлбөр төлөгч 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлбөрт тооцон гаргуулах хүсэлтийг тус газарт ирүүлсэн тул 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх, хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, мөн тухайн хөрөнгийг албадан дуудлага худалдаан оруулах ажиллагаа явуулсан бөгөөд *******ын хүсэлтийг хангах боломжгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр гаргуулах боломжтой, миний төлбөрт тооцоод ч юм уу гэсэн хүсэлтийг ирүүлсэн учраас бид нар холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Мөн тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 26 тоотоос төлбөр гаргуулж байх үед төлбөрт гаргуулах боломжтой хөрөнгө байсан. Айл ороогүй, хэн оршин сууж байгаа өмчлөгч нь цаасан суурьтай нотлох баримтаар Батдорж гэдэг хүний хөрөнгө мөн болох нь тогтоогдсон. Мөн улсын бүртгэлийн байгууллагаас Батдорж болон Баянбат хоёрын хооронд энэ хөрөнгө яг Баянбатын хөрөнгө ч гэдэг юм уу, тэрийг тогтоосон юм байхгүй юм байна лээ. Тухайн яригдаж байгаа нийт объект дээр гэрчилгээ байхгүй. Хөрөнгө дээр гэрчилгээ гараагүй, улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй гэсэн үг. Хоёрдугаар асуудал нь нэхэмжлэгч талаас Баянбатын зүгээс Тод бат андууд ХХК-г шүүхэд нэхэмжлэл гаргачихсан явж байгаа гэж байгаа. Тэгэхээр манайх руу 69.1-ийн захирамж өгөөд өөрт холбогдохоо түдгэлзүүлээд явах боломжтой байсан. Энэ шүүх хурлыг заавал зохион байгуулаад явах шаардлагагүй гэж би үзээд байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3-р баг, Ахмадын 3-323 дугаар байрны 5 давхар 26 тоот хаягтай, 70.78 мкв 3 өрөө орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх гэж тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэл гаргах хэлбэрээр, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс хүсэлт гаргах хэлбэрээр, байгууллага албан тушаалтны үйл ажиллагаа болон эрх зүйн актын талаар гомдол гаргах хэлбэрээр хэрэгждэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний эрх зүйн процессын хамгаалалтын хэлбэр тул түүний зорилго нь зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд оршдог.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3-р баг, Ахмадын 3-323 дугаар байрны 5 давхар 26 тоот хаягтай, 70.78 мкв 3 өрөө орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх гэж тодорхойлсон нь зөрчигдсөн эрхийг сэргээх үр дагаврыг бий болгохгүй тул тэрээр мэдүүлэх эрхээ шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр хэрэгжүүлэх боломжгүй юм.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлнэ гэж мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5 дахь хэсэгт энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн үндэслэлээр түдгэлзүүлнэ гэж заасан байгааг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.1-д Энэ хуулийн 757.1-д зааснаас бусад тохиолдолд шүүх энэ хуулийн 751.1, 751.2-д заасан хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас шийдвэр гаргахаар заажээ.
Шүүх тус нэхэмжлэлд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 757.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр захирамжилсан тул тус хэргийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ