| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 181/2024/06699/И |
| Дугаар | 197/ШШ2025/04926 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/04926
2025 04 23 197/ШШ2025/04926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
2,018,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Б........нь хариуцагч Д........аас гэм хорын хохиролд 2,018,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Миний бие Б........нь 2024 оны 8 дугаар сарын 09-ний 00 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн Хьюндай Соната /Hyundai sonata/ 6 маркийн 0846УНЯ улсын дугаартай автомашинаараа эхнэр С.Мөнхсувдаар жолоодуулан, өөрөө хажууд нь суугаад Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу, Шинэ 100 айлын урд замд Хавдар судлалын эмнэлэг рүү чиглэн нэгдүгээр эгнээгээр явж байх үед Мерседес бенз /Mercedes benz/ маркийн, 2209УКУ улсын дугаартай суудлын автомашины жолооч Д........ нь зүүн чиглэлд явж байхдаа хоорондын зай тооцоо алдан миний машины араас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн машинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Д........ы буруутай үйлдэл гэдэг нь Замын Цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдсон байна. Иймд автомашины эвдрэл гэмтэлдээ Сүлд үнэлгээ ХХК-иар хийлгэсэн үнэлгээгээр машинд 1,710,000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан. Мөн машин мөргүүлэх үед би өвдгөөрөө урагш мөргөсний улмаас миний бие гэмтсэн учир 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт мрай /MRI/ 2 шинжилгээнд 105,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Японы эмнэлэгт 150,000 төгрөгөөр өвдөгний үений нэг талын CPT тодосгогчтой шинжилгээнд орсон. Мөн намайг хугацаандаа автотээврийн оношилгоонд ороогүй гэж 50,000 төгрөгөөр торгосон байдаг. Тухайн үед би оношилгоонд орох гээд очсон боловч машинаа засаж ир гээд оруулаагүй. Иймд хариуцагч Д........аас машинд учруулсан хохирол болох 1,710,000 төгрөг, миний эмнэлгийн шинжилгээний төлбөр 255,000 төгрөг, торгуулийн 50,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 3000 төгрөг, нийт 2,018,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
3.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Би тухайн үед нэхэмжлэгчийн машиныг мөргөсөн. Тухайн үед нэхэмжлэгч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Надад нотлох баримт нь байгаа. Эмнэлгийн төлбөр 250,000 төгрөг нэхэмжилсэн байна. Тухайн үед машинаас бууж ирэхдээ ямар нэг өвдсөн зүйл байгаагүй. Үнэлгээ хийлгэхэд миний бие байгаагүй. Энэ машин нь өөрөө 2-4 сая төгрөгийн үнэтэй машин. Тухайн үнэлгээний хуудсанд миний мөргөснөөс гадна өөр зүйлүүд нэмэлтээр үнэлгээнд орж бичигдсэн байна. Жишээ нь гэрэл хамаагүй. Миний машин гэрлэнд хүрэх боломжгүй намхан машин. Мөн энэ машин дотроосоо саарал өнгөтэй, хамгийн хямд будгаар будагддаг. Гэтэл куков засварын будганд үнэлгээчин 1,000,000 төгрөг гэсэн байна. Миний зүгээс нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй. Харин машиныг нь өөрийн биеэр авч яваад засуулж өгч болно... гэжээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1 Хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0125606 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэргээр хариуцагч Д........ нь 2024 оны 08 дугаар сарын 09-нд 22-09УКУ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо С.Мөнхсувдын жолоодож явсан Хьюндай соната 6 маркийн 08-46УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, эд хөрөнгийн хохирол учруулан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасныг зөрчиж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь тогтоогдож байна./хх-ийн 11, 15-р тал/
4.2 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмчлөлийн Хьюндай Соната 6 маркийн 08-46УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийгдсэн Сүлд үнэлгээ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Авто техникийн үнэлгээний тайлан-гаар 1,710,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 12-13-р тал/
4.3 Мөн хохирол учирсан Хьюндай Соната 6 маркийн 08-46УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч Б........мөн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 10-р тал/
4.4 Хариуцагч Д........ы үйлдсэн зөрчилд шийтгэл оногдуулсан нь Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар дахин нотлохгүй.
4.5 Нэхэмжлэгч нь хариуцагчийн тээврийн хэрэгсэл ашиглах явцдаа үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг арилгахтай холбоотой зардлыг нэхэмжилж буй тул талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгахтай холбоотой харилцаа үүссэн байна.
4.6 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг арилгахтай холбоотой зардлыг шаардах эрхтэй.
4.7 Харин хариуцагч Д........ы гэм буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн өмчлөгч, нэхэмжлэгч Б.Батзоригийн биед гэмтэл учирсан нь тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмнэлгийн шинжилгээний төлбөр 255,000 төгрөг нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.8 Мөн торгуулийн 50,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 3000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагууд нь баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4.9 Хариуцагч Д........ нь ...үнэлгээнд миний учруулсан хохирлоос өөр зүйлүүд орсон учир үнэлгээ үндэслэлгүй... гэх тайлбараа нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ тэрээр биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
4.10 Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д........аас 1,710,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 308,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47,239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг болох 1,710,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,310 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг баримтлан Б.Батзоригийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д........д холбогдох, 2,018,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д........аас 1,710,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 308,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47,239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42,310 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН