| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0354/Э |
| Дугаар | 269 |
| Огноо | 2018-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч: П.Бямбасүрэн,
Нарийн бичгийн дарга: Б.Билгүүн,
Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батсайханы Жөд холбогдох эрүүгийн 201725021363 дугаартай хэргийг2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй (хувиараа хөдөлмөр эрхэлдэг), ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34 дүгээр гудамжны 27 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар УХ89102613, Бэсүд овогт Батсайханы Ж.
Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/: Яллагдагч Б.Ж нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "\Л/Е" нэртэй бааранд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өглөөний 6 цагийн үед хохирогч Л.Мөнхбатыг "мөргөлөө" гэснээс хоорондоо маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн доод 1,2,3 дугаар шүдний булгарал, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Мөнхбат /хх-ийн 10-12/, гэрч Б.Сүхтогоо /хх-ийн 15-16/, Д.Түвдэндорж /хх-ийн 17-18/, Н.Батцэнгэл /хх-ийн 19-20/ нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №6918 дугаартай дүгнэлт/хх-ийн 22/, Б.Жийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27, 29, 30/, Б.Жийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, Б.Жийн гэр бүлийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-43/, хохирогч Л.Мөнхбатын "гомдол саналгүй" гэсэн хүсэлт /хх-ийн 49/, Б.Жийн хүсэлт /хх-ийн 51/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ж нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өглөөний 6 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах "ВИ" (\Л/Е) нэртэй бааранд Л.Мөнхбаттай маргалдан, түүний нүүрэнд санаатайгаар цохисны улмаас эрүүл мэндэд нь "зүүн доод 1, 2, 3 дугаар шүдний булгарал, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 10-12/: "...2017 оны 05 сарын 24-ний өглөө 06.00 цагт "Дөлгөөн нуурын" зүүн талын бааранд би ганцаараа бүжиглэж байхад 32 тойрог дээр харж байсан залуу намайгтүлхэхээр нь би зөрүүлээд түлхээд, бид хоёр хоорондоо бие биенээ түлхлээ гээд муудалцаж байхад тэр залуу миний зүүн талын шанаа руу цохисон. Бүжгийн талбай дээр байхад би тэр залууд бүжиглэж байгаад хүрчихсэн юм. Тэрнээс болж маргаан үүссэн. Миний биед учирсан бүхий л гэмтлүүдийг 32 тойрог дээр элс, хайрга зардаг залуу учруулсан...Намайг Б.Жөөс өөр хүн цохиж зодоогүй, цохиж зодохдоо зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэхийг анзаараагүй. Санамсаргүй байхад цохисон юм... Би доод шүдний хугарсан хөндлөн ясыг нь авахуулсан...Эмчилгээний зардал 1.550.000 төгрөг болно. Б.Ж надад учирсан хохирлыг төлсөн, надад одоо гомдол санал байхгүй..." гэх мэдүүлгээр,
Гэрч Б.Сүхтогоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 15-16/: "...Бааранд ороод хүний 1 шил пиво авч уусан. Б.Ж өмнө нь 32-н тойрогт грушик хийдэг байсан зүс таних залуутай бүжгийн талбай дээр хоорондоо зодолдохоор нь би хамгаалагчтай цуг очиж салгаад, хамгаалагч нар нь бид нарыг баарнаас гаргасан. Б.Жийг зодолдож байхад Эрхбаяр ирсэн. Баарнаас гараад Б.Ж нөгөө зодолдож байсан залуутайгаа уулзаад утасны дугаараа өгөөд, Б.Ж, Эрхбаяр бид 3 түрүүлээд таксинд суугаад явсан. Б.Ж Л.Мөнхбатын нүүр лүү гараараа цохисон юм шиг байна лээ. Л.Мөнхбат Б.Жтэй маргалдсан болохоор Б.Ж гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Б.Ж Л.Мөнхбатыг цохихдоо зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй..." гэх мэдүүлгээр,
Гэрч Д.Түвдэндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 17-18/: "... Л.Мөнхбат ах, Мөнхжин, Батцэнгэл бид 4 "Дөлгөөн нуурын" зүүн талд байдаг "Ви" бааранд 04.00 цагийн үед орсон. Бааранд ороод хүний 1 шил пиво уугаад сууж байхад Л.Мөнхбат ах ганцаараа "бүжиглэнэ" гээд гарсан. Тэгээд талбайн голд зодоон болж байна гэхээр нь очиход Л.Мөнхбат ах цохиулчихсан газар сууж байхаар нь Мөнхжин, Батцэнгэл бид 3 зодооныг салгаж гаргасан. Гадагшаа гараад юу болсон талаар асуухад Мөнхбат ах "намайг цохичихлоо" гэж байсан. Нөгөө маргалдсан залуу нь "хоорондоо маргалдсан" гэж ярьсан. Тэгээд Л.Мөнхбат ахыг цохисон залуу нь "хэрвээ гомдолтой бол яриарай" гэж хэлээд өөрийнхөө утасны дугаарыг өгөөд явсан. Бид 4 гэмтлийн эмнэлэг ороод шүдийг нь үзүүлэхэд 2, 3 шүд хөдөлсөн байна" гэж байсан..." гэх мэдүүлгээр,
Гэрч Н.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 19-20/: "...Мөнхжин, Түвдэндорж, Мөнхбат ах бид 4 "Дөлгөөн нуурын" зүүн талын "Ви" бааранд 05.00 цаг болж байхад орсон. Бааранд ороод Түвдэндорж, Мөнхбат ах нар архи уусан. Бид нар юм яриад сууж байхад Л.Мөнхбат ах "бүжиглэнэ" гээд бүжгийн талбай руу явсан. Удалгүй хүмүүс бужигнаад явчихаар нь очсон чинь Л.Мөнхбат ах "цагаан өнгийн футволктай залуу шүд рүү цохичихлоо" гээд шүдээ бариад газар сууж байсан. Би баарнаас гараад Л.Мөнхбат ахыг цохисон залуутай нь уулзахад "хоорондоо бүжгийн талбай дээр мөрлөлцсөнөөс болж маргалдсан, гомдолтой гэвэл над руу залгаарай" гээд өөрийнхөө утасны дугаарыг өгсөн. Өөр хүмүүстэй маргалдаагүй, тэр хоёрын хооронд болсон асуудал юм. Тэр залуу гараараа цохисон гэж хэлсэн..." гэх мэдүүлгээр,
Б. Жийн сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 26-27, 30/: "... Эрхбаяр залгаад "хүрээд ирээч" гээд байхаар нь "Дөлгөөн нуурын" хажуугийн бааранд яваад очиход Эрхбаяр ганцаараа пиво уугаад сууж байхаар нь "явах уу" гэсэн чинь Эрхбаяр "машингүй явж байгаа, ирсэн юм чинь ганц пиво уугаад явъя" гээд байхаар нь ганц пиво уучихаад бүжиглэж байгаад бүжгийн талбай дээр өмнө нь таньдаг Мөнхбат согтуу ирж намайг 2-3 удаа мөргөхөөр нь би сүүлийн мөргөлт дээр нь "зүгээр бай л даа" гэсэн чинь Мөнхбат "чи муу аалз минь юу гээд байгаа юм" гэж хэлээд миний цээж рүү гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлээд нэг удаа зүүн шанаа руу нь гараараа 1 удаа цохичихоод хойшоо болоод явсан. Баарны хамгаалагч нар ирээд салгасан. Би Мөнхбатад утасны дугаараа өгөөд явсан. Мөнхбатад би хохирол учруулсан, би эрүүн тус газар нь гараараа цохисон, элдэв зүйл хэрэглээгүй..." гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн "Л.Мөнхбатын зүүн доод 1, 2, 3-р шүд булгарч унасан, буйл цус хурсан, уруулын дотор салстад 0,5x1 см хүрэн улаан өнгийн язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх шинжээчийн 6918 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар маргаан зодоон үүссэн нөхцөл байдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Б.Ж нь "бүжиглэж байхад мөрлөлөө, мөргөлөө" хэмээн Л.Мөнхбатыг буруутган зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Б.Жөд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Жөд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин дээрх байдлаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримталж буюу шүүгдэгч Б.Ж гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч Б.Жийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон (хорих ял оногдуулахаар заагаагүй хөнгөн) гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болсон болно.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ