| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0356/Э |
| Дугаар | 270 |
| Огноо | 2017-08-16 |
| Зүйл хэсэг | 147.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч: Ц.Амгаланбаатар /томилолтоор/,
Нарийн бичгийн дарга: И.Буманбаяр,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 201725020769 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн,
Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Б.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Митинг” шөнийн цэнгээний газарт хохирогч Г.Мөнхбатыг үйлчлүүлж байхад нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон биет 20.000 төгрөг, 250.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-4” маркийн гар утсыг нь дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цалин буугаад хоёр найзтайгаа “Митинг” гэдэг бааранд орсон. Бааранд ороод байж байхад хохирогч Мөнхбат нэг охинтой сууж байсан. Би очиж уулзаад хамт угаалгын өрөө ороод Мөнхбатаас “пивоны мөнгө байна уу” гэж асуухад “байгаа нь 20.000 төгрөг байна 10.000 төгрөгийг нь ав” гэсэн. Би 20.000 төгрөгийг нь “зээлчих” гэж аваад хамт ширээн дээр сууж тухайн мөнгөөр нь пиво авсан. Пивоо ууж сууж байгаад хамт гадагш гараад Мөнхбатаас “гар утас чинь байна уу?” гэхэд “байна” гэхээр нь гар утсыг нь аваад “хүн рүү залгачихаад өгье жоохон байж бай” гэхэд “үгүй” гэсэн. Би утсыг нь аваад шууд баар руу орсон. Ажлынхантайгаа бааранд байж байтал Мөнхбат ахтайгаа орж ирсэн. Ах нь “хүүхдийн утас өг” гэхэд “байхгүй” гэж хэлэхэд баарны хоёр хамгаалагчид “хүүхдийн утас авчихлаа” гэж хэлсэн. Баарны хоёр хамгаалагч намайг нэг өрөө рүү авч ороод “гар утас нь хаана байна” гэхэд нь би “байхгүй” гэхэд миний гэдэс рүү нэг цохихоор нь цүнхнээсээ гаргаж өгсөн. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан. Би гадаа Мөнхбатын гар утсыг авчихаад цээж рүү нь гараараа түлхсэн, цохиогүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мөнхбат /хх-ийн 23-24/, гэрч Я.Гэрэлмаа /хх-ийн 25/, Т.Тэмүүжин /хх-ийн 26-27/ нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн16/, Б.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33/, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 44/, Г.Мөнхбатын хүсэлт /хх-ийн 52/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Митинг” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Г.Мөнхбатын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон 20.000 төгрөг, “Самсунг Эс-4” маркийн гар утас зэргийг дээрэмдэн авсан болох нь:
хохирогч Г.Мөнхбатын /хх-ийн 23-24/: “... Би 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед “Митинг” шөнийн цэнгээний газарт найз охиноо авахаар очсон. Ороод сууж байтал Э гэх танил залуу надтай таараад “00”-ын өрөө рүү дагуулж яваад надаас “мөнгө байна уу” гэсэн. Би “байхгүй” гэж хэлсэн чинь “байвал өгчих, чи мөнгөгүй явна гэж байхгүй” гэж хэлээд миний цээж рүү цохихоор нь би өөрт байсан 20.000 төгрөгөө гаргаж өгсөн. Мөн намайг “гар утсаа өгчих” гэхээр нь “өгөхгүй” гэхэд “ална шүү пизда минь” гэсэн. Тэгээд би сим картаа аваад утсаа өгсөн ...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Тэмүүжингийн /хх-ийн 26-27/: “... 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө “Митинг” баарны үүдэнд 2 танихгүй залуу хоорондоо маргалдаж байхаар нь яваад очтол өндөр туранхай залуу нь нөгөөхөө дээрэлхээд байсан. Би “гар” гэж хэлтэл намхан биетэй залуу нь “ахаа энэ залуу миний гар утас авчихаад өгөхгүй байна” гэсэн. ... Удалгүй цагдаа нар ороод иртэл хохирогч залуу “утсаа дээрэмдүүлчихлээ” гэж хэлж байсан ...” гэх мэдүүлгээр,
Б.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 31-33/: “…Би 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цалингаа авчихаад шөнө 23 цаг өнгөрч байхад найз Цогоо, Тулгаа нарыг дуудаад “Митинг” нэртэй бааранд орсон юм…Мөнхбатыг “00”-ын өрөө рүү дагуулж ороод “мөнгө байна уу?” гэхэд “20.000 төгрөг байна” гэсэн. Тэгэхээр нь “наад мөнгөө надаа өгчих” гэхэд “үгүй ээ таксины мөнгө үлдээгээд 10.000 төгрөгийг нь ав” гэхээр нь би “бүгдийг нь өг” гээд цээж рүү нь зөөлхөн цохиод 20.000 төгрөгийг нь авсан юм. Тэр мөнгөөр нь пиво авч сууж байгаад Мөнхбатыг гадагшаа дагуулж гарсан. Баарны гадаа Мөнхбатаас “утсаараа нэг яриулчих” гээд утсыг нь аваад ярьчихаад “энэ утсаа надад өг” гэтэл Мөнхбат “үгүй” гэсэн. Утсаа өгөхгүй болохоор нь би “ална шүү” гэж айлгаад “утсаа өг, цагдаад битгий хэлээрэй, симээ авчих“ гээд гар утсыг нь авсан юм…” гэх мэдүүлгээр болон эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг айлган сүрдүүлж эд хөрөнгийг нь авсан, цагдаагийн алба хаагчид хохирогчийн гар утсыг шүүгдэгчээс хураан авч хохирогчид буцаан өгсөн зэргийг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь тодорхой мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Б.Э нь “гар утас болон мөнгөө өгөхгүй” гэсэн хохирогчийн эсэргүүцлийг дарахаар айлган сүрдүүлж, сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл, заналхийлэл үзүүлэн довтолж эд хөрөнгийг нь авсан санаатай үйлдэл нь “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.Эгийн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Прокуророос шүүгдэгч Б.Эг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тодорхойлж өгчээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
Шүүгдэгч Б.Эгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулж байх бөгөөд уг гэмт хэрэг нь “хүндэвтэр” ангилалын гэмт хэрэгт хамаарч байна.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “хүнд” ангилалын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр буюу хорих ялын дээд хэмжээг ихэсгэн заасан нь Б.Эгийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.
Иймд Б.Эгийн үйлдсэн “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид нь тохируулан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилнэ.
Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Э нь урьд ял шийтгүүлж байсан боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүй болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн зэргийг харгалзаж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул хууль буцаан хэрэглэж буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болго.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч Б.Эд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Эг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгийн 23 /хорин гурав/ хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ