Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00896

 

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00896

 

 

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 183Ш2021/00578 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлтэй, ДГЦСТӨХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29 836 224 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Б- нь ДГЦСТӨХК-д ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2019 сарын 9 дүгээр сарын 25-ны өдөр гарсан. Энэ өдрөөс хойш давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1954 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 452 тоот тогтоолоор ажлаас үндэслэлгүй халсан болох нь тогтоогдсон. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 дугаартай шийдвэр гарснаас хойш 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б/411 тоот тушаал гарах хүртэл ажлын 280 хоногийн шүүхийн шийдвэрт зааснаар дундаж цалин хөлсийг тооцоохоор нэг өдрийн 109 692 төгрөгөөр тогтоосон байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажилгүй байсан хугацааны бүх цалин хөлсийг гаргуулах гэсэн хуулийн заалтыг үндэслэж ажилгүй байсан хугацааны цалин 30 713 760 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 308 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Г.Б-г 2016 оны 3 дугаар сард ажилд авснаас хойш 2016 оны 10 дугаар сард дотоод аудитор ажлын байранд тавигдах шаардлагын хэрэгжилтэд аудит хийсэн бөгөөд Г.Б-г ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хийх болзол шаардлагыг хангахгүй байгаа талаар дүгнэлт ирүүлж байсан. Энэ дүгнэлтээр Г.Б-гийн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, ур чадвар, туршлагад нийцэхгүй байна гэсэн аудитын дүгнэлт нь түүнийг ажлаас шууд халах үндэслэл болж байгаа. Г.Б-г 2016 онд анх ажилд авахдаа 1 044 812 төгрөгийн цалинтай хөдөлмөрийн гэрээ хийсэн. 2018 оны 1 дүгээр сараас үндсэн цалинг 1 206 757 төгрөг болж нэмэгдүүлсэн. Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2015 оны 55 дугаар тушаалын дагуу сүүлийн гурван сарын дундаж цалин хөлсөөр бодно гэж заасан. Цалин хөлсийг тодорхойлохдоо гол нотлох баримт нь цалин хөлсний цэс, данс бүртгэл байна гэж заасан. Тус компани нь тухайн сарын ашиг орлогоос хамаарч ажилтнууддаа 50 хувь хүртэл, жилд нэг удаа 5 сарын хугацаатай үр дүнгийн урамшууллыг ТУЗ-ийн тогтоолоор олгодог. Гэтэл Г.Б- нь жилд нэг удаа олгодог жилийн үйл ажиллагааны үр дүнгийн урамшуулал, 2.7 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээг дундаж цалин хөлс бодохдоо оруулж тооцож байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд ажлаа хийгээд явж байгаа ажилтнуудаас ч их хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Г.Б- нь 900 000 - 1 000 000 төгрөгийн илүү цалин авахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ажил олгогч тэтгэврийн даатгалын шимтгэл 9,5 хувь, тэтгэмжийн даатгалд 1 хувь нийтдээ 10,5 хувийг төлөхөөр даатгуулагчаас ямар нэгэн даатгал төлөхөөргүй, шүүхээс гарсан шийдвэрээс ямар нэгэн шимтгэл тооцохооргүй зохицуулалт байгаа учраас Г.Б-гийн гарт нь олгож байсан цалингийн дунджаар мөнгийг нь олгох санал гаргаж байна. Өөрөө ажилдаа ирэхгүй, дээд шатны шүүхээр явсаар байгаад хугацаа алдсан гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29 068 380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Г.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 303 291 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэдэг бөгөөд шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч баримт байж болохгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/02010 дугаар шийдвэрээр нэг хоногт ногдох цалин хөлс 109 692 төгрөгөөр тогтоосон хэмжээгээр тогтоосон нь буруу байна. Тухайлбал: Сангийн сайд, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын хамтарсан 2020 оны 246, А/245 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журмын 2.26.9-д "Даатгуулагчийн төрөл код 32-т" зааснаар ажил олгогчоос тэтгэвэр даатгалд 9.5%, тэтгэмжийн даатгалд 1.0%-ийг төлдөг бөгөөд хууль бусаар ажлаас халагдсан ажилтан ямар нэгэн шимтгэл төлөхгүй байхаар тусгасан. Г.Б- сард дунджаар 1 450 000-1 500 000 төгрөгийн цалин авч байсан бөгөөд шүүх Г.Б-г сард 2 358 394 төгрөгийн цалин авч байсан мэтээр хэт өндөр тогтоож /сарын цалинг 858 000 төгрөгөөр илүү тооцож/ хариуцагчаас гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч 29 836 224 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Гэтэл шүүх хариуцагчаас 29 068 380 төгрөг гаргаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан мэтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгосон шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт дурдаагүй алдаатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч ДГЦСТӨХК-д холбогдуулж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29 836 224 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч дундаж цалин хөлс бодохдоо үр дүнгийн урамшууллыг хасч, үндсэн цалингийн хэмжээгээр дундаж цалин хөлсийг тодорхойлох ёстой гэж маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02010 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг ДГЦСТӨХК-ийн Хангамжийн хэлтсийн хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 124 724 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1954 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2020/00452 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч Г.Б-гийн ажилгүй байсан хугацааг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 147 ажлын өдрөөр тооцон, 1 хоногийн дундаж цалин хөлсийг 109 692 төгрөгөөр тогтоож, 16 124 724 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт гаргуулсан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсний хэмжээтэй холбоотой үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй боловч 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б-гийн ажилгүй байсан хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 265 хоногоор тооцон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29 068 380 төгрөг /1 хоногийн дундаж цалин 109 692 төгрөг265 хоног/-ийг хариуцагч ДГЦСТӨХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх 29 836 224 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 29 068 380 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг баримтлаагүй, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 767 844 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй орхигдуулсан нь алдаатай байх боловч энэ талаар магадлалд зааж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Түүнчлэн, хариуцагчийг буруу тодорхойлсон гэсэн агуулгаар талууд анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй байх бөгөөд анхан шатны шүүх өмнө нь шийдвэрлэгдсэн маргаан болон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байна. /хх-ийн 52, 53 / Иймд хариуцагч ДГЦСТӨХК-д холбогдуулан хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Хариуцагчийг буруу тодорхойлсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 183Ш2021/00578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 291 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ