Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00782

 

 

 

 

 

 

 

 

 

“ХА” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00878 дугаар шийдвэртэй, “ХА” ХХК-ийн

нэхэмжлэлтэй Б.А, С.С, З.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 105 114 352 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.А, С.С, З.Ц нар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГВСС171121009-1 тоот Зээлийн эрх нээх гэрээ, ЗБ/ВСС171121009-1-1, ЗБ/ВСС171121009-1-2, ЗБ/ВСС171121009-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 80 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар бизнесийн зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нар ЗГВСС171121009-1 тоот зээлийн эрх нээх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож С.Сын өмчлөлийн, улсын бүртгэлийн                     Ү-2204000086 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, дддддддд 21-тоот хаягт байрлах 51 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай, З.Цгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203027385 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Аааааааааа тоот хаягт байрлах 136 м.кв талбайтай хувийн сууц, гарааш, З.Цгийн эзэмшлийн нэгж талбарын 18641331356181 дугаарт бүртгэлтэй, 000717387 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Аааааааааад байрлах 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан.

Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийн хуваарийн дагуу төлж барагдуулахгүй, гэрээний үүргээ зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2-т  заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах хүсэлтэй болно.

Зээлдэгч нар зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээлд 353 070 төгрөг, зээлийн хүүд 30 265 188 төгрөгийг төлсөн. Иймд үндсэн зээл 79 999 646 төгрөг, зээлийн хүү 24 231 027 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 862 677 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардалд 21 000 төгрөг нийт 105 114 352 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.С, Б.А, З.Ц нар шүүхэд гаргасан тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, үндсэн зээлээс хэдийг төлсөн талаар нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй, зээлийн гэрээний хугацаа тодорхойгүй, хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж дүгнэхээр байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Харчин овогт БА /рд:ФА78092071/, Хангайтан овогт З Ц /рд:ЦБ72100608/ нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 79 999 646.93 төгрөг, зээлийн хүүд 24 231 027.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 862 677.32 төгрөг, нийт 105 093 352.18 төгрөг, нотариатын зардалд 21 000 төгрөг, нийт 105 114 352.18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХА” ХХК-д олгож, хариуцагч С.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗБ/ВСС171121009-1-3-1 тоот гэрээгээр З.Цгийн эзэмшлийн нэгж талбарын 18641331356181 дугаарт бүртгэлтэй 000717387 тоот гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Аааааааааад байрлалттай, зуслангийн зориулалттай, 700 м.кв талбай газар, ЗБ/ВСС171121009-1-3-2 тоот гэрээгээр З.Цгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203027385 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Аааааааааа/14094/ 3 дугаар хэсгийн 5 тоот хаягт байрлах 136 м.кв талбайтай хувийн сууц, ЗБ/ВСС171121009-1-3-3 тоот гэрээгээр С.Сын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000086 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, дддддддд 21-тоот хаягт байрлах 51м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХА үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагын зарим хэсэг болох З.Цгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Аааааааааа /14094/, 3 дугаар хэсгийн 5 тоот хаягт байрлах гараашнаас үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 753 722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А, З.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 753 722 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХА” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 3, 5 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэр үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагын зарим хэсэг болох зээлдэгч З.Цгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Аааааааааа, 3 дугаар хэсгийн 5 тоот хаягт байрлах гараашаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв” гэж тусгасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн дээрх шаардлагаас татгалзаж байгаа хүсэл зоригийг амаар болон бичгээр илэрхийлж, татгалзах хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан тухай нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй. Гэтэл анхан шатны шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн уг шаардлагаас татгалзсан гэж дүгнэж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 болон 5 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг баримтлаагүй дутуу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн хариуцагч Б.А, З.Ц нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 353 070 төгрөг, үндсэн хүүд 30 265 188.94 төгрөг төлсөн байх бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн болон тооцооллын хувьд буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд эхлээд хүүг төлөх дараа нь үндсэн төлбөрийг төлөх тухай заасан байгаа нь хууль бус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны зөрчсөн гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч “ХА” ХХК нь хариуцагч нарт ямар нэгэн байдлаар зээлийн гэрээг цуцалсан талаар мэдэгдэлгүй, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч нар үндсэн зээлийн төлбөрт 862 032 төгрөг төлсөн, хүүд 30 265 188 төгрөг төлсөн байхад анхан шатны шүүхээс үндсэн зээлийн төлбөрт 79 999 646 төгрөг гэж үзсэн нь 861 678 төгрөгийг хасалгүйгээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч нарын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт зээлдэгч Б.А ковидтой холбоотой эргэн төлөлтөд хүндрэл гарсан, бизнесийн ажиллагаа муудсан талаар удаа дараа зээлийн эдийн засагчтай уулзаж байсан гэж тайлбарласан нотлогдоогүй” хэмээн үзсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан зарчмыг ноцтой зөрчсөн. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зааснаар Монгол улс хил хаасантай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа муудсан зэрэг нийтэд илэрхий нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүй.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа бөгөөд үндсэн зээлээс төлсөн эсэх талаар нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ХА” ХХК нь хариуцагч Б.А, С.С, З.Ц нарт холбогдуулан зээлийн үүрэгт үндсэн зээлд 79 999 646 төгрөг, зээлийн хүүд 24 231 027 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 862 677 төгрөг, нотариатын зардал 21 000 төгрөг, нийт 105 114 352 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

“ХА” ХХК нь Б.А, З.Ц нартай 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “ХА” ХХК нь 80 000 000 төгрөгийг, жилийн 22.80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч Б.А, З.Ц нар зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нар зээлийн төлбөрт 31 403 522 төгрөг төлсөн гэж, нэхэмжлэгч үндсэн зээлд 353 000 төгрөг, зээлийн хүүнд 30 265 188 төгрөг нийт 30 618 188 төгрөг төлсөн гэж тус тус тайлбар гаргаж маргасан.

 

“ХА” ХХК нь Б.А, З.Ц нарт 2018 оны 11 дүгээр сарын 29, 2019 оны 10 дугаар сарын 16, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хэсэгчлэн төлөх үүргийн хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар Иргэний хуулийн 221 дугаар зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар урьдчилан сануулсан байна. Урьдчилан сануулсаар байтал гэрээний үүргийг зөрчлийг хариуцагч нар арилгаагүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн үлдэгдлийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Хариуцагч нар үндсэн зээлийн төлбөрт 862 032 төгрөг, зээлийн хүүд 30 265 188 төгрөг төлсөн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч нарыг зээлийн төлбөрт 30 618 188 төгрөг төлснийг үндсэн зээлд 353 000 төгрөг, зээлийн хүүд 30 265 188 төгрөгийг хасч тооцож нэхэмжлэлээ тодорхойлсныг буруутгахгүй юм. Иймд хариуцагч Б.А, З.Ц нарын төлсөн мөнгөн хөрөнгийг гомдолд дурдсан хэмжээгээр үндсэн зээлээс суутгаж тооцох үндэслэлгүй.

 

Хариуцагч Б.А, З.Ц нараас үндсэн зээлд 79 999 646 төгрөг, зээлийн хүүд 24 231 027 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 862 677 төгрөг нийт 105 093 352 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХА” ХХК-д олгож шийдвэрлэснийг хэвээр үлдээв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч “ХА” ХХК нь С.Стай зээлийн гэрээ байгуулаагүй тул түүнээс зээлийн үүргийг шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байтал хэргийг хэрэгсэхгүй болгож дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийг буруу тайлбарласан гэж дүгнэж, давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хугацаанаас нь өмнө цуцалсан, хугацаа хэтрүүлсэн хүү нэхэмжлээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт нийцэхгүй байх тул хасч залруулав.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой нотариатчид төлсөн зардал 21 000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

“ХА” ХХК нь З.Цтэй 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, З.Цгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203027385 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Аааааааааа, 3 дугаар хэсэг, 5 тоот хаягт байрших хувийн сууц, гарааш,

мөн өдөр С.Стай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж, түүний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204000086 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 21 дүгээр байр, 21 тоот хаягт байрших 51 м.кв, 4 өрөө орон сууцыг тус тус 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан,

мөн “ХА” ХХК нь З.Цтэй 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, З.Цгийн эзэмшлийн нэгж талбарын 18641331356181 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Аааааааааад байрлалттай, зуслангийн зориулалттай, 700 м.кв талбай газрыг дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Талууд барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

“ХА” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагын зарим хэсэг болох З.Цгийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Аааааааааа, 3 дугаар хэсгийн 5 тоот хаягт байрлах гараашнаас үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас татгалзаагүй байхад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь буруу болсон, уг алдааг залруулах боломжтой. Гарааш нь улсын бүртгэлийн Ү-2203027385 дугаарт бүртгэлтэй хувийн сууцтай хамт бүртгэгдсэн, хувийн сууцаас салгаж болохгүй эд хөрөнгө байхад анхан шатны шүүх улсын бүртгэлийг анхаараагүй нь буруу болжээ.

 

Хариуцагч нь Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулж орлого буурсан, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан, энэ талаар удаа дараа зээлийн эдийн засагчтай уулзаж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэгдээгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хариуцагч нарын нэрийг товчилсон нь тодорхойгүй болсон, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрийг буруу бичсэнийг тус тус зөвтгөв. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт зээлийн гэрээний дугаарыг буруу бичсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг дурдах шаардлагагүйг анхаараагүй тул гэрээний огноо, дугаарыг хасч шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00878 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас “453 дугаар зүйлийн 453.1” гэснийг хасч, “хэргийг” гэснийг “хэсгийг” гэж өөрчилж,

2 дахь заалтын “Б.О” гэснийг “Б.А, З.Ц нар”гэж,

уг заалтаас “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗБ/ВСС171121009-1-3-1 тоот гэрээгээр, “....ЗБ/ВСС171121009-1-3-2 тоот гэрээгээр”, “...ЗБ/ВСС171121009-1-3-3 тоот гэрээгээр” гэснийг тус тус хасч,

“хувийн сууц” гэсний дараа “гарааш” гэж нэмж,

“Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэснийг “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтыг хүчингүй болгож,

“4” гэж дугаарласныг “3” гэж,

“5” гэж дугаарласныг “4” гэж,

“6” гэж дугаарласныг “5” гэж,

“7” гэж дугаарласныг “6” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА