Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00787

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/00459 дугаар шийдвэртэй, ******* нэхэмжлэлтэй ******* холбогдуулан 200 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Аж нь *******ын дүү *******рантай 2017 онд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, *******ран 2017 оны 06 сард Ланд круйзер маркийн 1 ширхэг автомашин, Пропокс маркийн 2 ширхэг автомашин, Бонго маркийн 1 ширхэг автомашин, Делика маркийн 1 ширхэг автомашин, Приус 20 маркийн 2 ширхэг автомашин, Приус 30 маркийн 1 ширхэг автомашинуудыг худалдан авч, төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлөх байсан боловч төлөөгүй.

******* гаалиар оруулж ирсэн автомашиныг *******ран нь авч цааш худалдаж, шууд худалдан авч буй хүний нэр дээр өмчлөлийг шилжүүлдэг байсан. *******ран нь 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөх баталгаа бичиж өгсөн. *******ран төлбөр төлөх үүргээ биелүүлэхүй цаг хугацаа өнгөрч байгааг сануулж, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд ах *******ын хамт ирж уулзаад “*******ран төлбөрөө 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхгүй бол өмнөөс төлнө” гэсэн баталгаа бичиж өгсөн боловч мөн л төлөөгүй. Дараа нь ******* мөн төлбөр төлөх баталгаа бичиж өгсөн. Харамсалтай нь *******ран 2020 оны 05 сард нас барсан учир автомашины үнэ 200 000 000 төгрөгийг түүний төрсөн ах болох *******аас Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилж байгаа.

Учир нь ******* баталгаа бичиж өгснөөр *******рангийн өрийг шилжүүлж авсан гэж үзэж байна. Иймд Ланд круйзер маркийн автомашин 85 000 000 төгрөг, Пробокс маркийн автомашин 2 ширхэг нь 35 500 000 төгрөг, Бонго маркийн автомашин 1 ширхэг 10 500 000 төгрөг, Делика маркийн автомашин нь 18 000 000 төгрөг, Приус 20 маркийн 2 ширхэг машин нь 33 000 000 төгрөг, Приус 30 маркийн 1 ширхэг машин нь 18 000 000 төгрөг, нийт 200 000 000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Аж нь *******ай биш түүний дүү *******рантай гэрээний харилцаанд орсон. Гэхдээ энэ харилцааг худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж үзэхгүй байна. *******ран нь ******* өмнөөс түүний автомашиныг бусдад худалдан борлуулж өгдөг байсан буюу ажил хэргийн холбоотой байсан, нарийн зүйлийг нь ******* сайн мэдэхгүй.

*******ын хувьд дүүгээ дарамтаас салгах, хугацаа хожих байдлаар баталгаа бичиж өгсөн нь үнэн. Дүү *******ран амьд сэрүүн байхдаа Ч.Ажтой гэрээ байгуулж байгаагүй, автомашиныг худалдан авсан талаар баримтгүй.

Ч.Аж нийт 8 төрлийн автомашины үнэд 200 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч ямар шинж байдалтай автомашинууд байсан нь тодорхойгүй, автомашин өгч, авалцсан баримтгүй, хэдэн төгрөгөөр зарсан нь ч тодорхойгүй байдаг.

Харин бонго маркийн нэг ширхэг ачааны автомашин авсан байхыг харсан. Цагдаагийн газарт асуудал үүссэн байсан учраас дүүгээ төлж амжихгүй бол би төлнө гэж ******* *******-ийн бланк дээр гараар 2 удаагийн баталгаа бичиж өгсөн байдаг.

*******-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0517 тоот албан бичиг дээр зурагдсан *******ын гарын үсэг зөрүүтэй харагддаг, уг гарын үсгийг ******* бичээгүй. Хамгийн анх *******ран нь Ч.Ажоос Делика маркийн автомашиныг худалдаж авч үнийг төлсөн байхад уг автомашины үнийг нэхэмжлэлд оруулсан нь ойлгомжгүй байна.

Мөн Бонго маркийн автомашиныг мэднэ, сүүлд Приус 30 маркийн автомашин унаад явж байсныг мэднэ, өөр зүйл мэдэхгүй. Нэхэмжлэгчийн “баталгаа бичиж өгснөөрөө өр шилжсэн” гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. ******* өрийг шилжүүлж авсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 234.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хариуцагч ******* холбогдох 200 000 000 төгрөг гаргуулах тухай ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэгч Ч.Аж нь хариуцагч *******ын төрсөн дүү гэх *******рантай худалдах, худалдан авах гэрээний харилцаанд бус, харин 2014 оноос ажил хэргийн харилцаатай буюу *******ран нь түүний автомашиныг ******* өмнөөс бусдад худалдан борлуулдаг байсан гэж үзэхээр байх бөгөөд тэрээр Делика маркийн 1 ширхэг автомашины үнэ болох 18 000 000 төгрөг, Бонго маркийн 1 ширхэг автомашины үнэ болох 10 500 000 төгрөг, Тоёота приус-20 маркийн 2 ширхэг автомашины үнэ 33 000 000 төгрөг, нийт 61 500 000 төгрөгийг Ч.Ажид төлөх, төлөөгүй тохиолдолд 0.5 хувиар алданги төлөх тухайгаа 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр илэрхийлж байжээ” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Учир нь Ч.Аж *******рантай ямар ч ажил хэргийн харилцаагүй байсан.  *******ран автомашинуудыг зээлээр худалдан авч, мөнгийг төлөхгүй хүлээлт үүсгэж байгаад цагдаагийн байгууллагад хандах гэхэд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өмгөөлөгч Ю.Тогмидийг байлцуулан “одоогоор миний бие нь банкны зээлийн асуудлаар шалгагдаж байгаа тул 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл төлбөрийг хойшлуулахыг гуйж” дахин “Баталгаа”-г хийж өгсөн. Уг баталгаа нь худалдаж авсан машинуудын өртөг болох төгрөгийг төлж барагдуулна" гэснээс бус өөр утга санаа илэрхийлэгдээгүй. Гэтэл анхан шатны шүүх “худалдах, худалдан авах гэрээний харилцаа бус” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Мөн шийдвэрт “Б.Хишигбаяр, Ч.Аж нар гэр бүлийн хүмүүс байх бөгөөд Б.Хишигбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *******ранд олгосон итгэмжлэлээр Тоёота Ланд крузер маркийн автомашиныг бусдад худалдах, Авто тээврийн газарт нэр шилжүүлэх, зээлийн барьцаанд тавих эрхийг 3 сарын хугацаагаар олгож байсан байна гэж дүгнэсэн. Энэ нь *******ранд худалдан шилжүүлснийг нотолж байгаа бөгөөд цааш нь бусдад худалдах, барьцаалах нь *******рангийн асуудал юм.

*******ран нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нийт төлбөр 200 000 000 төгрөгийг барагдуулна, төлж чадаагүй тохиолдолд нэмж 100 000 000 төгрөгийг өгнө гэсэн бичиг үйлдэж өгсний дагуу түүний ах ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “миний дүү *******рангийн төлөх ёстой төлбөрийн үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлөхийг баталж байна” гэх баталгааг компанийн бланк дээр өөрийн гараар бичиж, тамга дарсан нь тухайн үед би компанитай, найдвартай төлнө гэсэн баталгаа болохоос бус шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод буй “...******* нь иргэний хувиар нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй” гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Ч.Аж, хариуцагч ******* нарын хооронд хуулийн дээрх шаардлагыг хангасан баталгааны гэрээний харилцаа болон өмнө үүссэн өөр бусад үүргийн харилцаагүй, баталгааг бичиж өгснөөр *******рангийн өрийг ******* шилжүүлж авсан гэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ” гэсэн маш ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Баталгаа нь үүрэг гүйцэтгүүлэгчээс үзүүлсэн үйлчилгээний хариу шаардлагыг гүйцэтгүүлэх нэгэн арга юм. *******ын баталгаагаа бичихдээ компанийнхаа лого, тамгыг ашиглан баталгаандаа хүч оруулсан, төлбөрийг төлөх хүсэл зоригийг илэрхийлж байгаа. ******* нь баталгаагаа өөрийн гараар бичсэн, түүнийг хэн ч албадаагүй, тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баталгаа гаргаж өгснөөр *******ран үүргээс чөлөөлөгдөж байгаа өр шилжиж байгаа тухай мэдэгдэл юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Аж хариуцагч ******* холбогдуулан 200 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

******* нь Ч.Аж н.Хишигбаяр нарт 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “миний дүү *******рангийн та бүхэнд төлөх ёстой төлбөрийн үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлөхийг баталж байна” гэх агуулга бүхий баримтыг бичиж өгсөн байх ба уг баримтын талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч Ч.Аж нь “******* баталгаа бичиж өгснөөр *******рангийн өрийг шилжүүлж авсан” гэж хариуцагч ******* нь “дүүгээ дарамтаас салгах, хугацаа хожих байдлаар баталгаа бичиж өгсөн, дүү *******ран амьд сэрүүн байхдаа Ч.Ажтой гэрээ байгуулж байгаагүй, автомашиныг худалдан авсан талаар баримтгүй, ямар шинж байдалтай автомашинууд байсан нь тодорхойгүй, автомашин өгч, авалцсан баримтгүй, хэдэн төгрөгөөр зарсан нь ч тодорхойгүй тул мөнгө төлөх үүрэггүй” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана” гэж зааснаар *******ыг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 , 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар *******рангийн өр төлбөрийг төлөх талаар хүсэл зоригийг илэрхийлсэн баталгаа гаргаж өгсөн гэж дүгнэнэ.

 

Иймд мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дахь хэсэгт зааснаар *******ран нь 2020 оны 05 дугаар сард нас барснаар үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тул Ч.Аж нь *******аас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

*******ын Ч.Ажид бичиж өгсөн “баталгаа” гэх баримтаас ямар гэрээний үүргийг, ямар гэрээний үндсэн дээр, ямар үүргийг төлж барагдуулахаар баталгаа гаргаж байгаа гэдэг нь тодорхой бус байх тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаар дээрх баталгаа гэх баримтыг агуулгыг үгийн шууд утгаар нь тайлбарлавал *******рангийн төлөх ёстой төлбөрийг төлнө гэсэн үүргийг хүлээсэн боловч үүргийн төрөл, хэмжээ тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Аж нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ланд круйзер маркийн автомашин 85 000 000 төгрөг, Пробокс маркийн автомашин 2 ширхэг нь 35 500 000 төгрөг, Бонго маркийн автомашин 1 ширхэг 10 500 000 төгрөг, Делика маркийн автомашин нь 18 000 000 төгрөг, Приус 20 маркийн 2 ширхэг машин нь 33 000 000 төгрөг, Приус 30 маркийн 1 ширхэг машин нь 18 000 000 төгрөг, нийт 200 000 000 төгрөг гэж тодорхойлсон боловч уг автомашиныг *******ранд хүлээлгэн өгсөн гэх, уг үүргийг нөхөн гүйцэтгэхээр хариуцагч баталгаа гаргасан эсэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Харин хариуцагч *******ын шүүхэд гаргасан “...би дүүгийн өмнөөс төлбөрийг төлөх санаатай олон оролдлого хийж байсан нь үнэн, ...Бонго гэх ачааны машинаар юм зөөгөөд явж байхыг талбайн тэнд харж байсан, ...7-8 төрлийн автомашиныг мэдэхгүй, хараагүй” гэх тайлбараас дүгнэвэл ******* нь *******рангийн Ч.Ажид төлөх Бонго маркийн автомашины төлбөрийг төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасан.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******аас 10 500 000 төгрөг гаргуулж Ч.Ажид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 189 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/00459 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 10 500 000 төгрөгийг гаргуулж Ч.Ажид олгож, нэхэмжлэлээс 189 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, найруулж,

2 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 182 950 төгрөгийг гаргуулж Ч.Ажид олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА