Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00803

 

 

 

 

 

 

 

 

 

П.Хрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/00606 дугаар шийдвэртэй П.Хрын нэхэмжлэлтэй “Г” ХХК-д холбогдуулан “Г” ХХК-ийн орон нутгийн салбарт удаан хугацааны албан томилолтоор ажилтан ажиллуулах журамд зааснаар орон сууцны 30 хувийн урамшуулал 28 500 000 төгрөг, Мөрөн тооцооны төвийн захирлын ажил үүргийг хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл цалин хөлс 8 118 000 төгрөг, тус төвд амралтын өдөр ажилласны нэмэгдэл цалин хөлс 30 206 336 төгрөг, нийт 66 824 336 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Хосбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: П.Хр би 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс Улаанбаатар хотын Гны 4-р тооцооны төвд харилцагчийн үйлчилгээний ажилтан, 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс зээлийн ажилтан, 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс Голомт хотхон салбарт харилцааны менежерээр ажиллаж байсан.

Улмаар “Г” ХХК-ийн Хөвсгөл салбарын захирлын сонгон шалгаруулалтад тэнцэж 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл тус салбарын захирлаар ажиллаж байгаад Улаанбаатар хотод “Г” ХХК-ийн эрсдэлийн мэргэжилтнээр шилжин ажилласан. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

Миний бие П.Хр нь “Г” ХХК-ийн Хөвсгөл салбарт томилолтоор очин ажиллах болсон гол нөлөөлсөн зүйл Гны орон нутгийн салбарт удаан хугацааны албан томилолтоор ажилтан ажиллуулах журамд заагдсан урамшуулал юм. Учир нь тухайн үед Хүний нөөцийн хэлтсийн захирал “Чи тус салбарт очин сайн ажиллаад, ашигтай ажиллуулаад ирвэл банкнаас 1 удаагийн урамшуулал олгох журамтай ба журамд 2 өрөө байрны урьдчилгаа өгч болдог” гэж хэлсэн. Би 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс Хөвсгөл салбарын захирлаар томилогдон ажилласан бөгөөд намайг очиход ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ч ашиггүй, алдагдалтай, анхны оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөөгүй байсан бөгөөд би 2017, 2018, 2019 онуудад уг салбарыг нийт нэг тэрбум орчим төгрөгийн ашигтай ажиллуулсан.

Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Гны орон нутгийн салбарт удаан хугацааны албан томилолтоор ажилтан ажиллуулах журамд заагдсаны дагуу хүний нөөцийн хэлтэст урамшуулал авах тухай хүсэлт гаргасан боловч хүний нөөцийн хэлтсийн захирал “бид журмыг судалж байна, мөнгө, төсөв байхгүй, цуцлагдсан, хэрэгжихээ больсон” гэх мэт тайлбар өгсөөр урамшуулал олгоогүй. Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2013 онд 2 өрөө 29 м.кв орон сууцыг 95 000 000 төгрөгөөр орон сууцны зээлээр худалдан авч байсан. Иймд албан томилолтын шагнал урамшуулал болох 95 000 000 төгрөгийн орон сууцны урьдчилгаа 30 хувь буюу 28 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Би “Г” ХХК-ийн Хөвсгөл салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Мөрөн тооцооны төвийн захирлын ажил үүргийг хавсран гүйцэтгэж, захирлын ажлаа хүлээлгэн өгөх өдрийг хүртэл хавсран ажилласан. “Г” ХХК-д ажил үүрэг хавсран гүйцэтгэх тухай журам хэрэгждэг бөгөөд уг журамд зааснаар ажил хавсран гүйцэтгэсэн үеэс үндсэн цалингийн тодорхой хувиар нэмэгдэл цалин хөлс олгох ёстой байдаг.

Надад ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл цалинг “удахгүй өөр ажилтан томилогдоно, түр хүлээж бай” гэсэн шалтгаанаар 21 сарын дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс үндсэн цалингийн 30 хувь буюу 396 000 төгрөгийн нэмэгдэл олгож эхэлсэн. Иймд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдэл цалин 8 118 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Би 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Мөрөн тооцооны төвийн захирлаар давхар ажилласан ба Бямба, Ням гарагийн өдрүүдэд тогтмол ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд надад илүү цагийн хөлс олгоогүй. Иймд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хоорондох бямба, ням гарагуудад ажилласан тул ажлын 348 өдрийн нэмэгдэл хөлс 30 206 336 төгрөгийг гаргуулж өгнө үү

Би нэхэмжлэлд дурдсан шаардлага, хүсэлтийг “Г” ХХК-ийн хүний нөөцийн хэлтэс, гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн даргад гаргасан боловч хариу ирүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан ба “Г” ХХК-аас уулзалт хийж, эвлэрэх хугацаа авсан боловч хариу өгөөгүй.

Мөн Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газарт гомдол гаргасан, “Г” ХХК-ийн хүний нөөцийн хэлтэс миний ажилд томилогдсон болон шилжсэн, ажлаас чөлөөлөгдсөн мөн нэмэгдэл хөлс авч байсан тухай тушаал болон холбогдох дүрэм журмыг байгууллагын нууц гэсэн үндэслэлээр надад өгөөгүй, мөн танилцуулаагүй юм.

Мөн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд ажлын 20 хоногийн цалин 2 763 386 төгрөгийг олгоогүй. Иймд дээрх шаардлагуудыг нэгтгэж нийт нийт 69 587 722 төгрөгийг “Г” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. П.Хр нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын Н/383 тоот тушаалаар Хөвсгөл салбарын захирлаар томилогдон ажилласан. “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Н/1056 тоот тушаалаар П.Хрт Мөрөн тооцооны төвийн захирлын ажил үүргийг давхар гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан нэмэгдэл хөлсийг сарын үндсэн цалингийн 30 хувиар тооцож олгосон.

Нэхэмжлэгч П.Хртай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд нэмэгдэл ажил албан тушаал хавсран гүйцэтгэх зохицуулалт байхгүй буюу ажил үүрэг хавсран гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй юм. Харин хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон нэмэгдлийг тухай бүр өгч байсан. “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 534 тоот тушаалаар Гны орон нутгийн салбарт удаан хугацааны албан томилолтоор ажиллуулах журмыг баталсан ч 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 28 тоот тушаалаар хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

“Г” ХХК нь цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар баталсан цалин хөлсний журмын дагуу ажилтны цалинг бодож олгодог. Энэ журмын 5.4.2-т “Цалин хөлсийг тооцохдоо ажилтны ирцийн бүртгэл дээр үндэслэж тухайн сарын ажлын хоног болон ажилласан хоног хоёрыг харьцуулж бодно” гэж заасны дагуу цалингийн бодолтыг нэхэмжлэгчийн дурдаад буй өдрүүдэд тооцоолж, П.Хрын 2019 оны 10, 11 дүгээр сарын цалингийн задаргаа, ирцийн бүртгэлийг мэдээг харвал 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ирцийн бүртгэлийг хийгээгүй болох нь харагдаж байна. Тус ажилтан нь журмын дагуу холбогдох ирцийн бүртгэлийг хийгээгүй, тухайн үедээ цалинтай холбоотой хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.6, 128.1.9-д заасныг баримтлан Г ХХК-иас Гны орон нутгийн салбарт удаан хугацааны албан томилолтоор ажилтан ажиллуулах журамд заасны дагуу орон сууцны 30 хувийн урамшуулал 28 500 000 төгрөг, Мөрөн Тооцооны төв-ийн захирлын ажил үүргийг хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл цалин 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны 8 118 000 төгрөг, Мөрөн Тооцооны төв-д амралтын өдөр ажилласны нэмэгдэл цалин 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны 30 206 336 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хоорондох ажлын 20 хоногийн цалин 2 276 386 төгрөг, нийт 69 587 722 төгрөг гаргуулахыг хүссэн П.Хрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 551 237 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хөвсгөл салбарын захирал, Мөрөн тооцооны төвийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн тушаал, ажил хүлээлцсэн шийдвэр болон акт, Мөрөн Тооцооны төвийн захирлаар томилсон тушаал, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Бямба, Ням гарагуудад Мөрөн тооцооны төвд ажилласан банкны гүйлгээ журналын баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй нь хэргийг үнэн зөв шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлээгүй гэж үзэж байна.

Мөн “Г” ХХК-ийн Гны Орон нутгийн салбарт удаан хугацааны албан томилолтоор ажилтан ажиллуулах журмыг үндэслэн нэхэмжлэгчид орон сууц түрээслэх мөнгө олгосон тушаалын эх хувийг гаргуулах хүсэлтийг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ шийдвэрийн эх хувийг гаргуулсан тохиолдолд уг журам одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж байгааг нотлох байсан.

Иймд анхан шатны шийдвэр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч П.Хр нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан Гны орон нутгийн салбарт удаан хугацааны албан томилолтоор ажилтан ажиллуулах журамд заасны дагуу орон сууцны 30 хувийн урамшуулал 28 500 000 төгрөг, Мөрөн тооцооны төвийн захирлын ажил үүргийг хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл цалин хөлс 8 118 000 төгрөг, Мөрөн тооцооны төвд амралтын өдөр ажилласны нэмэгдэл цалин 30 206 336 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны буюу ажлын 20 хоногийн цалин хөлс 2 276 386 төгрөг, нийт 69 587 722 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

П.Хр нь “Г” ХХК-д 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс харилцагчийн үйлчилгээний ажилтнаар, 2010 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс зээлийн эдийн засагчаар, 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс харилцааны менежерээр ажиллаж, улмаар “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн н/383 тоот тушаалаар Хөвсгөл салбарын захирлаар томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 41 тоот тушаалаар Мөрөн тооцооны төвийн захирлын ажил үүргийг давхар гүйцэтгэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн н/1571 тоот тушаалаар тусгай активын хэлтэст Эрсдэлийн мэргэжилтэн албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллаж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 339 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна. /хх59, 67/

 

1. “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 534 тоот тушаалаар баталсан “Гны Орон нутгийн салбарт удаан хугацааны албан томилолтоор ажилтан ажиллуулах журам-ын 6.3.2-д Ажлын гүйцэтгэлээс хамаарч томилолтоор ажиллах хугацаанд нэг удаа үр дүнгийн урамшуулал олгох”, 6.3.3-д Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг энэхүү журмын 6.3.2-т заасан хэмжээгээр банк даахгэж заасан боловч уг журмыг 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 28 тоот тушаалаар хүчингүй болгосон байна. Иймд П.Хрыг Хөвсгөл салбарын захирлаар томилогдон ажиллах үед энэ журам үйлчилж байгаагүй тул орон сууцны 30 хувийн урамшуулал 28 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ. /хх60/

 

2. Нэхэмжлэгч П.Хр нь Мөрөн тооцооны төвийн захирлын ажил үүргийг хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл цалин хөлс 8 118 000 төгрөг, Мөрөн тооцооны төвд амралтын өдөр ажилласны нэмэгдэл цалин 30 206 336 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны буюу ажлын 20 хоногийн цалин хөлс 2 276 386 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлын шаардлага гаргах, уг байгууллага байхгүй бол шүүхэд мөн хугацааны дотор гомдол гаргах байтал энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. П.Хр нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр /хх27/, Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст 2020 оны 6 болон 8 дугаар сард /хх28, 29/ тус тус өргөдөл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа тасалдсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл болохгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Учир нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдэл цалин хөлстэй холбоотой гомдлыг 2 жил 8 сарын дараа,

2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Мөрөн тооцооны төвийн захирлаар ажиллах хугацаанд амралтын өдөр ажилласан цалин хөлстэй холбоотой гомдлыг 8 сарын дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр,

мөн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны 20 хоногийн цалин хөлстэй холбоотой гомдлыг 8 сарын дараа шүүхэд гомдол гаргажээ. Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдлыг шаардлага гаргах 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч П.Хр нь нотлох баримт цуглуулахтай холбоотой хүсэлтүүд гаргаж байсныг шүүх 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2020/10740, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2021/01171, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2021/01619 дугаар захирамжаар тус тус шийдвэрлэж, хүсэлтээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан, хүсэлтээс хангаагүй хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/00606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551 237 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА