Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/23

 

  2023            12            28                                       2024/ДШМ/23

 

 

Г.Б, Б.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

            шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

            шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/644 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, Б.Ннарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тэдэнд холбогдох эрүүгийн 2305001850203 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Г.Б

 

2. Б.Н

 

Шүүгдэгч Г.Б нь ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “И март” худалдааны төвийн урд байрлах ТҮЦ-нд ажиллаж байхдаа хохирогч Д.Эын эзэмшлийн Хаан банкны виза картнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 569.700 төгрөгийг авсан,

мөн шүүгдэгч Б.Нтай бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар сургуулийн 212 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Ц.Цын эзэмшлийн “Делл” загварын зөөврийн компьютерыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Нтай бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кинотеатрын В1 давхрын тоглоомын төвөөс хохирогч Г.Мгийн “Ай фоне икс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 652.500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Нтай бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн спорт заалнаас хохирогч М.Эын эзэмшлийн “Ай фоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 975.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Нтай бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 146 дугаар сургуулийн багш нарын өрөөнд нэвтэрч хохирогч Б.Г, Б.Б нарын эзэмшлийн “Делл” загварын 2 ширхэг зөөврийн компьютерыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 3.997.200 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

 

шүүгдэгч Б.Нганцаараа 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жиахөө” нэртэй рестораны текен дээрээс хохирогч Г.Хгийн эзэмшлийн “Шиаоми-12 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.799.200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Г.Бтэй бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар сургуулийн 212 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Ц.Цын эзэмшлийн “Делл” загварын зөөврийн компьютерыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Бтэй бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кинотеатрын В1 давхрын тоглоомын төвөөс хохирогч Г.Мгийн “Ай фоне икс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 652.500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Бтэй бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн спорт заалнаас хохирогч М.Эын эзэмшлийн “Ай фоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 975.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Бтэй бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 146 дугаар сургуулийн багш нарын өрөөнд нэвтэрч хохирогч Б.Г, Б.Б нарын эзэмшлийн “Делл” загварын 2 ширхэг зөөврийн компьютерыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 6.226.700 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Б, Б.Ннарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б, Б.Ннарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Бийг 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Нг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 1 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Нд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Б.Ннарын энэ хэрэгт 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 48 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Б нь хохирогч нарын хохирлын нийт 1.957.200 төгрөгийг тус шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны дансанд байршуулсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг байршуулсан 1.957.200 төгрөгнөөс 569.700 төгрөгийг хохирогч Д.Эт, 300.000 төгрөгийг Б.Г, Б.Б нарт, 600.000 төгрөгийг хохирогч Ц.Цд, 487.500 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч М.Эа нарт тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ндавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, ухаарч байна. Гэвч цагдаагийн байгууллага уг хэргийг эцсийн байдлаар үнэн зөвөөр шалгаж тогтоогоогүйд гомдолтой байна. Учир нь, Г.Б бид хоёр өөрсдийн дураар хулгайн гэмт хэргийг үйлддэггүй байсан. Биднийг болон бид хоёртой хамт явдаг энэ гэмт хэрэгт холбогдсон нэр бүхий хүүхдүүдийг толгойлон удирдаж явдаг дарваан хочит Тэмүүлэн, түүний эхнэр Алтанзул хоёр биднийг удирдан явж, дарамтлан хэрэг гарах газрын байршилд хамт явж холоос харж биднээр хийлгэн, эд зүйлийг өөрсдөө авдаг байсан. Энэ нөхцөл байдлын талаар байцаагч болон хуулийн байгууллагад хандах гэхээр айлган сүрдүүлж, мөрдөн байцаалтын явцад энэ байдлаа хэлсэн боловч хэрэгт энэ талаар авагдсан эсэхийг мэдэхгүй байна. ... Эрүүгийн хуулинд тухайн гэмт хэрэгт холбоотой, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тогтоож хэргийн зохион байгуулагчийг олж тогтоон, давхар хүчирхийлэл явагдаж байгаа эсэхийг үнэн зөвөөр тогтоож, жинхэнэ хэрэгтнийг олж тогтоох шаардлагатай гэж үзэж байна. ... мөн яг ийм байдлаар үйлдэгдсэн хэд хэдэн гэмт хэрэг үлдсэн бөгөөд хэргээ үнэн зөвөөр, нэгтгүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний бие өндөр настай өвөө, эмээ, өрх толгойлсон эх, 3 дүү, 3 настай болон 1 настай хүүхдүүдийн хамт амьдардаг. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие уг гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэм буруу дээрээ маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Уг хэргийг шалгаж байх явцад Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр 2311015001396 дугаартай эрүүгийн хэрэг байгааг нэгтгэж шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан боловч энэ талаар огт шийдвэрлээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх энэ талаарх хүсэлтийг хүлээн аваагүйгээс болж дээрх шалгагдаж буй хоёр үйлдэлд дахин ял авч миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд миний эрх зүйн байдлыг дордуулалгүй, энэрэнгүй хандаж боломжтой хуулийг хэрэглэж хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. Би 21 насандаа өөрийн амьдралдаа хар толбо суулгаж, буруу хүмүүстэй нийлж гэмт хэрэгт холбогдсондоо маш их ичиж, харамсаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч П.Дэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч өөрт нь холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгуулах хүсэлттэй байгаа талаар хэлсэн. Өмгөөлөгчийн хувьд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр очиж Г.Бт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хуулбар үнэн даруулж авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шударга ёсны зарчмыг хуульчилсан ба энэ нь нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах талаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нэг зүйл ангитай хэргүүдийг нэгтгэж, нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

 

            Шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Б.Батсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн хувьд ар гэрийнхэнтэй нь очиж уулзахад Б.Нгийн хоёр хүүхдийг өндөр настай эмээ, өвөө нь хардаг, эх нь тусдаа гурван дүүтэй нь хамт амьдарч байсан. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ олдохгүй байхаар нь хорооны Засаг дарга руу ороод “ийм насны хоёр хүүхэдтэй амьдардаг өрх толгойлсон эх мөн” гэсэн тодорхойлолтыг гаргуулж авсан. Мөрдөгч энэ асуудлын талаар албан тоотоор гаргуулж авах боломжтой байсан ч тэгээгүй. Хэрэгт Б.Нтай холбоотой цагаатгах талын нотлох баримт огт байдаггүй. Шүүгдэгч нар удаа дараа “Гэлжгий гэх хүн гэмт хэргийн улмаас олсон гэдгийг нь мэдсээр байж гар утас, зөөврийн компьютер зэргийг худалдаж авсан” гэж мэдүүлсээр байхад уг хүнтэй холбогдуулан ямар нэг хяналт шалгалтын ажиллагаа хийгээгүй. Анхан шатны шүүхэд хэрэг очтол шүүгдэгч нарт өмгөөлөгч авахуулаагүй, хоёулаа төлбөрийн чадваргүй учраас хууль зүйн туслалцааны төв рүү хүсэлт явуулж өмгөөлөгч авах ёстойг бүх мөрдөгч нар мэдэж байгаа. Гэтэл хэрэгт холбогдсон 19, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой хүүхдүүд нас биед хүрсэн хүн шиг гэмт хэргийн талаар хэр ойлгох вэ. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн бол удирдан чиглүүлдэг гэх хүмүүс яригдах байсан. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нар өөр хүмүүстэй хамтарч үйлдсэн талаар анхан шатны шүүхэд мэдүүлсэн бөгөөд өмнө нь ийм мэдүүлэг өгч байгаагүй. Шүүгдэгч нарын үйлдэл нь хэрэгт авагдсан камерын бичлэгээр нотлогддог. Уг камерын бичлэгээр хоёр охин ороод хулгай хийж байгаа нь тодорхой харагддаг. Бусад хүмүүсийн хатгалгаар гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй. Өмгөөлөгч П.Дэлгэрээс 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг гаргаж өгч байна. Прокуророос шүүгдэгч нарын 2022 оны 5 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын үйлдлүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш буюу 2023 оны 5 дугаар сард үйлдэгдсэн үйлдэл байна. Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх үед эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжтой. Энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал болон хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Иймд анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Нхүүхэдтэй гэж байгаа боловч энэ талаар лавлагаа гарч ирээгүй. Анхан шатны шүүх хурал зарлахад шүүгдэгч хил гарч, оргосон тул хурал хойшилж, шүүгдэгч нарыг олж цагдан хорьсон. Үүний дараа Б.Нгийн тодорхойлолтыг аваад ир гэхэд өмгөөлөгч гаргаж өгөөгүй. Иймээс хэрэгт энэ талаарх баримт байхгүй. Өмгөөлөгч Б.Батсүрэнгийн гаргаж өгч буй баримт нь оршин суугаа газар, өрх толгойлсон эх болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Б нь ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо “И март” худалдааны төвийн урд байрлах ТҮЦ-нд ажиллаж байхдаа хохирогч Д.Эын эзэмшлийн Хаан банкны виза картнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 569.700 төгрөгийг авсан,

шүүгдэгч Б.Нганцаараа 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жиахөө” нэртэй рестораны текен дээрээс хохирогч Г.Хгийн эзэмшлийн “Шиаоми-12 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.799.200 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Н, Г.Б нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар сургуулийн 212 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Ц.Цын эзэмшлийн “Делл” загварын зөөврийн компьютерыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кинотеатрын В1 давхрын тоглоомын төвөөс хохирогч Г.Мгийн “Ай фоне икс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 652.500 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн спорт заалнаас хохирогч М.Эын эзэмшлийн “Ай фоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 975.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 146 дугаар сургуулийн багш нарын өрөөнд нэвтэрч хохирогч Б.Г, Б.Б нарын эзэмшлийн “Делл” загварын 2 ширхэг зөөврийн компьютерыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулж, үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Г.Б нь бусдад нийт 3.997.200 төгрөгийн, шүүгдэгч Б.Ннь бусдад нийт 6.226.700 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Ггийн “... 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр билүү 13-ны өдрийн аль нэг өдөр нь би өөрийн зөөврийн компьютероо Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 146 дугаар сургуулийн 2 давхарын багш нарын өрөөнөөс алдсан. Урьд орой нь ажлаа хийж дуусгаад өөрийн зөөврийн компьютероо цүнхэндээ хийгээд багш нарын өрөөнд үлдээгээд явсан. Тэгээд маргааш нь ажил дээр ирэхэд миний зөөврийн компьютерын хулгана нь газарт унасан байхаар нь “багш нарын нэг нь хэрэглэж дээ” гэж бодоод хулганаа цүнхэндээ хийгээд гарсан. Тэгээд хичээлээ заагаад сууж байтал манай газарзүйн хичээлийн багш Б багш нарын дундын групп дээр “миний зөөврийн компьютерыг авсан хүн байна уу” гэсэн байсан. Тэгээд хүмүүс хариу өгөхгүй байхаар нь хичээлээ дуусгаад өрөөнд ороход Б багш “зөөврийн компьютер алга, авсан хүн бас байдаггүй” гэхээр нь бид хоёр камер шүүхэд урд орой нь үл таних 2 эмэгтэй 18 цаг өнгөрч байхад сургууль руу ороод хаалгануудыг татаж үзэж байгаад багш нарын өрөө рүү ороод 5-6 минут болоод гарч ирсэн. Гарч ирэхдээ гадуур хувцсандаа ямар нэгэн зүйл хийсэн байдалтай гаднаас өргөж яваад байсан. ...” /1хх 11-12/,

 

хохирогч Б.Бийн “... 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би ажлаа тараад гэр рүүгээ явсан. Маргааш өглөө нь ажил дээрээ өглөө 8 цагийн үед ирсэн. Намайг өглөө ажил дээр ирэх үед багш нарын өрөөнд байсан миний “ISIO I5” нэртэй зөөврийн компьютер алга болсон байсан. Мөн манай монгол хэлний багш Ггийн зөөврийн компьютер алга болсон байсан. Бид хоёр зөөврийн компьютероо 2 давхарын багш нарын өрөөнд үлдээсэн байсан юм. Тэгээд камер шүүж үзэхэд орой ажил тарсны дараа 18 цаг 30 минутын орчимд үл таних хоёр эмэгтэй сургууль руу орж ирээд багш нарын өрөөнд ороод 2 зөөврийн компьютерыг нэг нэгээр нь аваад гарсан байсан. ...” /1хх 16-17/,

 

хохирогч Д.Эын “... би 2022 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө ... тухайн газраас гараад “И март” дэлгүүрийн урд байрлах түргэн үйлчилгээний цэг рүү очиж ороод нэг хайрцаг тамхи худалдаж аваад гарсан. Тэндээсээ гараад өөр газар руу явж байх үед миний дансны мэдээлэл утсанд ирсэн. Би Хаан банкны картаа тухайн түргэн үйлчилгээний цэгт үлдээсэн гэж бодож байна. Би нууц кодоо өөрөө биш тухайн худалдагч эмэгтэйд хэлсэн. ...” /1хх 96-97/,

 

хохирогч Г.Мгийн “... 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэнгис” кинотеатрт кино үзэхээр найз Ган-Эрдэнийн хамт орсон. Тухайн үед үзэх гэж байсан киноны маань цаг болоогүй байсан учир тухайн кинотеатрын В1 давхарт байрлах тоглоомын төв рүү орж машинтай тоглоомон дээр тоглож байгаад өөрийн гар утсыг ашиглах гээд халаасандаа хийсэн гар утсаа хайхад байхгүй байсан. Тэгээд унагаачихсан юм болов уу гэж бодоод камерыг шүүлгэхэд 20 орчим насны эмэгтэй хүн гар утсыг маань халааснаас авч байгаа дүрс бичлэг байсан. ...” /1хх 159-160/,

 

хохирогч Г.Хгийн “... би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жиөхө” нэртэй хятад хоолны газрыг хариуцан ажиллуулдаг бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажлын байран дээрээ ажлаа хийж байгаад 14 цагийн үед өөрийн гар утсаа текен дээрээс авах гэтэл байхгүй болчихсон байсан. Тэгээд хоолны газрын дотор талын хяналтын камерыг шалгаж үзэхэд манай хоолны газарт 14 цаг 59 минутад гаднаас үл таних 20 орчим насны, бор өнгийн тамирын цамц, өмд өмссөн, үсээ задгай тавьчихсан охин орж ирээд текен дээр байсан миний гар утсыг хулгай хийж аваад гарч байгаа дүрс бичлэг байсан. ...” /1хх 241-242/,

 

хохирогч Ц.Цын “... 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 17 цаг 25 минутад 8к ангид хичээл орохоор болоод өөрийнхөө өрөөнд өөрийн “Делл” загварын 17 инчийн зөөврийн компьютерыг үлдээгээд хичээлдээ орсон юм. Тэгээд хичээлээ завсарлуулчихаад 18 цаг 45 минутын үед өөрийн өрөө болох багш нарын 212 тоот өрөөндөө орж иртэл миний ширээн дээр үлдээсэн “Делл” загварын 17 инчийн зөөврийн компьютер алга болсон байхаар нь нийгмийн ажилтан дээрээ очоод хяналтын камер шүүхэд хоёр охин хүүхэд манай өрөөнд орж ирэн миний “Делл” загварын 17 инчийн зөөврийн компьютерыг аваад гарч байгаа бичлэг байсан. ...” /2хх 58-59/,

 

насанд хүрээгүй хохирогч М.Эын “...2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн спорт заалны хувцас солих өрөөнөөс “Ай фоне 11” загварын гар утсаа хулгайд алдсан. Хувцас солих өрөөнд 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 18 цагийн үед 20-25 насны орчим шар, хар куртиктэй 2 эмэгтэй орсон байсан нь сургуулийн хяналтын камерт бичигдсэн байна. ...” /2хх 149-150/,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-7/,

хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн БГ2-22-2011, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЧД1-22-1243, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЧД1-22-1045, 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн СБ2-23-222, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ц-1826 тайлан,

 

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 160-162/,

 

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар сургуулийн 1 давхрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 74-80/,

 

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жиөхө” хятад хоолны газрын дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 17-22/,

 

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дархан плаза” төвд байрлах “АТМ”-ын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 127-130/,

 

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэнгис” кинотеатрын дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 203-207/,

 

хохирогч Д.Эын эзэмшлийн Хаан банкны 5022611974 дугаарын дансны хуулга /1хх 121/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Б, Б.Ннарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Түүнчлэн, шүүгдэгч Г.Бийн ганцаараа хохирогч Д.Эын Хаан банкны картыг авч 569.700 төгрөгийн, шүүгдэгч Б.Нгийн ганцаараа Г.Хгийн гар утсыг авч 2.799.200 төгрөгийн, шүүгдэгч Г.Б, Б.Ннарын бүлэглэн 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 3.427.500 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас нэр бүхий 7 иргэнд нийт 6.796.400 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Харин анхан шатны шүүх хохирлын талаар дүгнэлт хийхдээ хохирогч Г.Мгийн хулгайд алдсан Ай фоне икс загварын гар утсыг түүнд хүлээлгэн өгсөн талаар баримт хэрэгт авагдсан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй, түүнд учруулсан хохирлын дүн болох 652.500 төгрөгийг шүүгдэгч нарын учруулсан нийт хохирлын дүнд оруулан тооцоогүй, орхигдуулж дүгнэсэн нь буруу байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн, дээрх байдлаар давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэснээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл болон тэдгээрээс гаргах хохирлын дүнд өөрчлөлт орохгүй болохыг дурдаж байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Бт 1 жил, шүүгдэгч Б.Нд 2 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Шүүгдэгч Г.Б, Б.Ннарын гаргасан “... хэрэг нэгтгүүлэх ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж зааснаар тус шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтаас бусад баримтыг хүлээн авч хэлэлцэх боломжгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байсан гэх боловч холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч нарын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хэрэв шүүгдэгч нарын үйлдсэн өөр гэмт хэрэг шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” зохицуулалтыг хэрэглэх нь шүүдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Б.Ннь “... гэр бүлийн байдлын хувьд 3 болон 1 настай хоёр хүүхэдтэй...” гэх гомдлын хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан боловч мөрдөгч, прокурор нь хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн эрх ашиг хэрхсэн нь тодорхойгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” гэж тус тус зааснаар Нгийн А, Нгийн А нарын асрамжийн асуудлыг зохих байгууллага албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэхийг прокурорт даалгахаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Б, Б.Ннарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 79 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/644 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар Нгийн А, Нгийн А нарын асрамжийн асуудлыг дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэхийг прокурор Г.Ган-Эрдэнэд даалгасугай” гэж нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, Б.Ннарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Б.Ннарын 2023 оны 10 дугаар сарын 10-наас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тус бүр 79 /далан ес/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ