Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/04911

 

 

 

 

2025 04 23 197/ШШ2025/04911

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох,

5,463,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2.  Нэхэмжлэгч ..... ХХК нь хариуцагч Д........аас гэрээний үүрэгт 5,463,300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

2.1      Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Манай компани хариуцагч Д........тай хэв хашмал түрээсийн гэрээг байгуулан гэрээний хавсралтанд дурдсан пум-40 140 ширхэг, пум-60 140 ширхэг, булан-2.4 46 ширхэгийг түрээслүүлсэн. Гэрээний нийт үнийн дүн 8,469,200 төгрөг болсноос түрээслэгч Д........ 4,827,000 төлсөн ба үлдэгдэл 3,642,200 төгрөгийг төлөөгүй. Түрээслэгч нь түрээсийн зүйлийг 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр манайд хүлээлгэн өгсөн. Талууд гэрээний төлбөр тооцооны талаар 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.6-д заасны дагуу төлбөл зохих үлдэгдэл 3,642,200 төгрөгийн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 930 хоногийн алданги болох 1 хоногийн 18,211 төгрөг, нийт 16,936,230 төгрөг болсон. Үүнийг хуульд нийцүүлж 1,821,100 төгрөгийн алданги, үндсэн төлбөр 3,642,200 төгрөг, нийт 5,463,300 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.

2.2  Хариуцагч нь хариу тайлбартаа ...Миний бие ..... ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэгчтэй ярилцаад үнийн дүнгийн дагуух алдангийг үл тооцон, үндсэн төлбөр болох 3,642,200 төгрөг дээр тохиролцсон болно... гэжээ.

2.3  Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

3.  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1      Нэхэмжлэгч ..... ХХК нь хариуцагч Д........тай 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хэв хашмал түрээслүүлэх гэрээг байгуулж, пум-40 140 ширхэгийг нэгж түрээсийн үнэ /хоногт/ 380 төгрөг, пум-60 140 ширхэгийг нэгж түрээсийн үнэ 330 төгрөг, булан-2400 43 ширхэгийг нэгж түрээсийн үнэ 250 төгрөгөөр, 30 хоногийн хугацаатай, нийт 3,327,000 төгрөгөөр түрээслүүлж, барьцаа 1,500,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, бичгээр гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурсан болох нь талуудын тайлбар, хэв хашмал түрээслүүлэх гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 9-10-р тал/

3.2      Мөн хариуцагч нь түрээсийн эд зүйлийг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй учир 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр талууд тооцоо нийлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

Энэхүү тооцоо нийлсэн актаар нийт тооцоо 8,469,200 төгрөг, үүнээс төлсөн 4,827,000 төгрөг, үлдэгдэл 3,642,200 төгрөг гэжээ. /хх-ийн 13-р тал/

3.3  Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж, тодорхой эд хөрөнгийг шилжүүлж, хариуцагч нь түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

3.4  Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасанд тус тус нийцсэн байх ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

3.5      Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2 дах хэсэгт эд хөрөнгө хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөх..үүрэгтэй, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4.6-д Хөрөнгө ашигласны төлбөрийг зохих хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн торгууль төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 3,642,200 төгрөг, хариуцагчийн түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,642,200 төгрөгт ногдох алданги 1,821,100 төгрөг, нийт 5,463,300 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

3.6      Хариуцагч нь өөрийн хариу тайлбар, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.

3.6 Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,365 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан ..... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д........д холбогдох, 5,463,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д........аас 5,463,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ..... ХХК-д олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,365 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН