Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 116/ШШ2025/0012

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: *******ийн ******* /РД:*******/,

Хариуцагч: Дорнод аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Г.******* нарын хооронд үүссэн “Дорнод аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Г.*******гийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0043001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, өмгөөлөгч Б.******* /цахимаар/, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Д.******* нь Дорнод аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Г.*******д холбогдуулан, “Дорнод аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Г.*******гийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0043001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан[1].

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Дорнод аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Г.******* нь Д.*******д 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0043001 дугаартай шийтгэлийн хуудсаар ...10 000 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ[2].

2.2. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг[3] 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэгчээс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бүрдүүлбэр ханган[4] ирүүлсэн байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад нэр дэвшсэн бөгөөд хуулийн хүрээнд сонгуулийн үйл ажиллагаагаа явуулсан болно. Аливаа хувь хүн, хуулийн этгээдээс бэлнээр авсан хандив үгүй бөгөөд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хандив авсан. 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс хуульд заасны дагуу сонгуулийн дансыг нээсэн. Мөн сурталчилгааны үйл ажиллагааг хуульд заасан хугацааны дагуу зогсоосон болно. Иргэн хүн 10 хүртэл сая төгрөгийн хандив, аж ахуй нэгж нь 30 хүртэл сая төгрөгийн хандив өгөх үүрэгтэй гэдгийг мэдэж байсан. Мөн энэ талаараа хандив хүссэн сурталчилгаан дээр тусгасан байгаа. Надад нийт 11 гүйлгээ алдаатай орж ирсэн байсан. Үүнээс 9 гүйлгээг хуулийн дагуу буцаасан. 2 гүйлгээг буцаахгүй үлдээсэн байна. П.*******, М.******* нар нь миний сайн танил, садан төрлийн хүмүүс бөгөөд хандив хийхдээ нэр, утсаа тавьж өөрсдийн банкны харилцах хадгаламжийн данснаас тус бүр 100 мянга төгрөг буюу нийт 200 мянган төгрөгийн хандивыг шилжүүлсэн бөгөөд хуульд заасан мэдээллийн зохих шаардлагыг хангаж шилжүүлсэн. Татварын улсын байцаагч Г.******* Зөрчлийн тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 21-д заасныг үндэслэн 10,0 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн дараах үндэслэлээр хуулийн хүрээнд ажилласан гэж үзэж байна.

1. Хуульд заасны дагуу зөвхөн дансаар хандив авсан, хандивийн хэмжээ хуульд зааснаас хэтрээгүй, хуулиар хориглосон хүн, хуулийн этгээдээс хандив аваагүй, буцах хаяг тодорхойгүй хүнээс хандив аваагүй, сонгуулийн бүхий л зардал зөвхөн дансаар зарцуулсан.

2. Хуульд хандив өгч буй хүний нэр, бүртгэлийн дугаар байхгүй бол хандивийг буцаан шилжүүлнэ гэжээ. Гэтэл миний дансанд орсон 2 хүний хандив нь өөрсдийн хувийн  харилцах, хадгаламжийн данснаас шилжсэн нь тухайн хандивлагчийн гүйлгээний баримтаар нотлогдохоос гадна мөн утга хэсэг дээр нэрээ тавьсан, холбогдох утас мөн иргэний хувийн дугаараа тавьсан зориулалтыг мөн тавьж шилжүүлсэн нь хуулийн шаардлагыг зохих хэмжээнд хангасан байна гэж үзэж байна.

Зүүн бүс нь нийт 43 сумтай юм байна лээ. Миний хувьд тухайн үед туулах чадвар сайтай автомашин түрээслэж байгаад 43 сумыг тойрч ажилласан. Ингээд сум бүр нь сүлжээний асуудалтай. Мөн сум бүр дээр очиж банк орж хуулгаа шалгах боломжгүй байсан. Би нийт 6 900 000 төгрөгийн хандив цуглуулж ажилласан байгаа. Би сонгогч нэг бүртэй уулзах хүсэлтэй байсан. Яг үнэндээ санхүүгийн хувьд үнэхээр хүндрэлтэй байсан. Ухуулагч болон шадар туслахуудад маш бага хэмжээний цалин олгосон. Хуулийн дагуу УИХ-д нэр дэвшигч нарт шалгалт хийгдсэн. Ингээд өөрийн биеэр үндэсний аудитын ерөнхий газарт аудитын тайлангаа хүлээлгэж өгсөн. Их шахуу хугацаатай байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Ингэж хоёр гүйлгээнээс шалтгаалж торгууль тавигдана гэдгийг би үнэхээр мэдээгүй байсан. Энэ үед Дорнод аймгийн татварын улсын байцаагч Г.******* над руу холбогдоод Дорнод аймагт ирэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Энэ үед би өндөр настай аавыгаа эмнэлгээр авч явж байсан. Тиймээс очих боломжгүй байна гэдгээ тайлбарлаад цахимаар мэдүүлэг өгөх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Цахимаар холбогдсон учраас зарим зүйлсийг бүрэн дүүрэн ойлгохгүй орхигдуулсан байх боломжтой гэж харж байгаа. Миний бие одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Тиймээс 10 000 000 төгрөгийн торгуулийг төлөхөд хүндрэлтэй байна. Яг үнэндээ хоёр иргэний 100 000, 100 000 төгрөгийн хандивтай холбоотой 10 000 000 төгрөгөөр торгуулж байгаа юм. Үндсэндээ 50 дахин их төгрөгөөр торгож байна гэсэн үг юм. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч нь хандиваар орж ирсэн хөрөнгийг захиран зарцуулсан үйлдэл гаргасан. Гэхдээ зөрчлийн хэрэг нээсэн нь хууль бус хөрөнгийг сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан байна гэж үзсэн байгаа. Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэлийн дугаар, эх үүсвэрээ зааж өгөх ёстой байдаг. Тэр хоёр баримт дээр ямар ямар мэдээлэл байсан бэ гэдгийг нарийн шалгах ёстой байсан. Огт ямар ч мэдээлэлгүй мөнгөн орлого байсан эсэхийг нягтлах ёстой. Энэ мэдээлэл нь дутуу тавигдсан бол хариуцагч талаас яаж хандах ёстой байдгийг мэдэхгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6/1-тэй тэнцэх хэмжээний мөнгөн хандивыг хоёр иргэн шилжүүлсэн байдаг. Ингэхдээ холбогдох утасны дугаар, нэр усаа тавьсан боловч гүйлгээний утга дээрээ л мэдээллээ дутуу орхигдуулсан байдаг. Хандив өгч байгаа иргэний хувьд нэр регистрийн дугаараа л тавихаар хуульчилсан байгаа харагдаж байна. Хуулийн этгээдийн хувьд орлогын эх үүсвэрээ тавихаар заасан. Тэгвэл нэр нь байгаад регистрийн дугаар байхгүй бол бүхэлд нь зөрчил гэж үзэх үү? Д.*******гийн хувьд хөдөө орон нутагт явж байсан. Сүлжээ нь байнга орж, гарч байсан. Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1 дэх хэсэгт нарийн заасан байдаг. Энэ хөрөнгийг хуульд заасны дагуу сонгуулийн дансанд цуглуулж захиран зарцуулах ёстой байдаг. Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлд хууль бус мөнгөн хөрөнгө, хандивын талаар нарийн дурдсан байгаа. Буцаан шилжүүлэх талаар ч тодорхой дурддаг. Д.*******д Монгол Улсын иргэдээс сайн дурын үндсэн дээр өгсөн хандив байгаа. Гэтэл хууль бус хандив гэж тайлбарлаад байх юм. Хууль бус хандив, мэдээлэл дутуу илгээсэн хандив хоёр нь тусдаа ойлголт юм. Хуулийн цаад үзэл санааг харж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын иргэн л бол яс үндэс, хөрөнгө харгалзахгүй нэр дэвших, сонгох, сонгогдох эрхтэй байдаг. Хүн бүр л өөр өөрийн үзэл бодлоор нэр дэвшиж байгаа. Иргэний хувьд өөрсдөө орлогын эх үүсвэр гэдэг үндэслэлийг дураараа дурдаад байх юм. Ялгамжтай ойлголт гэдгийг ойлгох хэрэгтэй гэв.

 

3.3. Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн татварын газрын Захиргаа, хуулийн тасгийн Хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Г.******* би, Татварын Ерөнхий газрын 06/2625 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Улсын Их Хурлын сонгуулийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 6-р тойрогт Иргэний зориг ногоон намаас нэр дэвшигч *******ийн ******* нь хуулиар зөвшөөрөөгүй хандивыг зарцуулсан” гэх гомдол, мэдээллийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.*******д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн зөрчилд 2521000013 дугаартай зөрчлийн хэрэг нээж Д.*******гийн [email protected] хаягаар хүргүүлсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасны дагуу Д.******* нь “******* мидланд аудит” ХХК-аар Хараат бус аудитын тайланг гаргуулж Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байдаг. Дээрх аудитын дүгнэлтийн хуулбарыг Үндэсний аудитын газраас ирүүлсэн бөгөөд хараат бус аудитын дүгнэлтийн 1.5-д “Нэр дэвшигч нь Хаан банкинд ******* тоот данс шинээр нээлгэж орлого, зардлын гүйлгээг хийсэн бөгөөд нийт 6900.0 мянган төгрөгийн орлого төвлөрүүлж, 6,897.5 мянган төгрөгийн  зардлыг зарцуулсан байна. Сонгуулийн зардлын дансны үлдэгдэл 2.4 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна...” гэж бичсэн байдаг. Мөн хараат бус аудитын дүгнэлтээр Д.*******д 33 удаагийн гүйлгээгээр 6,900,000 төгрөгийн хандив орж ирсэн бөгөөд түүнээс 11 гүйлгээгээр орж ирсэн 1,780,000 төгрөгийн “хуулиар зөвшөөрөөгүй хандив”-аас Д.******* нь 1,580,000 төгрөгийг буцааж, М.*******ын эх үүсвэрээ бичээгүй 100,000 төгрөг, М.*******ын иргэний бүртгэлийн дугаар, эх үүсвэрээ бичээгүй 100,000 төгрөг нийт 200,000 төгрөгийг буцаагаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ хараат бус аудитын тайлантай Д.******* танилцаж, тайлан бүрт гарын үсгээ зурж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлсэн. Мөн Д.******* зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвших явцдаа “орлогын эх үүсвэрээ бичээгүй” хууль бус 2 хандивын нийт 200000 төгрөгийг зарцуулснаа хүлээн зөвшөөрч байна... хуулийн шаардлага хангаагүй болохыг нь анзаараагүй тул хууль бус хандивын 200,000 төгрөгийг сонгуулийн шадар туслахын цалин болгон зарцуулсан...”  гэж мэдүүлсэн. Дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэр дэвшигч Д.******* нь нэр бүхий 2 хүнээс орж ирсэн 200,000  төгрөгийн хуулиар зөвшөөрөөгүй хандивыг буцаах ёстойгоо ч мэдэж байсан боловч буцаан шилжүүлээгүй зөрчлийг гаргасан байх бөгөөд Д.*******гийн сонгуулийн зардлын дансны үлдэгдэл нь 2,400.00 төгрөг байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байсан. Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дугаар тушаалын хавсралт “Монгол Улсын их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 11.1.1-т банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандивыг хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивт тооцно, 13.1-т  Нам, эвсэл, нэр дэвшигч хуулиар зөвшөөрөгдөөгүй мөнгөн хандивыг сонгуулийн зардлын дансанд хүлээн авснаас хойших сонгуулийн зардлын дансны үлдэгдэл нь уг мөнгөн хандивын хэмжээнээс бага байж болохгүй бөгөөд бага байгаа тохиолдолд Хуулиар зөвшөөрөгдөөгүй мөнгөн хандивыг ашигласанд тооцохоор тус тус заасан байдаг. Гомдол гаргагч гомдолдоо Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн  1-т заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй гэжээ. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил нь өөрөө  ямар нэгэн сонгох санкц байхгүй бөгөөд тухайн зөрчил нь тогтоогдсон л бол хариуцлагын арга хэмжээг тодорхой зааж өгсөн гэдгийг дурдах нь зүйтэй байна. Магадгүй 10.0 сая хүртэл төгрөгөөр торгох санкцтай байсан бол гомдол гаргагчийн гомдолд дурдсан шиг “зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой байсан байх. Иймд Д.******* нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ гэж заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан тул гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие 2024 оны УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад нэр дэвшсэн бөгөөд хуулийн хүрээнд сонгуулийн үйл ажиллагаагаа явуулсан. Аливаа хувь хүн, хуулийн этгээдээс бэлнээр авсан хандив үгүй бөгөөд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хандив авсан. 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс хуульд заасны дагуу сонгуулийн дансыг нээсэн. Мөн сурталчилгааны үйл ажиллагааг хуульд заасан хугацааны дагуу зогсоосон болно. Иргэн хүн 10 хүртэл сая төгрөгийн хандив, аж ахуй нэгж нь 30 хүртэл сая төгрөгийн хандив өгөх үүрэгтэй гэдгийг мэдэж байсан. Мөн энэ талаараа хандив хүссэн сурталчилгаан дээр тусгасан байгаа. Надад нийт 11 гүйлгээ алдаатай орж ирсэн байсан. Үүнээс 9 гүйлгээг хуулийн дагуу буцаасан. 2 гүйлгээг буцаахгүй үлдээсэн байна. П.*******, М.******* нар нь миний сайн танил, садан төрлийн хүмүүс бөгөөд хандив хийхдээ нэр, утсаа тавьж өөрсдийн банкны харилцах хадгаламжийн данснаас тус бүр 100 мянга төгрөг буюу нийт 200 мянган төгрөгийн хандивыг шилжүүлсэн бөгөөд хуульд заасан мэдээллийн зохих шаардлагыг хангаж шилжүүлсэн. Татварын улсын байцаагч Г.******* Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 21-д заасныг үндэслэн 10,0 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна...” гэж тайлбарладаг.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Татварын Ерөнхий газрын 06/2625 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Улсын Их Хурлын сонгуулийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 6-р тойрогт Иргэний зориг ногоон намаас нэр дэвшигч *******ийн ******* нь хуулиар зөвшөөрөөгүй хандивыг зарцуулсан” гэх гомдол, мэдээллийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн болно. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.*******д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн зөрчилд 2521000013 дугаартай зөрчлийн хэрэг нээж Д.*******гийн [email protected] хаягаар хүргүүлсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасны дагуу Д.******* нь “******* мидланд аудит” ХХК-аар Хараат бус аудитын тайланг гаргуулж Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байдаг. Дээрх аудитын дүгнэлтийн хуулбарыг Үндэсний аудитын газраас ирүүлсэн бөгөөд дээрх хараат бус аудитын дүгнэлтийн 1.5-д “Нэр дэвшигч нь Хаан банкинд ******* тоот данс шинээр нээлгэж орлого, зардлын гүйлгээг хийсэн бөгөөд нийт 6900.0 мянган төгрөгийн орлого төвлөрүүлж, 6,897.5 мянган төгрөгийн  зардлыг зарцуулсан байна. Сонгуулийн зардлын дансны үлдэгдэл 2.4 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна...” гэж бичсэн байдаг. Мөн хараат бус аудитын дүгнэлтээр Д.*******д 33 удаагийн гүйлгээгээр 6,900,000.00 төгрөгийн хандив орж ирсэн бөгөөд түүнээс 11 гүйлгээгээр орж ирсэн 1,780,000.00 төгрөгийн “хуулиар зөвшөөрөөгүй хандив”-аас Д.******* нь 1,580,000.00 төгрөгийг буцааж, М.*******ын эх үүсвэрээ бичээгүй 100,000.00 төгрөг, М.*******ын иргэний бүртгэлийн дугаар, эх үүсвэрээ бичээгүй 100,000.00 төгрөг нийт 200,000.00 төгрөгийг буцаагаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Иймд Д.******* нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ гэж заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу Дорнод аймгийн татварын газрын Захиргаа, хуулийн тасгийн Хууулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Г.******* би хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, Д.*******г 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0043001 дугаартай шийтгэлийн хуудсаар 10,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй...” гэж тайлбарлаж маргадаг.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1 Нэр дэвшигч Д.******* нь ...Хаан банкинд ******* тоот данс шинээр нээлгэж орлого, зардлын гүйлгээг хийсэн бөгөөд нийт 6.900.0 мянган төгрөгийн орлого төвлөрүүлж, 6,897.5 мянган төгрөгийн  зардлыг зарцуулсан, Сонгуулийн зардлын дансны үлдэгдэл 2.4 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Мөн Д.*******д 33 удаагийн гүйлгээгээр 6,900,000.00 төгрөгийн хандив орж ирсэн бөгөөд түүнээс 11 гүйлгээгээр орж ирсэн 1,780,000.00 төгрөгийн “хуулиар зөвшөөрөөгүй хандив”-аас Д.******* нь 1,580,000.00 төгрөгийг буцааж, М.*******ын эх үүсвэрээ бичээгүй 100,000.00 төгрөг, М.*******ын иргэний бүртгэлийн дугаар, эх үүсвэрээ бичээгүй 100,000.00 төгрөг нийт 200,000.00 төгрөгийг буцаагаагүй нөхцөл байдал тогтоогдсон.

4.2 Д.******* нь дээрхи зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч “...миний бие одоогоор эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй байгаа тул Зөрчлийн тухай хуулиар оногдуулсан торгуулийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна” гэж мэдүүлсэн.

5. Нэр дэвшигч Д.*******г 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0043001 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзээд 10.000.000 /сая/ төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй  бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, мөн Зөрчлийн хэргийн материал болон хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

6.   Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ” гэж заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилжээ.

7. Мөн Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалын хавсралтад зааснаар  “Монгол Улсын их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 11.1.1-т банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандивыг хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивт тооцно гэж заажээ.

8. Иймд шүүхээс дээр дурдсан хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн нэхэмжлэгч Д.Дагвсүрэнгийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.*******гийн, Дорнод аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Г.*******д холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Г.*******гийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0043001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-4-р хуудас

[2] Хавтаст хэргийн 11-р хуудас

[3] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[4] Хавтаст хэргийн 18-19-р хуудас