Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00787

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Ажийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/00459 дугаар шийдвэртэй, Ч.Ажийн нэхэмжлэлтэй Б.Барт холбогдуулан 200 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, хариуцагч Б.Бар, хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Аж нь Б.Барын дүү Б.Брантай 2017 онд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, Б.Бран 2017 оны 06 сард Ланд круйзер маркийн 1 ширхэг автомашин, Пропокс маркийн 2 ширхэг автомашин, Бонго маркийн 1 ширхэг автомашин, Делика маркийн 1 ширхэг автомашин, Приус 20 маркийн 2 ширхэг автомашин, Приус 30 маркийн 1 ширхэг автомашинуудыг худалдан авч, төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлөх байсан боловч төлөөгүй.

Ч.Ажийн гаалиар оруулж ирсэн автомашиныг Б.Бран нь авч цааш худалдаж, шууд худалдан авч буй хүний нэр дээр өмчлөлийг шилжүүлдэг байсан. Б.Бран нь 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөх баталгаа бичиж өгсөн. Б.Бран төлбөр төлөх үүргээ биелүүлэхүй цаг хугацаа өнгөрч байгааг сануулж, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд ах Б.Барын хамт ирж уулзаад “Б.Бран төлбөрөө 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхгүй бол өмнөөс төлнө” гэсэн баталгаа бичиж өгсөн боловч мөн л төлөөгүй. Дараа нь Б.Бар мөн төлбөр төлөх баталгаа бичиж өгсөн. Харамсалтай нь Б.Бран 2020 оны 05 сард нас барсан учир автомашины үнэ 200 000 000 төгрөгийг түүний төрсөн ах болох Б.Бараас Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилж байгаа.

Учир нь Б.Бар баталгаа бичиж өгснөөр Б.Брангийн өрийг шилжүүлж авсан гэж үзэж байна. Иймд Ланд круйзер маркийн автомашин 85 000 000 төгрөг, Пробокс маркийн автомашин 2 ширхэг нь 35 500 000 төгрөг, Бонго маркийн автомашин 1 ширхэг 10 500 000 төгрөг, Делика маркийн автомашин нь 18 000 000 төгрөг, Приус 20 маркийн 2 ширхэг машин нь 33 000 000 төгрөг, Приус 30 маркийн 1 ширхэг машин нь 18 000 000 төгрөг, нийт 200 000 000 төгрөгийг Б.Бараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Аж нь Б.Бартай биш түүний дүү Б.Брантай гэрээний харилцаанд орсон. Гэхдээ энэ харилцааг худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж үзэхгүй байна. Б.Бран нь Ч.Ажийн өмнөөс түүний автомашиныг бусдад худалдан борлуулж өгдөг байсан буюу ажил хэргийн холбоотой байсан, нарийн зүйлийг нь Б.Бар сайн мэдэхгүй.

Б.Барын хувьд дүүгээ дарамтаас салгах, хугацаа хожих байдлаар баталгаа бичиж өгсөн нь үнэн. Дүү Б.Бран амьд сэрүүн байхдаа Ч.Ажтой гэрээ байгуулж байгаагүй, автомашиныг худалдан авсан талаар баримтгүй.

Ч.Аж нийт 8 төрлийн автомашины үнэд 200 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч ямар шинж байдалтай автомашинууд байсан нь тодорхойгүй, автомашин өгч, авалцсан баримтгүй, хэдэн төгрөгөөр зарсан нь ч тодорхойгүй байдаг.

Харин бонго маркийн нэг ширхэг ачааны автомашин авсан байхыг харсан. Цагдаагийн газарт асуудал үүссэн байсан учраас дүүгээ төлж амжихгүй бол би төлнө гэж Б.Бар “Хиро майнинг” ХХК-ийн бланк дээр гараар 2 удаагийн баталгаа бичиж өгсөн байдаг.

“Хиро майнинг” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0517 тоот албан бичиг дээр зурагдсан Б.Барын гарын үсэг зөрүүтэй харагддаг, уг гарын үсгийг Б.Бар бичээгүй. Хамгийн анх Б.Бран нь Ч.Ажоос Делика маркийн автомашиныг худалдаж авч үнийг төлсөн байхад уг автомашины үнийг нэхэмжлэлд оруулсан нь ойлгомжгүй байна.

Мөн Бонго маркийн автомашиныг мэднэ, сүүлд Приус 30 маркийн автомашин унаад явж байсныг мэднэ, өөр зүйл мэдэхгүй. Нэхэмжлэгчийн “баталгаа бичиж өгснөөрөө өр шилжсэн” гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Б.Барт өрийг шилжүүлж авсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 234.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хариуцагч Б.Барт холбогдох 200 000 000 төгрөг гаргуулах тухай Ч.Ажийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ажийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэгч Ч.Аж нь хариуцагч Б.Барын төрсөн дүү гэх Б.Брантай худалдах, худалдан авах гэрээний харилцаанд бус, харин 2014 оноос ажил хэргийн харилцаатай буюу Б.Бран нь түүний автомашиныг Ч.Ажийн өмнөөс бусдад худалдан борлуулдаг байсан гэж үзэхээр байх бөгөөд тэрээр Делика маркийн 1 ширхэг автомашины үнэ болох 18 000 000 төгрөг, Бонго маркийн 1 ширхэг автомашины үнэ болох 10 500 000 төгрөг, Тоёота приус-20 маркийн 2 ширхэг автомашины үнэ 33 000 000 төгрөг, нийт 61 500 000 төгрөгийг Ч.Ажид төлөх, төлөөгүй тохиолдолд 0.5 хувиар алданги төлөх тухайгаа 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр илэрхийлж байжээ” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Учир нь Ч.Аж Б.Брантай ямар ч ажил хэргийн харилцаагүй байсан.  Б.Бран автомашинуудыг зээлээр худалдан авч, мөнгийг төлөхгүй хүлээлт үүсгэж байгаад цагдаагийн байгууллагад хандах гэхэд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өмгөөлөгч Ю.Тогмидийг байлцуулан “одоогоор миний бие нь банкны зээлийн асуудлаар шалгагдаж байгаа тул 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл төлбөрийг хойшлуулахыг гуйж” дахин “Баталгаа”-г хийж өгсөн. Уг баталгаа нь худалдаж авсан машинуудын өртөг болох төгрөгийг төлж барагдуулна" гэснээс бус өөр утга санаа илэрхийлэгдээгүй. Гэтэл анхан шатны шүүх “худалдах, худалдан авах гэрээний харилцаа бус” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Мөн шийдвэрт “Б.Хишигбаяр, Ч.Аж нар гэр бүлийн хүмүүс байх бөгөөд Б.Хишигбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б.Бранд олгосон итгэмжлэлээр Тоёота Ланд крузер маркийн автомашиныг бусдад худалдах, Авто тээврийн газарт нэр шилжүүлэх, зээлийн барьцаанд тавих эрхийг 3 сарын хугацаагаар олгож байсан байна гэж дүгнэсэн. Энэ нь Б.Бранд худалдан шилжүүлснийг нотолж байгаа бөгөөд цааш нь бусдад худалдах, барьцаалах нь Б.Брангийн асуудал юм.

Б.Бран нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нийт төлбөр 200 000 000 төгрөгийг барагдуулна, төлж чадаагүй тохиолдолд нэмж 100 000 000 төгрөгийг өгнө гэсэн бичиг үйлдэж өгсний дагуу түүний ах Б.Бар нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “миний дүү Б.Брангийн төлөх ёстой төлбөрийн үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлөхийг баталж байна” гэх баталгааг компанийн бланк дээр өөрийн гараар бичиж, тамга дарсан нь тухайн үед би компанитай, найдвартай төлнө гэсэн баталгаа болохоос бус шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод буй “...Б.Бар нь иргэний хувиар нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй” гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Ч.Аж, хариуцагч Б.Бар нарын хооронд хуулийн дээрх шаардлагыг хангасан баталгааны гэрээний харилцаа болон өмнө үүссэн өөр бусад үүргийн харилцаагүй, баталгааг бичиж өгснөөр Б.Брангийн өрийг Б.Бар шилжүүлж авсан гэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ” гэсэн маш ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Баталгаа нь үүрэг гүйцэтгүүлэгчээс үзүүлсэн үйлчилгээний хариу шаардлагыг гүйцэтгүүлэх нэгэн арга юм. Б.Барын баталгаагаа бичихдээ компанийнхаа лого, тамгыг ашиглан баталгаандаа хүч оруулсан, төлбөрийг төлөх хүсэл зоригийг илэрхийлж байгаа. Б.Бар нь баталгаагаа өөрийн гараар бичсэн, түүнийг хэн ч албадаагүй, тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баталгаа гаргаж өгснөөр Б.Бран үүргээс чөлөөлөгдөж байгаа өр шилжиж байгаа тухай мэдэгдэл юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Аж хариуцагч Б.Барт холбогдуулан 200 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Бар нь Ч.Аж н.Хишигбаяр нарт 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “миний дүү Б.Брангийн та бүхэнд төлөх ёстой төлбөрийн үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлөхийг баталж байна” гэх агуулга бүхий баримтыг бичиж өгсөн байх ба уг баримтын талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч Ч.Аж нь “Б.Бар баталгаа бичиж өгснөөр Б.Брангийн өрийг шилжүүлж авсан” гэж хариуцагч Б.Бар нь “дүүгээ дарамтаас салгах, хугацаа хожих байдлаар баталгаа бичиж өгсөн, дүү Б.Бран амьд сэрүүн байхдаа Ч.Ажтой гэрээ байгуулж байгаагүй, автомашиныг худалдан авсан талаар баримтгүй, ямар шинж байдалтай автомашинууд байсан нь тодорхойгүй, автомашин өгч, авалцсан баримтгүй, хэдэн төгрөгөөр зарсан нь ч тодорхойгүй тул мөнгө төлөх үүрэггүй” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана” гэж зааснаар Б.Барыг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 , 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Б.Брангийн өр төлбөрийг төлөх талаар хүсэл зоригийг илэрхийлсэн баталгаа гаргаж өгсөн гэж дүгнэнэ.

 

Иймд мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дахь хэсэгт зааснаар Б.Бран нь 2020 оны 05 дугаар сард нас барснаар үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тул Ч.Аж нь Б.Бараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

Б.Барын Ч.Ажид бичиж өгсөн “баталгаа” гэх баримтаас ямар гэрээний үүргийг, ямар гэрээний үндсэн дээр, ямар үүргийг төлж барагдуулахаар баталгаа гаргаж байгаа гэдэг нь тодорхой бус байх тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаар дээрх баталгаа гэх баримтыг агуулгыг үгийн шууд утгаар нь тайлбарлавал Б.Брангийн төлөх ёстой төлбөрийг төлнө гэсэн үүргийг хүлээсэн боловч үүргийн төрөл, хэмжээ тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Аж нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ланд круйзер маркийн автомашин 85 000 000 төгрөг, Пробокс маркийн автомашин 2 ширхэг нь 35 500 000 төгрөг, Бонго маркийн автомашин 1 ширхэг 10 500 000 төгрөг, Делика маркийн автомашин нь 18 000 000 төгрөг, Приус 20 маркийн 2 ширхэг машин нь 33 000 000 төгрөг, Приус 30 маркийн 1 ширхэг машин нь 18 000 000 төгрөг, нийт 200 000 000 төгрөг гэж тодорхойлсон боловч уг автомашиныг Б.Бранд хүлээлгэн өгсөн гэх, уг үүргийг нөхөн гүйцэтгэхээр хариуцагч баталгаа гаргасан эсэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Харин хариуцагч Б.Барын шүүхэд гаргасан “...би дүүгийн өмнөөс төлбөрийг төлөх санаатай олон оролдлого хийж байсан нь үнэн, ...Бонго гэх ачааны машинаар юм зөөгөөд явж байхыг талбайн тэнд харж байсан, ...7-8 төрлийн автомашиныг мэдэхгүй, хараагүй” гэх тайлбараас дүгнэвэл Б.Бар нь Б.Брангийн Ч.Ажид төлөх Бонго маркийн автомашины төлбөрийг төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасан.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Бараас 10 500 000 төгрөг гаргуулж Ч.Ажид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 189 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/00459 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бараас 10 500 000 төгрөгийг гаргуулж Ч.Ажид олгож, нэхэмжлэлээс 189 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, найруулж,

2 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Б.Бараас улсын тэмдэгтийн хураамжид 182 950 төгрөгийг гаргуулж Ч.Ажид олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА