2025 04 23 197/ШШ2025/04910
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-д холбогдох,
5,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г......, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
- Нэхэмжлэгч Г...... нь хариуцагч “..........” ХХК-иас 5,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
-
- Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...Миний бие өөрийн хүү Ч.Тэмүүлэнг Америкийн Нэгдсэн улсруу сургуульд зуучлуулахаар “..........” ХХК-тай тохиролцсон. Ийнхүү анх би өөрийн биеэр хүүтэйгээ тус компани дээр очихдоо зуучилж байгаа сургуульд нь тодорхой хэмжээний тэтгэлэгт хамруулахаар тохиролцсон. Ийнхүү анх хүүтэйгээ тус компани дээр очоод амаар тохиролцчихоод, хэд хоногийн дараа “хүүгээ явуулаад гэрээн дээр зуруулчих” гэхээр нь хүүгээ явуулж гэрээнд зуруулсан. Үүний дараа тус компаниас холбогдоод “сургуулийн тэтгэлэгт найдвартай хамрагдахаар боллоо, тус сургуулийн дансанд 10,000 доллар байршуулах шаардлагатай байна” гэсэн. Би тухайн үед хүнээс хүүтэй мөнгө зээлээд тус компанийн дансанд 34,000,000 төгрөгийг байршуулсан. Гэтэл хүү Ч.Тэмүүлэн Америкт суралцах эрхийг Элчин сайдын яамнаас аваад тус компанийн зуучилж тэтгэлэгт хамруулсан гэх Сеатл коллеж сургуультай холбогдоход, “манай сургууль улсын сургууль тул тэтгэлэгт хамруулах боломжгүй. Танай хүүхэд манай сургуулийн тэтгэлэгт хамрагдаагүй байна” гэсэн хариуг өгсөн. Энэ тухай тус компанид хэлэхэд, мөнгийг чинь өгнө гээд 31,000,000 төгрөгийг буцааж өгсөн ч үлдэгдлийг нь өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Тухайн 10,000 долларыг тус компани нь Сеатл коллежийн дансанд ч байршуулаагүй, өөрийнхөө дансанд байлгаад ашиглаж байсан байна лээ. Анхнаасаа намайг залилсан. Иймд үлдэгдэл мөнгө, хүнээс зээлж өгсөн мөнгөний хүү нийт 5,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.
- Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Нэгдүгээрт нэхэмжлэгч анх хүүтэйгээ ирж тохироог хийсэн ч гэлээ, гэрээн дээр түүний хүү, насанд хүрсэн Ч.Тэмүүлэн гарын үсэг зурсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргахгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн хүү нь Америкийн коллежид тэнцээд Америкийн Нэгдсэн улс руу явсан гэдгийг нэхэмжлэгч тайлбартаа хэлж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар хөтөлбөрт хамрагдахын тулд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасан төлбөрийг заасан байх бөгөөд суралцсан хугацаанд шаардагдах сургалтын төлбөрийн 50 хувиас дээш хувийг сонгосон сургуулийн тэтгэлэг оюутны чадвараас хамааран хөнгөлөлт ба байр хоорондын зардлыг суралцагч өөрөө хариуцна гэж заасан. Сонгосон сургуулийн тэтгэлэг оюутны чадвараас хамааран хөнгөлөлт ба байр хоорондын зардлыг суралцагч өөрөө хариуцна гэж заасан. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар “Б” тал нь суралцах хугацаанд санхүүгийн хувьд найдвартай байх ба энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхийн тулд хоёроос доошгүй батлан даагчтай байна гэх байдлаар тус тус зааснаар хариуцагч тал гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Харин нэхэмжлэгч нь энэхүү санхүүгийн шалгуурыг хангаагүйн улмаас хүүхдээ сургаж чадаагүй гэдгээ тайлбартаа дурдсан. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан Эп-1 сургалтын визний урилгаас харагдана. Мөн нэхэмжлэгчийн хүүхэд нь сургуулийнхаа урилгыг аваад Америкийн Нэгдсэн улс руу суралцахаар явсан. Иймд манайх виз гаргах үүргээ биелүүлсэн тул гэрээний 4.4 дэх заалтын дагуу нэхэмжлэгчийн төлсөн 34,000,000 төгрөгөөс зуучлалын ажлын хөлс 850 долларыг суутган авч, зөрүү 31,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн. Иймд одоо нэхэмжлэгчид мөнгө төлөхгүй, мөн хүнээс зээлсэн гэх мөнгөний хүү зэргийг хариуцах үүрэггүй...” гэжээ.
- Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
-
- Нэхэмжлэгч Г......, хариуцагч “..........” ХХК нарын хооронд нэхэмжлэгчийн хүү Ч.Тэмүүлэнг Америкийн Нэгдсэн улсын виз, сургуульд зуучлахаар амаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Харин бичгээр зуучлалын гэрээг нөхөж байгуулахдаа хариуцагчтай нэхэмжлэгч Г......ын хүү Ч.Тэмүүлэн гарын үсэг зурсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан “Сургалтын хөтөлбөрт хамруулах гэрээ” зэргээр тогтоогдож байна.
-
- Нэхэмжлэгч Г......, хариуцагч “..........” ХХК нарын хооронд амаар хийгдсэн хэлцлээр хариуцагч нь нэхэмжлэгчийн хүү Ч.Тэмүүлэнг Америкийн Нэгдсэн улсын виз болон сургуульд зуучилж, нэхэмжлэгч нь зуучлалын хөлс төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ амаар байгуулагдсан байна.
- Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс Америкийн Нэгдсэн улсын Сеатл коллежийн дансанд байршуулна гэж 34,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, үүнээс 31,000,000 төгрөгийг нь нэхэмжлэгчид буцаан өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Г.Чулуубатын Голомт банкны дансны баримтууд, хариуцагч “..........” ХХК-ийн Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 9-11, 34-р тал/
- Нэхэмжлэгч нь хариуцагчтай түүний хүү Ч.Тэмүүлэнг “Америкийн Нэгдсэн улсын виз болон сургуулийн тэтгэлэгт зуучилна” гэж тохиролцсон гэж, харин хариуцагч нь “нэхэмжлэгчийн хүүг сургуулийн тэтгэлэгт зуучилна гэж тохироогүй, харин виз болон сургуульд зуучилна гэж тохиролцсон бөгөөд энэхүү үүргээ биелүүлсэн” гэж тайлбарласан.
Харин хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч Г...... болон “..........” ХХК нарын хооронд тэтгэлгийн талаар ямар тохиролцоо хийгдсэн нь тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.
-
- Харин хариуцагч “..........” ХХК нь худалдааны зуучлал, гадаад худалдаа, хэлний түр сургалт, нарийн боовны үйлдвэрлэл гэсэн үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан тухайн компанийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 21-22-р тал/
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн хүүхдийг гадаад улсын визэнд зуучлах, сургуульд зуучлах хэлцэл хийсэн нь тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилгод нийцэхгүй байна.
Иймд талуудын хооронд амаар байгуулагдсан зуучлалын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
Иймд нэхэмжлэгч нь анх шилжүүлсэн 34,000,000 төгрөгийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
-
- Харин нэхэмжлэгчийн “хариуцагчид дээрх мөнгийг шилжүүлэхдээ бусдаас хүүтэй мөнгө зээлж өгсөн тул хүүг нэхэмжилж байна” гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй юм.
- Шүүх нэхэмжлэгч Г......, хариуцагч “..........” ХХК нарын хооронд анх амаар зуучлалын хэлцэл хийгдсэн, хэлцэл хүчин төгөлдөр бус, хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлээ нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн тул хариуцагчийн “гэрээнд нэхэмжлэгчийн хүү гарын үсэг зурсан учир, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэх тайлбар үндэслэлгүй байна.
- Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “..........” ХХК-иас 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г......ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 96,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 62,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5, 410 дугаар зүйлийн 410.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г......ын нэхэмжлэлтэй, хариуцагч “..........” ХХК-д холбогдох, 5,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “..........” ХХК-иас 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г......ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 96,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г......ад олгосугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН