Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 318/ШШ2025/00256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн  сумын  дүгээр баг,  дугаар гудамж  тоотод оршин суух, регистрийн дугаар ,  ургийн овогт  Тийн,

Хариуцагч: Д нөхөрлөл ББН-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 24,621,610 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга,

Хариуцагч Д.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам, Л.Эрдэнэцэцэг /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Д нөхөрлөл ББН-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 24,621,610 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Д нөхөрлөл сумын өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлэгч сахиулаар ажиллаж байгаад тус эрүүл мэндийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 тоот тушаалаар мөн оны 1 дүгээр сарын 31-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлтэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 152/ШШ220200430 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган тус эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийн дагуу ажилдаа орохоор О даргатай 2 удаа уулзаж амаар болон бичгээр хүсэлт гаргахад би шийдвэрээ гаргачхаад мэдэгдэнэ гэсэн. Ингээд 3 дугаар сарын 16-ны өдөр 13 цагт ажилд орсон тушаалаа авч ажилдаа ороорой гэсэн мессеж ирсэн. 16 цагт тушаалаа хүлээж аваад 17-ны өглөө ажилдаа очоод цэвэрлэгээ хийж байтал дарга өрөөндөө дуудаж нөхөрлөлийн гишүүдийг байлцуулж байгаад үйлчлэгчийн орон тоо хасагдсан тул танд 30 хоногийн хугацаатай мэдэгдэл өгч байна гэж мэдэгдэх хуудас өгсөн. Би гараад ажлаа үргэлжлүүлээд хийж байтал миний оронд ажиллаж байсан үйлчлэгчийг дуудаж ирүүлээд намайг та ажиллах шаардлагагүй, албадаж гаргах юм уу гэж дарамтлахаар нь би ажлаа орхиод явсан. 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдлийн хугацаа дуусаж байсан тул тушаал авахаар 18-ны өглөө Дунцагаан өрхийн эмнэлэг дээр очиход дарга ажил дээрээ байгаагүй, 16 цаг 30 минутын үед сувилагч Ариунаа над руу утасдаж тушаалаа аваарай гэхээр нь эмнэлэг орж тушаалаа Ариунаагаас авсан. Тушаал гардаж авсан талаар гарын үсэг зуруулаагүй, тушаалыг 2 цагаан цаасны дунд хавчуулж өгсөн тул анзааралгүй гэртээ ирээд харахад 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гарсан тушаал байсан. Улаангом сумын 5 багийн 10 гаруй мянган иргэнд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн төв үйлчлэгчийн орон тоогоо хасаж үйлчлэгчгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж байгаа нь хэт итгэл үнэмшилгүйн дээр 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/08 тоот тушаалаар үйлчлэгчийн ажилд эгүүлэн аваад 3 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн харилцааг 4 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болгохоор мэдэгдэх хуудас гардуулсан боловч 3 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тухай Б/09 тоот тушаал гаргасан байна. Дарга Д.О нь 3 шатны шүүхийн шийдвэрийг дүр үзүүлж нэр төдий биелүүлэн шүүхийг үл хүндэтгэн, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчин удаа дараа хууль бус шийдвэр гарган дур зоргоороо авирлаж байна. Энэ талаар Улаангом сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан бөгөөд миний гомдлыг хорооны хуралдаанаар хэлэлцээд шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлэн үйлчлэгчийн ажлын байрыг үндэслэлгүйгээр хассан байх тул Б/09 тоот тушаалаа хүчингүй болгож, цалинг нь хууль, журамд заасны дагуу тогтоохыг Д нөхөрлөл ББН-ын дарга Д.Од даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл Д.О уг шийдвэрийг зөвшөөрөхгүй гээд өнөөдрийг хүртэл шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаж байна. Иймд Д нөхөрлөл ББН-ын даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгон намайг Д нөхөрлөл өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Миний бие хамгийн сүүлд буюу 2021 оны 11 дүгээр сард 2,031,700 төгрөг, 12 дугаар сард 1,081,700 төгрөг, 2022 оны 1 дүгээр сард 915,593 төгрөгийн цалингууд авсан бөгөөд уг цалингаас миний дундаж цалин хөлсийг тооцвол сарын 1,342,997 төгрөг, өдрийн дундаж цалин 63,952 төгрөг болж байна. Тус цалингаа ажилгүй байсан 1 жил 6 сар 7 өдрийн хугацаагаар тооцоолбол 1 жил 6 сар буюу 18 сарын дундаж цалин 18х1,342,997=24,173,946 төгрөг, 7 өдрийг 63,952=447,664 төгрөг, нийт 24,621,610 төгрөг болж байгаа тул ажилгүй байсан хугацааны олговорт 24,621,610 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Т нь Д нөхөрлөл ББН-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлс, урамшуулалтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийлгэх шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д нөхөрлөл өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр төр хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр нийгмийн анхдагч нэгж болох өрхийн түвшинд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий хувийн хэвшлийн хуулийн этгээд юм. Ашгийн төлөө хуулийн этгээд болохын Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны тухай N35292:2017 стандартад нийцүүлэн өөрийн бүтэц орон тоог үйл ажиллагааны онцлог, төсөв, ажиллах хүчний нөхцөл боломж зэрэгт үндэслэн тогтоох бүрэн эрхтэй. Үүний дагуу Д нөхөрлөлийн бүтэц, орон тоог шинэчлэн тогтоож, үйлчлэгчийн ажлын байрыг хасаж угтах үйлчилгээний ажилтны орон тоог шинээр бий болгосон. Учир нь Эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны тухай тухай ММ35292:2011 стандартад өрхийн эрүүл мэндийн төв нь гэрээгээр үйлчлэгч ажиллуулахыг зөвшөөрнө гэж зааснаас үзэхэд үйлчлэгчийн ажлын байр нь өрхийн эрүүл мэндийн төвийн бүтцэд заавал байх ёстой ажлын байр биш байх тул үйлчлэгчийн ажлын байрыг хассан нь хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, стандартыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийн эрх зүйн үндэслэлийн тухайд, байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосны улмаас үйлчлэгчийн ажлын байр хасагдсан бөгөөд нэхэмжлэгч нь дээд боловсрол эзэмшээгүй тул шинээр бий болсон угтах үйлчилгээний ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байсан тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бөгөөд тус хуулийн 80.4 дэх хэсэгт заасныг баримтлан мэдэгдэл өгсөн болно. Мөн байгууллагын батлагдсан бүтэц, орон тооны дагуу нэгэнт үйлчлэгчийн ажлын байр хасагдсан тул Ч.Тийг мэдэгдэл өгсөн 30 хоногийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэж, олговор олгосон болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч нь шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлж, шүүхийг үл хүндэтгэсэн гэж тайлбарлажээ. Гэвч байгууллагын бүтэц, орон тоог 2023 оны эхэнд шинэчлэн баталсан бөгөөд ийнхүү баталсан нь нэхэмжлэгчтэй хамааралгүй бөгөөд хувийн хэвшлийн хуулийн этгээд өөрийн бүтэц, орон тоог оновчтой зохион байгуулж, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар шийдвэр гаргасныг шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлэх зорилготой, шүүхийг үл хүндэтгэсэн гэж мушгин гуйвуулах нь хэт явцуу, үндэслэлгүй тайлбар байна. Өөрөөр хэлбэл, Д нөхөрлөлийн бүтэц, орон тоог нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон гурван шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө шинэчлэн тогтоосон бөгөөд шинээр мөрдөж байгаа бүтэц, орон тооны хүрээнд нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байр хасагдсан тул цаашид хөдөлмөрийг харилцааг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд ажил олгогчийн зүгээс буюу хариуцагчийн зүгээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн дотоод үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Д нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/08 дугаар “Ажилд эгүүлэн авах тухай” тушаал, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаал, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэх хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр хуралдааны тэмдэглэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 430 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар “Хяналтын гомдол хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

4. Хариуцагчаас 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Д нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/08 дугаар “Ажилд эгүүлэн авах тухай” тушаал, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/10 дугаар “Ажил хавсруулах тухай” тушаал, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “Бүтэц орон тоо батлах тухай” тушаал, хавсралт, тус нөхөрлөлийн ажилтнуудын хурлын тэмдэглэл, мэдэгдэх хуудас, явуулсан бичгийн бүртгэл, Н.Дэлгэржаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Ж.Эрдэнэцэцэгтэй байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээ, угтах үйлчилгээний ажилтны албан тушаалын тодорхойлолт, тус нөхөрлөлийн ажилтнуудын 2022 оны 3 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар Д нөхөрлөл ББН-өөс нэхэмжлэгч Ч.Тийн 2021 оны 11, 12, 2022 оны 1 дүгээр саруудын цалингийн хүснэгтүүд, тус нөхөрлөлийн бүтэц, шинэчлэн баталсан шийдвэрийг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д нөхөрлөл ББН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулсан, Н.Ариунаа, Б.Алгирмааг нарыг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Тийн хариуцагч Д нөхөрлөл ББН-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 24,621,610 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие Д нөхөрлөл сумын өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлэгч сахиулаар ажиллаж байгаад тус эрүүл мэндийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 тоот тушаалаар мөн оны 1 дүгээр сарын 31-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу ажилдаа орохоор О даргатай 2 удаа уулзаж амаар болон бичгээр хүсэлт гаргахад би шийдвэрээ гаргачхаад мэдэгдэнэ гэсэн. Ингээд 3 дугаар сарын 16-ны өдөр 13 цагт ажилд орсон тушаалаа авч, ажилдаа ороорой гэсэн мессеж ирсэн. 16 цагт тушаалаа хүлээж аваад 17-ны өглөө ажилдаа орсон.

2.2. Ингээд тухайн өдрөө цэвэрлэгээ хийж байтал дарга өрөөндөө дуудаж нөхөрлөлийн гишүүдийг байлцуулж байгаад үйлчлэгчийн орон тоо хасагдсан тул танд 30 хоногийн хугацаатай мэдэгдэл өгч байна гэж мэдэгдэх хуудас өгсөн. Би гараад ажлаа үргэлжлүүлээд хийж байтал миний оронд ажиллаж байсан үйлчлэгчийг дуудаж ирүүлээд намайг та ажиллах шаардлагагүй албадаж гаргах юм уу гэж дарамтлахаар нь би ажлаа орхиод явсан.

2.3. 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдлийн хугацаа дуусаж байсан тул тушаал авахаар 18-ны өглөө Дунцагаан өрхийн эмнэлэг дээр очиход дарга ажил дээрээ байгаагүй, 16 цаг 30 минутын үед сувилагч Ариунаа над руу утасдаж тушаалаа аваарай гэхээр нь эмнэлэг орж тушаалаа Ариунаагаас авсан. Тушаал гардаж авсан талаар гарын үсэг зуруулаагүй, тушаалыг 2 цагаан цаасны дунд хавчуулж өгсөн тул анзааралгүй гэртээ ирээд харахад 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гарсан тушаал байсан.

2.4. Дарга Д.О нь 3 шатны шүүхийн шийдвэрийг дүр үзүүлж нэр төдий биелүүлэн шүүхийг үл хүндэтгэн, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчин удаа дараа хууль бус шийдвэр гарган дур зоргоороо авирлаж байна.

2.5. Энэ талаар Улаангом сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан бөгөөд миний гомдлыг хорооны хуралдаанаар хэлэлцээд шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлэн үйлчлэгчийн ажлын байрыг үндэслэлгүйгээр хассан байх тул Б/09 тоот тушаалаа хүчингүй болгож, цалинг нь хууль, журамд заасны дагуу тогтоохыг Д нөхөрлөл ББН-ын дарга Д.Од даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл Д.О уг шийдвэрийг зөвшөөрөхгүй гээд өнөөдрийг хүртэл шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаж байна.

2.6. Иймд Д нөхөрлөл ББН-ын даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгон намайг Д нөхөрлөл өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

2.7. Миний бие хамгийн сүүлд буюу 2021 оны 11 дүгээр сард 2,031,700 төгрөг, 12 дугаар сард 1,081,700 төгрөг, 2022 оны 1 дүгээр сард 915,593 төгрөгийн цалингууд авсан бөгөөд уг цалингаас миний дундаж цалин хөлсийг тооцвол сарын 1,342,997 төгрөг, өдрийн дундаж цалин 63,952 төгрөг болж байна. Тус цалингаа ажилгүй байсан 1 жил 6 сар 7 өдрийн хугацаагаар тооцоолбол 1 жил 6 сар буюу 18 сарын дундаж цалин 18х1,342,997=24,173,946 төгрөг, 7 өдрийг 63,952=447,664 төгрөг, нийт 24,621,610 төгрөг болж байгаа тул ажилгүй байсан хугацааны олговорт 24,621,610 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Ашгийн төлөө хуулийн этгээд болохын Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны тухай N35292:2017 стандартад нийцүүлэн өөрийн бүтэц орон тоог үйл ажиллагааны онцлог, төсөв, ажиллах хүчний нөхцөл боломж зэрэгт үндэслэн тогтоох бүрэн эрхтэй. Үүний дагуу Д нөхөрлөлийн бүтэц, орон тоог шинэчлэн тогтоож, үйлчлэгчийн ажлын байрыг хасаж угтах үйлчилгээний ажилтны орон тоог шинээр бий болгосон. Учир нь Эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны тухай тухай ММ35292:2011 стандартад өрхийн эрүүл мэндийн төв нь гэрээгээр үйлчлэгч ажиллуулахыг зөвшөөрнө гэж зааснаас үзэхэд үйлчлэгчийн ажлын байр нь өрхийн эрүүл мэндийн төвийн бүтцэд заавал байх ёстой ажлын байр биш байх тул үйлчлэгчийн ажлын байрыг хассан нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, стандартыг зөрчсөн гэж үзэхгүй байна.

3.2. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийн эрх зүйн үндэслэлийн тухайд, байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосны улмаас үйлчлэгчийн ажлын байр хасагдсан бөгөөд нэхэмжлэгч нь дээд боловсрол эзэмшээгүй тул шинээр бий болсон угтах үйлчилгээний ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байсан тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бөгөөд тус хуулийн 80.4 дэх хэсэгт заасныг баримтлан мэдэгдэл өгсөн болно.

3.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч нь шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлж, шүүхийг үл хүндэтгэсэн гэж тайлбарлажээ. Байгууллагын бүтэц, орон тоог 2023 оны эхэнд шинэчлэн баталсан бөгөөд ийнхүү баталсан нь нэхэмжлэгчтэй хамааралгүй бөгөөд хувийн хэвшлийн хуулийн этгээд өөрийн бүтэц, орон тоог оновчтой зохион байгуулж, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар шийдвэр гаргасныг шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлэх зорилготой, шүүхийг үл хүндэтгэсэн гэж мушгин гуйвуулах нь хэт явцуу, үндэслэлгүй тайлбар байна.

3.4. Д нөхөрлөлийн бүтэц, орон тоог нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон гурван шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө шинэчлэн тогтоосон бөгөөд шинээр мөрдөж байгаа бүтэц, орон тооны хүрээнд нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байр хасагдсан тул цаашид хөдөлмөрийг харилцааг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд ажил олгогчийн зүгээс буюу хариуцагчийн зүгээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн дотоод үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Д нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1, 80.4, 80.5 дахь заалтуудыг баримтлан тус нөхөрлөлийн үйлчлэгчийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Ч.Тийн хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалж, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

4.2. Нэхэмжлэгч Ч.Т ажлаас чөлөөлсөн Д нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Увс аймгийн Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өдөр гомдол гаргасан байна. Увс аймгийн Улаангом сумын Хөдөлмөрийн Эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр хуралдааны тэмдэглэлээр Ч.Тийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосныг хариуцагч тал зөвшөөрөөгүй тул нхэхмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

4.3. Өмнө нь нэхэмжлэгч Ч.Т хариуцагч Д нөхөрлөл ББН-д холбогдуулан тус нөхөрлөлийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ковид цар тахлын үед /2021, 2022 онуудад/ эмч, сувилагч, ажилтан нарт олгосон урамшуулал, гар утас, бусад нэмэгдлийг олгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр тушаалыг хүчингүй болгож, түүнийг Д нөхөрлөл ББН-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ковид цар тахлын үед /2021, 2022 онуудад/ эмч, сувилагч, ажилтан нарт олгосон урамшуулал, гар утас, бусад нэмэгдлийг олгуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн өмгөөлөгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Шарнууд ургийн овогт Чөөдөнгийн Тийг урьд эрхэлж байсан ажил буюу Д нөхөрлөл ББН-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Улмаар хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг магадлалыг эс зөвшөөрч хяналтын жрумаар гомдол гаргасан боловч Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар “Хяналтын гомдол хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гэж, мөн зүйлийн 61.1.2-т Хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Д нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/08 дугаар “Ажилд эгүүлэн авах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар тогтоолыг тус тус баримтлан овогтой Тийг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авсан боловч орон тоо хасагдсан гэх үндэслэлээр 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. 

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж, мөн зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилсан. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдгийг тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

 

Д нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар тус өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 онд ажиллаж бүтэц, орон тоог баталсан байх ба хавсралтад тусгагдсанаар тус өрхийн эрүүл мэндийн төвийн орон тоог дарга – 1, их эмч – 5, өрхийн сувилагч – 5, дархлаажуулалтын сувилагч – 1, хөтөч сувилагч – 1, уламжлалтын бага эмч – 1, ЭМНА – 1, уламжлалтын их эмч – 1, дүн бүртгэгч сувилагч – 1, нярав – 1, нягтлан бодогч – 1, багийн бага эмч – 1, лаборант – 1, архив, бичиг хэрэг – 1, жолооч – 1, угтах үйлчилгээний ажилтан – 1, нийт 24 орон тоотойгоор баталсан ба үйлчлэгчийн орон тоог хассан байна.

 

Дээрх тушаалаар үйлчлэгчийн орон тоог хассан атлаа цэвэрлэгээ, үйлчилгээ хийх албан тушаалын чиг үүргийг угтах үйлчилгээний ажилтанд хариуцуулж, Д нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/10 дугаар “Ажил хавсруулах тухай” тушаалаар нярав, сувилагч Н.Дэлгэржаргалд угтах үйлчилгээний ажилтанг хавсран ажиллуулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно гэж заасан.

 

Д нөхөрлөл ББН-ийн даргын бүтэц орон тоо батлах тухай тушаалаар нярав, сувилагчийн орон тоог тус тусдаа байхаар баталсан ба нярав, сувилагчаар ажиллаж байсан Н.Дэлгэржаргалд 3 дахь ажлын байр буюу цэвэрлэгээ, үйлчилгээ хийх албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх угтах үйлчилгээний ажилтны ажлыг хавсруулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Угтах үйлчилгээний ажилтны албан тушаалын тодорхойлолтын зорилгыг үйлчлүүлэгчдийг угтах тусламж үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээ хийх гэж тодорхойлсноос үзвэл үйлчлэгчийн ажлын чиг үүрэг хэвээр байгаа буюу зөвхөн нэрийг нь “угтах үйлчилгээний ажилтан” гэж өөрчилжээ.

 

6. Дээрх үйл баримтын талаар гэрч Н.Ариунаа “Би Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвд 2013 оны 1 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сэргээн засах эмчилгээний сувилагчаар ажиллаж байгаад ажлаас халагдсан. Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлэгчийн орон тоо байсан бөгөөд үйлчлэгчээр Т ажиллаж байгаад түүнийг халагдсаны дараа Дуламсүрэн гэдэг хүн ажилд орсон. Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Г нь намайг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилд томилсон тушаалаа ав гэж ярьсан тул мөн өдрийн 08:00 цагт ажилд очиход Дуламсүрэн цэвэрлэгээ хийж байсан. Маргааш нь буюу 5 дугаар сарын 23-ны өдөр өдөр би ажлаа хүлээлцэх гээд дахин Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төв дээр очихдоо Дуламсүрэнгээс чи үйлчлэгчээр ажиллаад, цэвэрлэгээ хийж байгаа юм уу? гэж асуухад юу ч дугараагүй. Намайг ажлаас чөлөөлөгдөх өдөр хүртэл буюу 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл үйлчлэгчээр Дуламсүрэн ажиллаж байсан” гэж, гэрч Б.Алгирмаа “Би Д нөхөрлөл өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан. Одоо ажиллахгүй байгаа ба Увс аймгийн Улаангом сумын 13 дугаар цэцэрлэгт эмчээр ажиллаж байгаа. Тус цэцэрлэгт 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн жирэмсний амралттай хүний оронд түр ажиллаж байгаа. Би 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс Д нөхөрлөл өрхийн эрүүл мэндийн төвд 3, 7, 12 дугаар багийн сувилагчаар ажиллаж эхэлсэн. Дараа нь 2022 оны 1 дүгээр сараас хөтөч сувилагчаар ажиллах болсон бөгөөд 2023 оны 2 дугаар сарыг дуустал хөтөч сувилагчаар ажиллаад жирэмсний амралтаа авсан. Улмаар 2023 оны 5 дугаар сард хүүхдээ төрүүлээд 2023 оны 12 дугаар сард буцаад ажилдаа орсон. Буцаад ажилдаа ороход Б.О дарга хөтөч сувилагчаар ажиллуулах боломжгүй, чамайг Улаангом сумын 8 дугаар багийн эмчээр ажиллуулна гэсэн. Миний бие цалингийн зээлтэй учир аргагүйн эрхэнд ажилласан. Хөтөч сувилагч нь ажлын ачаалал багатай, 8 дугаар багийн эмч нь багийн нийт 925 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг нэлээд ачаалалттай ажил юм. Би 8 дугаар багийн эмчээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажиллаад ажлын дарамтаас болоод өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Би Д нөхөрлөл өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлэгчээр ажиллаж байгаагүй. Намайг ажилд ороход үйлчлэгчээр Т эгч ажиллаж байсан бөгөөд дараа нь Дуламсүрэн гэх хүн ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Намайг хүүхдээ төрүүлээд 2023 оны 12 дугаар сард буцаад ажилдаа ороход тус эрүүл мэндийн төвд үйлчлэгчээр Эрдэнэцэцэг гэх хүн ажиллаж байсан. Үйлчлэгч Эрдэнэцэцэгийн овгийн эхний үсэг Ж байхаа. Манай эрүүл мэндийн төвд хоёр Эрдэнэцэцэг гэх нэртэй хүн ажиллаж байсан ба нэг нь лаборант сувилагчаар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байна. Гэрчүүд нь Д нөхөрлөл ББН-ийн үйлчлэгчээр ямар хүмүүс ажиллаж байсан талаар мэдүүлэг өгсөн байх ба тэдний мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай байна. Гэрчүүд “үйлчлэгч Ч.Тийг ажлаас чөлөлөөгдсөний дараа Дуламсүрэн, Эрдэнэцэцэг гэх хүмүүс үйлчлэгчээр ажиллаж байсан” гэж мэдүүлснээс үзвэл нярав, сувилагчаар ажиллаж байсан Н.Дэлгэржаргалд 3 дахь ажлын байр буюу угтах үйлчилгээний ажилтны ажлыг хавсруулсан нь эргэлзээтэй гэж үзэхээр байна.

 

7. Д нөхөрлөл ББН-ийн гишүүдийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар Ч.Тийг үйлчлэгчийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа талаа мэдэгдэж, тушаалыг гардуулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан.

 

Ч.Тт 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Дунцагаан өрхийн эмнэлгийн бүтэц, орон тоо шинэчлэгдсэн батлагдсантай холбоотойгоор байгууллагын бүтцээс үйлчлэгчийн ажлын байр хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-ийг үндэслэн танд 30 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлж байна. Хөдөлмөрийн харилцаа 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болох бөгөөд та энэхүү 30 хоногийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх шаардлагагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь заалтад заасны дагуу таньд ажил үүргээ гүйцэтгээгүй 30 хоногийн олговрыг олгох болно” гэх агуулгатай мэдэгдэх хуудсыг гардуулсан байна. Хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ч.Тт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухайгаа мэдэгдсэн атлаа мөн өдрөө нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан хугацааны дотор мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

8. Түүнчлэн Д нөхөрлөл ББН-ийн даргын Ч.Тийг ажилд эгүүлэн авах тухай тушаал, тус нөхөрлөлийн бүтэц, орон тоо батлах тухай тушаалууд нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр албажиж гарсан байх ба тухайн тушаалуудын дугаараас үзэхэд бүтэц, орон тоог А/06 дугаарын тушаалаар баталсан, Ч.Тийг ажилд авахдаа Б/08 дугаарын тушаалаар ажилд эгүүлэн томилсон байна. Тушаалуудын дугаар авсан дарааллаас үзвэл үйлчлэгчийн орон тоог хасаж, бүтэц орон тоог баталсны дараа орон тоо хасагдсан гэх ажлын байранд Ч.Тийг томилсон зөрчилтэй байна.

 

Мөн Д нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар тус нөхөрлөлийн бүтэц, орон тоог батлахдаа бүтэц, орон тооны хязгаарыг ямар баримтад үндэслэж тогтоосон болохыг баримтаар нотлоогүй, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бүтэц, орон баталсан атлаа мөн өдрөө Ч.Тийг ажлаас чөлөөлсөн, түүнд тухайн тушаалын хууль бус эсэхэд гомдол гаргах боломж олгоогүй байна.

 

9. Ийнхүү хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ч.Тийг хууль бусаар халсан нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Тийг Д нөхөрлөл ББН-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

 

10. Нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагын тухайд:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж  заасан. Нэхэмжлэгч Ч.Т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзэн ажлын байранд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.5-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан. Нэхэмжлэгч Ч.Т ажилгүй байсан 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардсан ба 2021 оны 11 дүгээр сард 2,031,700 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 1,081,700 төгрөг, 2022 оны 1 дүгээр сард 915,593 төгрөг, нийт 3 сарын цалин хөлсний нийлбэр 4,028,993 төгрөг, үүнээс 1 сарын дундаж цалин хөлс 1,342,997 төгрөг, 1 өдрийн цалин хөлс 63,952 төгрөг болох бөгөөд үүнийг ажилгүй байсан 1 жил 6 сар 7 хоногоор тооцоолбол 18 сар х 1,342,997 төгрөг = 24,173,946 төгрөг, 1 өдрийн цалин хөлс 63,952 төгрөг х 7 өдөр = 447,664 төгрөг, нийт 24,621,610 төгрөг тооцоолж нэхэмжилсэн нь дээрх журамд нийцсэн, хариуцагч тал тухайн үнийн дүнгийн тооцооллын хувьд маргаагүй тул өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 24,621,610 төгрөгийг хариуцагч Д нөхөрлөл ББН-өөс гаргуулж нэхэмжлэгч Ч.Тт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Д нөхөрлөл ББН-д даалгах нь зүйтэй байна.

 

11. Нэхэмжлэгч Ч.Тийн шүүхэд гаргасан гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийг хангаж  шийдвэрлэсэн тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Д нөхөрлөл ББН-өөс ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 24,621,610 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 281,058 төгрөг, нийт 351,258 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Шарнууд ургийн овогт Чөөдөнгийн Тийг урьд эрхэлж байсан Д нөхөрлөл ББН-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.  

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д нөхөрлөл ББН-өөс ажилгүй байсан 1 жил 6 сар 7 хоног сарын буюу 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 24,621,610 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тт олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Д нөхөрлөл ББН-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Тийн гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Д нөхөрлөл ББН-өөс улсын тэмдэгтийн хураамж 351,258 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ