| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0154/Э |
| Дугаар | 262 |
| Огноо | 2017-07-26 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Соёлсайхан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын нарын бүрэлдэхүүнтэй,
улсын яллагч: Б.Соёлсайхан;
нарийн бичгийн дарга: Г.Алтанцэцэг;
иргэдийн төлөөлөгч: Ж.Өлзийсайхан, Н.Мягмарсүрэн;
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ш.Одончимэг;
шинжээч: Т.Номинцэцэг;
шүүгдэгч: Б.А, түүний өмгөөлөгч Д.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цамбагарав овогт Баттөрийн Ад холбогдох 201625022868 дугаартай хэргийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Бүрэн уул групп” ХХК-д барилгын инженер ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЧЕ87051610 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Баттөрийн А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.А нь 2016 оны 12 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сүхаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудлын урд талын зам дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ "монжоогоо авна" гэх үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн догшин авирлан танхайрч улмаар Э.Бат-Эрдэний толгойн тус газарт нь гараараа цохиж санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр манай инженерийн ангийн хүүхдүүд болох Мөнхжаргал, Бөхтулга, Золбаяр, талийгаач Бат-Эрдэнэ бид нар уулзсан. Дүнжингарав дээр ажилтай байсан, мөн өвөл ажил зогсчихсон байдаг тул бид нар уулзаад, оюутан цагийн хөгжилтэй зүйлсээ яриад суусан. Тухайн үед талийгаач Бат-Эрдэнэ бид 2 бие, биенийхээ суга руу хатгах, гар луу нь цохих, шилбэ рүү өшиглөх зэргээр тоглож байсан. Тэгээд бид нар тэр пабаас гараад, пабын гадаа бид 2 барилдах, ноцолдох зэргээр тоглож байгаад хар зам руу гарсан. Зам руу гараад такси бариад манай ангийн хүүхэд Золбаяр эхлээд суугаад, дараа нь би суусан. Тэгээд суух үед талийгаач “монжоогоо авна” гээд намайг өшиглөсөн. Тэгээд такси цаашаа хөдлөөд Золбаяр бид 2 шинэ гүүрээр даваад явахаар болсон, тэгсэн Золбаяр “төв замаар яаралтай явах хэрэгтэй болчлоо” гэхээр нь би буугаад такси барихаар зогсож байсан Бөхтулга, Мөнхжаргал, талийгаач Бат-Эрдэнэ 3 дээр очсон. Очоод “одоо хоёулаа нэг монжоогоо авчихъя” гээд нэг цохиход талийгаач Бат-Эрдэнэ газар унасан. Тэгээд бид нар “яачихав” гээд сэрээх гэтэл сэрээгүй. Тэгээд такси аваад гэмтэлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь өнгөрсөн байна гэж хэлсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Одончимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаач, Б.А хоёрыг сайн найзууд гэдгийг мэднэ. Гэхдээ нэгэнт эргээд босоод ирэх биш, энэ хүнийг олон жил ял аваасай, шоронд хоригдоосой гэж хүсэхгүй байна. Хичнээн миний ханийг алсан ч санаатай биш байх гэж бодож байна. Оршуулгын зардалд 12.000.000 төгрөг авсан. Мөн шүүгдэгчийн зүгээс манай том охины дансанд 1.000.000 төгрөг хийж өгсөн. Гомдол санал байхгүй гэв.
Шинжээч Т.Номинцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Суурийн судасны цүлхэн гэдэг нь өвчин мөн. Ийм өвчтэй байсан нь үхэлд хүргэж байгаа үндсэн шалтгаан биш. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт заасан гэмтлүүдийн улмаас талийгаачийг нас барсан гэж үзэж болно. Энэ гэмтэлд суурийн судасны цүлхэн ороогүй. Тархины аалзан бүрхүүлийн тархмал цус алдалт гэдэг нь тархины бор бодисыг хучиж байгаа нимгэн хальсыг хэлдэг. Тэр нь өөрөө доогуураа аалзны тор шиг хялгасан судасуудтай байдаг. Энэ судаснууд гэмтээд тэр зөөлөн бүрхүүлийн доогуур нилэнхүйдээ цус болохыг хэлж байгаа юм. Цүлхэн гэдэг нь төрөлхийн болон олдмол гэж 2 янз байдаг. Судасны давхарага нимгэрээд тэлээд тэрнээс болоод цүлхэн үүсч байгааг хэлж байгаа юм. Тархины няцрал, ховдолын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн аксон тархмал гэмтэл, тархины дунд зэргийн няцрал, зэрэг гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т заасан гэмтэл мөн. Суурийн судасны цүлхэн хагарсан тохиолдолд эмнэлэгийн тусламж авах боломж нь янз бүр байдаг. Хэр хэмжээний цус алдсан бэ гэдгээс хамаараад янз бүр байна. Дүгнэлтэд дурдсан гэмтлийг авсан тохиолдолд эмнэлгийн тусламж авсан ч амь аврагдах боломжгүй. Тархины эсийн урт сэртэнгийн хугарал, тархины аалзан бүрхүүлийн гэмтэл гээд энэ гэмтлүүд шууд үхэлд хүргэдэг. Амь аврагдах магадлал маш бага. Миний дүгнэлтэд заасан 3 гэмтлийг талийгаач нэг дор авсан байгаа учраас шууд үхэлд хүрч байгаа юм. Суурийн судасны цүлхэн өвчний улмаас хүн нас барахгүй. Тархины эсийн урт сэртэнгийн хугарал ерөнхийдөө цохилтоос үүсэх нь их. Талийгаачид цүлхэн байсан. Гэхдээ дүгнэлтэнд заасан гэмтлийн улмаас нас барсан. Давхар цүлхэн хагарсан байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед хүний судасны нэвчимхий байдал ихсээд хэвийн үеэ бодвол хэврэмтгий болсон байдаг. Талийгаачийн цусанд илэрсэн 3.7 хувийн спиртын агууламж нь хүнд зэргийн согтолтонд хамаарна. Ийм үед хөдөлгөөн хийх чадвартай боловч өөрийн ухамсарт үйлдэл алдагдсан гэж үздэг. Талийгаачийн биед үүссэн уруул, хөмсөг, хавирганд учирсан гэмтлүүд тус тусдаа үүсгэгдэнэ. Нэг удаагийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжгүй. Тархинд учирсан гэмтлүүд цохилт, доргилтоос үүснэ гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-8/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-13/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 14-16/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 18-20/, СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 21-40/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 41/, хохирогч Э.Эрдэнэбулган /1хх-ийг 43-45/, Ш.Одончимэг /1хх-ийн 242-243/,гэрч С.Мөнхжаргал /1хх-ийн 46-48, 247/, Э.Бөхтулга /1хх-ийн 51-53, 246/, Э.Золбаяр /1хх-ийн 56, 245/, Д.Оюунбилэг /1хх-ийн 59/, Н.Болортуяа /1хх-ийн 59, 248/, Б.Баттулга /1хх-ийн 61/, Г.Баттөмөр /1хх-ийн 62/, Ш.Одончимэг /1хх-ийн 63/, О.Хишигбаяр /1хх-ийн 64/, Б.Баттөр /1хх-ийн 65/, Н.Мягмар /1хх-ийн 66/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2266, 7195, 7196, 10433, 10432, 16347 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 69-76, 81-84, 85-86, 88, 89, 90/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1200 дугаартай дүгнэлт /1хх-ийн 78-79/, шинжээчийн мэдүүлэг /1хх-ийн 91/, Б.Аын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 106-111/, Б.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 116/, Б.Аын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 117/, Б.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 130-154/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Топаз” нэртэй зочид буудлын урд талын зам дээр “хариугаа авна (“монжоо авах”) гэх ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч Э.Бат-Эрдэнийн толгой руу цохиж гавал тархины гэмтэл учруулан алсан болох нь:
хохирогч Э.Эрдэнэбулганы /1хх-ийн 43-44, 45, 175/: “... Миний бие эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд талийгаач Э.Бат-Эрдэнэ нь манай гэрийн хамгийн бага нь юм. … 2016 оны 12 дугаар сарын 02-ны 04 цаг 21 минутанд Амараагийн эхнэр гэх эмэгтэй миний 88156590 дугаарт 86090999 дугаараас залгаж надтай холбогдоод “та Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж уулзаач. Амараа, Золоо, Бат-Эрдэнэ нар нэг хэрэг тарьсан байна” гэхээр нь би тус цагдаагийн хэлтэс дээр ирж цагдаа нараас өөрийн дүү Бат-Эрдэнийг нас барсан талаар дуулж мэдсэн. ... Бидэнд оршуулгын зардал болон буяны ажилд нийт 12.000.000 орчим төгрөг орсон. Энэ зардлаа нэхэмжлэх болно. Би Аыг санаатайгаар миний дүүгийн амь насыг хохироосон гэж үзэхгүй байгаа. Тэр хоёр маргалдаж муудалцах хүмүүс биш. Маш сайн найзууд байсан. Хэрэв А буруутай бол санамсар болгоомжгүй байдлаас дээрх зүйл болсон байх гэж бодож байна. Тиймээс одоо гомдол санал гээд байх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг,
хохирогч Ш.Одончимэгийн /1хх-ийн 244/: “... Урьд нь тухайн үед би айж цочоод сэтгэл санаа хямраад хохирогчоор оролцох боломжгүй Э.Эрдэнэбулган ахыг оролцуулсан юм. Миний охин Б.Мөнх-Энэрэл, одоо гэдсэнд байгаа хүүхдүүд бол талийгаачийн хүүхэд мөн. Оршуулгын зардалд гарсан 12.000.000 төгрөгийг авсан. Энэ мөнгө буяны ажилд зарцуулагдсан ...” гэх мэдүүлэг,
гэрч С.Мөнхжаргалын /1хх-ийн 46-48/: “... Бид нар такси барих гээд цувралдаад алхаж байсан. А, талийгаач Бат-Эрдэнэ хоёр ард тоглоод бие биеэ гар хөлөөрөө хатгах юм уу цохиж аваад байх шиг байсан. Тэгээд такси зогсоогоод ямарч байсан хүмүүс суусан. Бөхтулга бид хоёр хамт манайд очиж хонох тухай ярьж байсан. Би тухайн үед нилээд согтсон байсан тул зарим нэг зүйлийг тодорхой сайн санахгүй байгаа юм. Нэг мэдсэн Бөхтулга бид хоёрын ард 2-3 алхам зайтай талийгаач Бат-Эрдэнэ газарт уначихсан. А зогсож байсан. Тэгээд би очоод хартал талийгаач ямар ч ухаангүй газар хэвтээд байсан. Би дуудаад сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгээд бид нар такси барих гэтэл такси зогсохгүй байсан. Учир нь бид нарын зогсож байсан газар туслах зам байсан тул такси зогсоогүй. Тэгээд талийгаачийг би үүрээд төв зам руу дөхөж такси барих гээд явтал талийгаачийн бие гулжингнаад унах гээд дийлдэхгүй байсан тул буулгаад замын хажууд хэвтүүлээд Бөхтулгыг такси бариад ир гэж хэлсэн. Такси ухараад ирэхээр нь А бид хоёр талийгаачийн хоёр талаас өргөөд таксинд суугаад шууд Гэмтэлийн эмнэлэг рүү явсан. Тэнд очоод үзүүлэхэд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн. ... Тэгээд цагдаад мэдэгдээд шалгуулсан ...” гэх мэдүүлэг,
гэрч Э.Бөхтулгын /1хх-ийн 50-53/: “... А талийгаач Бат-Эрдэнэ 2 тоглоомоор гар, мөррүүгээ цохилцоод байсан. Би бодохдоо “тоглож байна” гэж бодсон. ...Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх төвийн баруун талын зам дээрээс такси барьсан. Тэр машинд Золбаяр, А 2 суусан. … Тэгээд Мөнхжаргал, талийгаач Бат-Эрдэнэ бид 3 хойшоо алхаад явж байтал нөгөө такси 100 метр явж байгаад зогссон. А бууж ирээд “Өө яаж байна аа” гэж хэлээд шууд талийгаачийн толгой руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд талийгаач Бат-Эрдэнэ хойшоо унах хооронд нь А хөлөөрөө нэг удаа талийгаачийн бөгсөн хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд талийгаач унаад сэрэхгүй байсан. Мөнхжаргал талийгаачийг мөрөн дээрээ өргөөд А хажуугаас нь түшээд аваад явсан. Бид жаахан яваад Мөнхжаргал талийгаачийг даахгүй буулгаад намайг “төв замаас такси бариад ир” гэсэн. Би явж такси зогсоогоод буцаж ирээд талийгаачийг суулгаад Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлтэл талийгаачийг нас барсан гэж хэлсэн. Тухайн үед бид нар маргалдаж муудалцсан зүйл байхгүй. А талийгаач Бат-Эрдэнэ хоёр тоглоод бие биенээ гар хөлөөрөө хатгаад тоглоод явж байсан ...” гэх мэдүүлэг,
гэрч Э.Золбаярын /1хх-ийн 56/: “…Намайг очиход А, Мөнхжаргал, Бөхтулга 3 пиво уугаад сууж байсан. Удалгүй араас нь Бат- Эрдэнэ орж ирсэн. Бид тавуулаа 1 шил архи авч уусан. Архиа ууж дуусаад дахин нэг шил 0,75 граммын архи авч уусан. Мөн пиво ууцгаасан. Бид хэд уугаад инээлдээд юм яриад сууж байсан. Намайг нэг сэрэхэд би шөнө 02-03 цагийн хооронд цагдаагийн хэлтэс дээр ирсэн ...” гэх мэдүүлэг,
гэрч Н.Болортуяагийн /1хх-ийн 60/: “... Тэд нар нийт 2 шил “Тайга” нэртэй 0,75 литрийн архи авч уугаад орой 23 цаг өнгөрч байхад гарсан. Гарахдаа тавуулаа зэрэг гарсан. Тэдний хооронд ямар нэгэн маргаан зодоон болоогүй. Манайхаас гарч яваад ч маргаан зодоон болоогүй. Би араас нь харахад тавуулаа хэлхэлдээд явж байсан ...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Б.Аын хохирогч Э.Бат-Эрдэнийг цохьсон үйлдлийн улмаас “…Талийгаач Бат-Эрдэнийн цогцост их, бага тархины аалзан бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, баруун хөмсөгний дээр, зүүн хавирганы нум орчим зулгаралт, доод уруулд зулгаралт, дотор салстад цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач суурийн судасны цүлхэнтэй байсан нь хагарсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачид тогтоогдсон гэмтэл нь амьддаа үүссэн байна. Талийгаач дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх зогсож нас баржээ. Талийгаач 2-р бүлгийн цустай. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 2016.12.01-ээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед цогцосны гадна үзлэг хийгдэхэд талийгаач нас бараад 1-2 цаг болсон байна. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй … ” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2266 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 67-74/ болон шинжээч эмч Т.Номинцэцэгийн мэдүүлэг /1хх-ийн 91-92, 176-177/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Аын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.А хэрэг хариуцах чадвартай болохыг Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосон болно. /1хх-ийн 78-79/
Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь амь хохирогчийг цохисны улмаас гавал тахины гэмтэл учирсан, уг гэмтэл үхэлд хүргэснийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Б.А нь амь хохирогчийг “таксинд суухад араас өшиглөсөн тул хариугаа авна” хэмээн хохирогчийн амь насанд аюултай, гавал тархины гэмтэл учруулах цохилтыг нэг санаа, зорилготойгоор үйлдсэн, түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч биедээ хүнд гэмтэл авч улмаар нас барсан байх тул “…Б.А болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон…“ гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт няцаагдана.
Хохирогч Э.Бат-Эрдэнийн цусанд 3,7 промиль, шээсэнд 4,5 промиль спиртийн агууламж илэрсэн байх боловч хүний согтолтын хир хэмжээ нь цус, шээсэн дэх спиртийн агууламжаас гадна хувь хүний бие, физиологийн онцлогоос хамаарах тул дан ганц шүүх химийн шинжилгээний үр дүнд тулгуурлан Э.Бат-Эрдэнийг биеэ хамгаалах чадваргүй хэмжээнд хүртлээ хүнд хэлбэрээр согтсон байсан гэж дүгнэх боломжгүй. Мөн Э.Бат-Эрдэнэ нь Б.Аын өөдөөс идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн үзүүлж байсан зэрэг бүх нөхцөл байдлаас шалтгаалан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байсан” гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэж байна.
Прокуророос шүүгдэгч Б.Аын хүнийг алсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.
Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
2002 оны Эрүүгийн хуульд заасан “хүнийг санаатай алах” гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжийг тодорхойлж байсан “танхайн сэдэлтээр үйлдэх” гэдэг ойлголт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон байх тул Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.
Ийнхүү дээр дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Аын хүнийг алсан гэм буруу шүүх хуралдаанаар нотлогдсон байх тул эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх бүрэн үндэстэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардалд 12.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогчийн хууль ёсны төөлөлөгч Ш.Одончимэг нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар “тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү” нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.А гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг буюу оршуулгын зардлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн (өөрийн цохилтын улмаас хүний амь нас хохирсныг), түүний хувийн байдал, материаллаг хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, мөн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокуророос шүүгдэгч Баттөрийн Аыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Баттөрийн Аыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А 236 /хоёр зуун гучин зургаа/ хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Одончимэг нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар “тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү” нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧИД Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Х.ИДЭР