Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00357

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00357

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн **** дугаар хороо, ******* **** дүгээр гудамжны ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Сүү цөцгийн тосны заводод лаборант, туслах мастераар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймаг Цэнхэрмандал сумын Сүү цөцгийн тосны заводад лаборантаар ажилд орж байсан. Ажиллаж байх хугацаандаа 1990 оны 4 дүгээр сараас туслах мастераар давхар ажил гүйцэтгэж байгаад зах зээлийн нийгэмд шилжин нэгдэл тарж 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажилгүй болсон. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Архиваас шүүлгэж үзэхэд шүүлгэж үзэхэд холбогдох баримт гарч ирсэнгүй. Надад өгөх өөр ямарч баримт байхгүй. Иймд намайг 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын сүү цөцгийн тосны заводад лаборант, туслах мастераар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Тухайн үед ажиллаж байсан талаарх тушаал байхгүй, сумын архив шатсан учраас архиваас гараагүй үндэслэлээр шүүхэд хандсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, туслах мастераар томилсон бичилт хийгдсэн боловч ажлаас гарсан талаарх бичилт байхгүй. Би 1986 онд Сэлэнгийн ХАА-н техникумд ороод 1989 онд лаборант мэргэжилийг эзэмшиж төгссөн, төгсөж ирээд нэгдлийн заводад ажилласан. Сүү тасгийн лаборант нь сүүгээ хүлээн авч цөцгийн тос боловсруулах, масло цохих ажил хийдэг байсан, манайх 3 тасагтай байсан бөгөөд тасгийн айлуудаас сүүгээ хүлээж аваад цөцгийн тосны цехэд хүлээж авсан сүүгээ машиндаж боловсруулаад, гаргаж авсан цөцгийнөөсөө масло цохиж авдаг байсан. Би сүүгээ хүлээж аваад сүүндээ шинжилгээ хийдэг байсан, яг цөцгийн тос боловсруулж, масло цохидог хүн нь тусдаа байсан. Нэгдэл 1991 онд тарсан, би 1990 оны 12 дугаар сард ажиллаад гарсан. Тэгээд хүүхдээ төрүүлээд, гэртээ хүүхдээ асарсан гэв.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 1986 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нээсэн 310632 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 08/122 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2025 соны 3 дугаар сарын 19-ний өдрийн 293 дугаартай тодорхойлолт зэргийг ирүүлсэн болно.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.Найдандорж, С.Энхбямба нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

3.Хүсэлт гаргагч Д.******* нь 1970 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 55 настай бөгөөд тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэрт:

- Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Сүү цөцгийн тосны заводод лаборант, туслах мастераар ажилд орсон болон 2 ажил хавсран ажиллуулах талаар бичигдсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичигдээгүй, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал эх хувиар олдоогүй үндэслэлээр ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

4.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.

5.Хүсэлт гаргагч Д.******* ажиллаж байсныг нотлох баримтууд болох ажилд орсон, ажлаас гарсан тушаал эх хувиар байхгүй, олдохгүй байгаа болох нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 08/122 тоот тодорхойлолт, Үндэсний төв архивын 2025.03.19-ний өдрийн 293 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

6.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

7.Хүсэлт гаргагч Д.******* нь 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Сүү цөцгийн тосны заводод лаборант, туслах мастераар тус тус ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар,

-1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 310632 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн нэгдлийн даргын 46 тоот тушаалаар 1989 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс Давшилт нэгдлийн сүү тосны заводод лаборантоор томилж ажиллуулав, Нэгдлийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 19 тоот тушаалаар 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тус нэгдэлд туслах мастер, лаборантаар хавсруулан томилон ажиллуулав, гэсэн байв /хх-ийн 5-р хуудас/

-Гэрч Л.Найдандоржийн шүүхэд өгсөн: Би 1987-1990 он хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байсан, тэгээд 1990 оноос хойш нэгдэл тараад мал маллаж байгаад 1995-1996 онд Согоот багийн Засаг даргаар ажиллаж байсан, дараа нь сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралд мөн ажилласан. Гэхдээ хажуугаар нь малаа маллаж байсан. 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. ******* ХАА-н Техникумыг 1989 онд төгсөж ирээд 1990 он хүртэл манай нэгдлийн харьяа Төв заводод чанар шалгагч, сүү хүлээн авагч буюу лаборантаар ажиллаж байсан. Тэгээд 1990 онд нэгдэл тарахад ажлаас бүгд гарсан. Өмнө нь Бадарчин гэж чанар шалгагч байсан, дараа ******* чанар шалгагч болоод ганцаараа 1990 онд нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Манай нэгдлийн дарга Ишцэрэн гэж хүн байсан. ******* тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг,

Гэрч С.Энхбямбын шүүхэд өгсөн: Би 1982-1991 оныг хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэлд нягтлан бодогчоор, 1991-2015 оныг хүртэл Цэнхэрмандал сумын татварын байцаагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. ******* нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэлд яг хэзээ ажилд орсныг би санахгүй байгаа боловч 1989-1990 онуудад сүү тосны заводад мастер, лаборантаар ажиллаж байсныг мэднэ. Сүү тосны завод суман дээр төвлөрдөг байсан, тасгууд хөдөө 3 багт байдаг байсан. Тасгуудаас авсан сүүгээ сүү тосны заводад нэгтгээд цагаан идээний бүтээгдэхүүн хийдэг байсан. Мастер, лаборант гэдэг нь сүүний илчлэг, тослогийг шалгаад цааш нь үйлдвэрт яг ямар бүтээгдэхүүн хийх талаар ангилж өгдөг, эцсийн гаргасан бүтээгдэхүүнийг шалгадаг албан тушаал юм. *******ээс гадна 2-3 эмэгтэй ажилладаг байсан, гэхдээ тэд нар бүгд чиглэл чиглэлээрээ өөр байсан байхаа. Манай нэгдлийн даргыг Цэндсүрэнгийн Ишцэрэн, сүү тосны заводын эрхлэгчийг Хүрэлтогоо гэдэг хүн байсан. Би 1991 оны намар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын татварын байцаагчаар ажилд орж байсан. Тэгэхээр Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэл 1991 оны хавар л татан буугдсан санагдаж байна. Миний гэрчилж байгаа 1989-1990 онуудад ******* тасралтгүй ажилласан. Би *******ийг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдлийн Сүү тосны заводод лаборант, мастераар 1989-1990 онуудад ажиллаж байсныг гэрчилж байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.

8.Иймд хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд ажиллаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг ханган шийдвэрлэв.

9.Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, гэрч нарын мэдүүлэг үйл баримттай тохирч байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ийг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Сүү цөцгийн тосны заводод 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл лаборантаар, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл лаборант, туслах мастераар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА