Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/04520

 

 

 

 

 

 

 

 

2025 04 16 197/ШШ2025/04520

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох,

11,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2.  Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Б.Чгээс гэрээний үүрэгт 11,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

2.1   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч Б.Ч нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11,500,000 төгрөгийн өртөгтэй, 38.33 грамм, 999 сорьцтой алтан гинжийг үнийг нь 2 сарын хугацаанд төлөхөөр тохиролцож, тэр дор нь барааг хүлээлгэж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл үнийг нь төлөхгүй байх тул алтан гинжний үнэ 11,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2.2   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Миний бие 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр дээрх алтан гинжийг зээлээр худалдан авсан. Ч.Т эгч охинтойгоо өдрөөр хүүтэй мөнгө зээлдэг юм. Би өмнө нь мөнгө, бараа зээлж аваад 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүх зээлээ хаасан. Нэхэмжлэлдээ 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зээлсэн гэж дурдсан байсан. Би алтан гинжийг зах зээлийн үнээс өндөр үнээр 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлээр авсан. Үүнээс хойш дансруу нь 5,930,000 төгрөг, бэлэн 300,000 төгрөг, 380,000 төгрөгийн бараа материалаар өгч хэсэгчлэн 6,610,000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 6,610,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

2.3   Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний нийт үнийн дүн, барааг хүлээлгэн өгсөн эсэх үйл баримтууд дээр маргаагүй. Харин гэрээ хэзээ байгуулагдсан эсэх, барааны үнийн зохих хэсгийг төлсөн эсэх үйл баримтууд нь талуудын хоорондын маргааны зүйл болж байна.

3.  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1   Нэхэмжлэгч Ч.Т нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 999 сорьцтой, 38,33 грамм бүхий алтан гинжийг 11,500,000 төгрөгөөр хариуцагч Б.Чд худалдаж, хариуцагч нь алтан гинжний үнийг нэхэмжлэгчид хувааж төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зарлагын баримт, дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7-р тал/

3.2   Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь 999 сорьцтой, 38,33 грамм бүхий алтан гинжийг хариуцагчид хүлээлгэн өгч, харин хариуцагч нь эд зүйлийн үнэ болох 11,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон, хэсэгчлэн хувааж төлөх эд зүйлийн үнэ нь эд зүйлийн үнийг шууд төлөх үеийн үнэ-ээс нэмэгдсэн шинжгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна.

Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд хэлбэрийн шаардлага тавигдаагүй, талууд гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт нийцсэн байх тул гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

3.3   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг буюу худалдсан эд зүйлийн үнийг шаардах эрхтэй.

3.4   Талуудын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойш хариуцагч нь нэхэмжлэгчид 2,050,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагч Б.Чгийн Хаан банкны 5005228550 дугаартай дансны хуулгаар тогтоогдож байна.

3.5   Харин хэрэгт авагдсан Ч.Уянга гэх хүний нэр дээрх дансны хуулга нь тухайн хэрэгт хамааралтай эсэх нь тогтоогдохгүй байна.

3.6   Мөн талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч нь хариуцагчид бэлэн мөнгө мөн зээлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Зохигчид тухайн зээлийн харилцаатай холбоотой асуудлыг тусад нь шүүхээр шийдүүлсэн гэж тайлбарлаад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/00612 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг нотлох баримтаар гарган өгсөн.

Хариуцагч Б.Чгээс хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн гэх түүний дансны хуулгыг нэхэмжлэгч нь өмнө нь шүүхээр шийдүүлсэн зээлийн гэрээний харилцаатай холбоотой баримт юм гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь нотлогдохгүй байна.

Иймд хариуцагч Б.Чгийн Хаан банкны 5005228550 дугаартай дансны хуулгаас 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн гүйлгээг талуудын хооронд байгуулагдсан алтан гинж худалдах, худалдан авах гэрээтэй хамааралтай баримт гэж шүүх дүгнэв.

3.7 Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Чгээс 9,450,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 198,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 166,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ч.Тийн нэхэмжлэлтэй, Б.Чд холбогдох, 11,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Чгээс 9,450,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 198,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 166,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН