Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/03

 

 

 

 

 

 

  2023            12            21                                       2024/ДШМ/03

 

 

    Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч О.Э-ын өмгөөлөгч У.Х,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/630 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Э-ын өмгөөлөгч У.Х-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Э-д холбогдох ............................. дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Э нь .......... дүүргийн ........ дугаар хороо, ................... сургуулийн зүүн урд замд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 25 минутын орчим “Toyota Prius” загварын ................. улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө.”, 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч байсан О.Э-ыг мөргөж биед нь баруун, зүүн дунд чөмөг, баруун шаант ясны далд хугарал, баруун гуя, баруун шилбэнд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч, иргэний хариуцагч нар хохирогч О.Э-д энэ тогтоолоор төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Т.Э хор уршгийн зардал нэхэмжлээгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч О.Э-ын өмгөөлөгч У.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/630 дугаар бүхий шийтгэх тогтоол болон 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/1425 өдрийн яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс ямар шийдвэр гарна, би түүнийг хүндэтгэж биелүүлнэ. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иргэний журмаар хохирол нэхэмжилбэл төлнө. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э нь ...... дүүргийн ....дугаар хороо, ................... сургуулийн зүүн урд замд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 25 минутын орчим “Toyota Prius” загварын ............. улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө.”, 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч байсан О.Э-ыг мөргөж биед нь баруун, зүүн дунд чөмөг, баруун шаант ясны далд хугарал, баруун гуя, баруун шилбэнд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Э-ын /1хх 13/,

иргэний нэхэмжлэгч Т.Э-ын /1хх 23/,

яллагдагч Б.Э-ийн “...Би болсон осолд маш их гэмшиж байна. Өөрийн буруутай үйлдлийг ойлгож байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Өөр хэлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлгүүд,

“...О.Э-ын баруун, зүүн дунд чөмөг, баруун шаант ясны далд хугарал, баруун гуя, баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 6488 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 43-47/,

дуудлага лавлагааны хуудас /1хх 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам, тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-9/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 7046 дугаар өвчний түүх /1хх 73-96/,

“...нийт 1 минут 51 секундийн бичлэг байх ба камер нь осол гарсан газрын хойд талд ертөнцийн зүгээр урд зүгт харсан камер байв. Бичлэгийн эхлэлд замын хойд талын явган хүний замаар баруунаас зүүн зүгт хар бараан өнгийн хувцастай эмэгтэй хүн явганаар алхаж явна. Бичлэгийн 15 секундэд зорчих хэсгийн зүүнээс ирээд баруун гар тийш буюу хойд зүгт эргэж байгаа цагаан өнгийн суудлын автомашины жолооч нь явган хүний зохицуулдаггүй гарцаар баруун зүгт гарч байсан явган зорчигчийг мөргөж газарт унагааж байна. ...” гэсэн сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 71/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, Б.Э-г тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.1 гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Э-ыг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

хохирогч О.Э-ын өмгөөлөгч У.Х-ийн “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/630 дугаар бүхий шийтгэх тогтоол болон 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/1425 өдрийн яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.

2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоол гарсан байна.

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгох бөгөөд энэ нөхцөл байдал нь Шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх учиртай. 

Хохирогч О.Э-ын олох байсан орлого 7.320.000 төгрөг, асрагчийн ажлын хөлс 2.000.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 12.644.500 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх, нотлох баримтын шаардлага  хангаагүй үндэслэлээр шийдвэрлэхгүй орхиж, цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хохирогчийн эрх ашгийг хязгаарлаагүй байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Э-ын өмгөөлөгч У.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/630 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Э-ын өмгөөлөгч У.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                                Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ