Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/1181

 

Ц.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Э.Золжаргал,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/1221 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Золжаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.О-т холбогдох 2308 00209 1076 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-ын О, 2005 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, гурван дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан;

Ц.О нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй Х.А-ийн эд хөрөнгийг авах зорилгоор нүүрэн тус газар тохойлдох, хөлийн шилбэ хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, түүний эзэмшлийн “Iphone-Xs” загварын гар утсыг дээрэмдэж, бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 66 дугаар байрны орцонд насанд хүрээгүй П.З-ын эд хөрөнгийг авах зорилгоор нүүрэн тус газар нь гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр хүч хэрэглэн довтолж, түүний эзэмшлийн “Iphone-X” загварын гар утсыг дээрэмдэж, бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Ц.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бүргэд овогт Цолмонбаатарын О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-аас 370.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “С” барьцаалан зээлдүүлэх газар /Б.Д/-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.О-ыг цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Э.Золжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдалд тохирсон шийтгэл оноогоогүй. Дээрмийн гэмт хэргийн шинж нь анх уг гэмт үйлдлийг хийх хүсэл зорилго, хүч хэрэглэсэн үү, айлган сүрдүүлсэн үү, ямар нэгэн довтолгоо буюу хохирогч руу чиглэсэн ямар үйлдэл хийсэн гэдгийг шалган, гэмт хэргийн шинж байдлыг тогтоож, түүний үндсэн дээр хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох нь чухал юм. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд энэ нөхцөл байдлыг бүрэн тогтоосон гэдэг нь эргэлзээтэй байдаг. Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн зан төлөв, хүч хэрэглэсэн цар хүрээ, учруулсан хохирол гээд олон зүйлээс шалтгаалж шүүхээс 2-8 жилээс сонгож эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуульд хэдийгээр зааж өгсөн боловч гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хохирлын хэмжээ бага, хохирогчид гомдол саналгүй, нийгэмд үзүүлэх хор уршиг нь бага учир хамгийн бага хөнгөн ял оноох боломжтой гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд “...учруулсан хохирлыг төлсөн гэх зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байх бөгөөд шүүх хуралд хохирогч ямар нэгэн гомдол саналгүй...” гэсэн, мөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа харгалзан үзэх шаардлагатай байсан. Шийтгэх тогтоолын биеийн байцаалт хэсэгт Ц.О-ыг “ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг” гэсэн. Үнэн хэрэг дээрээ мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг гүйцэд, зөв тогтоож чадаагүй. Ц.О-ын аав нь 2018 онд нас барсан бөгөөд одоо эх, 2, 9, 11 насны 3 дүүгийн хамт амьдардаг. Энэ өрх айлд том хүүгийн чухал үүрэг гүйцэтгэж, ээждээ ганц хань болон тусалж, дүү нараа тэжээн тэтгэхэд чухал хувь нэмэр оруулах хүн яах аргагүй мөн.

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлгийг бүрэн ашиглах ёстой байсан боловч ашиглаагүй. Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх нь эргэлзээтэй. Миний үйлчлүүлэгч тухайн хоёр хүүхдийн гар утсыг түр зээлж аваад буцааж өгөх санаа зорилготой байсан бөгөөд дээрмийн гэмт хэрэг үйлдэх ямар ч санаа зорилго, сэдэл огт байгаагүй. Дээрх хоёр хүүхдэд болон эцэг эх нь анхан шатны шүүх хурлын дараа хорих ялтай гэдгийг нь мэдээгүй, одоо ямар нэг санал гомдолгүй гэдгээ шүүгдэгч болон ээжид нь хэлсэн. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн тал дээр маргаан үүсгэхгүй, өөрийн хийсэн хэрэгт харамсаж байгаа бөгөөд хохирогч нараас уучлалт гуйж, хохирлыг барагдуулсан. Насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдож, ээжийгээ зовоож байгаад харамсаж байгаагаа илэрхийлэхээс гадна цаашид өөрийн зан төлөвт анхаарч, нийгэмд биеэ зөв авч явна гэж итгэж байна. Өсвөр насны хүүхдэд 1 жил 6 сар нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулж байгаа энэ хүүхдийн зан төлөвийг засан хүмүүжүүлж чадна гэдэгт итгэхгүй байгаа бөгөөд хорих ял эдэлсэн тохиолдолд сайн, муу олон хүний нөлөөлөлд автаж, зан төлөв нь засрах бус эвдрээд гарч ирэх магадлал өндөр юм. Ийм бодит нөхцөлд илэрхий байгаа учраас нэг удаа өсвөр насны Монгол Улсын иргэн болсон залууд төрийн уучлал, хайр энэрлийг үзүүлээсэй гэж хүсч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дурдаж ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байсан. Иргэний нэхэмжлэгч “Б” ХХК-ийн Б.Д-д 370.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлөгдсөн гэж байгаа боловч энэ талаарх баримт байхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт нь хохирол төлөгдсөн байхыг шаарддаг тул хэрэглэх боломжгүй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлийг харгалзан анхан шатны шүүхээс ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг анхан шатны шүүх хэрэгжүүлсэн гэж үзэж байна. ...120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн биелүүлээгүй байсныг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. ...Дээрэмдэх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр өөртөө ашиг олох зорилгоор үйлдэж байгаа учраас дээрэмдсэн гар утсыг зарж ашиг олсон 400.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзээгүй. ...Шүүгдэгч нь дээрэмдэх гэмт хэргийг өөр өөр цаг хугацаанд 2 удаа үйлдсэн. Нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн тул эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр үргэлжилсэн үйлдэл гэж үзсэн. ...Ийм асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна. Гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгээд л орхиод байна. Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлахгүй, хэргийг бүхэлд нь хянана. Эдгээр нөхцөл байдлуудад дүгнэлт өгөх ёстой. ...Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Ц.О- нь үргэлжилсэн үйлдлээр:

                  а/ 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй Х.А-ийн эд хөрөнгийг авах зорилгоор нүүрэнд тохойлдох, хөлийн шилбэ рүү өшиглөх зэргээр хүч хэрэглэн түүний эзэмшлийн “Iphone XS” загварын гар утсыг авч, 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Х.А-ийн шүүгдэгч Ц.О- өөрийг нь “Хоёулаа уулзъя” хэмээн байрны орц руу дагуулан орж, нүүр рүү нь тохойлдож, хөл рүү нь өшиглөж гар утсыг нь авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх 72-77/,

гэрч А.П-ийн: “...Ц.О- ах манай найз Х.А-д “Чи утсаа өгчих” гэсэн чинь Х.А “Үгүй” гэсэн. Ц.О- “Чи ямар сонин зантай гөлөг вэ” гээд Х.А-ийг дагуулаад 12 дугаар байрны 2 дугаар орц руу орсон. ...” /хх 82/,

иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн: “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ж.Ч гэх хүн орж ирээд өөрийнхөө эд зүйл гэж “Iphone XS” загварын гар утсыг барьцаалан “Зээл авъя” гэхээр нь би эд зүйлийг шалган 370.000 төгрөгийн зээлийг 7 хоногийн хугацаатай зээл өгч гэрээ байгуулсан. ...” /хх 94/,

шүүгдэгч Ц.О-ын насанд хүрээгүй хохирогч Х.А-ийн гар утсыг хүч хэрэглэн авч, Ж.Ч-ий иргэний үнэмлэхийг ашиглан барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан зээл авч, мөнгийг зарцуулсан талаар мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлэг /хх 114/,

насанд хүрээгүй хохирогч Х.А-ийн “Iphone XS” загварын гар утсыг 750.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2419 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 96/, эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх 106-108/ зэрэг нотлох баримтуудаар,

                  б/ мөн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 66 дугаар байрны орцонд насанд хүрээгүй хохирогч П.З-ын нүүр, толгой руу нь цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр хүч хэрэглэн, түүний эзэмшлийн “Iphone X” загварын гар утсыг авч, 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч П.З-ын шүүгдэгч Ц.О- “Утсаа өгчих, өгөхгүй бол ална шүү” хэмээн өөрийнх нь нүүр, толгой руу цохих зэргээр хүч хэрэглэж, гар утсыг нь авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх 14/,

насанд хүрээгүй гэрч Х.А-ийн: “...Ц.О- П.З-ын баруун шилбэ рүү 3 удаа өшиглөөд “Чи надад утсаа хэд хоног өгчих, би ломбардад тавилаа” гэсэн чинь П.З “Ээж, аав мэдвэл ална шүү дээ, болохгүй” гэсэн чинь “Би чамд ямар авч өгөхгүй гээд байгаа биш дээ, чи аав, ээждээ алга болгосон гэж хэл” гэхэд П.З “Үгүй” гэсэн чинь Ц.О- “Би ядаж ганц инстаграм орчихоод өгье, гаргаад ир” гэхэд П.З халааснаасаа утсаа гаргасан. Ц.О- нь П.З-ын гараас “Iphone X” гар утсыг нь булааж аваад “Кодоо хэл” гэхэд П.З кодоо хэлсэн. ...” /хх 20/,

шүүгдэгч Ц.О-ын: “...П.З намайг фейсбүүк чатаар муулсан асуудлыг ярьж байгаад П.З-ын толгойн ар хэсэг рүү зөөлхөн дагзадсан. Дараа нь би П.З-т хандан “Ахад нь мөнгөний хэрэг гарчихлаа, утсаа ломбардад тавиад өгчих” гэсэн чинь П.З “Үгүй” гэхээр нь “Утсаа тавьчих юм бол намайг муулсан асуудлыг чинь мартъя, утсыг чинь би дараа аваад өгнө” гэсэн чинь П.З “Та 7 хоногийн дараа буцааж өгөөрэй” гэхээр нь би “Битгий хүнд хэлээрэй” гээд “Iphone X” гар утас болон кодыг аваад салцгаасан. ...” /хх 55/ гэсэн мэдүүлгүүд,

насанд хүрээгүй хохирогч П.З-ын “Iphone X” загварын гар утсыг 550.000 төгрөгөөр үнэлсэн “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №1146 дугаар дүгнэлт /хх 27-28/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.О-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. Харин шүүгдэгчийг гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн нөхцөл заасан хэсэгт тусгагдсанаас өөр байдлаар гэм буруутайд тооцсон нь бичвэрийн хувьд алдаатай байх тул энэ алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон...” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Ц.О-ыг “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй тул дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний объектив үндсэн шинжээр нь гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.

  1. Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг давхар баримталсан нь буруу байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.О-ын 2022 оны 11 дүгээр сарын 21 болон 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд насанд хүрээгүй хохирогч Х.А, П.З нарын эд хөрөнгийг дээрэмдсэн үйлдлүүд нь хэдийгээр Эрүүгийн хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн, өөр өөр хохирогчтой, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн буюу тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Гэмт этгээдийн урьд нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн нөхцөл байдлыг түүний сүүлд үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулахыг нийтлэг давталт гэж үзэх бөгөөд харин Эрүүгийн хуульд заасан зөвхөн нэг төрлийн, эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамааруулан үзнэ.

Дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлагдсан бол түүгээр зүйлчилж, харин хуульчлагдаагүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэх учиртай.

Түүнчлэн үргэлжилсэн үйлдэл гэдэгт гэмт этгээд тодорхой хугацаанд хэд хэдэн удаагийн ижил үйлдлээр нэг эх сурвалжид буюу нэг хүн, хуулийн этгээдэд хохирол учруулсан байхыг ойлгодог тул анхан шатны шүүх шүүгдэгч Ц.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь хууль зүйн үндэслэлгүй тул энэ хэсгийг хассан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгч Ц.О-ын үйлдлийг зөвхөн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэсэн шинжээр нэгтгэн зүйлчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчид нэг удаа ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн “Хууль ёсны зарчим”-д нийцнэ гэж дүгнэв.

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь хоёр жилээс найман жилийн хорих ял оногдуулахаар заасан хүнд ангиллын гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ц.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн, мөн урьд ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих  ял шийтгэснийг хөнгөрүүлж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл, журмыг заасан.

Шүүгдэгч Ц.О- 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ /хх 55/ тэрээр насанд хүрээгүй хохирогч П.З-ын гар утсыг хүч хэрэглэн хууль бусаар авч, фэйсбүүкт зар байршуулах замаар бусдад 400.000 төгрөгөөр худалдсан талаар дурдсан байхад гэмт хэрэг үйлдэж олсон буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн дээрх мөнгийг шүүгдэгчээс гаргуулах талаар прокурор санал гаргаагүй, анхан шатны шүүх энэ талаар шийдвэрлээгүй, дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байна.

Иймд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.О-аас гэмт хэрэг үйлдэж олсон 400.000 төгрөгийг Эрүүгийн хуульд зааснаар албадан гаргуулж, улсын орлого болгуулах нэмэлт заалт оруулахаар шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Золжаргалын гаргасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтүүдийг оруулав.

Шүүгдэгч Ц.О-ын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/1221 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            1 дэх заалтыг “Шүүгдэгч Б овгийн Ц-ын О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

            2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

            3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-аас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ын цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

                                    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ