| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00223/И |
| Дугаар | 318/ШШ2025/00224 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 318/ШШ2025/00224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, сум, баг, гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар , Ш ургийн овогт Д.Игийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Би Увс аймгийн Т сумын Т ХК-д 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд хоньчноор ажилласан. Тухайн үед хашаа барьж байхдаа нэг нүдээ гэмтээж хөдөлмөрийн чадвараа алдаж группт орсон. Таван тэс ХК-д ажиллаж байсан хугацааны бичиг баримт олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний Увс аймгийн Т сумын Т ХК-д 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 117 дугаар лавлагаа, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 110 дугаар тодорхойлолт, 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Т ХК-ийн боловсон хүчний эрхлэгчийн 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 580 дугаар шийдвэр, гэрч Н.Б, М.С нарын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Н.Б, М.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Д.Игийн ХААТР-1 маягт, хаягийн хуудас зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Игийн 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Тэс сумын Таван тэс ХК-д малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Игийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 110 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн сумын Тэжээлийн аж ахуйн 1992-1994 оны тушаал, 1991, 1993-1994 оны цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй тул Д.Итой холбоотой баримтыг шүүн үзэх боломжгүй ба архивд байгаа 1991 оны тушаал, 1992 оны цалингийн баримтаас 1992 оны 02-07, 09-10, 12 сарын цалин гарсан болно гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Д.Игийн 1992 оны 02 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн мал аж ахуйн салбарт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна.
3.3. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 117 дугаар лавлагаанд: Д.Игийн ажиллаж байсан Т сумын Тэжээлийн аж ахуй нь 1991-1994 онд Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэжээ. Тухайн тодорхойлолтоор нэхэмжлэгч Д.Иг бус Тэс сумын Тэжээлийн аж ахуйн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг тодорхойлсон байна.
3.4. Таван тэс ХК-аас 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Д.Ид олгосон хөдөлмөрийн дэвтэрт: 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Таван тэс компанид хоньчноор авч ажиллуулав, 1994 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Компани зохион байгуулалттын өөрчлөлтөд орсон тул хоньчны үүрэгт ажлаас чөлөөлөв” гэсэн бичилтүүд хийгдсэн байна. Хөдөлмөрийн дэвтрийн ажлаас чөлөөлсөн сар засвартай, 1991 онд Увс аймгийн сумын Тэжээлийн аж ахуй бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, компани үүсгэн байгуулагдаагүй байхад нэхэмжлэгчийг компанид хоньчноор томилсон зөрүүтэй бичилт хийгдсэн байгаагаас гадна нэхэмжлэгч нь тус хөдөлмөрийн дэвтрийг 1994 онд нөхөн бичүүлж авсан гэж тайлбарласан тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
3.5. Т ХК-ийн боловсон хүчний эрхлэгчийн 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолтод: Д.И нь сум дахь Тэжээлийн аж ахуйд 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 41 тоот тушаалаар ажилд орон ажиллаж байсан нь үнэн болно гэжээ. Тус тодорхойлолтыг Т ХК-ийн боловсон хүчний эрхлэгч тодорхойлсон атал Тэс сум дахь Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан талаар тэмдэглэсэн, мөн тодорхойлолтыг байгууллагын албан бланк дээр үйлдээгүй, хэн гэх эрх бүхий этгээд тодорхойлолтыг бичсэн нь тодорхой бус байх тул тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
3.6. Д.Игийн ХААТР-1 маягтад “Овог, нэр – Д.И, ажилладаг байгууллага – сумын Лениний зам нэгдэл” гэж, хаягийн хуудаст “Овог, нэр – Д.И, ажилладаг байгууллага – Тэс сумын 4 дүгээр бригад хоньчин, хуудсыг бүртгэсэн он, сар, өдөр – 1988.12.10” гэж тус тус бүртгэгджээ. Тухайн баримтуудад нэхэмжлэгчийн 1988 онд Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул 1991-1994 онд Увс аймгийн Тэс сумын Таван тэс ХК-д хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамааралгүй гэж үзлээ.
3.7. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Б, М.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Н.Б “Миний бие 1988-1994 онд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ачигчаар ажиллаж байсан ба тус аж ахуй нь 1990 оноос эхлэн компани болсон. Миний бие 1994 оныг дуустал тус байгууллагад өвс ачигчаар ажилласан. Д.И нь сумын Тэжээлийн аж ахуйд 1991 оноос 1994 оны 8 дугаар сарыг дуустал хоньчноор ажиллаж байсан нь үнэн. Д.И нь хоньчнооор ажиллаж байхдаа малын хашаа барьж байгаад санамсаргүйгээр нүдээ гэмтээсний улмаас нэг нүд нь хараагүй болж хоньчны ажлаасаа гарсан” гэж, гэрч М.Сумъяа “Миний бие 1985-1994 онд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд засварчнаар ажиллаж байсан. Д.И 1991 оны 6 дугаар сараас Таван тэс компанид хоньчноор ажиллаж эхлэсэн бөгөөд 1994 оны 8 дугар сард малын хашаа барьж байгаад нүдээ гэмтээсний улмаас нэг нүд нь хараагүй болж мал маллахаа больсон” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
4. Д.И өмнө нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 580 дугаар шийдвэрээр 1983 оны 4 дүгээс сараас 1989 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгосон байна.
Нэхэмжлэгч Д.И 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Т ХК-д хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн боловч дээрх онд Увс аймгийн Т ХК үүсгэн байгуулагдаагүй, Тэжээлийн аж ахуй нэрээр үйл ажиллагаа явуулж байсан болох нь Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 117 дугаар лавлагаа, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүврээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийг 1991 онд ажилд томилсон тушаал, 1994 онд ажлаас чөлөөлсөн тушаал, мөн 1991, 1993-1994 оны цалингийн баримт хэрэгт авагдаагүй тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч Д.И нь 1992 оны 02 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүврээр тогтоогдож байна.
6. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ш ургийн овогт Д.Игийн 1992 оны 02 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал аймгийн Тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарыг дуустал, 1993 оны 01 дүгээр сараас 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Игийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш ургийн овогт Д.Игийн 1992 оны 02 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарыг дуустал, 1993 оны 01 дүгээр сараас 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Игийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ