| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00213/И |
| Дугаар | 318/ШШ2025/00226 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 318/ШШ2025/00226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Ө сум, Цалуу багт оршин суух, регистрийн дугаар, Иржигэн ургийн овогт Д.Нгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1962 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 63 настай. Би цэрэгт явахаас өмнө 1978 оны 8 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Увс аймгийн Ө сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Улмаар цэргийн алба хаагаад үргэлжлүүлэн 1983 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 05 дугаар ангийн тусгай хамгаалалтын ротод харуулаар /ахлах цол олгосон/ 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад Хилийн ба ДЦУЕГ-ын даргын 1984 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 734 дүгээр тушаалаар 12 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Би цэргээс халагдаж ирээд 1986 оны 1 дүгээр сараас Увс аймгийн Ө сумын Шинэ зам нэгдлийн Цагааннуур бригадад хоньчноор ажиллаж байгаад 1992 оны 12 дугаар сард хувьчлал гарч ажлаас чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна. Иймд 1978 оны 8 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Увс аймгийн Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 120 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08/3539 дүгээр лавлагаа, гэрч О, Ц нарын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс О, Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Дгийн ХААТР-1 маягт, хаягийн хуудас зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Дгийн 1978 оны 8 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Ө сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Дгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 120 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Д.Нгийн 1981 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал, 1986 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Ө сумын Шинэ зам нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна.
3.2. Дгийн ХААТР-1 маягтад “Овог, нэр – Д.Н, ажилладаг байгууллага – Цагааннуур бригад, ажилд орсон он – 1985, эрхэлдэг ажил – малчин, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр – 1988.06.21” гэж, хаягийн хуудаст “Овог, нэр – Д.Н, ажилладаг байгууллага – Увс аймгийн Ө сумын барилгад, хуудсыг бүртгэсэн он, сар, өдөр – 1980.10.27” гэж тус тус бүртгэгджээ.
3.3. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08/3539 дүгээр лавлагаанд: Д.Н нь Увс аймгаас НАХЯ-ны сайдын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 558 дугаар тушаалаар цэрэгг татагдаж, 0146 дугаар ангид алба хаагаад улиран НАХЯ-ны Гуравдугаар газрын даргын 1983 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 05 дугаар ангийн тусгай хамгаалалтын ротод харуулаар /ахлагч цол олгосон/ 11 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад Хилийн ба ДЦУЕГ-ын даргын 1984 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 734 дүгээр тушаалаар 12 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн гэжээ.
3.4. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр О, Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Г.Оюунчимэг “Би 1985-1988 онд Увс аймгийн Ө сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д бид хоёр нэг нутагт төрж өссөн ба айл хөрш амьдарч байсан учир нэгнийгээ сайн мэднэ. Д нь 8 дугаар анги төгсөөд Увс аймгийн Ө сумын Шинэ зам нэгдэлд аав, ээжийн хамт мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд 1986 оноос тус нэгдэлд тасралтгүй малчнаар ажиллаж байгаад 1990 онд нэгдэл тарж хувьчлагдахад ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Би Дтэй хамт тус нэгдэлд хоньчноор ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэж, гэрч М.Цэрэндэжид “Би 1972-1992 онд Увс аймгийн Ө сумын Шинэ зам нэгдлийн Цагааннуур бригадад малчнаар ажиллаж байсан. Д 1986-1990 онд тус бриагадад хоньчноор ажиллаж байсан ба голдуу бог мал маллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байна. Гэрч О “Д цэрэгт явахаас өмнө Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Харин гэрч Ц шүүхэд өгсөн мэдүүлэг нь Увс аймгийн Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 120 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, ХААТР-1 маягтаар тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шийдвэрийн үндэслэл болгож боломжтой гэж үзэв.
4. Нэхэмжлэгч Д 1992 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Ө сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн. Хэрэгт нэхэмжлэгчийг 1992 онд ажлаас чөлөөлсөн тушаал, мөн 1991 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн баримт авагдаагүй тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Д 1978 оны 8 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Увс аймгийн Ө сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх боловч түүний хаягийн хуудаст “ажилладаг байгууллага – Увс аймгийн Ө сумын барилгад, хуудсыг бүртгэсэн он, сар, өдөр – 1980.10.27” гэж бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгчийг дээрх хугацаанд барилгачнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч Д нь Увс аймгийн Ө сумын Шинэ зам нэгдэлд 1978 оны 8 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 120 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08/3539 дүгээр лавлагаа, ХААТР-1 маягт, хаягийн хуудас, гэрч Ц мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ургийн овогт Д.Нгийн Увс аймгийн Ө сумын Шинэ зам нэгдэлд 1978 оны 8 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 1991 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Иржигэн ургийн овогт Д.Нгийн Увс аймгийн Ө сумын Шинэ зам нэгдэлд 1978 оны 8 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 1991 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ