Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/01

 

 

 

 

 

 

  2023             12            21                                       2024/ДШМ/01

 

 

                                                              Ү.М, Г.И нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.У,

шүүгдэгч Ү.М-ийн өмгөөлөгч Д.Б,

шүүгдэгч Г.И, түүний өмгөөлөгч Ж.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/1239 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.И-ын өмгөөлөгч Ж.Б, шүүгдэгч Ү.М-ийн өмгөөлөгч Ш.Т, Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ү.М, Г.И нарт холбогдох .......................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ү.М нь нийтийн албан тушаалтан буюу ............ их эмчээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдон ажиллаж байх хугацаандаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг /Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх/, мөн хуулийн 37.1.2 дахь хэсэг /өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх/, “Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2016 оны А/302 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.2.1 /Цэргийн албан хаагч нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улс түүний Зэвсэгт хүчний нэр төр, алдар хүндийг өндөрт өргөж, эрх ашгийг дээдэлнэ./, 4.2.5 /Албан тушаал, хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглах, албан үүргээ гүйцэтгэсэн, гүйцэтгээгүйнхээ төлөө хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл, шан харамж, хээл хахууль, бэлэг сэлт бусдаас авах, шахаж шаардах, ятгах, зуучлах, хуульд харш болзол тавих, албаны нэрээр түрий барих/, 4.2.6 /Төр цэргийн болон байгууллага хувь хүний нууцыг чанд хадгалж, албан ёсны шийдвэр гаргаагүй байхад олсон мэдээллээ нийтэд урьдчилан мэдээлэх, хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно/ гэж заасныг тус тус зөрчиж,

2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ........... эмнэлгийн ................ төвийн ...............мэс заслын тасгийн мэс заслын сувилахуйн сувилагч Г.М-т “цэргийн ахлагч бүрэлдэхүүнд оруулж, цэргийн цол олгуулна” гэх саналыг тавьж, өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 5.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

мөн .................. эмнэлгийн гэмтлийн клиникт ээлжийн сувилагчаар ажилладаг Г.И-ыг “цэргийн ахлагч бүрэлдэхүүнд оруулж, цэргийн цол олгуулна” гэх саналыг тавьж өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль өгөхийг шаардаж улмаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ............. дүүргийн ............ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ..................дүүргийн ................. орчимд 300.000 төгрөгийг бэлнээр хахуульд авсан,

шүүгдэгч Г.И нь ............... эмнэлгийн ............. сувилахуйн сувилагчаар ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг /Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх/, мөн хуулийн 37.1.2 дахь хэсэг /өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байхыг тус тус зөрчиж Цэргийн төв эмнэлгийн гэмтлийн клиникт тасгийн даргаар ажиллаж байсан Ү.М-ийн “цэргийн цол олгуулна” гэх хууль бус саналыг хүлээн авч улмаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ............. дүүргийн .......... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........................ орчимд 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ү.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Ү.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ү.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “албан тушаалын байдлаа ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчөөс эд хөрөнгө шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.И-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ү.М-д 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Ү.М, Г.И нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ү.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.М-ийн Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн ...................тоот дансанд байршуулсан 300.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.М, Г.И нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ү.М-ийн өмгөөлөгч Ш.Т давж заалдах гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж үзэхийг хүсэж, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Ү.М-ийн өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.И-ын өмгөөлөгч Ж.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/1239 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.И-т оногдуулсан торгох ялыг багасгаж тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Та бүхнээс хүлцэл өчье. ...” гэв.

Прокурор Б.У тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-ын өмгөөлөгч Ж.Б, шүүгдэгч Ү.М-ийн өмгөөлөгч Ш.Т, Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Нийслэлийн прокурорын газраас Ү.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ү.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хавтас хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн үзэхэд,

........... эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 259 дугаар албан тоот /1хх 11/, .............. эмнэлгийн орлогч дарга нарын хурлын тэмдэглэл /1хх 12-19/, Г.И-ын гаргасан өргөдөл /1хх 20/, Г.М-ийн гаргасан өргөдөл /1хх 21-22/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 24/,

гэрч Г.М, Г.И, Т.С, Д.Ө, Ш.Б, Б.Э, Э.Д, Б.Ж /1хх 26-29, 31-34, 39-40, 41-42, 45-46, 48, 50-51, 52/ нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 56-65/,

.............. дарга Д.Г-ийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/60 дугаар тушаал /1хх 145/, .............. дарга Д.Г-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/72 дугаар тушаал /2хх 176-177/, дарга Д.Г-ийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/195 дугаар тушаал /2хх 226/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ү.М нь сувилагч Г.М-т “цэргийн ахлагч бүрэлдэхүүнд оруулж, цэргийн цол олгуулна” гэх саналыг тавьж, өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 5.000.000 төгрөг өгөхийг шаардсан, мөн сувилагч Г.И-т “цэргийн ахлагч бүрэлдэхүүнд оруулж, цэргийн цол олгуулна” гэх саналыг тавьж, 5.000.000 төгрөг өгөхийг шаардаж, түүнээс 300.000 төгрөгийн хахуульд авсан, шүүгдэгч Г.И нь 300.000 төгрөгийн хахууль өгсөн хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг онцлогтой.

Гэтэл анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ү.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүйгээс гадна тухайн зүйл хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийтгэсэн байх бөгөөд торгох ялыг сонгох болсон үндэслэл, дүгнэлтээ бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж заасан шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдах шаардлага хангагдаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоход сөргөөр нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрт зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Магадлалд дурдсан дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/1239 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ү.М, Г.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/1239 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ү.М, Г.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                                Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ