| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/03445/И |
| Дугаар | 197/ШШ2025/05697 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/05697
|
2025 05 07 | 197/ШШ2025/05697 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-д холбогдох,
2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 5,307,092.56 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч А...... нь хариуцагч Н.........гоос түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Харин хариуцагч Н......... нь нэхэмжлэгч А......гээс орон сууцны хэрэглээний зардал болон бусад төлбөрт 5,307,092.56 төгрөгийг нэхэмжилсэн.
4. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
4.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчийн байрыг сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, барьцаанд 2,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэхүү төлбөрийг гэрээ дуусгавар болоход надад буцаан өгөхөөр тохиролцож, гэрээгээ бичгээр байгуулсан. Байрыг түрээслээд амьдарч байх явцад уг байр хариуцагч Н......... гэх хүний байр биш болж таарсан учир би 2024 оны 12 дугаар сараас эхлээд хариуцагчийг тухайн байрыг түрээслүүлэх эрхтэй гэдгээ нотлохгүй бол хэний ч мэдэгдэхгүй байранд амьдрах боломжгүй гэж хэлсэн. Гэтэл хариуцагч нь байрыг түрээслэх эрхтэйгээ нотлоогүй бөгөөд манай охины байр гэж хэлээд, би гадагшаа явж байна гээд алга болсон. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1 хүн ирж байрыг хүлээж авсан. Ингээд байр түрээслэх үйл явц дууссан учир би барьцаанд өгсөн 2,000,000 төгрөгөө авъя гэтэл хариуцагч Н......... нь түрээсийн гэрээний дагуу барьцааны 50 хувийг нь өгнө, 50 хувийг нь өгөхгүй байхаар хоёулаа тохиролцсон гээд өгөхгүй байгаа. Иймд миний түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
4.2 Хариуцагч нь хариу тайлбартаа ...Бид 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн, 24-2 тоотод байрлах, 1 өрөө байрыг түрээслэх гэрээг байгуулсан. А...... нь 2025 оны 01 дүгээр сарын 17-нд гэрээний хэд хэдэн заалтыг зөрчсөн учир гэрээг цуцалсан. А...... нь гэрээнд заасан хугацаанаас өмнө байрнаас гарсан тохиолдолд барьцаа төлбөр 2,000,000 төгрөгийн 50 хувь буюу 1,000,000 төгрөгийг түрээслүүлэгч авахаар тус гэрээний 17-д заасан байгаа. Мөн түрээсийн гэрээний 18-д түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн 5 дахь хоногт гэрээг цуцалж, барьцаа хөрөнгийн 50 хувийг түрээслүүлэгч суутгаж авна гэж заасан тул үлдсэн 1,000,000 төгрөгийг нь мөн гэрээний үүргийн зөрчилд тооцон суутгасан... гэжээ.
4.3 Хариуцагч Н......... нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа ...2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн хоногийн мөнгө 400,000 төгрөг, орон сууцны хэрэглээний зардал болох 307,092.56 төгрөг, олон удаа түрээсийн төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдол бүрт оногдох төлбөрт 2,000,000 төгрөг, утасны төлбөр, тээврийн хэрэгслийн шатахуун, такси унааны төлбөр, зар сурталчилгааны зардал 100,000 төгрөг, өдрийн ажлаа алдсан цаг хугацаа, мөн сэтгэл санааны хохирол багтана. /Удаа дараа эрэгтэй хүнээр яриулж, дайрч доромжилж сүрдүүлж байсан/. 1 сарын 17-ноос хойш байраа түрээсэлж чадаагүй одоог хүртэлх түрээсийн төлбөр 2,600,000 төгрөг, нийт 5,307,092.56 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.
4.4 Хариуцагч Н.........д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
5.1 Нэхэмжлэгч А...... нь хариуцагч Н.........той 2024 оны 08 дугаар сарын 11-ний орон сууц түрээслэх гэрээг байгуулж, У*******,*******,, 24-2 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 1 өрөө байрыг сарын 2,000,000 төгрөгөөр түрээсэлж, барьцаа төлбөрт 2,000,000 төгрөг төлж, 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд тухайн орон сууцанд амьдарсан болох нь талуудын тайлбар, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 9-13-р тал/
5.2 Талуудын хооронд орон сууц түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж зохигчид тайлбарлаж, хавтаст хэргийн 7-8 дугаар талд түрээсийн гэрээ гэх бичгийн баримт авагдсан байх хэдий энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй, хуулбар баримт байх тул шүүх тухайн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
5.3 Нэхэмжлэгч нь орон сууц түрээслэх гэрээг 3 сарын хугацаагаар байгуулсан гэж, харин хариуцагч нь 1 жилийн хугацаатай байгуулсан гэж маргаж байх хэдий энэ талаар нотлох баримтын шаардлага хангасан баримт хэрэгт авагдаагүй байна.
5.4 Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нь тухайн байрны өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй, мөн эсэхээ нотлоогүй учир гэрээг цуцалсан гэж, харин хариуцагч нь нэхэмжлэгч нь гэрээний түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь хийгээгүйн улмаас гэрээг цуцалсан гэж тус тус маргаж байх хэдий ямар шалтгааны улмаас гэрээг цуцалсан нь хэрэгт байх баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.
5.5 Талууд түрээсийн үндсэн төлбөр төлсөн эсэх дээр маргаагүй. Харин түрээсийн гэрээний барьцаа 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь буцааж авах ёстой гэж, хариуцагч нь нэхэмжлэгч гэрээний хугацаанаас өмнө байрнаас гарсан тул барьцааны 50 хувийг суутгана, мөн түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн 5 дахь хоногт гэрээг цуцалж, түрээслүүлэгч барьцааны үлдсэн 50 хувийг суутгаж авна гэж гэрээнд заасан учир барьцааг бүхэлд нь суутгасан гэж маргаж байна.
5.6 Зохигчдын хооронд хийгдсэн хэлцлээр хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд амьдрах зориулалттай орон сууцыг шилжүүлэх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна.
5.7 Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
5.8 Талууд орон сууц түрээсийн гэрээний барьцаа болгож, 1 сарын түрээстэй тэнцэх 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн. Энэхүү мөнгийг гэрээ дуусгавар болоход нэхэмжлэгч буцаан авахаар тохиролцсон гэх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн тохиролцоо хийгдсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дах хэсэгт Гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний барьцаанд төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
5.9 Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээний хугацаанаас өмнө байрнаас гарсан тул барьцааны 50 хувийг суутгана, мөн түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн 5 дахь хоногт гэрээг цуцалж, түрээслүүлэгч барьцааны үлдсэн 50 хувийг суутгаж авна гэж гэрээнд заасан гэж маргаж байх хэдий ч энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгуулийн агуулгад нийцээгүй байна.
5.10 Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Н.........гоос 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А......д олгож шийдвэрлэв.
5.11 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Н......... нь нэхэмжлэгч А......гээс 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн хоногийн мөнгө 400,000 төгрөг, орон сууцны хэрэглээний зардал болох 307,092.56 төгрөг, олон удаа түрээсийн төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдол бүрт оногдох төлбөрт 2,000,000 төгрөг, утасны төлбөр, тээврийн хэрэгслийн шатахуун, такси унааны төлбөр, зар сурталчилгааны зардал 100,000 төгрөг, өдрийн ажлаа алдсан цаг хугацаа, мөн сэтгэл санааны хохирол багтана. /Удаа дараа эрэгтэй хүнээр яриулж, дайрч доромжилж сүрдүүлж байсан/. 1 сарын 17-ноос хойш байраа түрээсэлж чадаагүй, одоог хүртэлх түрээсийн төлбөр 2,600,000 төгрөг, нийт 5,307,092.56 төгрөгийг нэхэмжилж байна гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч тэрээр өөрийн хариу тайлбар, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
Мөн хариуцагч Н.........гоос сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гарган өгсөн Төрийн банкны нэхэмжлэл гэх баримтууд нь А.Хонгорзул гэх хүний нэр дээр байх тул тухайн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар хамааралтай болох нь тогтоогдохгүй байна. /хх-ийн 25-29-р тал/
Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно. Ийнхүү үнэлэхэд хавтаст хэргийн 7-8 дугаар талд авагдсан түрээсийн гэрээ, 37-39 дүгээр талд авагдсан баримтууд нотлох баримтын шаадлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 99,863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан А......гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.........д холбогдох, 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.........гоос 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А......д олгож, хариуцагч Н.........гийн гаргасан 5,307,092.56 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46,950 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 99,863 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.........гоос 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А......д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН